Сэвэлт

Хүкийн династи

Нүүдэлчид Хятадын династиудын мөнхийн дайсан байв. ”Умраас хулгана ирэвч ай, өмнөөс барс ирэвч бүү ай” гэдэг сургамж бий. Нүүдэлчидтэй дайтах гэж тамаа цайж ирсэн. Үе үе том арми хөдөлгөнө. Хоол, хүнсний нөөц, зэвсэглэж хуяглах, сургах,усан хангамж, тагнуулын анги, удирдлагын нэгдсэн систем, хөдөлгөөнт халхавч бэлтгэх гэж их зардал орно. Арми нь нүсэр. 

Хагас буман цэрэг л санхүүжүүлж дөнгөнө. Тэгээд дайнд мордоно. Харин нүүдэлчид тэдэнтэй тулахгүй. Займчуулан зугтаж, усгүй цөл газар, хүйтэн эсбөгөөс байгалийн саад руу шахна, чирнэ. Ар тал хүнсийг таслана. Аму будааг булаана. Тэр армийг нэг их айдас төрүүлэхүйц эд биш, харин олз гэж харна. Тиймээс тулаангүй нэг ч өдөр байхгүй. Нүсэр арми амихандаа дайтаад байгаа мэт авч дайталгүй “тойрон аялал” хийгээд сүйрнэ. Өөрөө өөртэйгөө байлдана, өөрөөр хэлбэл армийн аян дайныг зохицуулах нь дайтахаасаа эс юм болдог. Нэг л сегментэд алдаа гарвал сүйрнэ.

 

Хүнс тасалдвал, усгүй болбол, сумны нөөц дуусвал, алсын аянд хүнд хуяг цөөрвөл, морь тэжээлгүй болбол, төөрвөл, бослого гарвал, цэргийн сэтгэл санаа алдагдвал, ядарвал, цасан шуурганд дайрагдвал, хүйтэн бороо зад баривал, шавар усанд хангамжийн тэрэг саатвал, хэрэм хамгаалалтгүй газар удвал… Газар орон, бороо, цас, байгалийн бэрхшээл бүхэн дайсан нь болно. 

Харин нүүдэлчдийн хөнгөн морин цэрэг нягт уялдсан дарамт учруулна. Ингээд Хятадын арми хад чулуунд баахан бичиг бичээд сүйрээд ухарна, ухрах нь давшихаас хүнд. Байнгын довтолгоон дор бараг хүн харихгүй. Үр дүнгүй ийм дайнууд Хятадын династиудыг санхүүгийн хямралд оруулж, ялагдлын гутамшиг нааж, ордны нэр хүндийг унагаж байв. Магадгүй навсайж сульдсан армийг гэзэг дараад нүүдэлчдийн цэрэг ороод ирнэ. Буман цэргийг 10 дахин бага хүчээр тогтооно. Жанждыг олзолж, урвуулж авна, олзлогдогчдыг буцааж худалдана. Арми тэр чигээрээ үнэт олз. Дайталгүй ялах хамгийн суут ялалт гэж Сүнз хэлсэн нь өөрсдийнх нь авсан сургамж байхгүй юу…

Тиймээс нүүдэлчдийг хахуульдах, хагалан бутаргах, нэгийг нөгөөгийн эсрэг турхирах буюу “бүдүүлгийг бүдүүлгээр барих” бодлого л тунаж үлдсэн юм. 

Өнгөрсөн сонгууль яг ийм замаар өрнөсөн. МАН өөрийн дэмжигч 25 хувийг бүхэл бариад, АН-ын дэмжигчид ба задгайг сарниулахын тулд үй олон нэр дэвшигчийг санхүүжүүлж санал хуваасан юм. Манай улстөрийн систем улаан, хөх хоёр хүчнээс тогтоно. МАН бүхэл, АН-ын фронт 30 хуваагдсан, нэг нэр дэвшигчид хэр хэмжээнд нь тохируулж 50-100 саяыг өгөөд оруулахад үр дүн энэ. Уриа нь “Хүчээ нэгтгэе”, дотооддоо зориулсан уриа, нэг их сүрхий биш авч томъёолол нь зөв. Бид хүчээ нэгтгэвэл тэд бутраад ялагдана.

