С.Батзаяа

Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж үг бий. Энэ үг Булганаас УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар түүний нөхдөд яв цав тохирч байна. Ямар ч үнэ цэнээр хамаагүй улс төрд өөрийн “гар, хөл”-өө оруулах гэсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдэл сүүлийн жилүүдэд хэрээс хэтрэх боллоо. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа энэ үед ч түүний эрх ашиг, шунал хоёр нэг цэгт огтлолцож, Булган аймгийн Гурванбулаг сумын хаягтай оюутнуудыг кино театртаа үнэгүй кино үзүүлж, иргэний үнэмлэхийг нь хуулбарлаж авах гэх мэтээр “хурга байхдаа цадаагүй бол төлөг байхдаа майлна” гэгч болж, хуулийг гууль болгож байгааг Сонгуулийн ерөнхий хорооны шинэ дарга П.Дэлгэрнаран та мэдсэн үү.

...Ард түмнийг арав таван төгрөгөөр хуурч, саналыг нь худалдаж авч болдог гэсэн сэтгэхүй, ойлголт, хандлага нь өөрөө асар том доромжлол, басамжлал...

Эсвэл хууль тогтоох байгууллагын гишүүний кнопноос нь эмээж, шинэхэн томилогдсон албандаа хэсэг саатах гээд нүдэн балай чихэн дүлий сууна уу. Ц.Анандбазар бол булхай луйвраараа зартай нэгэн. Энэ хошууны булайг дэлгэвэл далай, далай гэдэг шиг түүний намтартай дагалдах хууль бус үйлдлүүдийн бэх өдгөө ч хатаж амжаагүй улам бүр тодорсоор байна.

Улс төрд орохын тулд, УИХ-ын гишүүн гэх зарим хүнд огт сонин биш албан тушаалд хүрэхийн тулд Ц.Анандбазар байдгаа барьж, эрх мэдэлтэй хэний ч өмнө бөхөлзөхөө мэддэг ажээ. Хамгийн аюултай нь сонгогчдыг, ард түмний ой санамжыг загасныхтай зүйрлэн энд тэнд очиж худал хэлж, хоосон амлалт ярьж явдагт нь эгдүүцэл төрнө. Жишээлбэл, тэрбээр 2008 оны сонгуульд нэр дэвшихээр горилж явахдаа “Би Булганых” хэмээн тус аймгийн сонгогчдыг тойлдог байсан. Тухайн үеийн УИХын гишүүн Э.Мөнх-Очиртой нударга зөрүүлж, хутга шөвгөндөө тулсан гэсэн хэл аманд ороогдоод тэр жил УИХ-д дэвших эрх намаасаа авч чадаагүй. Удаа ч үгүй нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж,“Би нэгдүгээр хорооллын хүүхэд” хэмээх болсон. 2012 оны сонгуулийн өмнө мөн л нутгаа өөрчилж, “Би Дорноговийн Сайхандулаан сумынх” гэчихсэн тууж явсан. Энэ үедээ Дорноговьд нэр дэвших бэлтгэлээ хангаж, тэнд гурил, будаа тарааж явсан тэрбээр МАН-аас тус аймагт нэр дэвших мандатаа авсан ч АТГ-т шалгагдан, хоригдож байв.

Өнгөрсөн жил Ц.Анандбазар МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарт авлига өгч байгаад баригдсан. Н.Энхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-аас саатуулан, шалгахад Ц.Анандбазар гадаад руу зугтсан юм. Гэвч МАН түүнд 2020 онд УИХ-д нэр дэвших эрх өгч, сонгуулийн сурталчилгааны үеэр мөн л хууль бус үйлдлүүд олныг хийсэн ч Сонгуулийн ерөнхий хороо нүдэн балай, чихэн дүлий суусаар өнгөрөөсөн юм. Даварсаар даварсаар давгийн оронд гэгчээр Ц.Анандбазар түүний нөхөд “Ингэж болдог юм байна” гэж амтшиж, орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр ийн янз бүрийн ов мэх ашиглаж байна.

