Дорнынхон Хүн, Аваар нараас авахуулаад түүхийн турш олон удаа Өрнө рүү довтлон эзэлж, ялагдаж, ухарч, уусч, өөриймшсөн түүх бий. Өдгөө ч фин, унгар, болгар, эстони, зэрэг энэтхэг-европ овгийн хэлтэнд үл хамаарах дорнын үндэстнүүд хэдийнээ европжжээ.

Өрнийнхөн Дорно руу шилжин нүүсэн хоёрхон тохиолдол байдаг нь эхнийх нь Афанасьевын хөндий буюу өнөөгийн Монгол, Казахстан, Шиньжаанд энэтхэг-европ овгийнхон очин суурьшиж байсан археологийн баталгаа бий. Тэдний үлдээсэн морин тэрэг урласан хадны сүг зураг Улаанбаатар орчмоос ч олдсон нь Шиньжаан, Казахстанаас илрүүлсэнтэй бараг яг адил байв. Нөгөөх нь оросууд XVI зуунаас зүүн тийш колоничлон Номхон далай хүрсэн юм. Харин Дорноос Өрнө рүү нүүсэн хамгийн сүүлчийн нүүдэлчид нь Ижил (Volga) мөрөн хавиар очиж суурьшсан Монголын торгууд ястан юм. Тэдэн дунд цөөн тооны дөрвөд, хошууд, хойт нар ч байсан.

 

Ойрдын нэгдсэн цэрэг Алтан ханыхныг бут цохисны дараа бие даан эрх чөлөөтэй болсон авч удалгүй хоорондоо таарахаа болин гурав тасарчээ. Гүүш тэргүүтэй Хошууд аймгийнхан Хөх нуур тийш төвдүүдийн урилгаар нүүн улмаар нийт Төвдийг эзлэн тэндээ бие даасан улс шахам юм болж авав. Тэрээр байлдаанд ялсныхаа дараа харьяат иргэдээ бүгдийг өөр дээрээ дуудсан юм. Өөртэй нь цуг аян дайн хийсэн Хархулын хүүд “Баатар хунтайж” цол олгон охин Аминдарийг эхнэр болгон өгчээ. Баатар хунтайж Зүүнгартаа эргэж ирэн Зүүнгарын хаант улс байгуулжээ.

 

Ойрдоос тасарч бие даасан гурав дахь нь Торгууд аймаг юм. Ойрд хэт томорсноос болоод бэлчээрийн хүрэлцээ дутагдан торгууд нар өөр бэлчээр сайтай нутаг хайж эхэлсэн болов уу. Торгуудууд XVII зууны эхээр л шинэ соргог бэлчээрийн эрэлд гарсан нь түүхэн бичиглэлд үлджээ. Тэд Сибирийн нутаг бэлчээрийг хараандаа авч, 1613 онд дөрвөн мянган хүнээс бүрдсэн хайгуулын ангийг Ураал мөрөн тийш илгээжээ. Тэд цаашилсаар Алтан Ордын үед хэсэг хугацаанд төр барьж байсан Нохойн удмынхан болох ногайчуудын нутагладаг Ижил мөрөн хүрчээ. Торгуудууд ногайчуудыг нутгаас нь хүчээр шахсан тул цаадуул нь Азовын тэнгис хүрч хорогдоод, хожим нь бас л Алтан Ордын нэг тасархай Крымын хаанаас хамгаалал хүсчээ.

1630 оноос торгуудын толгойлогч Хоо-Өрлөг нутгийн олноо дагуулан Ижил мөрөн тийш нүүв. Ямар шалтгаантай байсан талаар хэд хэдэн янз тайлбар байдаг. Халимагийн хураангуй түүх-д бичсэнээр Дөрвөн Ойрдын самуурал болсонд Торгуудын тайш болсон Хоо-Өрлөг: 

Ингэж бие биесээ хядаж албатаа алдаж байхаар алс холын газар одож, харийн улсын хажууд ойрхон хүрч суугаад, тэдэнтэй дайтаж, дайны олз омгоор амь зуусан нь дээр.[i]

Хоо-Өрлөг 1618 онд Каспийн тэнгис тийш тэргүүн ангийн явуулж тэндхийн газар эзэнгүйг мэдсэнээр 1628 онд өөрийн таван түмэн харьяат иргэдээ зургаан хүүгийн хамт дагуулаад тийш нүүдэллэжээ. Тэд эрт урьдын Алтан Ордын задралаас үүссэн Ураал мөрний чанад дахь татааруудыг дайлж дийлээд цаашлан ногай, кипчак нарыг дайлан дагуулсаар 1630 онд Ижил мөрөнд хүрчээ.

