Хүү минь хэллээ. Төрсөн газар нутгаар чинь аялал хийе. Таны хийморь лундаа ч сэргэнэ гэв. Санадаг санаа, боддог бодол. Хүү, бэр, ач нартайгаа аян замд жигдэрлээ. Улаанбаатар хотын урд хойд, баруун, зүүн тал номин ногоон өнгөөр тунаран байна.

Миний сэтгэл цав цагаан, цасан дээгүүр дэгдэж яваа туулай шиг сэв сэргэлэн. Нийслэлээс баруун зүгт торгон ногоон газар дээгүүр орчин үеийн автозам зурайх нь миний өмнө эх орон минь намираа хадаг дэлгээд байх шиг. Төв аймгийн сумд цэцэг ногоогоор даллан инээмсэглэн үдэж байх шиг. Өвөрхангайн нутагт орж ирлээ. Өнөтэй зун халгин цалгин угтаж байна. Адуу мал багширч, айраг цагаа цалгилах шиг. Хүмүүс хөгшин хөвөөгүй баярлан дэвхцээд байх шиг. Алдарт Арвайн тал ертөнцөд ганцхан өнгө байдаг юм шиг ердөө л ногоорон байна. Гэтэл миний сэтгэлд нэг тааруухан бодол зурас гээд ороод ирэв.

Эх монгол нутгаараа би сурвалжлах ажлын буянаар хөндлөн гулд давхисан. Хаяагүй морины хөшөө эсвэл шашны зориулалттай суврага тааралдах. Хамаагүй их хөрөнгөөр боссон энэ бүтээлүүд нэг ёсондоо урлагийн бүтээлүүд гэж бодох.

Хажууд нь байгаа сумын төвүүд нэг л янзаар навсайгаад л эхчүүд төрөх газар байхгүй гэж нэг удирдах хүн хэлэхээр нь асар их үнээр баригдсан сувраганууд руу хуруугаараа заасан. Хүн ойлгож байна билээ. Гэхдээ үүнийг бодоод Арвайхээр хотын хажууханд байгаа “хийморь” нэртэй хурдан морины хөшөө-цогцолборын дэргэд аяны дөрөө мулталлаа. Хүүхдүүд минь хөөр баясалтай үзэж сонирхон, гоёхон гэрэл зураг татуулж байна. Миний дотор сэтгэлд өөр юм эргэлдээд хийморийн газар хийморьтой байж чадсангүй. Хүний төлөө л ийм гоёхон цогцолбор баймаар. Хүнийг л дээдэлмээр. Мал дээд шүтээн биш. Шашин ч гэсэн дээ.

Өврийн сайхан хангай нутагт зуншлага сайхан байна. Газарт нь цэцэг ногоо алаглаж, уул уснаас нь адуу мал үнэртэж, айл гэрээс айраг цагаа ханхалж байна. Малчин айлд ороход мэнд амараа мэдэлцэж, идээ будаа бялхаж байсан ч сайхан зун болж байна гэхээсээ байдаг л амьдрал гэсэн маягтай додигор царайлах. Аяндаа мордоход газар дэлхий сайхан байна. Сэтгэлд яагаад ч юм бэ дулаахан толгодын ногоон налгар энгэрийг харж юм бодлоо. Төрүүлсэн аавын минь чөмөгний яс энд байгаа ч юм шиг санагдав. Миний төрсөн аав С.Гэндэнжав алс Алтай нутгаас улсын бэлтгэлийн мал тууж яваад энэ хавьд осолдсон гэсэн. Тэр үед улсын бэлтгэл, Улаанбаатарын өвлийн махны нөөцийг алс холоос малыг хөлөөр нь тууварлаж ирж бэлтгэдэг байсан. Манайх нутагтаа ядуу айлын нэгч аав минь сэргэлэн цовоо, амьдрах ухаантай, тарвагачин хүн байжээ. Тэр осол гэдэг нь хамт явсан тууварчин майхан дотор буугаа арчиж байгаад гал алдаж, гадаа сууж байсан аавыг минь оносон гэж байгаа.

Би найман настай балчир байжээ. Тэр осол гэгч үнэн юм уу, худал уу, хэн мэдлээ. Аавыг минь ийм сайхан энгэрт л хаяад явцгаасан байгаасай гэж бодоод мэлтэрсэн нулимсаа дотгош залгив. Сайхан зуны сэнгэнэсэн салхи машины цонхоор орж намайг үнсэж аргадаад, хацар илэх шиг болов. Агуу байгаль дэлхийг алмайран ширтлээ.

Баянхонгор нутаг бараандуу, зуншлага муутайхан угтлаа. Хувьтай хүнийг хур дагадаг гэснээр хуурсан юм байлгүй. Цангаа тайлсан биш хоолой норгох төдий хоёр гурван дусал шидээд болив. Бөөн цагаан үүлнээс бороо хайрлах янз алга. Түйн гол намуухан, бас уйтгартайхан урсаж байна. Хүүхдүүд минь усанд хөл нүцэглээд харайж орсоноо төдөлгүй гараад ирлээ. Баянхонгорын хүндэтгэлийн өндөрлөгт гарлаа. Монголчууд хот байгуулж, суурьшиж чаддагийг үзүүлэн томхон суурин хотын шинжтэй нь хүн бүхэнд илэрхий. Өндөрлөг өөд өгсөх замд залуусын дурсгалын бүтээл нүд баясгаж, сэтгэл бадраав. Би дэндүү таашаасан, хүүхдүүд минь намайг их ажсан, аав юунд ингэж баярлав гэх нь халаг. Баянхонгор хотын 2 дугаар бүрэн дунд сургуулийг 1993 онд төгсөгчид сайхан дурсгал үлдээжээ. Чулуун сийлбэр хийсэн бүтээл нь, хэлсэн үг нь аргагүй урам хайрлахаар, хайр хүрмээр урлагийн бүтээл юм.

 

Аяны зам өөдөө, өлзий төгс байна. Орчин үеийн цахим техник очих газраа товлон тэмдэглэхэд л төөрч будилахгүй, түргэн замаар төдөлгүй хөтлөн аваачих юм. Хүний ухаан техникт шилжжээ. Баянхонгорын Бууцагаан сумаас орчин үеийн засмал замаа орхиж, шороон замд орлоо. Донсолгоотой ч давхиж явна. Зүг чиг нь буцаад яваад байх шиг гэж хөгшин аав нь хэлэхэд хүүхдүүд чимээгүйхэн  жуумалзаж байна. Алтай нутагт ороод иржээ. “Бигэрийн хоолой бараг мөн" гэж дуу алдав. Аав аа, Бигэр сувилалд ганц хоёр хононо оо, сайхан амарья гэж хүү минь хэллээ. Говь, өндөр уулсын хослол Говь-Алтай нутаг зун гайгүй сайхан байна. Алтай нутгийн зун зуншлага алагтай цоогтой байна. Цагаан тоос тэнгэр өөд цоройж байгаа нь хамгийн баялаг үзмэр юм уу даа? Ази нутаг, монгол говийн жинхэнэ төрх Говь-алтай аймгийн Бигэр сумын Бигэрийн хоолой. Бигэр сувиллыг зорьж ирлээ. Дэрс сондуул, элс, ус, нар, хажууд дүнхийх хадат уул халуун хайрга, энд байгал дэлхийгээс байхгүй юм алга. Автомашин үзэсгэлэн цуглуулга мэт ярайна. Улсын дугаарыг нь сонирхолоо.  Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирцгээжээ. Зөв хө. Эрүүл мэндээ дээдлэж, эх нутгаа бишрэн ирсэн нь магад. Гэр байшинд хүн багтах зай алга гэнэ. Ганц нэг хоног амраад явья гэвэл “зай байхгүй ээ” гэж бардам хэлээд цаашаа харах. Би танил нүүрээ цухуйлгасангүй. Хүүхдүүд минь л хөөцөлдөөд хүслээ, амаа таглуулжээ. Дээрээс төөнөх нар, дэргэдүүр урсах ус, говийн салхи, асар том майхан болгон хураасан элсэн нуруу, говийн зөөлөн нялуун шороо өргөс мэт хатгах өвс сондуул... зүгээр л байгал дэлхийн сувилал, эмчилгээ. Хүүхдүүд минь, хөгшин би хүртэл хөөрөн баясч элс ус, зүлэг ногоо, шороо чулууг биеэрээ мэдрэв. Ухаалаг, чадамгай ашиглах хүний ухаан жаахан дутаж байнаа даа гэж бодоод элсэнд шигдэж энэ тэрийг бодов.

