Нийтлэлч Артаньян буюу ХҮН-ын гишүүн, инженер Д.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.

 

Нийтлэлч Артаньян нэрээр тодорхой хүрээнийхэн өөрийг тань мэднэ. Таны УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших шийдвэр зарим хүний хувьд гэнэтийн байсан байх. Улс төрийн хөдөлгөөн, нам, эвсэл гэж явдаггүй байсан хүн  яагаад улс төрд биечлэн оролцох болов? 

Улс төрд биечлэн орсон маань хувь хүн нь өөрөө өөрчлөгдсөнтэй холбоотой болов уу. Манай нийгэмд бурангуй,  инээдтэй, үзэн ядмаар явдлууд их байна. Монголчууд шаггүй шооч хүмүүс шүү дээ. Ямар ч гутамшигтай хэрэг болсон шоолсоор,  хошин мэдрэмжээ уралдуулсаар байгаад нөгөө хэрэг нь “сайхан” замхарч, үйл явдал нь зөөлрөөд, сүүл рүүгээ “хөөрхөн” “өрөвдөлтэй”, “эгдүүтэй” болоод дуусч байна. Яг одоо ажиглагдаж байгаа биз? Би ч бас урьд нь идэвхтэй шоологчдын нэг байлаа. Үндэстэн өөрийгөө шоолж байвал, хүний хошин мэдрэмж арилаагүй бол үндэстэн эрүүл саруул ирээдүйтэй байгаагийн шинж гэдэг үг байдаг. Гэхдээ тэр нь манайханд хэтрээд, нөгөө талд нь хариуцлага тооцох байдал нь сулраад алга болж байна. Иймээс ч би сүүлийн жилүүдэд маазрахаа  больсон. Харин ч уур хүрэх шинжтэй... Аливаа асуудлыг шоолох нь хангалтгүй, бараг ямар ч нэмэргүй байгааг зөндөө харлаа. Тиймээс ерөнхийдөө оролцоод үзье. Арай олон хүнийг цочооё, дуудъя гэсэн эрмэлзэл төрж явсаар энэ шийдвэрт хүрсэн.

 

Таны бичсэн нийтлэлүүдийг уншихад либерал үзэлтэй хүн юм болов уу гэж харагддаг. Гэтэл яагаад социал демократ үзэл баримтлалтай ХҮНамаас УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвших болсон бэ?

 

 Шууд л хэлье. Өөр намд орвол онигоотой. Тийм биз дээ? Миний ойрын хүмүүс, найз нөхөд дунд хуучны том намуудад элсэж  байгаа хүн байхгүй. Би өөрөө улс төрийн идэвхтэй болъё гэвэл лав МАН, АН хоёрт орохоосоо ичнэ. ХҮНамыг сонгох нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Бас би тийм ч учиргүй либерал барууны үзэлтэй хүн биш. Цалин буусан өдөртөө бүгдийг нь үрээд, найрлаад дуусчихдаг биш л бол төрийн оролцоо зарим зүйлүүдэд байх ёстой гэж боддог. Ялангуяа нийгмийн соён гэгээрэл, ард түмнээ соёлжуулан, мэдлэгжүүлье, нийгмийн хэвийн хэм хэмжээг бүгдэд нь ойлгуулья гэх мэт зүйлүүдэд төрийн оролцоо зайлшгүй байх ёстой. Тэгээд ч ХҮНамын зүүний, социалдемократ бодлого бол тийм ч их халамж, хавтгайрсан бодлого биш юм. Баян хоосны ялгааг багасгая. Эдлэх эрх нь, үүрэх үүрэг нь ч тэгш ойролцоотой байя. Амьдралын түвшин нь ч тэгш, ойролцоо байг гэдэг л ерөнхий үндсэн үзэл баримтлалтай. Манайд  либерал үзэл  баримтлалтай нам байтугай хүн нь маш цөөхөн  байна. Зүүний хавтгайрсан бодлоготой нам ч алга. Бүгдээрээ л яг ижилхэн. Энэ  нь ард түмний маань соёл, гэгээрэл ерөнхийдөө маш тааруу, түүнд нь тохируулаад өдөр өдөртөө өөрчлөгдөөд яваад байгаа болохоос нэг их ялгарчихсан үзэл баримтлалын онцлогтой нам байна уу? 

 

МАН, АН-д  орох нь яагаад онигоотой, ичгүүртэй гэж?

 

 Нэг  жишээ татья. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Нийслэл хотоо бид нар ийм болгоно, ингэж хөгжүүлнэ гэж ямар нүүрээрээ хэлж байгаа юм бэ гэж энэ хоёр намаас асуумаар байна. Бид ардчилсан нийгэмтэй, хүн бүр тэгш эрхтэй гэх энэ зүйлтэй зөрчилдөх байх. Гэхдээ  ёс суртахуун гэдэг асуудал манай нийгэмд үнэхээр байхгүй, тэг болоод хасах руугаа орчихсон гэдгийг Солонгосын онгоцонд хүүхний бөгс базсан Үндсэн Хуулийн Цэцийн даргаас харсан. Энэ бол өдөр бүр болдог зүйлийн нэг л жишээ. Ямар нүүрээрээ та нар Улаанбаатар хотыг хөгжүүлье гэж яриад байгаа юм бэ? Тэр байтугай сонгуульд оролцох ёс суртахуун  байгаа юм уу гэж  асуумаар байна. Энэ асуулт заавал тавигдах ёстой. МАН, АН-аас хариултыг нь авмаар байна. Энэ асуулт л энэ хоёр намд орох нь онигоотой гэдгийн хариулт нь болох болов уу. 

 

АН Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөнд хэт их орж байна гэх улстөр судлаачдын дүгнэлттэй зэрэгцээд АН, МАХН, ШИНЭ нам эвсэл болж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хүүхдүүд улс төрийн нэг блокоос нэр дэвшиж байна. Энэ бол хэдхэн жилийн өмнө төсөөлөгдөшгүй, байж боломгүй үйлдэл байсан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ? 

 

Энэ бол гутамшигтай явдал гэж харж байгаа. Энэ асуудал эргээд  нөгөө л асуулт руу орж байгаа биз?  Монголын намуудад үзэл баримтлал, зорилго байна уу, байхгүй юу гэдгийн тодоос тод хариулт болчихож байна. Ардчилсан Намын залуучууд өөрсдөө гутраад нүүрээ таглаад “Би юм ярихгүй ээ” гээд явж л байна шүү дээ. 

 

ХҮНамын ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр гэх мэт улстөрчдийг байдаг гэж зарим судлаачид, улстөрчид ярьдаг. ХҮНамд үнэхээр тийм нууц ноёнтон байна уу?

 

Асуултаас чинь алдаа олж харлаа. Улс төрчид, судлаачид ингэж ярьсан гэж би бодохгүй байна. Хэрвээ тэгж ярьсан бол тэр хүн судлаач ч, улс төрч ч биш.

Улс төрийн мэдрэмж ч алга. Харин ийм дэл сул яриа зөндөө явж байдаг шүү дээ. Өнгөрсөн УИХ-ын 2020 оны сонгуулиар хамгийн мөнгөгүй  нь ХҮНам байсан. “Зөв хүн Электорат” гэж эвсэж орсон гурван нам энэ удаагийн сонгуулиар хамгийн хямд, хамгийн оновчтой бөгөөд хамгийн цэцэн мэргэн шийдлүүдийг олж PR хийнэ. Яагаад гэвэл зардал хамгийн бага байх ёстой. Эдгээр нэр бүхий хүмүүс ХҮНамын ард байдаг бол ядаж мөнгөгүйн бэрхшээлтэй тулгарахгүй шүү дээ.

Хувь хүнийхээ үүднээс хэлэхэд улстөрд орно гэдэг чинь хариуцлагатай шийдвэр. Би бас ХҮНамыг судаллаа. ХҮНамын ард ямар нэгэн хүн байхгүй гэдэгт 100 хувь итгэж байгаа. Байхгүй гэдгийг нь  ч өөрөө хараад явж байна. 

 

Нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар НИТХ-ын  2020 оны сонгуульд олонхи болох юм бол Улаанбаатар хотыг утаагүй түгжрэлгүй хот болгоно гэж ярьсан. МАН-д өмнө нь ийм боломж олдоогүй юм болов уу?

 

Инээдтэй явдал болоод байгаа шүү дээ. НИТХ-ын дарга Р.Дагва: “Аз жаргалтай хот болчихлоо, 92 хувийн биелэлттэй” гэдэг. Гэтэл Д.Сумъяабазар дарга нь болохоор “Аз жаргалтай хот болгоно” гээд байдаг. Нэг нь болгочихсон гээд л, нөгөө нь болгоогүй гээд байдаг. Аль нь яг зөв юм бэ? Тэгэхлээр дахиад л ярилцлагынхаа эхэнд хэлсэн дүгнэлтээ хэлэх болох нь.  Д.Сумъяабазар аа. Та ямар нүүрээрээ ингэж хэлээд байгаа юм бэ? Ер нь тэр хүн хэн бэ? ямар хүн бэ гэдгийг үгнээс нь биш үйлдлээс нь, өнгөрсөн түүхээс нь дүгнэдэг шүү дээ. Тиймээс ч  Нийслэлийн МАН-ын даргын тэр ярианууд үнэмшилтэй сонсогдохгүй байна. Манай сонгогчид иргэд ч өөрсдийнхөө дүгнэлтийг хийж байгаа байх. Бодитой зүйл  хийсэн хүнтэй л дараагийн бодит зүйлийн тухай яримаар байна шүү дээ. 