Ард түмнийг арав таван төгрөгөөр хуурч, саналыг нь худалдаж авч болдог гэсэн сэтгэхүй, ойлголт, хандлага нь өөрөө асар том доромжлол, басамжлал. Үүний нөгөө талд бид улиг болтлоо ярьдаг сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал ч хөндөгдөж байна. Хэдий тийм ч сонгогчдын саналыг худалдаж авсан хэдэн цаасаа татвар төлөгчдийн мөнгөнөөс хэд дахин нугалж олж авахаар улайрч буй Ц.Анандбазар нарын улстөрчдөд улс төрд гишгэх зай үлдээмээргүй байгаа юм. Ийм этик, мораль улс төрийн намуудад суувал бид нэг шатаар урагшиллаа гэсэн үг. Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилд намууд ийм төлөвшлийг бий болгох нь бүү хэл Ц.Анандбазар тэргүүтэй хүмүүсийг өөгшүүлж, эргээд намынхаа сонгуулийн санхүүжилтийг олж буй нь улстөрчдийн ярьдаг өнөө шударга бусын хонгилыг үүсгэсэн биз ээ. Та бүхний энэ буруу төлөвшил тань улс төрд боловсролтой ч мөнгөгүй залуус орох үүд хаалгыг хааж, боомилж байна.

Одоо жишээ нь, Ц.Анандбазар сонгогдсон тойрог Булгандаа өөрийн хүмүүсээ аймгийнхаа ИТХ-д олныг оруулж чадвал төсөв хуваарилах, тендер авах гэх мэт төрийн мөнгийг хувааж авч захиран зарцуулж, тэр хэрээрээ хуулийг гууль болгох ажил хийнэ гэсэн үг. Тиймдээ ч орон нутгийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байхад Булган аймгийн Гурванбулаг сумын гаралтай оюутнуудыг хотоос зөөж, саналыг нь өгүүлнэ хэмээн тактик, төлөвлөгөө боловсруулаад сууж байх вэ дээ. Уг нь сонгуульд оролцох, сонгох эрхээ эдлэх тухайн хувь хүний эрхийн асуудал баймаар юм.

Ерөөс энэ бол улс төрд бүлэглэл фракц, талцал, намчирхал хэрээс хэтэрсний тод илрэл. Хүн ам цөөтэй, буурай хөгжилтэй манайд улстөржилт хүчтэй хэвээр байсаар. Хөгжлийн зарчмаа тогтож чадахгүй байгаагаас өнөөдөр улстөрчийн ёсзүй, ёс суртахуун яриад сууж байна. Одоо бид зарчмаа тогтохын тулд хүнийг, улс төрийн намыг боловсруулах шаардлага үүсжээ. Төр төлөөлж, ард түмний мандат өвөртөлсөн түшээд ёс зүй, мораль, мэдлэг боловсрол, төлөвшилтэй байвал залуу үе үлгэрлэж, өсөж бойжно. Гэтэл манайд улстөрчдийн ёс зүйгүй үйлдэл Монгол төрийн нэр хүндийг шавартай хутгасаар байгаагийн нэг тод жишээ нь Ц.Анандбазар мэтийн нөхдүүд болчихлоо. Бизнесийн салбараас улс төрд бизнесээ хамгаалах гэж орж ирнэ. Орж ирсэн хойноо төсвөөс хулгай хийхээр улайрна. Ингэхийн тулд орон нутагт, тухайн сонгогдсон тойрогт нь өөрсдийнх нь итгэлтэй хүн хэрэгтэй. Иймээс л улстөрчид орон нутгийн сонгуульд үхэн хатан зүтгэж, тойргоо тойглоцгоож байна. Ц.Анандбазар ч үүний нэг учраас хуулиас давж авирлаж байх. Сонгуулийн ерөнхий хороо болон бусад холбогдох байгууллага энэ мэт зөрчлийг шалгах шаардлага үүссэн байна шүү дээ. Хуультай орон юм бол түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх л үүрэгтэй. Түүнээс ардын хүүхдэд үйлчилдэг албан тушаалтанд үйлчилдэггүй хуультай байж болохгүй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН