“Асуудал шийдэл” сэдэвт харааны бэрхшээлтэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг “Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор өнөөдөр боллоо. Уулзалтаар харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гарц шийдэл дэвшүүлсэн юм.  

Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 хүүхэд байдаг. Гэтэл тэдний 120 гаруй нь нийслэлд ганцхан байдаг харааны бэрхшээлтэй хүүхдийн  116 дугаар сургуульд суралцаж байна. Энэ талаар МХҮХ-ны Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн багш Б.Энхмандах "116 дугаар сургуулийг төгсөөд манай сургуульд ирж буй есдүгээр ангийн хүүхэд нэрээ бичиж чадахгүй байна. Энэ хэний буруу вэ. Ингэж бид тэтгэмж өгөх хүмүүсээ өөрсдөө бэлдэж, чадваргүй болгоод байна. Маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэдэнд халамжаас илүү боловсрол хэрэгтэй. Манай сургуульд гэртээ 30 жил суусан залуу хүн сурч эхэлж байна.  Энэ мэт хүмүүс өнөөгийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхахын тулд нөхөн сэргээх сургалт зайлшгүй хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлээсээ болоод 20-30 жил гэртээ байсан хүнд гурван сар, цаашлаад 1-2 жилийн нөхөн сэргээх сургалт хэрэгтэй. Ингэж бид баялаг бүтээгчийг бэлдэнэ. Үгүй бол 10-20 жилийн дараах халамж хүсэгчийг л бий болгоно шүү дээ" гэж ярьсан юм. 

Харааны бэрхшээлтэй иргэдийн 6000 нь хөдөлмөрийн насныхан байна

Харин МХҮХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл "Монголд  байдаг харааны бэрхшээлтэй 11800 иргэний 6000 гаруй нь хөдөлмөрийн насных байна.  Тэдний 5.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Эрхэлж буй гол ажил нь бариа засал. Ажил эрхэлж буй харааны бэрхшээлтэй иргэдийн дундаж цалин 600-800 мянган төгрөг. Хараагүй хүмүүсийн тусгайлсан ажлын байраар хангадаг Хөдөлмөр сургалтын үйлдвэрт ажиллагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад цогц дэмжлэг хэрэгтэй байдаг юм. Нэг сургалтад суулгачхаад юм уу нэг ажилд зуучлаад орхих боломжгүй. Монгол Улсад энэ тогтолцоо хараахан бий болоогүй. Үүнийг ТББ-ууд чадан ядан хийгээд явж байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn