-ИРЭХ ЖИЛИЙН ТӨСӨВ АМЬДРАЛААС ТАСАРХАЙ БОЛЧИХЛОО, ЦАГ АЛДАЛГҮЙ ТОДОТГОХ ХЭРЭГТЭЙ-

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Ковидын халдварыг дотооддоо алдчихлаа. Цар тахлын үед эдийн засгаа сөхрөөчихгүйхэн шиг ажиллах төлөвлөгөө шийдэл анзаарагдав уу, өнгөрсөн хэд хоногт?

-Нэгэнт 210 гаруй улсад "Ковид-19" тархсан нь тодорхой байсан. ХӨСҮТ-ийн эмч, удирдлагууд, ЭМЯ-ны зүгээс “Халдвар ямар нэгэн байдлаар тарах нь тодорхой” гээд ярьсаар өнөөг хүрсэн. Ингээд харахаар Улсын онцгой комисст вирус дотоодод тархаж магадгүй гэсэн хувилбар байсан гэж бодохоос аргагүй. Гэтэл яг дотооддоо тархангуут тийм бэлтгэл байхгүй нь тодорхой харагдаж байна. Вирус тарчихгүй байх гэсэн найдвар дээр л ажил нь явж байж. Тусгаарлалтдаа эргэж хяналт тавиагүй нь “Энх саран” сувиллын кейсээс тодорхой харагдаж байна. Миний хувьд ийм онцгой нөхцөлд Засгийн газрыг бүхлээрээ ажиллаж байгаа гэж ойлгосон. Засгийн газар бүхэлдээ анхаарч байна гэдэг утгаараа УОК-т хүн хүч дутах учиргүй. Тухайн үед би УОК-т хандаж дэргэдээ эрдэмтдийн баг байгуулаач, шаардлагатай гэвэл хүн хүчээ нэмж ажиллаач гэж бичиж л байсан. Ийм ажил зохион байгуулъя гэвэл УОК-т хэн ч үгүй гэхгүй. УОК-ын удирдлага дор бүх ажил явж байгаа. Шуудхан хэлэхэд, УОК зохион байгуулалтынхаа хувьд ковидын нөхцөл байдалд гэсэн тусгай төлөвлөлт огт хийгээгүй байна л даа. 2000 оны эхэн үеийн УОК л ажиллаж байна.

-2000 оны эхэн үеийн УОК гэдэг нь…?

-Зуд, үер, түймрийн үед ажилладаг УОК л ажиллаад байна. Нэмэгдсэн зүйл гэвэл ЭМЯ л байна. Гэтэл ковидын нөхцөл байдалд дэлхий даяараа онцгой нөхцөлд ажиллаж байгаа. УОК цаг үедээ тааруулж чиг үүргээ өөрчлөх хэрэгтэй.

-УОК-ын хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэвэл та юуг онцлох вэ?

-Дэргэдээ эрдэмтэн судлаачдын зөвлөлтэй болох хэрэгтэй.

-Улсын онцгой комиссын үйл ажиллагаанаас урт хугацааны төлөвлөлт огт анзаарагдахгүй байгаа гэж үү?

-Өдөр тутмын ажилтайгаа л зууралдаад байна. Уг нь бүх ажил нь урт хугацааны төлөвлөлттэй байх ёстой. Халдвар орж ирвэл яах вэ, эрчимжвэл ямар арга шийдэл рүү орох вэ гэх мэт маш олон хувилбар гаргаад төлөвлөгөө гаргачихсан байх ёстой. Наад зах нь эдийн засаг дээр Сангийн яам, Монголбанк юу төлөвлөсөн нь тодорхойгүй байна шүү дээ.

-Сая халдвар тархсан хойно хуралдсан чуулганаар ирэх оны төсвийг баталсан. Өнөө л үрэлгэн зардлаа хэвээр баталчихлаа гэсэн шүүмжлэл хөвөрч байна…?

-Тодотголыг бодож байгаа гэсэн утгатай үг хэлсэн болоод батлуулчихлаа л даа, ирэх оны төсвийг. Тэр байтугай л хуулиа өөрчилдөг юм чинь төсөв батлах хугацаагаа хойшлуулаад төсвөө засаад баталж болох байсан. Ирэх жилийн төсөв 2020 оны төсвөөс ч худлаа, амьдралаас тасарсан төсөв болсон. Наад захын жишээ гэхэд л онцгой байдалд одоо байгаагаасаа хоёр, гурав дахин илүү мөнгө зарцуулах шаардлагатай нүүр тулчихлаа.

Гэтэл ийм онцлогтой үед Засгийн газар, Сангийн яамны оруулж ирсэн төсөв цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй байх үеийн мөрөөдлийн төсөв байх жишээний. Дор хаяж тахалд зарцуулах мөнгө огцом өснө. Гэтэл үүнд зориулсан мөнгийг төсөвт тусгасангүй. Ковид тархсан үед чуулганаар төсвөө хэлэлцсэн мөртлөө тодотголоо дараа нь хийнэ гэдэг нь маш хариуцлагагүй явдал. Ойрын гурав, дөрвөн сарын боломж ганцхан төсөв. Байгаа мөнгөө л зөв хуваарилах асуудал л бидэнд бий.

-Төсвийн орлого ирэх оны эхээр хичнээн хувийн тасалдалтай гарах бол?

-Ирэх оны нэгдүгээр улиралд дор хаяж 30-40 хувийн тасалдалтай гарах байх. Ирэх оны нэгдүгээр улиралд эдийн засаг тааруу байх нь угаасаа тодорхой. Жилийн жилд л тийм байдаг. Тодруулж хэлбэл, ирэх оны нэгдүгээр улиралд төсвийн орлого бүрдэхгүй. Засгийн газар жирийн үед гэхэд л дотооддоо бонд гаргаж байж төсвийн орлогоо бүрдүүлж үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн. Одоо зэс, нүүрснээсээ л мөнгө олж байна. Нүүрсээ хэр хэмжээгээр гаргаж, хичнээн мөнгө олох нь өнөөхөндөө тодорхойгүй байгаа. Гадаад эдийн засгийн нөхцөл ч огцом өөрчлөгдөж байна.

-Нүүрсний экспортод нөлөөлөх тодорхойгүй байдал гэдгээ тодруулаач?

-Хятадын бодлогоос хамаараад экспортын нүүрс ирэх оны гуравдугаар сар хүртэл жигдрэхгүй. Хятадын тухайд Австралитай хийж буй худалдааны маргаан, Америкийн Ерөнхийлөгчийн ирэх жилүүдэд барих бодлого гээд тодорхойгүй асуудал олон бий. Тэгэхээр дэлхийн эдийн засаг ковидоос хамаараад дор хаяж ирэх оны эхний зургаан сард лав наашлахгүй. Өндөр хөгжилтэй орнууд вакцинаа гаргаад иргэдээ вакцинжуулж эхэлсэн нөхцөлд л нааштай өөрчлөлт гарна.

Бодит байдал ийм байхад Сангийн сайд “Бид эрсдэлээ бүх талаар тооцсон” гэж ярьж болохгүй л дээ.Эрсдэл нь юу вэ гээд асуувал үзүүлэх юм байхгүй.Төсвийг ингэж хэлэлцэж болохгүй. Судалгаа шинжилгээ хий, төсвөө боловсруулахдаа эдийн засгийн орчноо судал гэх мэт заалтуудтай бүхэл бүтэн бүлэг заалт Төсвийн тухай бий.Эрсдэлийг тооцоогүйн төлөө, эрсдэлээс гарах хувилбар гаргаагүйн төлөө хэн хариуцлага хүлээх вэ гээд яривал асуудал их байна.Төсвөөс гадна ирэх жил төлөх өр төлбөрүүд гэж бий. Ийм хүнд нөхцөлд байж үлгэрийн зүйл яриад байна л даа.Яг үнэндээ тахлын ийм хэцүү цагт Монголын эдийн засгийг Эрдэнэт, Оюу толгой хоёр л аварч байна шүү дээ.

-Бусад улс орныг анзаарахад хатуу хөл хорио тогтоосон үедээ төр засгаас нь хувийн хэвшил, иргэддээ онцгой анхаарч ажиллаж байгаа. Засгийн газар энэ чигт хэр анхаарч байна вэ, хувийн хэвшил, иргэдээ дэмжих хөрөнгө мөнгөний боломж төсөвт бий юү?

-Тохиромжгүй цаг үед вирусийг дотооддоо алдаж таарлаа. Намар алдсан бол төсвийн тодотголоор төсөвтөө нэмэлт зардал тусгаад явах боломжтой байсан. Одоо он дуусч байна. Он дуустал 2020 оныхоо төсвийн байгаа бүхнээ дайчлаад шинэ онтой золгохоос өөр арга байхгүй.

Шаардлагатай гэж үзвэл энэ онд санхүүжүүлж, хөрөнгө оруулж амжаагүй барилгуудынхаа зардлыг цар тахалтай тэмцэхэд зарцуулах хэрэгтэй. Өөр эх үүсвэр байхгүй. Оны эхний арваннэгэн сарын мөнгийг аль хэдийнэ зарцуулаад дуусчихсан. Төсөвт арванхоёрдугаар сарын орлого л орж ирнэ. 45 хоногийн орлого төлөвлөсөн хэмжээнд орж ирэх нь үү, эсвэл төлөвлөснөөс бага хэмжээгээр орж ирэх нь үү гэдэг нь тодорхойгүй байна. Энэ орлогыг төрийн байгууллагуудын онцгой байдлын үеийн зардал, тэтгэвэр тэтгэмжид л зарцуулахаас өөр арга шийдэл харагдахгүй байна.

-Төсвийн элдэв хөрөнгө оруулалтыг шууд зогсоохоос өөр арга байхгүй гэсэн үг үү?

-Яг тийм. Төсвийн хөрөнгө оруулалтаа зогсоож болохгүй, соёлын төвүүдээ барина гэхгүй байлгүй дээ. 2021 оны төсвийн тодотголыг хүлээвэл дахиад хэдэн сар алдах эрсдэл бий. Төсвийн хөрөнгө оруулалтаас 500 тэрбумыг ч юм уу нэг их наядыг хасах боломж бий. Энэ хэмжээний зардлыг танаад онцгой байдлын арга хэмжээнд юм уу Засгийн газрын нөөц хөрөнгөнд төсөвлөх боломж байсан. Засгийн газар энэ эрхээ сая эдлэх ёстой байсан ч тэгсэнгүй л дээ.Маш чухал боломжоо алдчихлаа. Тодотгол хүлээтэл дахиад дөрвөн сар лав алдах байх.

-Засгийн газар сая зээлийн төлбөрийг царцаах, түрээсийн төлбөрт анхаарах гэх мэт шийдлүүд гаргалаа. Энэ шийдэл нь эргээд банкны системд сөргөөр нөлөөлж, цаашлуулж яривал инфляци өсөх, төгрөгийн ханш сулрах гэх мэтээр иргэдийн нуруун дээр ачаа болж ирэх эрсдэлтэй гэж шүүмжлэх хүмүүс байна.

-Хаа хаанаа эх үүсвэргүй болчихсон. Монголбанкийг алдагдал хүлээ гэж байна л даа. Зээлийн төлбөрийг царцаая гэвэл үүсэх алдагдлыг иргэд, аж ахуйн нэгж хүлээхгүй. Иргэд, аж ахуйн нэгж хүлээхгүй байлаа гэхэд өөр хэн нэгэн хүлээж таарна аа даа. Улсын төсөвт, Засгийн газарт энэ алдагдлыг даах мөнгө байхгүй. Тэгэхээр төв банк алдагдал хүлээхээс өөр сонголтгүй.

-Төв банк алдагдал хүлээснээр үүсэх эрсдэл нь юу вэ?

-Нэг удаадаа бага хэмжээгээр бол болох байх. Гэхдээ цар тахлын эрсдэл богино хугацааных биш болох гээд байна л даа. Ирэх жилийн тав, зургадугаар сар хүртэл сунжрах нь тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл, 2021 оны зун хүртэл хүндрэлтэй байдал үргэлжлэхээр байна. Үүүнээс гадна төв банкинд гадаад өр ихтэй гэсэн том эрсдэл бий.

