УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн гишүүд "давхар дээл" тайлах хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын даргаас шаардлаа. Тухайлбал, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нэгдсэн чуулганы пүрэв гаригийн хуваарьт хэлэлцэгдэхээр тусгаад байсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу сайд нарын "давхар дээл" тайлах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассаны учрыг асуусан юм. Тэрээр "Энэ асуудлыг хэлэлцэх ёстой Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал яагаад тасалдав? Хэн гэдэг гишүүн ямар учраас байнгын хорооныхоо хурлыг тасалсан, хэзээ энэ асуудлыг хэлэлцэх вэ гэдэгт тодорхой хариулт өгнө үү" хэмээн хэллээ. Мөн УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин "Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцмээр байна. АН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн өмнөөс  Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг "татуулна, хориг тавиулна" гэх юм. Ингэж өмнөөс нь тайлбар хийх нь зөв юм уу, Их хурлын дарга аа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаа суудаггүй гишүүдийг зарлах хэрэгтэй. Засгийн эрх барьж байгаа намын гишүүд Ерөнхийлөгчийн өмнөөс яриад, хууль тайлбарлаад хэвлэлүүдээр зарлаж тунхаглаж болдог юм уу? Хагас жил гаруй "давхар дээл" гэж маргалдлаа. Одоо болоо юм биш үү! Ийм байдал хэр удаан үргэлжлэх юм" хэмээн асууж, энэ хуулийн төслийг хэлэлцэхийг шаардав.

Дашрамд дурдахад, дээрх хуулийн төслийг мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч АН-ын гишүүд хүрэлцэн ирээгүйгээс хуралдаан хойшлоод байгаа юм.