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн 3 жилийн үйл ажиллагааг та улс төрд идэвхтэй оролцож байгаа хүний хувьд хэрхэн дүгнэж байна?

 

Хүнийхээ хувьд бол үнэхээр “хоншоортой” эр хүн. Харин улс төрийн хийж байгаа арга ажиллагаанд нь залуучууд, хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Хэтэрхий их хар PR хэрэглэдэг, бүр хар пиарын багтай ч байх шиг. “Баянгол зочид буудлын гадаах хэрэг явдал” гэдэг ч юм уу. Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайхан нэр төртэй улс төр хийж байна гэж би хардаггүй юм. Гэхдээ улс төрийг хийж чадаж байна уу? гэвэл мэдээж чадаж байна. Манай нийгэм МАН ба бусад гээд хоёр хуваагдсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ нь илүү харагддаг. Яг л тавь, тавин хувийн харьцаа ажиглагддаг.

МАН, АН хоёр нэр дэвшигчийн хооронд гэдэг юм уу. Гэхдээ сүүлийн үед хоёр том намд хуваагдахаа больж байгаа үзэгдэл гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар юу боллоо доо. “Босоо Ганбаа” ялах шахсан. УИХ-ын 2020 оны сонгуулиар гуравдагч хүчний орон зай бодитойгоор үүсэх боломж харагдчихлаа.

Улстөрийн хоёр багана гэж ярьдаг. Гэхдээ өрөөсөн баганын байр солигдох магадлал ихэсч байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын сүүлийн оролдлого бол МАН нэг тал нь юм бол нөгөө талыг нь бүгдийг нь цуглуулж хураах үйл ажиллагаа гаргаад, үүнээс болоод тэр гутамшигтай гээд байгаа нэгдлийг үүсгэх улс төрийн шийдэл гаргалаа. ХҮНамаас бусдыг нь өөртөө нэгтгэнэ гэж. Гэхдээ хавчуулаад хэлчихэд ХҮНам тэр нэгдэлд оролцоогүй, оролцох ч үгүй. 

 

Та инженер мэргэжилтэй хүн. Гэхдээ ном, сэтгүүл зүйн салбарт сүүлийн жилүүдэд ажилласан. Ер нь яагаад энэ чиглэлээр ажиллах болсон бэ? 

 

Бага зэргийн авьяас байсан байх. Тэгээд хүн чинь дуртай юмаа хийгээд явах дуртай юм байна. Хэрэв дахиад мэргэжлээ сонгох бол уран барималч юм уу, зохиолч, сэтгүүлчийн сургуульд явах байсан болов уу гэж боддог. Инженерээр ажиллах боломж байсан л даа. Гэхдээ тухайн үед сургууль төгсөөд дөнгөж ажиллахад цалин нь хэтэрхий бага байдаг байсан. Дагалдангаар эхэлж ажилд ордог. Ур чадвараас хамаараад хоёр, гурван жил дагалдан хийнэ. Дагалдангийн цалин маш бага. Гэтэл гэр бүлээ тэжээх хэрэгтэй.  Иймээс л өөр аар саар ажил хийж явсаар, үр дүнд нь инженер мэргэжлээсээ холдсоор ийм болчихгүй юу. Багахан бичих авьяас байсан юм уу? Нийтлэл бичээд тэр нь хүмүүст хүрээд байсан ч юм уу?  Юутай ч явсаар байгаад ийм л болчихлоо.

 

Та сүүлийн үед ямар сэдвээр түлхүү бичиж байна? 

 

 Манай нийгэм харанхуй байна, хэтэрхий туйлшраад байна, мэдээлэлд амархан итгэчихээд байна гэх шүүмжлэл их байгаа. Үүнийг  засаж залруулах юмсан гэсэн чин хүсэл миний дотор яваад байна. Сүүлийн үед ч  үүнийхээ гарц гаргалгааг нь хайж олъё, санал болгоё гэж бодох болсон.  Нийт Монголчууддаа, бүх иргэддээ өөрсдийнх нь эдлэх ёстой эрхийг нь мэдүүлье. Уг нь энэ чиглэлээр төр засаг их мөнгө үрдэг шүү дээ. Ном товхимол гаргах, хэвлүүлэх, видео нэвтрүүлгүүд хийх  зэргээр энэ зарцуулагдаж байгаа мөнгийг нь зөвхөн хүн өөрийнхөө эдлэх ёстой эрхүүдийг нь өөрсдөд нь ойлгуулах замаар зарцуулах юм бол ямар үр дүн гарах вэ? гэвэл хамгийн наад зах нь бэхжчихсэн байгаа дунд анги, дарга анги, дунд шатны дарга нарын бараг мафи болчихсон тогтолцоо сарних бөгөөд жинхэнэ иргэдэд үйлчлэх чиглэлдээ орох болов уу гэж боддог. Нөгөө талд иргэд эрхээ мэдэхгүйгээс болоод шаардаж чадахгүй байдалтай байна. Нийгмийн эрх тэгш байдал бий болж, дарга нарын тансаглал, иргэдээсээ булааж олоод байгаа илүү боломжууд аяндаа хумигдах болов уу гэж боддог. Гэхдээ  энэ мэдээж тийм хурдан болохгүй үйл явц юм шиг байгаа юм. Таван жил, арван жил ярьж байж залуучуудад  сайн ойлгуулья, багаас нь ойлгуулъя, та нарт ийм боломж байхад та нар олж авч чадахгүй байгаа шүү гэдгийг нь мэдрүүлэх юм бол үр дүн гарна. Хүний төрөлх натур нь байгаа шүү дээ. Хүн боломж нь байгаа бол  хүрэхийг л боддог юм чинь.  Түүнээс биш нэг хүнийг цохлоод, нэг даргыг барьж аваад шоронд хийгээд, нэг юман дээр учиргүй шуугиж ирснээ мартаад байвал үр дүнгүй. Түүний оронд иргэд нийтээрээ өөрсдийнхөө эдлэх ёстой эрх, олж авах боломжтой боломжоо, алдах ёсгүй байсан боломжуудаа мэдэж аваад цаашдаа түүнийг бүгдээрээ алдахаа больё. Олох ёстой юм бол олъё. Бид нар эдлэх ёстой юм бол эдэлье гээд хөдлөөд эхлэх юм бол нөгөө  хүсээд мөрөөдөөд байдаг зүйл маань аяндаа бий болчих болов уу. 

Ийм сэдвээр л сүүлийн үед түлхүү бичиж байна. УИХ-ын 2020 оны онгуулиар ч гэсэн миний ярьсан гол зүйл энэ.  Одоо ч би үүнийгээ л ярина. Байшингийн хажууд байшин барьчихлаа гэж ярьсаар байгаад л ялагдаад, тэр байшин баригддаг. Үүний оронд Үндсэн хуульд заагдсан эрхээ бариад шүүхэд зарга мэдүүлээд, шүүхэд нийслэлийг, Засгийн Газрын Сайдыг шууд шүүхэд өгөх боломжтой болчихож байгаа юм. Шүүх нь худалдагдсан гэж үзэж байгаа бол бид нар олон улсын шүүхэд мөн л үргэлжлүүлэн хандах боломжтой. Хүмүүс ингэж тэмцээд эхлэх юм бол бидний мөрөөдөөд байгаа, очих ёстой боломжуудын суурь нь болох юм.

 

Та НИТХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшиж, өрсөлдөхөөр болсон. Өрсөлдөгч нараа судлаж амжсан уу?

 

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн хоёр МАН-аас, АН-аас н.Батбаяр гэдэг хүний нэр байсан. Бусдыг нь мэдсэнгүй. “Ардчиллын төлөө нэгдэл” гээд ёгтолчихсон ч юм шиг. Өөрөө нэр дэвшиж байж хамаагүй ингэж хэлж болох ч юм уу. Нөгөөтэйгүүр мэдээж “Том намын хөл гар, сүлжээ  бат бэх байгаа, чамд боломж байхгүй дээ” гэж хүмүүс надад одоо ч гэсэн хэлж л байна. Гэхдээ боломжгүй юм чинь гээд  хойш сууж болохгүй. Мөн би УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн, одоо ч гэсэн дахиад нэр дэвшээд явж байгаагаа би над шиг, надаас дүү залуучууд маань битгий хойш суугаарай, оролцоорой гэсэндээ ингээд яваад байгаа юм. Сонгуульд сонгогдох үгүй нь хамаагүй. Тэр үед хэлсэн үгнүүд чинь үлдэнэ, үйлдлүүд чинь үлдэнэ. Мөн олон залуучуудад үлгэр болж үлдэнэ ээ гэж байгаа юм. Мэдээж сонгуульд юу гэж ялагдана гэж орж байх вэ дээ. Бүх боломжуудаа дайчилна, үзэж тарна гэсэн бодолтой байгаа. 