Ийнхүү торгуудууд нэгэн үндэстэнтэйгээ шөргөөцөлдөхөөс зайлсхийн нүүснээр Каспийн тэнгис орчмын өргөн уудам нутагт шинэ ноёрхогч болон суурьших нь тэр. Гэхдээ тэд өөрсдийгөө Дөрвөн Ойрдын холбооноос гарсан гэж үзсэнгүй, үргэлж тэдэнтэй холбоотой төдийгүй дотоод үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, заримдаа тодорхойлогч хүчин зүйл нь болсоор ирсэн юм. Ойрдын олон аймгийн хурал чуулганд байнга оролцоно, хүргэн бэр солилцож ураг төрлийн холбоогоо улам бэхжүүлэхэд ихэд анхаарна. Тэд 1640 оны Халх-Ойрдын хэлэлцээнд ч оролцож байсан юм.

Удаа дараа болсон Орос-Түрэгийн, Орос-Крымын аян дайнд газрын дунд нь оршдогийн хувьд ямар нэг хэмжээгээр оролцож байсан ч голдуу төвийг сахиж аль аль талаас нь бэлэг сэлт, амлалт авч байлаа. Хоо-Өрлөгийн ач Аюук 1669 онд Халимагийн тэргүүн болсноос хойш тэдний бүс нутагт гүйцэтгэх роль эрс нэмэгджээ. Оросын Эзэн хаан Их Пётр шведүүдтэй хорь гаруй жил тэмцэлдэхдээ Аюукаас тусламж гуйжээ. Хоёр хаан уулзахад Пётр түүнийг 10 мянган цэрэг гаргахыг хүссэн байна. Харин Аюук таван мянган цэрэг бүрэн хангалттай гэжээ251.[ii] Халимаг цэрэг шведүүдийн үйлийг барсан байдаг. Швед цэргүүд шөнө хуарагнан түүдгийн дэргэд тойроод сууж байхад нь монгол цэргүүд тэмээтэй давхиж ирээд дарга офицеруудыг нь бугуйлдаж олзлоод үзэх мөргүй зугтаачихдаг байлаа. Ийм явдал олон давтагдсаны дараа Шведийн хаан Орост хандан “Байлдвал байлдъя л даа, ингэж новшроод байх чинь ямар дайн юм бэ!” гэсэн анхааруулга илгээж байсан гэдэг.[iii] Хожим нь нум сум агссан морь, тэмээтэй халимаг цэрэг Наполеоны армитай ч тулгарч байсан. Тэр үеийн буу 200 метр тусдаг байхад халимагийн нум сум түүнээс хол цаадахыг ононо. Кавказыг дагуулах оросуудын олон жил үргэлжилсэн дайн байлдаан мөргөлдөөнд халимагуудын гүйцэтгэсэн үүрэг нэн их.[iv]

 

Аюук бол Зүүнгарын хаант улсын Сэнгэ болон Галдангийн зээнцэр, Цэвээнравдангийн үеэл ах юм. Төвдүүд Гүүшээс гадна Сэнгэ, Галдан байтугай Аюукт хүртэл “хаан” цол олгож, зөвхөн Чингис хааны удамд олгодог баримтлалыг хэрэгсэхгүй болгосон нь Аюук ихэд баяжин өглөгийн эзэн болсонтой холбоотой бололтой. Төвдөөс хаан цол хүртсэн Аюук бүх Дөрвөн Ойрдыг өөрийн дор нэгтгэх санаа өвөрлөж байв. Тухайн үед Аюукийн эзэмшилд өмнө этгээдэд Каспийн тэнгис, зүүн талаараа Ураал мөрөн, баруун болоод хойд талдаа Ижил мөрөн гэсэн өргөн уудам нутаг хамаарч байв. 