Говь нутгийн орой дуниартаа л, халуун ч юм шиг, сэрүүн ч юм шиг. Говийн тосгон-сумын төв гавьтай ч өөрчлөгдсөн юм алга, нозоороод л. Зочид буудалд орлоо. Хүмүүст хүндрэл учируулахгүй гэсэн янзтай хүүхүүд минь хөнжил гудсаа оруулан ор засаж унтацгаав. Өглөө сэтгэл жаахан сэвэлзээд, хүмүүсийн байдлыг ажиглахад эрт босно гэдэг лөөлөө хэрэг. Нар дээр гарсан байхад ч нам унтсан хэвээр. Сумын төвийн захад гарч хармаг бутны хажууд “морь хараад” удаан зогслоо. Буцах замд хоёр бүсгүйг уулзахаар дуудахад дурамчхан наашаа эргэснээ намайг таниад найрсаг болж хувирав. Сумын сургуульд би очих зорилготой байсан. Азаар тэр хоёр сургуулийн багш нар ажээ. Нэг айлд дагуулж оров. Сургуулийн багш гэнэ. Тэр бүсгүй надтай мэндлээд ойрхоныг минь, олиггүйг минь бодож байгаа нь илт.

Буудалдаа очиж цайгаа уугаад сургуульд очлоо. Том цоож зүүлттэй боловч дотно байшин. Энд би бүрэн бус дунд боловсорлын үнэмлэх гардан аваад цааш эрдэм номын их эрэлд мордсон юм. Хүндэтгэн бишрэхээс аргагүй. Ангийнхаа цонхон дээр очлоо. Цаанаас нь тооны гарамгай Дарамбазар багш минь “Даш шавь сахилгагүй ч сайхан сэтгэлтэй хүүхэдсэн” гэж хэлэх шиг санагдав.Намбатай ч нанчид хүртэх нэлээд дуртай Норпил багш, орос хэлний шоволзсон сэргэлэн эр, шодон Сүхээ...гээд олон багшаа орчлонд байхгүй ч дурсан санав. Сүхээ багш гар бөмбөгийн тоглолтод цохилтхийвэл тосож босгох гэвэл ар тийш саваж унахаас аргагүй. Ингээд 10 дөнгөж гарсан насныхаа алтан дурсамжийг хөврүүлж болох. Гэвч уншигч минь уйдах биз. Аяндаа мордлоо. 

Алтайн алдарт нуруу. Түүний нэгэн том оргил Бурхан Буудай уулыг давах юм. Энэ өндөр хад асга шаагисан уулыг ангийн Пулемёт гэдэг шовилхон хүүхэд сургуулиас оргож Цогт явах гээд өдөр шөнө хоёр мацаж баригдсан түүх.

Тэр найзын тухай бичвэл бүхэл бүтэн роман, тууж болно. Уулыг даваж Цогт нутагт орох цэг- Цагаан хаалга. Хачин сонин дүр төрхтэй, өнгө зүстэй өндөр өндөр уулс. Алтайн алдарт нуруу арван долоон өнгөтэй гэж би шүлэг тэрэлдэг. Нурууны энэ хэсэгт зуны зүлэг ногоо сайхан жигдэрчээ. Хүүхдүүд минь хад чулуу дамжин харайждэвхэрч баясан байна. Хадан дундуур харжигнан урсах цэнгэг ус. Хад чулуун индэр байна. Би тэр индэрт гарч “Амьдрах сайхан, амьд явах арга дадал" илтгэлээ тавьж байна гэж жүжиглэв. Дэлхийд ховорхон ийм цэнгэг усыг шүдээ хага ташуулан залгилахад ч харам төрмөөр. Алтайн нуруу, агуу сүрлэг Бурхан Буудай уул цагаан хаалгаа цэлийтэл нээх мэт. Цогт, Бигэр сумын торгон хил гэж тооцдог овоо. Энэ жил миний сэтгэл хөгжмийн намуухан аялгуу шиг нэг гэгэлзүүр мөртлөө уян найланхай. Алсад хараа сунгах гэтэл асгарах бус аягаа дүүрэн мэлтэлзэх нулимс. Цогт нутаг эцэг өвгөдийн минь газар шороо, ээж аавын минь өлгий нутаг, энэхэн биеийг минь эхлэн тоссон зөөлөн гар. Өнөтэй зун өнгө зүс гэдэг янзтай байдаг. Өнөө жил дутуухан. Дээх нь үед сарлаг үхэр багширч, тарвага хошгорч байдаг газар одоо эл хулихан. Цагийн аяс юм даа.

