Жил гаруйн өмнө иргэн Б.Болороогийн нөхөр Б нь лифтний хонгилд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Болороог Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болдог гэдгээр нь олон нийт сайн мэднэ.  

Тухайн үед мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргаснаар албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн.

Тэгвэл өнөөдөр/2020.09.17/ уг хэргийн шүүх хурал болж, шүүхийн шийдвэр нэхэмжлэгч Б.Болороогийн талд гарчээ.

Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийхаа нэрийг цэвэрлэж, сүнсийг нь амрааж чадлаа.

Бүтэн жил 3 сарын турш ханийнхаа амь насаа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явлаа. Энэ хугацаанд хичнээн шөнийг нойргүй хонож, хичнээн өдрийг сэтгэл түгшин, хичнээн хормыг шаналж өнгөрүүлснийг ээжээс минь өөр хүн мэдэхгүй, маш их тэвчиж, тэссэний үр дүнд өнөөдөр хэргийнхээ ард гарлаа.

Хамгийн гол нь Хишиг Арвин Индустриал ХХК-ий захирал Б.Хишигдорж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар ч маргах зүйлгүй байсан, дээрээс нь чин сэтгэлийн уучлал хүссэн учраас шүүх хурал хурдан боллоо.

Би анх лайв хийж тусламж хүсэхдээ ч, хэвлэлийн бага хурал хийхдээ ч, талбай дээр суулт хийхдээ ч, цензүргүй яриагаар орохдоо ч “хэн нэгний мууг үзэж, ял эдлүүлэх нь гол нь биш харин зөвхөн нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний байр суурь хэзээ ч ганхаагүй ээ, тиймдээ ч миний нөхөрт хүн гарга гэж түлхүүр өгч явуулсан Мядагийг, ажил үүргээс гадуур ажил хийж байхад нь хяналт тавиагүй ХАБ хариуцсан хүнийг, камерын инженерийг нь яллагдагчаар татуулах байсан ч хүний мууг үзэхгүй гэсэндээ ингэж явсангүй ээ. Нөгөөтэйгүүр би өөрөө хайртай хүнээ санаж шаналах, ганцаардахын зовлонг амсаж яваа, охин маань эцгийн хайр халамжаар дутаж яваа учир өөр хэн нэгнийг ийм зовлонг бүү амсаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Дашрамд дурдахад хохирсон дээрээ хохироод үлдэхгүй гэж, охиныхоо ирээдүйг бодон хохирол, гэм уршгийг тооцон хохирлоо барагдуулж авсаан.
Би нэг л зүйлийг маш сайн ойлголоо, Ямар ч хэрэг дээр шүүх эмнэлгийн дүгнэлт ямар гарна хэрэг бүхэлдээ тэгж шийдэгддэгийг, нас барсан хүн үг хэлэх биш гээд үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй гээд манайхан хаясаар байгаад хууль, шүүхийн байгууллагынхныг өөгшүүлж, ийм шударга бус байдлыг газар авахуулсан юм байна гэж.

Ямар ч байсан шаардаж, тэмцэж, араас нь явсаар байгаад шүүх эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоолгож чадлаа, нэг ч өдөр шантрахгүй араас нь явсаар КОМПАНИЙН ГЭМ БУРУУТАЙг тогтоолгож чадлаа.

Энэ бүх зүйлд ард минь түшиж тулж байсан ХАЙРТ ЭЭЖДЭЭ , эхнээс нь энэ хэрэг дээр сэтгэл зүрх гарган тууштайгаар ажиллаж өгсөн хөдөлмөрийн өмгөөлөгч Н.Баасанжав , эрүүгийн өмгөөлөгч Х.Баасанжаргал нартаа баярлалаа. Мөн дэмжиж тусалж байсан хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа маш их баярлалаа.

Эцэст нь хүнээ алдчихаад сэтгэлийн шаналал дүүрэн яваа нэгнээ дэмжиж чадахгүй бол хэмлэж доромжлохгүй байж сурцгаагаарай.