 

Москвитийн Орос загалмайн бус шашинтнуудыг хүндэтгэдэггүй юм гэхэд зохицоод амьдардаг байлаа. Дотоод хэрэгт нь ордоггүй. Угсаа гарвалын хувьд ч тэдэнтэйгээ их холилдсон байсан юм. Гэтэл Пётр хаан Оросын Эзэнт гүрэн байгуулж өөрийгөө царь биш Эзэн хаан гэж зарлав. Европыг шүтэж, Европоос суралцаж, Оросыг Европ болгох гэж оролдов. Ийнхүү ази хүмүүс, буддын болон лал шашинтныг зэрлэгүүд, бүдүүлгүүд, хоцрогдсон дагавар ард түмэн гэх үзлийг нийгэмд халдааж эхлэв. Москвитийн үед жирийн байсан зүйлсийг Оросын Эзэнт гүрэн зөвөөрөхгүй болов. Халимагуудын амьдрал энэ үеэс хүндэрч эхэлсэн юм.[v] Тэднийг шахаж, гадуурхаж, газар нутгийг нь булааж, үнэн алдартны шашинд орохыг уриалж, нүүдлийн амьдралаасаа татгалзан газар тариалан эрхлэхийг албадах болов. 1761 онд Аюукийн ач Убаши* төр барих үед Ижил мөрний сав газар украин, орос, герман хүмүүс үй олноор суурьшсан байв. II Екатерина хатан хаан халимагуудын эзэмшиж буй газар нутаг хэтэрхий том байна хэмээн газрын зураг харж байгаад тэднийг ус бэлчээр хомс элсэрхэг газар руу шахах шийдвэр гаргав.

Аюук хааныг үхсэний дараа түүний орыг залгах өрсөлдөөн өрнөх нь тэр. Хэрүүл үргэлжиллээ. Халимаг нь Оростой вассал харилцаатай болсон тул хааныг нь Санкт Петербург батламжлах болжээ. Аюукийн хүү Цэрэндондог* Халимагийн хаан болохыг оросууд зөвшөөрөв. Гэтэл Аюукийн ач хүү Дондог-Омбо* үүнийг яагаад ч зөвшөөрсөнгүй. Тэрээр оросуудтай муудалцахаас болгоомжлон Отман Түрэг рүү явж тэдний хүн болжээ. Удалгүй Орос, Түрэгийн хооронд зөрчил хурцдан дайны байдалд шилжихэд бэлэн боллоо. Халимагт Дондог-Омбын нэр нөлөө их байсан тул Кавказыг түрэгүүдэд алдахаас айсан Оросын эрх баригчид түүнийг хаан болохыг зөвшөөрөв. Дондог-Омбо 1735 онд нутагтаа эргэж ирээд Оросын Эзэн хаанд үнэнч зүтгэнэ гэж тангараг өргөн хаан ширээнд суув. Оросууд зэрэгцээд Цэрэндондог хааныг баривчлан Москвад хүргэлээ.

Дондог-Омбыг үхсний дараа Астраханы губернатор түүний хүүг биш, харин Аюукийн өөр нэг ач хүү Дондогдашийг* Халимагийн хаанаар зараллаа. Тэрээр хорин жил хаан ширээнд суусан. Харин Дондог-Омбын хүү уур шарандаа ч юмуу, эхийн хамтаар Халимагийг үүрд орхин Санкт Петербург явж үнэн алдартний шашинд оржээ.

Дондогдаш 1761 онд үхэхэд хаан ширээний төлөөх дараагийн том зодоон эхэллээ. Дондогдашийн хүү 17 настай Убашиг Астраханы губернатор шинэ хаанаар зарлангуут Дондог-Омбын өөр нэг ач Цэвэгдорж* хүлээн зөвшөөрөхгүйгээ зэрэгцэн зарлав. Ингээд халимагууд хоёр тал болон хэдэн жил үзэлцжээ. Халимагуудын ихэнх нь Убашигийн талд байсан боловч мятрашгүй Цэвэгдорж зарга хийхээр Санкт Петербург оржээ. Гэвч хатан хаан II Екатрина татгалзсан төдийгүй ерөөс Халимагийн хааны эрх мэдлийг багасгаж “Зарга” хэмээх зөвлөл байгуулах, тэнд нь халимагийн бүх овог отгийн төлөөлөгчдийг оролцуулах шийдвэр гаргав. Энэ нь хааны эрх мэдлийг хязгаарласан шийдвэр учир Убашид ч таалагдсанүй.

