Өнөөдөр цахимаар хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус  I хуралдаанаар Орхон аймгийн 2020 оны төсөвт зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэж 372 сая төгрөгийг Орхон аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд зарцуулахаар баталлаа.

Уг хөрөнгийг цар тахлын дэгдэлтийн үед бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчдын халдвар хамгааллын хувцас хэрэглэл, бэлэн байдлын нөөц бүрдүүлэхэд зарцуулах ажээ. Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, эмч, ажилтнуудын цалин хөлс,  ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сахиулахад 36 сая төгрөг, БОЭТ-ийн Ковид-19 вирусний өвчин үүсгэгчийг илрүүлэх, шинжилгээ авах вируслогийн лабораторийг шилжүүлэх, засварлахад 16 сая  төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Хуралдааны үеэр хүнсний хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, иргэдийн идэш хоол зөөвөрлөх асуудлыг шийдвэрлэх, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай иргэдийн тооцоо, судалгааг гарган ажиллаж байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. 

         Уг 372 сая төгрөгийг Орхон аймгийн орон нутгийн төсвөөс зарцуулагдаагүй үлдсэн төсөл хөтөлбөрийн зардлыг бууруулан тооцож ийнхүү Онцгой комиссын үйл ажиллагаанд зарцуулахаар болж байгаа юм.