 

Та УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдсөн. Энэ сонгуулиас үлдсэн мэдрэмж, олж харсан, ойлгосон зүйл юу байв?

Цоо шинэ юм олж харна ч гэж юу байх вэ дээ. Өмнө нь зөндөө л сонгууль болсон. Анх удаа УИХ-д нэр дэвшиж байгаа зөндөө л залуучууд жил болгон  байж байдаг шүү дээ. Хүмүүсийг илүүтэй оролцоосой л гэж боддог юм байна лээ. Тараах материал тараагаад явж байхад зарим залуучууд уурлаад, базаж шидэх гэх мэт үйлдэл байдаг юм байна лээ.

Тухайн үедээ тэр залуу “Энэ бохир улс төрийг сонирхдоггүй,  энэ бохир улс төрд горилоод явж байгаа бохир залууг би ёстой үл тоомсорлолоо” гэдэг кайф авч л байгаа байх. Гэхдээ тэр залуу өөрийнхөө маргаашийг, үр хүүхдүүдийнхээ нөгөөдрийг, базаад шидэж байгаагаа ойлгоосой, идэвхтэй байгаасай гэж хүсч байна. Гараад жагсчихаж чадахгүй байна. Хонгконгийн залуучуудыг хар л даа гэдэг яриа болдог. Бүгдээрээ нэг системийн нэг ойлголт л юм байна лээ. Хүмүүс өөрсдөө идэвхтэй байгаасай. Залуучууд бүр идэвхитэй байгаасай гэж бодоод байдаг юм. Яагаад залуучууд гэхээр аль нэг намаас хараат биш болчихсон томоохон хэсэг нь залуучуудын дунд байгаа болов уу гэж үзсэнийхээ үндсэн дээр залуучуудыг идэвхтэй байгаарай гээд хэлж байна.

 

Тэгэхээр “Аливаа нэр дэвшигчийг төр рүү орж, мөнгө идэх гэсэн нэг нөхөр л явж байна” гэдэг нүдээр хардаг болчихлоо шүү дээ. Ингэж харах үндэс суурийг нь өмнө нь УИХ-д  байсан хүмүүс л тавьсан байх даа? 

 

Тий. Нүдэн дээр нь төрд орсон, төрийн ажил хийж байгаа хүмүүст л хамаг том боломж нь олдоод байдаг. Том том машинтай болдог. Хамгийн гоё зүйлсийг өрсөж авч байдаг. Бусдад нь тийм боломж байдаггүй. Тийм л байдаг. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр ч миний дэвшүүлж байсан санаанууд, одоо ч гэсэн яриад байгаа зүйл маань энэ бүхнийг алга болгохын л төлөө шүү дээ. Бүх юм ил тод байгаасай. Мөнгөний зарцуулалтууд нь хаагуур, яаж яваад байгаа юм? Төрийн мөнгө гэж байхгүй. Та бид хоёрын л мөнгө явж байгаа. Энд сууж байгаа энэ залуучуудын мөнгө явж байгаа. Татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг шүү дээ. Өлгийтэй хүүхэд хүртэл татвар төлдөг. Живх худалдаж авна гэдэг чинь эцэг эх нь живхэнд шингэсэн татварыг төлж л байна гэсэн үг. Орон гэргүй хүн ч түцнээс ширхэг тамхи авахад төрдөө татвар төлж л байдаг. Тэгэхээр төрийн мөнгө гэж байхгүй. Та бидний мөнгө л гэж байдаг. Тийм болохоор нэг мөнгө, нэг төгрөгийг хүртэл явж байгаа замыг нь бид нар яг аквариум дотор байгаа загас шиг хардаг больё гэдэг зүйлийг яриад байгаа юм. Түүнийгээ УИХ-ын сонгуулийн үеэр маш их ярьсан. Одоо ч ярина. Үүнийхээ төлөө би тэмцье. Залуучуудад ойлгуулъя, олуулаа больё. Энэ зүйлийг хүн бүрт ойлгуулья. Тавагны нэг тал нь төр юм бол нөгөө тал нь иргэд. Тэгэхэрээр иргэд өөрсдөө эрхээ мэдээд авчихвал аяндаа зөв бүхэн бүрдэж бий болох болов уу гэж бодож байна даа. 

 

Сэтгүүлч Ч.Явуухүү

sonin.mn