 

Энэ үетэй давхцан Манж-Чингийн Эзэн хаан Чинлүн Зүүнгарын хаант улсыг бут ниргэж байлаа. Хядлага явагдаж байсан. Тэндээс Цэрэн* тайж өөрийн 10 мянга орчим цэрэг болон барьцааны олзлогсодтой Орос руу зугтан гарчээ. Тэрээр манжийн цэргийн томоохон удирдагчдыг алсан хэрэгтэй тул араас нь Чинлүнгийн цэргүүд нэхэн, Буурын гэрээгээр Орос, Чин улс хоёр оргодол хэрэгтэнг солилцон буцааж өгөх ёстойг сануулсан боловч Цэрэн зүүнгарын харъяат байсан учир энд Буурын гэрээ хамаарахгүй гэж татгалзжээ. Харин торгуудуудын олзолсон цэргүүдийг Чин улсад хүлээлгэж өгсөн байна. Оросын түүх бичлэгт Цэрэнг “Шеаренг” гэж бичсэн байх ба Буурын харуулыг захирсан туслах Ваанжилжав гэгчийн бичигт “Шэрэн тайж” гэсэн байна.[vi]

 

Зүүнгарын хаант улс мөхсөн тухай мэдээ бүхий Цэрэн Халимагт VII далай лам Галсанжамцын* захидалтай ирсэн бололтой. Далай лам халимагуудыг уугуул нутагтаа эргэж ирэхийг уриалжээ. Харин Цэрэн болохоор халимагууд нутагтаа очиж Зүүнгарын хаант улсыг эргэж сэргээх санал тавих боллоо. Цэвэгдорж “Зарга” зөвлөлд сонгогдон Убаши хааны хамгийн дотно зөвлөх болов. Тэрээр “Орос түшмэд та нарыг доромжлон гутааж байна. Оросын төр та нарыг тариачин болгох гэж шахаж байна. Ижил, Яик* мөрний ай сав козакуудаар дүүрлээ. Хойд нутгаар германчууд битүү суурьшлаа. Удахгүй энд амьдрах аргагүй болно… Цаашдаа боол болох уу, Оросоос явж энэ зовлонгоос ангижрах уу? Далай лам биднийг хоёр жилийн дотор Зүүнгартаа нүүж очоорой гэж айлдсан, энэ хугацаа одоо өндөрлөж байна.”[vii]

Хэдэн талаасаа шахуулсан Убаши харьяатаа дагуулан долоон сар нүүхдээ Оросын харьяат хасаг, хиргис, башкир нартай замдаа тулалдан хэдэн түмэн хүнээ алдсаар долоон сарын дараа далан мянгуулаа Илийн газар хүрэлцэн ирсэн ажгуу. Убаши хааныг дагаж 33 мянган өрх Зүүнгар руу нүүсэн бол, Ижил мөрний нутагт 12 мянган өрх үлджээ. Зүүнгар нүүх их аян тун эрсдэлтэй, бүр гамшигтай өндөрлөсөн. Нийт 170 орчим мянган хүн нүүсэн ч замын бэрхшээл, нутгаараа өнгөрүүлэхгүй гэсэн хасагуудын довтолгоон, өлсгөлөн зэргээс болж 85-100 мянган хүн үрэгдсэн гэж ярьдаг.[viii] Халимагууд уугуул нутагтаа ирээд шууд Манж Чин улсыг дагасан. Убашигийн хаан цолыг Чин улс хүлээн зөвшөөрөв. Цэвэгдорж чин ван, Цэрэн тайж жүн ван гэх мэтээр нүүдлийг ахалсан ноёдууд хэргэмээр шагнуулсан. Торгуудууд өнөөгийн Монгол, Казакстан, Хятадын хил орчмоор нутаг заалган суурьшив. Убаши хаан 1774 онд Бээжинд нас баржээ.[ix]

Халимагууд яагаад зуу гаруй жил амьдарсан нутагтаа идээшилгүй уугуул нутаг руугаа эргэж нүүв гэдгийг Оросын яруу найрагч Александр Пушкин тодорхойлохдоo:

Халимагуудын дорой төрх, төв газраас хол суудгийг нь орос захирагчид далимдуулан доромжлон гутааж дээрэлхэх нь хэрээс хэтрэв. Энгийн даруу ардуудын гомдол бухимдал дээдсийн чихэнд хүрэхгүй учир тэсгэл алдсан тэд Оросоос дүрвэхээр шийджээ. Иймээс халимагууд Манжийн хаанынхантай нууцаар холбоо тогтоосон байна. Тэднийг бөөнөөр нүүн Яик мөрний билчирт ирэхэд оросууд мэдэж байсан таараа. Гучин мянган өрх гол гатлан киргизийн талаар нүүдэллэн уугуул нутгаа зорив.[x]

