Сэтгүүч У.Оргилмааг АТГ-аас байцааж байгаа юм байна. Энэ мэдээг сонсоод хувийн хэвшилд ажилладгаас гадна, эрх мэдэл бүхий албан тушаалтан биш эгэл жирийн сэтгүүлчийг яагаад энэ байгууллага байцааж шалгах болов гэдэг асуулт хүн бүрийн толгойд зурсхийн орж ирж байгаа биз.

Сүүлийн үед эрх мэдэлтнүүдийн зүгээс ирэх дайралт, ил далд дарамт ихэссэнээс гадна, сэтгүүлчдийн үйл ажиллагааг боомилох зүйл заалтууд тэдний үйлдвэрлэж буй хуулиудад янз бүрийн хэлбэрээр зүйл заалт болон суусаар байна.

Бид сэтгүүлч У.Оргилмааг зочноороо урьж, түүний байр суурийг уншигчдадаа хүргэхээр шийдсэн юм.


-АТГ бол албан тушаалтнуудыг шалгадаг газар. Яагаад жирийн сэтгүүлч хүнийг байцааж шалгаж байгаа юм бол. Энэ хамгийн сонирхолтой байгаа учраас яриагаа эндээс эхэлье?

-Би ч бас авлига авсан, эсвэл өгсөн хүн АТГ-т шалгагддаг гэж ойлгодог юм.

Тагнуулын байгууллагатай холбоотой асуудлаар таныг байцааж байгаа гэж ойлгосон. Ингэхэд яахаараа ийм сэдэв гарч ирдэг байна вэ. Та тагнуулын байгууллагад ажилладаг юм уу?

-Та нөгөө байцаагчийн асуултаар хошигнож байна уу. (инээв) Хошигнол яах вэ. Би өөрөө яагаад ийм газарт, тэгээд ийм асуудлаар асуугдаж байцаагдаж байгаагаа огт ойлгохгүй байгаа юм.

-Жинхэнээсээ хаана, аль редакцид ажиллаж байна вэ. “Парламент” телевизэд ажиллаж байгаа юу?

-Одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Нийтлэлүүдээ бичээд л явж байна. “Парламент” телевизэд анхнаасаа би гурван сарын хугацаатай аман гэрээтэй л байсан юм.

-АТГ-ын байцаагчийн танд тавьсан асуултууд их сонирхолтой санагдсан. Тэгэхээр яг юу руу чиглээд, юунд хамаатуулах гэж хөтөлж асууж байгаа талаар арай дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?

-Надад тавьж буй асуултууд нь л ардаа байгаа бүх зорилгоо илтгээд өгч байгаа юм л даа. Жишээ нь, би ТЕГ-ын дарга байсан Д.Гэрэлээс авлига авсан гэнэ. Миний ажил бол бичих. Тэгэхээр нийтлэл бичүүлэх гэж тэр хүн надад авлига өгсөн болж таарах нь ээ дээ. Би Д.Гэрэл гэдэг хүний тухай ганц нэг бичиж байсан. Гэхдээ уучлаарай, тэр хүний даалгавраар бичиж байсан удаагүй шүү.

-Нотлох баримт чинь хаана байна вэ гэж мэдээж та зөрүүлээд асууна биз дээ. Үзүүлж харуулах баримт гэж юм байх юм уу?

-Юу ч үзүүлэхгүй юм. Хамт явсан, мөнгө авсан баримтууд байгаа гээд өмнөө тавьсан маш нууц гэсэн бичигтэй хавтас руугаа заах юм. Надад үнэндээ тийм асуудал байхгүй учраас тэдэнд надад үзүүлэх баримт байхгүй. Тийм ч учраас би өнөөдрийг хүртэл өмгөөлөгч аваагүй явж байна. Зүгээр миний болгоомжилж байгаа юм юу вэ гэвэл ингэж учир битүүлэг эхлүүлсэн, хачирхалтай гүжир юм тулгаж байцаадаг явдлууд их эвгүй зохиомжоор өрнөчихдөг тал бий.

-Тийм шүү дээ. Захиалагч тал нь эрх мэдэлтнүүд байгаа тохиолдолд сценари бэлэн.

