Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахын тулд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан ажиллах, хууль зүйн салбарын үйл ажиллагааг тасалдалгүй, шуурхай явуулах шаардлага үүсээд байна. Түүнчлэн хуульчдын аюулгүй байдлыг хангах, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр зохицуулалт шаардлагатай байх тул Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим болон хуульчдад хандаж дараах уриалгыг хүргүүлж байна.

Нэгдүгээрт, Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэгт “Цар тахлын үед шүүгч, прокурорыг 24 цагаар ажиллуулах журмыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор тус тус баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.”, мөн зүйлийн 9.11 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.” гэж заасны дагуу холбогдох байгууллагууд журмыг яаралтай баталж, хуулийн биелэлтийг зохион байгуулж ажиллах.

Хоёрдугаарт, Засгийн газраас улсын хэмжээнд "Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор баталсан 178 дугаар тогтоолын хавсралтын “Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн жагсаалт”-ын 10 дугаарт шүүх, прокурорын үйл ажиллагааг заасан боловч өмгөөллийн үйл ажиллагааг орхигдуулсан нь Монгол Улсын иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг зөрчиж болзошгүй байгааг анхаарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон бусад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах.

Гуравдугаарт, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гомдлыг цахим шуудангаар хүлээн авч шийдвэрлэхэд анхаарч ажиллах. Бүх шатны шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагаас тодорхой хэрэг маргааныг шалган шийдвэрлэхэд зөвшөөрөл авах, шийдвэр гаргах, хянах, шүүх хуралдаан явуулах зэрэг зайлшгүй явуулахаар хуульд заасан ажиллагааг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжтой билээ. Энэ чиглэлээр салбар тус бүрд ашиглаж байгаа хууль зүйн цахим бүртгэлийн тогтолцоо, цахим хуудас болон албаны и-мэйл хаяг, цахим гарын үсгийг хэрэглэх боломжтой тул нэгдсэн нэг шийдэлд хүрч хууль зүйн үйлчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.

Дөрөвдүгээрт, Эрхэм хуульчид Та бүхэн Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгсөн заавар, зөвлөмжийг дор бүрнээ чандлан сахиж, өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалж, хариуцлагатай байх. Мөн хуульч, хууль сахиулагчид гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэн, ёс зүйтэй ажиллахыг хүсье!

Дээр дурдсан үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтнууд шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг УРИАЛЖ байна. Цар тахлын үед байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох зайлшгүй шаардлагатай байх бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь бүтцийн хороо, нэгжээр дамжуулан шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой болохыг мэдэгдье.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхимын удирдлагуудыг хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллана гэдэгт итгэлтэй байна. МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО