Өнгөрсөн шөнө 02:00 цагийн орчимд Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт газар хөдлөлт мэдрэгдсэн талаар цахим орчинд зарим эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл энэ газар хөдлөлт нь манай хойд хөршөөс улбаатай байж магадгүй аж. Учир нь өнгөрсөн шөнө ОХУ-ын Эрхүү мужид 5-6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд тус мужийн 12, Буриадын дөрвөн хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн байна. 

Эхний удаагийн газар хөдлөлт орон нутгийн цагаар есдүгээр сарын 22-ны шөнийн 02:05 цагт /Улаанбаатарын цагаар 02:05 цагт/, дараа нь 2-3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 02:20 цагт /Улаанбаатарын цагаар 02:20 цагт/ болжээ. 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Байгаль нуурын орчимд газар хөдлөлт болсон. Чичирхийлэл хил залгаа орон нутаг буюу манайд  мэдрэгдсэн" гэлээ. Газар хөдлөлт мөн Сэлэнгэ аймгийн нутагт мэдрэгдсэн байна.