-Тийм. Маш нууц гэсэн хэргүүдийн хувь заяа маш нууцаар л явагддаг. Энийг та ч мэднэ. Би ч мэднэ. Ийм хэргүүдийн шүүх хурлын шийдвэр нь хаалттай гардаг, хоригддог юм шүү. Хайнга хандаж болохгүй гэж надад хуульчид бас анхааруулж байна.

-Ийм тохиолдолд асуудлыг тодорхой хэмжээнд ил гаргаж ирж тавьж байгааг тань зөв гэж харж байна. Биднээр хамгаалуулах гэж л зорьдог болохоос биднийг хамгаалах гэж хэн ч ирдэггүй шүү дээ?

-Анхнаасаа надаас мэдүүлэг авахдаа маш нууцын зэрэглэлтэй учраас олон нийтэд мэдээлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хэлсэн. Гэхдээ "маш нууц" гэсэн дардастай зүйл дээр гарын үсэг зураагүй бол мэдээлэл өгч болно. Би хувь хүнийхээ хувьд баргийн юмыг тоодоггүй. Цагдаа шүүхэд өгч л байдаг. За, яахав гээд шалгуулаад өнгөрөөдөг. Нөхцөл байдал хүндэрсэн учраас би энэ удаа олон нийтэд мэдээлэл өгч байгаа юм. Олон нийтэд мэдээлэл өгснийхөө төлөө хариуцлага хүлээ гэвэл би хүлээхэд бэлэн.

-Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэл нь Л.Оюун-Эрдэнэ сайдыг тагнаж чагнасан гэх асуудал босч ирээд байгаа. Энэ хэрэгт л таныг холбоод байна гэж харж байгаа?

-АТГ-ын Бат-Олзвой гэдэг мөрдөн байцаагч надаас мэдүүлэг авсан л даа. Тавьсан асуулт нь түрүүн таны хошигноод байсан “ Та тагнуулын ерөнхий газрын ажилтан мөн үү” гэдэг асуултаар эхэлж байгаа юм. Би үнэндээ маш их цочирдсон. Хааяа ТЕГ-ын талаар бичдэг ч гэсэн надад тэр байгууллагын ажилтан шиг түвшний мэдээлэл байна гэж юу байхав дээ. Тийм биз дээ.Ер нь бол ТЕГ бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хэнийг ч шалгаж болдог байгууллага. Тагнуулж чагнуулсан гэдэг асуудлаар манай улстөрчид үе үе шоудах дуртай л даа. Цаад байгууллага нь тэр бүр хариу өгдөггүй газар болохоор улстөрчид ийм сэдэв гаргаж ирж тодрох дуртай. Манай Засгийн газрыг тагнаж чагнаж байна гэж хэлээд огцорч байсан хүн ч бий. Энэ бүх асуудлууд юу хэлдэг вэ гэхээрҮндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудал ер нь ямар түвшинд яваа юм бэ, цаашид яаж энэ асуудлыг авч явах вэ гэдэг асуудал руу л хөтөлдөг. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө тагнуулын аргаар бүх л ажлыг хий гэж ч эрх мэдлийг нь өгдөг байх гэж би хувьдаа боддог. Нууцаар тагнаж чагналаа гэж чарладаг тохиолдлуудын дийлэнхийг би анхаарлын төвд байх гэсэн улс төрийн шоу л гэж хардаг.

-Тэдний тавьсан бусад асуултуудыг сонирхмоор байна. Өөр юу юу асуух юм?

-I PHONE, I PAD гэсэн утасны тухай ярьсан. 2020 оны есдүгээр сарын 6-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбоотой байх. Тухайн үед Х.Нямбаатар сайд иргэн О гэж зарласан учир би юу ч яриагүй. Би өнөөдөр ганцаараа Монгол Улсын иргэн О биш шүү дээ. Тийм болохоор хэнд ч юу ч яриагүй. Сая АТГ бүх иргэн О-нуудыг биш намайг дуудсан учраас би энэ талаар ярьж байгаа юм. I PHONE, I PAD гэдэг утаснуудыг би ерөөсөө хэрэглэдэггүй.

-Хэрэглэдэг байсан бол яах юм бол?

-Намайг бүр одоо барьж байгаа Samsung маркийн гар утсаа хаанаас худалдаж авсан. Худалдаж авсан баримтаа авчирч өг гэсэн. Тэгж байж ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл гэдэг хүнээс авлига аваагүй гэдэг асуудал маань нотлогдох юм шиг байна лээ. Х.Нямбаатар дүүтэйгээ хамтраад тэр -I PHONE, I PAD-ийн эзнийг л олчихмоор байна.

-Та ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн нэр л яваад байна. Та тэр хүнтэй яг ямар харилцаатай юм бэ?

-ТЕГ-ын дарга байсан Д.Гэрэлийг би танина. Манай сэтгүүлчид бүгд л танина. Энгийн танилуудын хувиар уулзаад өнгөрч байсан тохиолдол надад бий. Ажил төрөл, Тагнуулын ерөнхий газрын талаарх мэдээлэл тэр хүнээс авч байгаагүй.

-Би сэтгүүлч хүн болохоор яах гэж уулзсан юм бэ гэж асуумааргүй байна л даа.

-Бидний зорилго бол мэдээлэл олж авах, мэдээллийн агуулга баталгаажуулах гэх мэт олон шалтгаанаар хүмүүстэй уулздаг. Зорилго биелэхгүй ч байсан оролдлого бол амьдралын маань нэг хэсэг шүү дээ.

Хүний харилцааны л нэг элемент гэх үү дээ. Уулзалтаас маань уршиг хэзээ ч олдохгүй. Мэдээлэл олъё гэж бодолгүй л яахав. Өгөхгүй, өгөөгүй. Тийм учраас энэ бол гүтгэлэг.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийсэн “Гүйцэтгэх ажлын санхүүжилтээр санхүүждэг, I PHONE, I PAD гэдэг утас аваад ажиллаж байдаг сэтгүүлч гэж байдаг юм уу” гэсэн мэдэгдэл бол нэлээд шуугиан тарьсан. Тэр сэтгүүлчийг таныг гэх ойлголтыг бол ер нь далдуур явуулчихсан. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?

-Намайг тэр сэтгүүлчийг гэж үзээд л АТГ дуудсан байна гэж би ойлгосон. Угаасаа АТГ-ын асуултуудаас ч энэ нь тодорхой болж байгаа. Сайдын амнаас унасан болгоныг л асууна лээ. Гүйцэтгэх ажиллагааны зардлаас мөнгө авсан уу. Та авсан ш дээ, баримт чинь байгаа гэж хэлж байгаа юм. Бүр миний дансны хуулгыг шалгаж байгаа гэсэн.Шалгаг. Хэзээ ч нотлогдохгүй гүтгэлгээр намайг унагаж авна гэвэл эндүүрэл.

-Өөрсдөө ТЕГ-ын дарга дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан юм биш үү?

-Цагдаагийн байгууллага ч юм уу аль нэг байгууллага нь хэн нэгний зөвшөөрлөөр, эсвэл зөвшөөрөлгүй ч юм уу ТЕГ-ын дарга дээр ажиллагаа явуулж дээ гэж би бас харж байгаа. Тэрэнд нь иргэн Оргилмаа гүйгээд орчихож. Уулзалдаж таарч. Тэгээд л шууд иргэний дансыг шалгасан гээд дайраад байгаа юм.

-Наадах асуудал чинь үнэхээр чухал асуудал. Иргэдийнхээ хувийн дансыг зүгээр л ингээд шалгаад байж болдог юм уу?

-Надад шалгуулахад айгаад хулчийгаад байх юм байхгүй. Зүгээр ийм жишиг тогтож байгаа бол үүний эсрэг тэмцэнэ.

-Таны эсрэг өргөдөл гаргасан хүн яг хэн юм бэ?

- Би харин тэр байцаагчаас миний гомдогч, нэхэмжлэгч маань хэн юм бэ гэж асуусан.

-Тэгээд хэн юм шиг байна?

-Л.Оюун-Эрдэнэ сайдын тухай эхлээд дурдсан юм. Дараа нь мэдүүлэг авахдаа Л.Оюун-Эрдэнэ сайд энд ямар ч хамаагүй шүү. Х.Нямбаатар сайд л... гэж байгаа юм. Гэтэл сайд өнөөдөр биш гэчихлээ. Дараагийн удаа дуудахдаа хэн гэх юм. Миний өгч байгаа мэдүүлэг прокурорт таалагдахгүй бол дахиад мэдүүлэг авна л гэсэн.