Ингээд 62 суудал авлаа. Үр дүнд нь У.Хүрэлсүхийн нүсэр династи бий болов. Орон нутгийн сонгуулиар энэ алдааг олж хараад бусад хүчнүүдийг яаж ийгээд нэгтгэж орсон тулдаа нийслэлд амжилтгүй ч орон нутгийн суудлын бараг тэн хагасыг “хөх” тал авчээ. Хариуд нь МАН ахиад л АН-ын холбоотнуудыг худалдан авч засаглахаар зүтгэв. 

 

Хэдий МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч тэнгэр нь хээр хаясан юм болж, ковидын хямралд нэрвэгдэв. Уг нь дэлхий дахин ковидын улмаас сүйдсэн эдийн засгаа босгох гэж зүтгэж байгаатай холбоотой зэсийн үнэ өсөж, Австрали-Хятадын зөрчилдөөнөөс манай нүүрсний борлуулалтад таатай нөхцөл үүсэж байгаа ч үүнийг ашиглах ухаан хүрсэнгүй. 

 

Өрх бүрт сая төгрөг өгөөд дотоод зах зээлээ дэмжээд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ татаад явчих байтал заавал “АН-ын Ерөнхийлөгчийн” оновчтой саналыг унагах гэж мугуйд шийдвэр гаргаснаар цахилгаан эрчим хүчний системээ нядлаж байна. Зарцуулалт нь өрх бүрт сая төгрөг өгснөөс ч илүү гарах ба цаашид гарах урхагийг засахад ахиад энэ хэмжээний мөнгө зарна. Хувийн хэвшлээс булааж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад зах зээлийн таатай орчноос олсон ашгаар трансформатор буудуулаад дуусгав. Одоо байдал аюултай болсон тул “Оюу толгой”-гоос булаах аян дайнд мордлоо. Төсөөтэй юмс төсөөтэй юмсаа төрүүлдэг, зэсийн араас орсон бол зэсээ л дагана. Харин энэ нь хэр амжилт олохыг таашгүй… “Рио Тинто” эзэлж авсан “Эльдорадо”-гаа дээрэмдүүлэх болов уу? Гол нь амжих болов уу?

Утга учиргүй хөл хорио иргэдийг залхааж, жижиг дунд бизнес эрхлэгчид МАН-ыг үзэн ядаж эхлэв. Нийгмийн хамгийн нөлөө бүхий давхарга. Ийнхүү МАН АН-ыг ялсан ч ковидод бутниргүүллээ…

 

Үндсэн хуулийн хямрал

 

Засгийн газрын унхиагүй байдал МАН-ын дотоод зөрчлийг хурцатгав. Өнгөрсөн сонгуульд нэр дэвшигчид чухам ямар зорилготой орсныг мэдэхгүй. Сонгогдсон гишүүд өөрсдийг нь нохой ч тоохгүй суудалд залсныг одоо мэдэж, мэдээд мэдрэлтэж эхэллээ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэд ийм болсон юм. Ядаж гадаадад зугаалж чадахгүй, эдийн засаг хямарсан тул сангууд хоосон, томилгоонд оролцоё гэвч бүх эрх мэдэл тэдний гараас алдуурч одсон тул “салаавч” л оногдоно. 

Ерөнхий сайдад хэт их эрх мэдэл өгснөөс нам нь, чухамдаа намын дарга-Ерөнхий сайд өөрөө мэдэж Засгийн газраа байгуулдаг болчихсон юм. Парламент бол нам-даргын шийдвэрийг л кнопдох үүрэгтэй. Зөрж хуцвал хэн ч биш, дээр нь хэн ч биш болгоно.