Хөдөө төрсөн монгол хүнд хүй цөгөлсөн газар шороо хамгаас ариун тагшин. Төрсөн бууцан дээрээ очлоо. Бурхан Буудай уулын өвөр Яргайтын голын Хар хадны булаг. Өнөтэй сайхан зуны долдугаар сарын 21-нд би энд мэндэлсэнийг судлан байж тогтоосон. Улсын баярын дараа яг 10 хонож байхад Дужаа-Дуламжав гэдэг ээжийг минь хүмүүс Дужаа гэж авгайлдаг-эгч минь төрсөн юм гэж авга эгч X.Загд хэлсэнийг үндэс болгосон. Ээж минь намайг сургуульд анх бүртгүүлэх өдөр сарыг төрсөн өдөр сар болгоод хэлчихсэн юм билээ. Яргайтын гол хавь яах аргагүй гантай байлаа. Орой болоход шиврээ бороо цайран орж, эсвэл ногооны униар татах шиг цайран харагдав. Үгүй ээ, ахаа гантай үеийн тоос шингэн цагаан манан шиг харагддаг юм гэж З.Батхуяг дүү урамгүйхэн, дурамчхан хэлэв. Тэгээд л би борооны хүсэл болов. З.Болдбаатар дүү ахаа бороо дууд, оороо оороо гээд хөхөрч байна. Аймгийн аврага малчин Загдын Болдбаатар гэдэг тарган цатгалан эр тааваараа байгаа мэт харагдавч ажилч хичээнгүй гэдэг нь чигтэйхэн, зүгээр суудаггүй зүлгэж суудаг эр. Баяртай мэдээ. Бороо орж эхэллээ. Уул толгод бараантан, ургамал өвс сэргэж эхлэв. Төрсөн нутагийнхандаа хамгийн том бэлэг барилаа гэж би омойтоход хүүхдүүд минь баярлан дэвхцэн байна.

Говь-алтай аймгийн алтан гадас одонт Цогт сум. Алтай нутгийн амьдрал үйлс, ажил төрлийн нэг томоохон хэлтэрхий. Ажил, амьдрал буцалж байна. Ард олон жаргалтай л байна. Бидний буусан айлд өглөөгүүр сумын засаг дарга Л. Насанбуян орж ирлээ. Сайн явж байна уу, багшдаа золгоё гэж байна. Та миний ажлын өрөөгөөр ороод гараарай. Танд хүндэтгэл үзүүлэх гэсэн юм гэж айлдав. Энэ удаад би төрсөн нутагтаа ирэхдээ ямар ч тусгай урилга заллагагүй, хүүхдүүдийнхээ саналаар дураараа дургиж яваа билээ. Үүнээс өмнө олон удаө ирэхдээ албан ажлаар, урилгааар, хүндэт зочин маягаар дөрөө мулталдаг байлаа. Товолсон цагт нь Цогг сумын “ засгийн газрын" даруухан хуучин гэхэд арай дэндүү байшинд ирлээ. Өөдлөх айл үүднээсээ. Тэнд “Алтан гадас одонт Цогт сум” гэж хүндэтгэлийн суурин чулуунд бичээстэй байна. Таримал мод цэцэг, хурдан морины хөшөө зэрэг нүд хужирлах юм овоо их. Гэхдээ л хуучин барилга, басхуучин сэтгэлгээ. Алс хязгаар нутгийн сумын Засаг даргын өрөө дажгүй тохилог, хамгийн гол нь ажил алба үнэртсэн жижигхэн тасалгаа. Засаг дарга Л.Насанбуян дотно хүлээн авч багшдаа хадаг мөнгөн аягатай идээ, нутгийн шар тосны дээж, хагас сая төгрөгийн хамт өргөн барьж хүндэтгэл үзүүлэв. Бид Боловсорол, соёл, эрх зүйн дээд сургуульд хоёр хүн бидний ээж Д.Дуламжавын сангийн 100 хувь тэтгэлэгээр магистерт суралцуулах дээд сургуулийн захирлын тушаал-урилгыг гардуулав. Сумын соёлын төвийн шинэ байшингийн мялаалга болгож миний зохиосон “Бурхан Буудай уул" шүлгийг тусгайлан бэлтгэсэнээ өгөв. Сумын соёлын хуучин төвийн өмнө хөөрхөн талбай бий. Тэнд удирдлагын ордон удахгүй босно гэж танилцуулахаар нь би эрхий хуруугаа гозойлгов. Төрлөх сумынхандаа бид талархал илэрхийлээд аялалдаа мордов. Цогт сумынхаа амьдрал үйлсийн тухай энд бичих нь илүүц. Төрийн дээд шагнал саяхан авсан гэдэг нь ажлын үзүүлэлт. Хүн ард нь жаргалтай, мал сүрэг нь өсч, хүүхэд залуус эрдэм ном, ирээдүйн сайханд тэмүүлж байна. Би хүний тухай бичиж магтан дуулдаг. Энэ удаад шавь засаг дарга Лувсандоржийн Насанбуянгийн тухай хэдэн үг хэлье. Энэ бүх юманд авьяастай сайхан залуу, яруу найргийн Болор цом’’ тэмцээнд шүлгээ сойж байсан шүлэгч, дуу хуур, шүлэг найраг, наадам наргианд авьяаслаг нэгэн.

