Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн холбогдох албаныхны хамт мэдээлэл хийж байна. 

Хатуу хөл хорио тогтоох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өмнө нь 23900 тээврийн хэрэгсэлд QR олгосон ба тэдгээр иргэний QR код автоматаар идэвхжинэ. Гэхдээ загвар өөрчлөгдөн хуучин загвар нь хүчингүй болсон учир дахин хэвлээд авч явахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.

Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн автобус, таксиг үйлчилгээнд явуулна. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд нэг автобусанд 12-15 хүн суулгах зохицуулалт хийнэ. 

Мөн Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд такси үйлчилгээний 800 гаруй автомашинд QR код олгоно. Такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн, одоо эрүүл мэндийн дэглэм мөрдүүлээд 12-р сарын 23-наас эхлэн 800 такси, 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явна. 

Нийтийн тээврээр зорчиход иргэд картаа цэнэглүүлэх хэрэг гарна. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй бөгөөд энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй хэмээн мэдээллээ.