Харин намд нь хамтын удирдлагын тогтолцоо устсан. Фракцуудын тэнцвэр хангах нь Ерөнхий сайдын толгойн өвчин байсан бол энэ удаад тэдэнд бас л “салаавч” оногдов. Хүк хаан болсон тул баруун, солгойгүй салаавчаар адислаж байна. Тэгээд яах юм, та нар! Үндсэн хуулиа унш! Парламент ч, нам ч нохойн баас шүү! Би ялалт авчирсан, би узурпатор, дуче, фюрэр, хурандаа… муусайн авилгачдыг шоронд шаана шүү! Тэнэгүүд нь дуугүй бай!

Би энэ өөрчлөлтийг батлагдангуут нь бичсэн, тийм ээ? Энэ нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч биш канцлер нь дарангуйлагч болдог Ваймерийн БНУ-ын “Үндсэн хууль”-тай болчихлоо шүү гэж. Ингэх гээд байсан байхгүй юу… Хүний өөрийнгүй харцгаа! 

Сая цахилгааны үнэ тэглэх шийдвэрийг маш нууцаар гэнэт гаргаж цочоосон. Нөгөө цагаан мах нь эргэдэг нөхөдтэйгээ (би гүтгээгүй шүү, өөрөө тэгж бичсэн) ярьж байгаад улстөрийн шийдвэр гаргаж. Ямар ч судалгаагүй. Өмнө нь ЗГ шийдвэр гаргахын өмнө яаманд боловсруулж, ЗГ хуралдаанаар хэлэлцээд, парламентад өргөн барьж, дэмжлэг авбал хэрэгжүүлдэг байсан. Парламент нь тэнэг мангар юм их ярьдаг ч бас олон талаас хэлэлцэх явцад болох болохгүй нь тодордог байсан, яахав муу нь өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргадаг л даа. Тэрэн дотор бас эрчим хүчний салбарт ажиллаж байсан, ажилладаггүй юм гэхэд тендерийн мөнгө хусахдаа (угаасаа хамгийн том тендер мөнгө энэ салбарт байдаг) сонссон дуулснаа царцаа Намжил шиг яриад тодроод байх амьтан мундахгүй!

 

Гэтэл эсрэгээрээ шийдвэрээ зарлачихаад маргааш нь бүлэгтээ ёс төдий танилцуулахаар очиж. Нэгэнт гарчихсан шийдвэр юм чинь парламентынханд ялангуяа боловсролгүй хүүхнүүдэд нь “түүхэн шийдвэр, ухаантай хурандаа” гэж уралдан долоохоос өөр юу ч үлдсэнгүй. Тэгээд эрхбиш хэлэлцсэнд урд шөнөжин галын наадам үзсэн гишүүд болох болохгүйг хэлж. Түүний дараа л “Одоо ажлын хэсэг гаргаад яахаа шийдье, энэ хуучин сайд майд байсан нөхдөөс сайн асуугаарай!” гэчихээд гараад явчихаж. Ниргэсэн хойно нь мянга хашгираад яах юм. Асуудал хүндэрмэгц өөрөө сураггүй, далд ороод өнөө муу Содбаатар нь тайлбарлах субботник хийж байна. 

 

Цахилгааны зарцуулалтын өсөлтөнд өнөө “Эрдэнэт”-ийн жилийн ашиг, их наядын татвар Орос руу урсаад өөрсдөө уутныхаа ёроолыг тэмтэрч суух л шийдвэр шүү дээ! Оросууд У.ХҮрэлсүхийн ачаар “Эрдэнэт”-ийг нугалж зарж байх шив… Энэ бүхний цаана нөгөө хумсаа нуусан Ч.Хүрэлбаатар бий, тэр У.Хүрэлсүхийн сандлын хөлийг шүдээрээ ч болов мэрж байгаа л даа!