Ээжийнхээ халуун өвөрт очиж хонохоор “Ээж хайрхан”-ы зүг бид аяны жолоогоо эргүүллээ. Монголын алдарт говийн нэг Захуй зарманд орж ирэхэд заган шугуйн шинэхэн навчис салхинд намилзан даллах мэт. Тоорой мод ямарч цаг агаарын тоохгүй дээ гэсэн янзтай ихэмсэг сүглийнэ. Говьдоо л додигор ургацтай “Ээж хайрхан” халуу оргин угтлаа. Эрхэмсэг Ээжийн тухай ихэнх хүн мэдэх учир би энд тоочин бичихгүй. Баянтоорой тосгон руу гэрэл цахилгаан саатах нь байна. Өндөр хүчдэлийн шугам тавьж байна. Байнгын цахилгаантай тосгон туяарч, говь нутаг гэрэлтэх дөхжээ. Ээж хайрханы их бэлд хайрган хөрстэй талбай цэлийх нь нисэх онгоц буулгаарай гэж урих шиг. Тэнд говийн хоёр бөхөт ганган хүрэн тэмээн сүргийг харуулах жуулчид хүлээн авах цэг баймаар. “Ээж хайрхан”-д Цогт сумаас автомашин хөлөглөн ирэхэд бартаа, зай ихтэй учир жуулчид жаахан халшираад ирэх нь цөөн байдаг. Түүнээс говь нутгийн энэ хадан уул, түүний хаяа, бэл жуулчны мөнгийг сааж, сонирхолыг соронздох сайхан газар. Тариалангийн талбай, жимс ногоо, ан гөрөөс, улиас бургас, говьд баймааргүй хүйтэн цэнгэг ус. Ээж хайрхан, Баянтоорой энэ дэлхийн хүмүүсийн болзооны газар болох байх аа.

Ээж хайрхан аа, Цогт нутгаа бороотой нь орхиод Алтай хотыг зүглэн аяны жолоогоо эргүүллээ. Хантайширын нуруу, Ар азрагын нуруу хараа булаан сүүмэлзэж, хөнгөн цагаан униар хөшиг мэт.

Зуншлага сайн байна. Ногооны униар. Мал сүрэг налайж, малчин бүсгүйн намуухан уянгалаг дуу эгшиглэх нь байгаль дэлхий, мал сүрэпээ мөн ч сайхан зохицон нийлжээ. Уулын бэлд олон автомашин, хүмүүс харагдлаа. Энэ сайхан цагт ямар нэгэн ураг төрлийн баяр хийж байна даа гэж урамтай хэлтэл, үгүй ээ хувиараа алт хайгчид, ухсан газар шороог нь хараач гэхэд нь би өө...гээд чимээгүй болов. Өөр юу гэх ч юм билээ...