-Эрдэнэтийн 49 гэдэг сэдэв бас таны байцаалтад орж ирсэн гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Байцаалтын явцад гэв гэнэт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг яриад эхэлсэн. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, Л.Оюун-Эрдэнэ сайдыг тагнаж чагнаж байсан бол иргэн У.Оргилмаа ямар хамаатай вэ. Тэрэнд нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь бүр ямар хамаатай юм. Энэ их сонин санагдсан. Залгуулаад ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл “сахал” Д.Эрдэнэбилэгийг дэмжиж бичиж байгаарай гэж даалгавар өгсөн үү гэдэг асуултуудыг хэд хэд тавьсан. Энд ямар логик байна вэ.

-Нээрээ мартах шахлаа. Үнэхээр танаас хар тамхи хэрэглэдэг үү гэж асуусан юм уу?

-Тэгсэн. Байцаалтын дундуур надаас гэнэт хар тамхи хэрэглэж үзсэн үү гэж асуусан. Би маш их гайхсан. Харин би эндээс нь хар тамхины бүлэглэлийнхэн намайгаа оролдоод эхлэв үү гэж хардсан. Энэ талаар би үргэлжлүүлж бичнэ.

-Итгэмээргүй юм. Ямар хошин шогийн жүжиг биш дээ?

-Үнэн үнэн. Байцаагч миний урдаас харж байгаад далай руу гүйгээд орчихмоор гоё гэсэн тээ гэж хэлсэн гээд бод. Би энийг доромжлол гэж үзэж байгаа. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлээс авлига авсан нь нотлогдохгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиас авлига авсан гэж хэрэг үүсгэх нь ээ дээ. Энэ нь бүтэхгүй бол хар тамхи гээд над дээр ер нь олон янзаар л хэрэг үүсгэх гэж оролдох юм байна.

-Х.Нямбаатар сайд өнөөдөр өгсөн тодруулгадаа “Би У.Оргилмааг шалгуулах өргөдөл өгөөгүй” гэж мэдэгдсэн?

-Тэгсэн байсан.

-Гэхдээ “Ер нь бол сэтгүүлч тагнуулын даргын захиалгаар бусдыг матарлаж болохгүй” гэсэн үг бас дайна билээ. Үүнд та юу гэж хариулах бол ?

-Ингээд өдөөд байгаа юм. Чухам энэ суудлаас л часхийсэн баримттай дуугарах ёстойсон. Тагнуулын даргын захиалгаар гэдгийг нотлоогүй, захиалгаар “матарлаж” гэдгийг нотлоогүй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж яриад байх юм. Гэмт хэрэг шүү дээ. Одоогоор би Х.Нямбаатарын талаар огт нийтлэл бичээгүй яваа. Ингэж байхаар эр хүн шиг уулзчихаасай л гэж түүнээс хүсч байна. Эцэст нь хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын сайд дүү нарт муу санасан юм байхгүй. Амжилт хүсээд, ажлыг нь шүүмжлээд л явж байсан. Замын хүмүүсийн үгээр үг хийж, захиалагч хайх хэрэггүй дээ л гэж хэлмээр байна. Эр хүн шиг уулзаад ярихад учир нь тодорхой л болох зүйл дээ, уг нь.

У.Оргилмаа бид хоёр давчуухан цагт ийнхүү ярилцлаа. Тэр урьдын тайван, санаа сэтгэлийн тэнцвэрээ барагтай бол алддаггүй зангаараа асуултуудад маань хариулав. У.Оргилмаа бол чансаатай сэтгүүлчдийн нэг. Тэр бол бичдэг сэтгүүлч. Тэр бол уншигчтай сэтгүүлч. Түүний редакцид уягдаж, эзэнд баригдахгүй ганцаараа нийтлэлүүдээ бичээд явдаг нь надад бүр их таалагддаг юм. Тэгж ажиллаж чадсаныхаа төлөө ингэж авлуулах ёсгүй сэтгүүлч гэж би үздэг юм.

Нэг нэгээр нь сугалж намнах ажиллагаа болгоны эсрэг бид зогсоно. Нийтээр нь харлуулж нүдэх тусам бид нягтарна. Учир нь даналзсан том эрх мэдэл дандаа сэтгүүлчдийн үйл ажиллагааг боомилох гэж оролддог. Ийм зүйлийн эсрэг бид тэмцэх болно.

Б.ГАНЧИМЭГ