Уугуул нутагтаа ирсэн торгууд нар ба Ижил мөрөн хавьд үлдсэн халимаг нарын цаашдын хувь заяа үүрд салжээ. Убаши хаан тэргүүтэй дүрвэгчид нүүн одож байгааг Астрахань болон Санкт Петрбургийн ихэс, ялангуяа цэргийнхэн сайн мэдэж байсан, ажиглаад харж байсан, гэвч зогсоох сонирхолгүй байлаа. Астраханий губернатор Бекетов* Оренбургийн губернатор Райншдорп*, Астранханий комендант фон Розэнбэрг, Гуревийн комендант фон Фэгэзан зэрэг хариуцах цэргийн эрхтнүүдийн ихэнх нь Ижил мөрөн орчимд саяхан ирж суурьшсан германчууд байлаа. 1762 онд Оросын хаан ширээнд суун ганцаар захирагч болсон II Екатарина хатан хаан тэр жилдээ тунхаг гаргаж германчуудыг урин Ижил мөрөн хавьд газар олгожээ. Тэд хүн амын хувьд ч газар нутгийн хувьд ч асар хурдан тэлсэн юм. Иймээс халимагууд нүүн одож буй нь тэдэнд ашигтай байлаа.

1771 онд II Екатарина хатан хаан зарлиг гаргаж Халимагийн хаант улсыг татан буулгаж, хаан зэрэг ихэсийн цол хэргэмийг хүчингүй болгов. “Зарга” хэмээх зөвлөлийг ч 1784 онд тараалаа. Халимагийн нутагт герман, орос, татаар, украинчууд олноор ирж суурьшив. Цагтаа энэ бүс нутагт хүчирхэг явсан халимагууд Оросын Эзэнт улсын цэрэг армийн багашаархан хэсэг болов. Тэд Манычийн тал, Каспийн тэнгис орчмын Хар элс хавиар нүүдэллэн амьдардаг шоовдор цөөнх үндэстэн болон хувирлаа.[xi]

 

 

 

* Убаши, Дондогдашийн (1744 - 1774) Халимагийн сүүлчийн хаан (1761-1771)

 

* Цэрэндондог, Аюукийн (?-1737) Халимагийн хоёрдахь хаан (1724-1735)

 

* Дондог-Омбо, Гүнджавын (?-1741) Халимагийн гуравдахь хаан (1735-1741)

 

* Дондогдаш, Чагдаржавын (1690-1761) Халимагийн дөрөв дахь хаан (1741-1761)

 

* Цэвэгдорж, Галданноровын - Халимагийн тайши, Манж Чин улсын жүн ван.

 

* Цэрэн, Агацагийн – Зүүнгарын тайж, Амарсанаагийн бослогод оролцсон.

 

* Галсанжамц (1708-1757) VI Далай лам

 

* Яик мөрөн – Одоогийн Ураал мөрний хуучин нэр. 1775 онд халимагуудыг бөөнөөр нүүн одсоны дараа мөрний нэрийг сольжээ. Уг нь “яик” гэх нь “өргөн”, “ураал” гэх нь “арал” гэсэн утгатай, аль алин нь түрэг гаралтай үг.

 

* Бекетов, Николай (1729-1794) Астраханий губернатор, генерал (1763-1773)

 

* Райншдорп, Ёханн (1730-1782) Оренбургийн губернатор, генерал (1768-1782)

 

[i]“Вестнике № 12” Калмыцкого НИИ языка, литературы и истории. 1975

 

[ii]Очиров, А. В. Участие калмыков в войнах (первая треть XVIII - начало XIX в.).

 

[iii]Потто, В. А. История Новороссийского драгунского полка. 1803-1865. (СПб., 1866.)

 

[iv]Потто, В. А.Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях: в 5 томах. (2-е изд.) (СПб., 1887-1889)

 

[v]Трифонов, Евгений Халимагууд Орост.Зөвлөлт и Монгол далд түүх (НЭПКО паблишинг 2020) х-420 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-420]

 

[vi]Буурын зэргийн харуулыг захирсан туслагч / Ванжилжав, залан Ринчин нарын бичиг (Үндэсний төв архив, М-10, Д-2, хн-379, н.7)

 

[vii]Пальмов, Н. Н. Очерк истории калмыцкого народа за время его пребывания в пределах России (Элиста, Калмыцкое книжное издательство, 1992)

 

[viii]Очиров, У. Пеньковые недоуздки, на железные ошейники [nutug.ru/histori/uhod]

 

[ix]Митиров, А.Г. Ойраты-калмыки: века и поколения. ( Элиста: Калм. кн. изд-во, 1998).

 

[x]Пушкин, А.С. История Пугачёва, Капитанская дочка (Издательство Даръ2005) стр-26

 

[xi]Трифонов, Евгений Халимагууд Орост.Зөвлөлт и Монгол далд түүх (НЭПКО паблишинг 2020) х-425 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-425]