Сүүлийн үед Ардчилсан нам хоёр дарга хоёр тамгатай болсон гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар АН-ын хуульч Т.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-Танай намын дарга байсан С.Эрдэнэ сүүлийн үед өөрийгөө АН-ын дарга хэвээрээ байгаа гэж ярих боллоо. Үүнд тайлбар өгөөч?

-АН үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ бичгээр хүсэлт гаргасны дагуу ҮБХ шийдвэр гаргаж чөлөөлсөн. Үүнээс хойш Орон нутгийн сонгууль, ҮБХ-ны хурал, Намын их хурал хуралдаж олон үйл явдал болж өнгөрөхөд намын өнөөгийн удирдлага буюу намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан төлөөллөө хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл дарга байсан С.Эрдэнэ гэнэт гарч ирж өөрийгөө намын дарга гэж нэрлэж байгаа нь хууль бус юм.

 

-Та бүхэн тэгээд яагаад тайлбар хийгүй байгаа юм бэ?

-Урьд нь намын даргаар ажиллаж байсан хүний хувьд намын өнөөгийн удирдлагууд хүлээцтэй хандаж ирсэн гэж ойлгодог. Гэтэл намыг хууль бусаар илт хагалан бутаргах оролдлого хийж байгаа тул С.Эрдэнийн хууль бус үйлдлийг шалгуулж, эрүүгийн хариуцлага оногдуулахаар Цагдаагийн байгууллагад өгсөн.

Хоёр тамганы тухайд АН үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад тамгатай холбоотой асуудал дээр хууль бус шийдвэр гаргасан этгээдүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн. Гэхдээ дээд шатанд нь гомдол гаргасан, Улсын бүртгэлийн байгууллага үүнийг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа.

 

-Тэгэхээр С.Эрдэнэ танай намын дарга биш гэж ойлгож болох уу?

-Улс төрийн намын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулиар намын дарга дүрэмтэй холбоотой асуудлыг улсын дээд шүүх хариуцдаг. Та Улсын дээд шүүхийн вэб сайт руу ороод үзвэл намын даргын үүрэг гүйцэтгэгч нь Ц.Туваан байгаа. Гэхдээ хууль зүйн хувьд ямар ч маргаан байхгүй.