-Төв банкинд ийм ачаа үүрүүлбэл наад зах нь төгрөгийн ханш огцом сулрах байх…?

-Наад захын сөрөг нөлөө нь төгрөгийн ханш сулрах эрсдэл. Дараа дараагийн үр дагавруудыг нь ярих ч юм биш.

-Дэлхийн банкинд вакцин дээр туслаач гээд мөнгө хүслээ...?

-Тэглээ. Өндөр хөгжилтэй орнууд өнөө жилдээ буурай хөгжилтэй орнуудын зээлийн өр төлбөрийг хойшлуулах санаачилга гаргаад явж байгаа. Манайх түүхий эдийн экспортоос хамааралтай жижиг эдийн засаг гэсэн шалтгаанаа хэлээд тусламж хүсэхээс өөр арга байхгүй. Дахиад хэлэхэд бидэнд оны эхний зургаан сард бизнесийг дэмжих боломж огт гарахгүй. Улс орнууд иргэдээ вакцинжуулаад халдварын тархалт эрсдэл буурлаа гэсэн нааштай мэдээллийн дараа л гадаад худалдаа нэмэгдүүлэх, эрчимжүүлэх, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэх мэт боломжууд нээгдэнэ.

-Он гараад урд хөрш нүүрсний импортоо нэмэгдүүлэх боломж үнэхээр байхгүй юу?

-Яг одоогийн нөхцөл байдлыг харвал тэгж найдах боломж алга. Хятадын хоёр их хурал ирэх оны гуравдугаар сард болно. Тэр болтол Хятадын гадаад худалдаа дорвитой нэмэгдэхгүй. Их хурлынхаа шийдвэрийг харж байж урд хөршийн яамд квотоо тогтооно. Тэгэхээр нүүрсний экспорт нэмэгдэх боломж ирэх оны дөрөвдүгээр сараас л эхэлнэ.

-“Ковид-19”-ийн гурав дахь давлагаа үүсэх эрсдэл бий гэх юм. Энэ тал дээр гадныхан ямархуу таамагтай байгаа бол?

-Саяхан Японы мэдээлэл дээр Японд халдварын гурав дахь тархалт үүсч болзошгүй гэж байна. Одоогийн байдлаар дэлхийд “Ковид 19”-ын хоёр дахь давлагаа явж байгаа. АНУ, Европын улсууд хоёр дахь давлагаа эхэлчихсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 1918 онд дэгдсэн испани томуу гурван үе шаттай байсан.Ковидын эрчтэй тархаж байгаа байдлыг харахаар испани томуу шиг дүр зураг анзаарагдах болсон. Испани томуу хоёр жилийн хугацаанд гурван давлагаатайгаар өрнөсөн түүхтэй. Тэр утгаараа гурав дахь давлагаа бий гэсэн таамгийг хэлэх хүн олон байна л даа. Тэр бүү хэл дөрөв дэх давлагаа ч ирж магадгүй гэсэн таамаглал бий. Дэлхий 1918 онд 1.8 тэрбум хүнтэй байсан. Тэр үед өндөр хөгжсөн нисэх онгоц, хурдан галт тэрэг байгаагүй. Далайгаар удаан аялдаг, хүмүүс хоорондын харилцаа бага байсан. Гэтэл өнөөгийн дэлхий өөрчлөгдсөн.Маш өндөр нягтралтай хот суурингууд хөгжчихсөн. Энэ утгаараа гурав бүү хэл дөрөв дэх давлагаа дэгдэх магадлал тун өндөр гэдгийг үгүйсгэх аргагүй.

-Гурав дахь давлагаа хэзээ хүчээ авах бол?

-Оросын эрдэмтэд ирэх хавар хамгийн хүнд үе нь гэж байна. Тархалтын хэмжээ нь өргөжихөөс гадна вирус тодорхой хэмжээгээр мутацид орж байна. Тэгэхээр гурав дахь давлагаанаас сэргийлэх хоёр л арга бий. Эхнийх нь вакцин, хоёр дахь нь бүрэн тусгаарлалт. Засгийн газар, онцгойгийнхон дунд хугацааны төлөвлөлт хэрэгтэй гээд байгаа нь цаанаа ийм учиртай.