Алтай хотоо нар зөв бүтэн тойрч олныг харж онгод хийморио дуудав. Бараг 30,40 жилийн өмнө байхаа тарилцаж байсан модоо ч олов бололтой. Алтай нутагтаа би аягүй олон удаа албан ажлаар, авяас билэгийн дуудлагаар, урилга заллагаар ирж байсан. Энэ удаад харин хэн ч уриагүй хүүхдүүдийнхээ санаачлагаар төрсөн газар шороогоо эргэж яваа минь энэ юм. Хүнхэр зуслангийн зүг хөлгийн жолоо заллаа. Дээх нь үед пионерийн-хүүхдийн зуслан байсан, одоо бол Хүнхэр амралт. Уул ус, хадан байц, ой мод, рашаан ус, Эрээн нуур гээд эндэхийн байгалийн онцлог бахдам. Өндөр уулын хавцал руу машин дотроосоо доошоо харахад толгой эргэж байсан, хүн хөгширнөө гэж... Хүнхэрийн амралтын хамгийн гол нь рашаан ус. Уул өөд нэлээд өгсөж хүрнэ. Газраас, суваг шуудуунаас биш хаднаас рашаан гоожих нь итгэл төрүүлмээр. Ходоод гэдэсний, нүдний, элэг зүрхний гээд л нэр хаягтай. Хөлийн чигчий хурууных гэж алга шив. Хүүхдүүд минь рашаанд их сүжиглэж, аминдаа намжирдан хүртэж байна. Нарлаг сайхан, ийм тансаг газар, өндөр ууланд бүр суугаад баймаар. Манай Алтай нутагт салхи гэж сахилгагүй этгээд бий.тэр малгай булаагаад уул хад давуулаад шиднэ. Харин энэ өдөр намуухан төрсөн хүүгээ аргадах шиг зөөлөн

 

Замд гарлаа. Тайширын усан цахилгаан станцийн зүг. Монгол орны, тэр дундаа баруун хязгаарын том бүтээн байгуулалт. Усны төвшин арай бага байна. Гэхдээ боломжийн. Газар газраас ирсэн хүмүүс ихэд сонирхож байна. Баянхонгорынхон баяртай сэтгэлээ дэвхэрч цовхрон илэрхийллээ. Тэдний нэгэн гоёмсог бүсгүй инээд хөөр, элдэв асуултаар булж, бас алмайран сонирхон харж байгаа нь донжтой. Их бүтээн байгуулалт, гэрэл дулаан хайралдаг шидтэн гэж цахилгаан станцийг ихэд сонирхон хүндэтгэж байна. Тайширын усан цахилгаан станцийн ундарга Завхан голын эрэгт үдэш оройн цагт ирлээ. Нэг ёсондоо аялагч биднийг үдэх хүндэтгэлийн ёслол боллоо. Машин тэрэг эгнэж, майхан сууц жигдэрэв. Их ажилсаг хүн, том бизнесмэн Аюушийн Пүрэв дүү их л намжирдан цэнгүүнийг хөтөллөө. Дуу хуур, шүлэг найраг цуурайтлаа. Яриа хөөрөө ч хөвөрч өгөлгүй яахав. Төрөл садангууд, бүх хүн миний бэрийг магтаж байна. Яасан ажилсаг, элэгсэг, өөриймсөг охин бэ? Зочин гээд сууж байх болов уу гэтэл өөрөө унд хоол бэлтгэж хавь ойрынхныг дайлж цайлж явах юм гэж бэрийг магтав. Бэрээ хайрлавал хүү чинь сайн явна, жаргана. Нэг анзаармаар сонин нь Паламсүрэн эгч зээнцэрээрээ цайгаа чануулж жаргаж байгаад бурхан болжээ. Гэтэл одоо түүний охин Буянхишиг зээнцэрээрээ тогоогоо бариулаад жаргаж сууна. Үр удам, өндөр насыг энд бишрэн ярьж хүндэтгэцгээлээ.

 

Говь-алтай аймгийнхан, төрөлх Цогт сумынхандаа талархая. Энэ удаад урилга заллага, албан ёсоор явсангүй, төрсөн газар шороондоо бууж мордож, мөргөн сүслэж явлаа.

 

ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧ Б.ДАШЗЭВЭГ-DZman

2020 09 сар