Эрх баригчид ард түмэндээ шинэ ял нэмж байгаа юм байна. Монголчууд гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй амьдрах цаг ирлээ гэдгийг ХЗДХ-ийн шинэ сайд Х.Нямбаатар их л бардам түрэмгий мэдэгдлээ. Энэ мэдэгдлээ мань эр хийхдээ Төрийн ордны төв хэсэг, соёмбот индэр дээр зогсож байгаад, гартаа гавыг нь хийж, хөлдөө дөнгийг нь зүүж үзүүлэв.

Хууль зүйн сайд ингэх нь их л зохимжгүй харагдлаа. Олон улсад Хуулийн сайд нь өөрөө Төрийн ордондоо ингэж үзүүлэн болж, ард түмнээ заналхийлж байсныг санахгүй юм. Хамгийн том дарангуйлагч гэгддэг байсан Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хуссейны ажлын өрөөнд буутай хоёр цэрэг зогсож байдаг байсан. Гэхдээ Хуссейн хэзээ ч ард түмнээ гавлана шүү, дөнгөлнө шүү гэж Төрийн ордондоо мэдэгдэл хийж байгаагүй юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар ард түмнээ дарамталж, сүрдүүлэх бодлого барьж байгаа юм бол заавал тэгж Төрийн ордны соёмбот индэр дээрээс, ХЗДХ-ийн сайдаараа ингүүлэхийн шаардлага юу байсан юм. Зүгээр л тэр хэрэгжүүлэх ёстой Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга Д.Загджав нь шоронгийн гадаа зогсож байгаад, гав гинжнүүдээ хажигнуулан танилцуулаад, “Хохь чинь шүү, муусайн монголчууд аа” гээд хашгирна биз.

Гэхдээ яах вэ, энэ нам энэнээс дор үйлдэл, мэдэгдлийг Төрийн ордонд хийдэг л дээ. Тийм болохоор ард түмэн тоохгүй байх шиг байна. Жишээ нь, тэр Төрийн ордны төв дэх соёмбот индэр дээрээс УИХ-ын гишүүн нэгэн хүчингийн хэрэг хийчихээд дотоожоо зөв харуулж өмсөөд гарснаа мэдэгдэж л зогссон. Тийм болохоор МАН-ынхан ч үүнийг нэг их юманд бодохгүй байх.

Гав гинжийг ХЗДХ-ийн сайд өөрийн биеэр танилцуулах нь танд ер нь ямар санагдсан бэ. Ард түмэн түүний энэ мэдэгдлийг баяртайгаар хүлээж авсан уу. Баярлаад байгаа хүн байна уу. Ард түмэнд таалагдана гэж үзээд л мэдэгдэл хийж байгаа сайд шүү дээ. Ер нь бол гудамжинд мөрөөрөө явж байтал цагдаа гэнэт “Таныг шалгана” гээд чирэхэд айж цочирдсон иргэн орилно биз дээ. Орилохдоо “Хуцаарай чи” гэчихвэл төрийн цагдаа доромжилсон гээд цахилгаан гаваа зүүчих юм билээ. Ингээд гэртээ, гэргийтэйгээ хэвтэж байгаагаа хүртэл хүмүүст хянуулах болно. Энэ ямар нийгэм үү. Соц нийгэмд хоёр хүн тутмын нэг нь НАХЯ-ны мэдээлэгч байж, ажлаа тараад гэр рүүгээ алхаж явахдаа, үй зайгүй найздаа “Тэр нөхөр даргын ажлыг хийж чадахгүй дээ” гээд аминчлан ярьсан нь өнөө даргад нь хүрч, ухамсарт амьдралынхаа бүтэн 20 жилийг дарамт шахалт, мөрдлөг мөшгөлт дор өнгөрөөсөн ахмад буурал өнөөдөр сэрүүн тунгалаг байж байна. Эмгэнэлт түүх ийм ойрхон байхад дахиад тийм нийгмийг байгуулж байгаагаа сайд Х.Нямбаатар Төрийн ордонд бардмаар мэдэгдэж зогсоно. Гучин жилийн өмнө дотны найздаа хүртэл цагдуулж, матуулдаг байсан бол өнөөдөр гэрт байгаагаа хүртэл минут секунд тутам хянуулаад сууж байх тийм цаг үе иржээ.

Хэрэг хийсэн нь Шүүхээр тогтоогдвол шоронд явдаг. Шоронд тодорхой хугацаанд сууж ар гэр, ах дүүсээ сая нэг амраадаг байсан тэнэгүүд одоо бол Х.Нямбаатарын гавыг гартаа зүүчихээд, согтуу толгой орон дээрээ ойр дотны бүхнээ дарамтлаад хэвтэж байх нь. Угтаа тэр тэнэгүүдийн хувьд гэр нь шорон, ор нь шоронгийн наар болох нь. Тав тухтай тамлацгаах нь. Дээр нь Х.Нямбаатарын гав дөнгөтэй тэнэгүүд гэртээ архичингууд цуглуулна. Юу эсийг хийх вэ. Үнэндээ Монголын айл өрхүүдийн нэг хэсэг шорон болно. Хорооны цагдаагийн халаасанд тэр айлын нэг түлхүүр байнга явна. Ийм аймаар хор хохирол авчрах төрийн энэ шийдвэрт ард түмэн баярлаж бахархаад байгаа юм алга. Баярлаж хөөрөөд “Больж муусайн хулгайчуудыг ингэх ёстой” гэх хүмүүс байгаа бол удахгүй Х.Нямбаатарын гав дөнгө таны гар хөлд очиж, та нар уйлцгаах болно. Амьдрал өөрөө тийм даажинтай байдаг. Яль шалихгүй асуудлаас болж өөрсөндөө цахилгаан гав зүүлгэж зогсохдоо тэр хүмүүс ойлгох болно. Олон улсын жишиг ийм байдаг гэсэн үгийг хэлэх хүн байгаа. Гурван сая хүнтэй улсад хэрэгжүүлдэг ялын төрөл наадах чинь биш ээ. Гучин сая хүн амтай улс оронд хэрэгжүүлдэг ялын төсөл.

Хувь хүнийг өдөр шөнөгүй хянана. Хаана явж, хэнтэй уулзаж, юу хийж явааг нь. Хүний энэхүү нээлттэй мэдээллийг буруугаар ашиглаж болох аймшгийн талаар, ирээдүйд ямар айхавтар үр дагавар дагуулахыг сайд Х.Нямбаатар бодож үзээгүй нь тодорхой. Нэгэн цагт Монголын “хаан” явсан нэгэн бээр АТГ-ыг байгуулах гэж ямар их зүтгэж байгууллаа. Ердөө хэдхэн жилийн дараа “хаан” ширээнээсээ буугаад байгуулсан газрынхаа ажилтнуудад гавлуулан, оймсоо гозойлгон шоронгийн зүг одсон. Түүн лүгээ адил өөрсдөө зүтгэн, улайран байж батлуулсан буруу хууль, дүрэм журмынхаа горыг нөхдүүд өөрсдөө амсах вий дээ. Өчигдөрхөн УИХ-ын гишүүн, сайд дарга явсан олон хүн өнөөдөр хэн болчихоод байгааг харж байгаа биз.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм. Өнөөдөр хүн хэн ч байж болно. Маргааш хэн болсон байхыг хэн ч мэдэхгүй. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ийм юм танилцуулаад зогсож байгаа нь хачин харагдаж байгаа. Энэ сайдын тухай санаж сэрэхэд, ердөө хэдхэн сарын өмнө “14 настай охинтой тохиролцож бэлгийн харьцаанд орж болно” гэсэн заалтыг Монгол Улсын хуульд оруулж байсан хүн шүү дээ. Мөн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг нааш нь татаж авлига, албан тушаалын хэрэгтэн олон найзуудаа ял завшуулсан. Гээд яривал ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт олон асуудал бий. Тэр бүгд нийгэмд ил болох нь тодорхой.

ХЗДХ-ийн хуучин сайд Ц.Нямдоржийн түүний талаар хэлсэн нэгэн үг бий. “Хуулийн ТМС төгссөн бацаан минь, чамайг энэ бүх үйлдэл чинь баллана даа” гэж. Энэ үнэн үг юм шиг байна. Төрийн ордны индэр дээрээс гав гинжээ танилцуулан, нүдээ гялалзуулж зогсохыг нь харахаар Ц.Нямдоржийн үг хамгийн түрүүнд орж ирж байна. Хийсэн буруу үйлдлүүдийнхээ өмнө хэзээ энэ залуу сөхөрч ойчоод, сэтгүүлч би өмөөрч бичих гэж махаа зулгааж суухыг өнөөдөр хэн ч таашгүй. Зуун жилийн өмнө, XX зуунд монголчууд феодалын нийгэмд хэрэглэж байсан гав, дөнгөнөөсөө салсан юм. Тэгсэн 100 жилийн дараа, XXI зуунд Х.Нямбаатар эргээд сэргээдэг юм байна.

МАН-ын 100 жилийн ойд зориулсан сайд Х.Нямбаатарын бэлэг нь гав, дөнгө боллоо. Учир нь өнөөдөр эрх баригчид хийж байгаа бүх ажлаа “МАН-ын 100 жилийн ойд зориулж байна” хэмээн мэдэгдэж байгаа. Намынхаа 100 жилийн ойд зориулсан энэ мэт бэлгийг салбар салбарын сайдууд Х.Нямбаатар шиг барих биз. Гэхдээ гав дөнгө бол арай л сэрүүн үү, үгүй юү...

Б.НЯМАА