Арван зургаа орчим настай болов уу гэмээр охин интернэт кафед нэг зүйлийг их л шимтэн үзэж байна. Чихэвч зүүчихсэн тэрээр амандаа “Ороорой, заавал орно шүү, ашгүй дээ, ямар мундаг юм бэ” гэж тасралтгүй үглэх юм. Хажуунаас нь босохдоо компьютерийнх нь дэлгэц рүү санаандгүй хартал  хүүхэлдэйн кино үзэж байлаа.

 

Тодруулбал, том нүдтэй, жижигхэн амтай царайлаг хөвгүүд хоорондоо сагсан бөмбөгөөр өрсөлдөж байгааг харуулсан анимэ гэж нэрлэдэг Японы хүүхэлдэйн кино үзэж байна. Хэн нэгэн зохиолыг нь бичээд зураад бүх үйл явдлыг нь төлөвлөчихсөн зүйлийг тэр охин чин сэтгэлээсээ шимтэн үзэж, гоол орох бүрт нь “Yes” гэж амандаа аяархан хэрнээ, сэтгэлдээ тун чангаар хашгирч байгаа нь мэдрэгдэж байв.

Япончуудын бизнесийн маш том салбар болсон анимэ кино, манга зурган цувралууд өнөөдөр дэлхий даяар хэдийнэ хүчээ авсан. 1907 онд гарсан “Кацудо Шашин” буюу “Хөдөлгөөнт Зураг” гэдэг нэртэй дөрвөн секунд үргэлжилдэг анхны анимэ өнөөдөр маш их мөнгөний уурхай болсныг судлаачид тэмдэглэж байна. Японд өдөр бүр манга цуврал шинээр гарах ба гарахгүй ганц л хоноход шүтэн бишрэгчид нь амиа хорлохдоо тулдаг байна. 2011 онд Японд байгалийн гамшиг Цунами тохиолдож, манга зохиогчид хэсэг хугацаанд гаргахгүй гэдгийг мэдэгджээ. Гэтэл энэ хугацаанд мангагүйгээр амьдралаа төсөөлөхөө байсан залуусын амиа хорлолт эрс нэмэгдсэнийг судлаачид зарласан байдаг. Манга зурган цувралыг хүүхэлдэйн кино болгохыг анимэ гэж нэрлэх ба анимэчид хүүхэлдэйн кино гэж нэрлүүлэхэд их дургүй байдаг. Учир нь анимэ бол хязгааргүй төсөөллийн орон зай, адал явдал, түүх, домог гээд маш олон төрөлтэйгээс гадна нас насныханд зориулсан олон янз байдаг. Шүтэн бишрэгчид нь түүнийг урлаг хэмээн хүлээн зөвшөөрч, түүнгүйгээр амьдралаа төсөөлөхгүй болтлоо донтдог болжээ.  Харин өдгөө дэлхий нийтэд анимэ, манганаас татгалзах хөдөлгөөнүүд олноороо бий болсон. Учир нь тэд анимэ нь өсвөр үеийнхэн, залуучуудад хар тамхинаас илүү нөлөөлж байгааг ойлгож эхлээд байна.

 

ТЭГВЭЛ МАНАЙД ЯМАР БАЙНА ВЭ?

 

Япончууд анимэг өсвөр үеийнхэнд, залуучуудад зориулж хийдэг болсон нь анимэ бол хүүхэд үздэг урлаг биш гэж хэлэхэд хүргэжээ. Гэвч анимэ бол ердөө л япон стилийн хүүхэлдэйн кино гэдэг нь туйлын үнэн юм.

Монголд анимэ сонирхогч хүүхэд, залуус маш олон байна. Ердөө фэйсбүүкт анимэ гэж хайхад л сонирхогчдын нэгдэл болох группууд олноороо гарч ирнэ. Тэдгээр группт хамгийн доод тал нь 10 мянга, дээд тал 30 мянга хүртэл гишүүнтэй. Тэнд шинээр гарсан анимэ, киноныхоо баатруудын талаар санал, линк солилцоцгоодог. Монсаб буюу монгол хадмал орчуулгатайгаар анимэ цувралуудыг нийлүүлдэг сайтууд ч манайд олон бий. Анимэ киноны онцлог нь сонирхол татахуйц үйл явдалтайгаас гадна олон ангит цувралаар хийдэг тул залуус бүгдийг нь татаж авч, нэг дор үзэж дуусгаж байж л санаа амардаг байна. “Манай хүүхэд япон хүүхэлдэйн кинонд их дуртай. Хааяа шөнөжингөө өнөөхөө үзээд суучихна. Хэлээд дийлэхгүй. Хичээл номондоо ч хойргоших боллоо” гэж нэг танил минь ярьж байсан юм. Тэд анимэ киноныхоо баатруудад үнэн голоосоо дурлах ба яг л бодит юм шиг итгэл үнэмшилтэйгээр ханддаг. Фэйсбүүк группд ч баатруудаа магтсан, муулсан, үнэн сэтгэлээсээ өмөөрсөн постууд маш олон. Анимэ бол маш олон төрөл байдаг гэж дээр хэлсэн билээ. Тухайлбал, хөвгүүдэд зориулсныг шоонэн, багачуудынхыг кодомо, робот гардгийг нь мэка, завхайг нь хэнтай, шалигийг нь эччи, хөвгүүдийн хайрыг харуулсныг нь шоонэн ай гэх мэтээр ангилдаг. Хамгийн эмгэнэлтэй нь ямар ч төрөл бай Анимэ стилийн кинонд ихэвчлэн тулаан, хүчирхийлэл, байж боломгүй хайр дурлал, элдэв сонин адал явдал гардаг. Хэдийгээр манай залуучууд анимэгийнхээ гол дүр шиг хувцаслаж гудамжаар алхаж эхлээгүй ч, улам л зожиг, их зантай, дээрэнгүй, хийсвэр сэтгэлгээтэй болж байгааг сэтгэл судлаачид дуулгадаг. Олон нийтийн сүлжээнд байгаа хуурамч зурагтай, худал нэр тавьсан пройфайлуудыг харахад ч яалт ч үгүй тийм сэтгэгдэл төрж байна.

 

ЗАЛУУС ХИЙСВЭР ЕРТӨНЦӨД АМЬДАРЧ БАЙНА

 

Японд анимэг үзүүлэхдээ насны ангиллыг заавал заадаг. Жишээ нь манайхны үзэх хамгийн дуртай Наруто Шиппүдэнийг л гэхэд 13-аас доош насны хүүхэд үзэхийг хориглодог байна. Наруто нь нөхөрлөл, мөрөөдлийн үнэ цэнэ, эр хүн хэлсэндээ хүрдэг зэрэг олон сайн чанарыг хүүхдүүдэд суулгаж өгдөг гэж зохиогчид нь магтдаг боловч үнэн хэрэгтээ тус хүүхэлдэйн кинонд өнөөх л гаж үйлдлүүд байнга гарна. Нарутог дэлхий нийтэд шүтэн бишрэгчид маш олон болсон учраас төгсгөхгүйгээр олон цувралуудыг ар араас нь гаргаж байна. Мэдээж ашиг нь түүнийг дагаад ихэсч байгаа. Манай дунд сургуулийн хүүхдүүд “даттэбаёо” гэсэн үгийг өөр хоорондоо их ашигладаг болжээ. Энэ нь өнөөх Нарутогийн байнга хэлдэг “Хэлээд байхад чинь дээ” гэсэн утгатай үг юм байна.

Анимэг муулсан пост дээрх групуудэд орох л юм бол гишүүд нь барьж идэх шахна. Учир нь анимэ үздэг хүмүүс түүнийгээ муулуулах тун дургүй. Анимэ бол урлаг, анимэг хийхэд маш их хөдөлмөр ордог, анимэ сайн сайхан чанарыг залуучуудад үзүүлдэг, анимэ үзсэн хүүхэд уран сэтгэмжтэй болдог гэх мэтээр магтан дуулна.

Гэтэл үнэндээ та бид зүгээр л бодоод үзэхэд япон стилийн том нүдтэй, жижигхэн амтай, сэтгэл хөдлөлөө аймшигтай чанга дуугаар илэрхийлдэг хүүхэлдэйн киноны баатрууд монгол хүүхдүүдэд сайн сайхан үлгэр дууриал үзүүлэх нь юу л бол. Тэд зөвхөн компьютертэй харьцаж, хийсвэр ертөнцөд амьдарч байна.  Бага зэрэг нас явсан нь солонгос кинонд шимтэж, залуус нь япон хүүхэлдэйн кино шүтсээр. Холбогдох газраас сайтуудад нь хяналт тавьж, кабелийн сувгууд ёс суртахуунтай байж солонгос кино, анимэ хүүхэлдэй хоёроос татгалзаж эхлээсэй билээ.  Энэ соёл эцэстээ юунд хүргэх бол.