Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Дээд шүүхэд өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргажээ. Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор Дээд шүүхээс шийдвэрлэсэн байна.

Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Дээд шүүхээс хүчингүй болголоо. Эргэн сануулахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ.

Хэдийгээр Э.Оюунболдын барилдах эрх нь сэргэсэн ч тэрбээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолоо хураалгахыг хүссэнгүй шүүхэд хандсан. Хэрвээ түүний цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарвал Монгол Улсын аварга Н.Батсуурь Даян аварга болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шатны эцсийн шийдвэр гаргах хүртэл цол хураах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэх мэдээлэл бий.