Сүүлийн жилүүдэд цахим орчинд олон талын эх сурвалжтай мэдээлэл ихээр цацагдах болсон бөгөөд эдгээр мэдээлэлд хэрхэн шүүлтүүртэй хандан үнэн зөв мэдээллийг олж авах вэ гэсэн сэдвээр Япон улсад ажиллаж буй Х.Арвисийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.

“CNN” мэдээллийн вэбсайтад дараах нийтлэл тавигджээ. Нийтлэлийн санаа нь тодорхой. Цагаануудын (Трампын дэмжигчид) хийсэн үйл лайг, “харууд” цэвэрлэж байна. Цаашлаад, нийтлэлийн агуулгаа хүний эрхийн тэгш байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хар арьстнуудын эрхийг хамгаалах, ардчилалын үнэт зүйл гэх мэт асуудлууд руу хандуулж, Трампын үйл хэргийг шүүмжилжээ.

Тухайн нийтлэлийн зураг, агуулга, АНУ-ын нийгэмд үүсээд буй өнөөгийн төлөв байдал(арьс өнгөний ялгаварлал), нийтэлж буй мэдээллийн хэрэгсэл(CNN) зэргээс хамаараад уншиж буй хэнбугай ч нийтлэлийн агуулгатай санал зөрөхгүй. Нийтлэлийн хувьд зураг болон оновчтой гарчиг өгснөөр уншигчийг татаж чаджээ. Гэвч, зураг болон бичлэгийг (эх сурвалж болсон дүрс бичлэг) нягталж, нийтлэлийн агуулгыг эргэцүүлээд үзье.

Тухайн нийтлэл нь цахим орчинд тархсан дүрс бичлэгээс үүдэн бичигджээ. Улмаар дүрс бичлэгээс дээрх зургийг татан авч, нийтлэлдээ жишээ татан ашигласан байна. Дүрс бичлэгийн эх хувийг олж үзвэл, бичлэгт хоёроос гурван хар арьстан, мөн нэг цагаан арьстан цэвэрлэгээ хийж байгаа нь гарна. Харин нийтлэлийн зурганд зөвхөн хар арьстан ажилчдын хэсгийг татан оруулжээ.

Эдгээр дөрвөн хүнээр ордныг тэр чигээр нь цэвэрлүүлээгүй байх. Дор хаяж 20-30 цэвэрлэгээний ажилтан байх нь тодорхой. Хэрэв бодит байдал дээр, зураг болон дүрс бичлэгт орсон гурван хар арьстнаас бусад нь цагаан арьстан бол яах вэ? Эсвэл Латин Америк, Азиуд ч дийлэнх нь байж болно. Хэн ч хараагүй хэрнээ нийтлэлийн агуулгад бүрэн санал нийлж байгаа нь мэдээлэлд автасны нэг нотолгоо. Эсэргээрээ цэвэрлэгээний ажилтан цагаан байсан бол ийнхүү нийтлэл болж чадах байсан болов уу?

Дээрх жишээг татсан нь мэдээллийн үнэн, худлыг шүүх гэсэнгүй. Хэн бүхэн "олон нийтийн мэдээллийн хэрэгсэл" болох боломжтой болсон өнөө үед, ямарваа мэдээлэлд шууд автхаасаа өмнө, тухайн мэдээллийг шинжлэх, эргэцүүлэх, цаад агуулгыг ухаж ойлгох, мэдээлэл гэдэг тухайн сэтгүүлч, нийтлэлч, бичиж буй хүний харах өнцгөөс хамааран хэрхэн өөрчлөгдөх боломжтойг ядруу жишээ дор чадан ядан тайлбарлах гэж үзэв.

#MediaLiteracy #МэдээллийнБоловсрол #DigitalLiteracy