Монголчууд арван мянган арвай буудайнаас зөвхөн ганц нь зүүний үзүүр дээр тогтож үлдэхийг хүн төрөл олохтой зүйрлэсэн байдаг. Тэгэхээр дэлхий ертөнц дээр хүн болж төрөх маш их хувь заяа гэлтэй.

Нэгэнт хүн болж төрсний хойно нийгэмд өөрийн байр суурь, эрдэм боловсрол, ажил үйлстэй хувь хүн болж төлөвшихийн тулд амьдралынхаа багагүй хэсгийг зориулах явцад хамгийн эмзэг, нарийн төвөгтэй цаг хугацаа нь хүүхэд нас байдаг. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод зааснаар 18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд гэнэ. Манай улсад Хүүхдийн эрхийн тухай хуулиас эхлээд хүүхдийн эрх, эрх чөлөө, хөгжил хамгааллын талаарх өдий төдий хууль, тогтоомж бий. Түүнийг тоолбол хөл гарын хуруу ч цөөдөх биз.

Гэвч Хүүхдийн эрх өдөр бүр, цаг хором тутамд зөрчигдсөөр байна. Томчуудын хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн хүүхэд гэмтэж бэртэх, сэтгэл санааны дарамтад орох, бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртөх улмаар амь насаа алдах явдал буурахгүй байгаа юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 170 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, 29 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Түүний дотор 0-8 насны 12 хүүхдийг эцэг эх, ойр дотнын хүмүүс нь автомашинаар ухрах хөдөлгөөн хийхдээ дайрч, мөргөж амь насыг нь хохироосон тухай Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд халаглан ярьж байсан юм. Хамгийн сүүлд наймдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн төвд 12 настай эмэгтэй хүүхдийг хамаатны хүн нь дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

 

Манайд бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, автомашинаар зорчуулах дүрэм журам байдаг ч мөрдөх нь өдрийн од мэт ховор. Үүнийг дагаж биелүүлээгүйгээс он гарснаас хойш хоёр хүүхэд автомашины цонхоор шидэгдэж нас барсан байдаг. Цагдагийн байгууллагын тоо баримтаас харахад хүүхэд гэмт хэрэгт холбогдох явдал 2019 онд 996, энэ оны эхний хагаст 300-аар багассан сайн мэдээ байгаа ч гэр ахуйн хүрээнд осол, гэмтэлд өртөж байгаа нийт иргэдийн дийлэнх нь хүүхдүүд байна. Тухайлбал, ГССҮТ-ийн мэдээлснээр жилд дунджаар 4000-4500 хүнд яаралтай тусламж үзүүлж байгаагийн 60-70 хувь нь 0-5 насны хүүхдүүд байдаг аж. Тэдний олонх нь буцалсан цай хоол, ус болон халуун тогоонд түлэгдсэн байдаг нь эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй байдалтай шууд холбоотой юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Ш.Нэргүй хэлэхдээ, онцгой байдлын байгууллагад ирж буй дуудлагын 80 хувь нь ахуйн гал түймэр байдаг. Энэ нь ихэвчлэн цахилгааны гэмтэл, ахуйн цахилгаан хэрэгслийг зохисгүй ашиглах, унтраалгүй орхих зэргээс шалтгаалдгийг онцлон дурдаж байсан юм. Үүнээс үүссэн аюулын хохирогч нь мөн л хүүхэд байдаг.

Хүүхэд хамгааллын тулгамдсан нэг асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл болоод удаж байна. Энэ оны хоёрдугаар улирлын статистик мэдээллээс үзвэл гэр бүлийн хүрээний хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өссөн байх юм. Ялангуяа “COVID-19” цар тахлын улмаас хүүхэд, эцэг эхчүүд гэр орондоо олон хоног, цагаар хамт байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил өсөх нэг суурь нөхцөл болжээ. Хүүхэд хамгааллын тусгай дугаар 108-д хоногтоо 450-650 дуудлага ирж байгаагийн 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдгийг тус төвийн дарга Д.Отгонсүрэн хэлж байлаа. Жилдээ 16-17 мянган дуудлага ирж байгаа нь маш өндөр тоо, харамсалтай явдал боловч далд явагддаг хэрэг, зөрчил ил болж, хүүхэд эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулахын төлөө тэмцэж байгаа хэлбэр гэж ойлгож болохыг мэргэжилтнүүд тодотгож байсан. Энэ нь нэг талаар эрхээ хамгаалуулахын тулд хэнд, хаана хандахаа мэддэггүй байсан иргэдийн хувьд сайшаалтай хэрэг боловч хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм.

Өнөөдөр Монголын нийгэмд гарч буй гэр бүлийн хүчирхийллийн гол суурь нь ажилгүйдэл, ядуурал, архидалт болон гэр бүл салах явдал болжээ. Үүнийг таслан зогсоох, багасгахын тулд гурван хүн тутмын нэг нь ядуу, ажилгүйдлээс шалтгаалсан орлогын дутагдал, нийгэмд хавтгайрсан архидан согтуурах явдалтай эрс шийдэмгий тэмцэж, иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх талаар төр, засгаас дорвитой, шат дараалсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Сүүлийн гурван жилийн хугацаанд 260 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай Төрийн ордонд болсон “Сүүдэр бүү тусга” сарын аяны үр дүнгийн талаарх хуралд цагдаагийнхан мэдээлэл хийж байсан. Хэдхэн хоногийн өмнө есөн настай охин хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн тухай мэдээ хэвлэлээр цацагдаж байлаа. Тухайн айлын хөршүүд охиныг хойд эцэг нь зодож дарамталдгийг мэддэг ч хамгаалах нь байтугай зохих газарт мэдэгдээгүй байжээ. Иймэрхүү байдлаар олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд гэмт хэргийг үл мэдээлэх, нуун дарагдуулахтай холбоотой зүйл анги байсан боловч 2015 онд дээрх хуулийг шинэчлэн батлахдаа хасчихсан байдаг. Үүнийг сэргээх шаардлагатай” гэж саналаа илэрхийлж байлаа. Энэ саналыг бодит ажил болгож, Эрүүгийн хуульд оруулж өгвөл иргэд ойр хавийнхандаа санаа тавьж чухамдаа “айл хүний амь нэг” болохсон билээ. Ингэж гэмээнэ хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө мөнгө зарцуулахгүй хамгийн энгийн арга болох юм.

Уг нь хүүхдийн хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг улсын төсвөөс зарцуулсан хөрөнгө тодорхой хэмжээнд жил бүр өссөөр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар Ерөнхий сайдын багцад 130 сая төгрөг анх суулгуулж байсан бол УИХ дахь эмэгтэй гишүүд хамтран 6.5 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд улсын төсөвт төлөвлүүлж байсан. Энэ жил 8.0 тэрбумыг зарцуулахаар байгаа юм. Гэвч энэ хөрөнгө мөнгө байгаа оносон ажил, эзнээ олсон санхүүжилт болж чадахгүй байгаад УИХ-ын зарим гишүүн эмзэглэж явдгаа илэрхийлж байлаа.

Тиймээс энэ асуудалд салбар бүрийн хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байна. “Хүний эрх гэдэг нь аль нэг байгууллага хэн нэгний асуудал биш. Монгол хүний хувь заяатай шууд холбоотойг сайтар ойлгомоор байна” гэж ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж гуай нэгэнтээ хэлж байсан. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэн бүрийн эдлэх 18 эрх бүх хүнд, түүний дотор хүүхдэд ч хамаатай асуудал билээ. Түүнийг нь эдлүүлж, хүүхэд бүрийг дахин эргэж үл олдох хүүхэд насанд нь өмсөж зүүх, идэж уух, сурч боловсрох, эрхэлж наадах бүх нөхцөлөөр хангах нь эцэг эхчүүд, асран хамгаалагчдынх нь үндсэн үүрэг билээ.

 

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин