Коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгөх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Тэрбээр "2020 оны аравдугаар сарын 9-11-нд 2,027 шинжилгээ хийхэд 2,024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 боллоо. Тодруулбал, аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй хоёрт халдвар илэрсэн.

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 81 эмэгтэй нар эдгэрсэн.

Нийт 318 тохиолдлын 310 нь эдгэрээд байна. 295 хүний бүх тандалт ажиглалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад 5, сувилалд 10 хүн байгаа.

ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа найман хүний биеийн байдлыг үнэлбэл, тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр хэмээн үнэлэгджээ" гэв.