ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 1,803 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Үүнд,

  • Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 245 хүний давтан шинжилгээ,
  • Сүхбаатар аймагт тусгаарлагдаж байгаа 71 хүний давтан шинжилгээ,
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 255 хүний давтан шинжилгээ,
  • Сайн дураараа хамрагдсан 46 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 200 хүний давтан шинжилгээ,
  • Алтагбулагагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 77 жолоочийн шинжилгээ,
  • Сувилалд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 68 хүний шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 18 хзний шинжилгээ зэрэг багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 311 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ.

Эдгэрсэн хоёр хүний тухайд, 22 настай энхийг сахиулагч нийт 43 хоног, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 настай эрэгтэй 31 хоног тус тус эмчлэгдэж өнөөдөр эмнэлгээс гарч байна” гэв.

Үргэлжлүүлэн “Манай улсад бүртгэгдсэн 311 тохиолдлоос одоогоор 300 хүн эдгэрээд байна.

Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа бөгөөд 4 хүний биеийн байдал хүндэвтэр, зургаан хүний биеийн байдал хөнгөн байна” гэсэн юм.