Эцэст нь Ж.Мөнхбат Ерөнхий сайд хөлдөх үхэх шахаж байгааг зарлаж өөрийгөө шившигт хутгав. Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, удаахь нь эмгэнэл. Хэдэн жилийн өмнө У.Хүрэлсүх өөрөө Н.ЭНхбаярын гутлыг яг ингээд үнсэж байсан юм. Тэгэхэд Н.Энхбаяр 72 гишүүнтэй, дордуулсан 7 өөрчлөлтөөр “хаан” болчихоод гутлаа тэгж тосолдог болчихсон байсан юм, Ж.Мөнхбат аягүй бол Таван толгойгоос шүүрснээрээ бөлдөгдүүлээ л дээ! 

Асуудал хүндрэхийн хэрээр дуче нар эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг хүсдэг. Энэ удаад яг тэр номоор болж АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болох нь байна. Үндсэн хуулийн бус энэ байгууллага бол хоёр талтай хутга л гэсэн үг! Ийм хутгатай хүнтэй “Та гэж харьцдаг” байхгүй юу!

Хутганд эхний ээлжинд хамгийн ойр байгаа хүмүүс өртдөг, зодоон салгах гэж ороод өртдөг. Уг нь УИХ-д Ерөнхий сайдын хэт эрх мэдлийг хязгаарлах ганц боломж байсан нь энэ хутгыг л ардаа нуух байгаа юм. Одоо өнгөрсөн, учир мэдэхгүй улстөрч болж жүжиглэдэг долоогчид тэр хутгыг бэлэглэнэ, дараа нь өөрсдөө хоолойгоо хэрчүүлнэ. Мөнгө идээгүй хэн байгаа юм, тэнд…!?

 

Сэвэлт

 

Төвлөрөл сайн ч, муу ч талтай. ЗГ туйлын эмзэг байгаа. Ерийн дарангуйлагчид бол хамгийн дотны нөхдөө золих замаар өөрийнхөө гарыг угаадаг. Н.Назарбаев бол бүр хүргэнээ зольж байсан. Одоо айдаст автсан нам нь У.Хүрэлсүхээс салахын түүс болж байна.

Урьд өмнө 19 гишүүн гарын үсэг зураад ЗГ-ын асуудлыг оруулж чаддаг байсан, одоо бол гонж! Засгийн газарт бүхлээр нь биш ч сайдуудад хариуцлага тооцож чаддаг байсан, тэр ч лөөлөө. Олон нийт халдварын голомт нэмж байгаа, ид ажлын үед халаа сэлгээ хийж байгаа Эрүүл мэндийн сайд, тэглэлттэй холбоотой хүндрэлийг урьдчилж сануулаагүй Эрчим хүчний сайд, ковидыг алдсан УОК-ын дарга Шадар сайд, буруу шийдвэр гаргаж улсын санг хөндийлсөн Ч.Хүрэлбаатар нарыг өөрчлөх хүсэлтэй ч чадахгүй. Парламент шүд байтугай зогдоргүй арслан болсон. Тэнд Ерөнхий сайдаа дуурайж ломбардын хүү тэглэх, торгоны хээ ярих гэх мэт ажил үлдсэн, ер нь ажилдаа ирэхгүй байсан ч болно л доо, хэнд ч хамаатай юм.

Хэнийг солих биш золих нь ард түмний ч биш, парламентын ч биш, намын ч биш У.Хүрэлсүхийн л дур хүслийн асуудал. Тиймээс парламентын “аймаар” зоригтой гишүүн нэр хүндээ алдахаас ичиж зоволгүй яруу сайхан долоож байх вэ дээ!?

Одоо ганцхан боломж үлдсэн нь нам! 

У.Хүрэлсүх фракцуудаа нухчин дарж байна. Хотын намын хороог Сумъяабазар, Амарбаясгалангийн зөрчилдөөн дээр торгоон барьж байна. Хоёр ч удаа ялалт авчирсан генсекээ энэ зөрчлийн улмаас “мартсан”, тэр мартах эрхтэй хаан. Яг Н.Энхбаяр МАСЗХ, “Улаан сарнай”-н зөрчил дээр залуучуудаа барьж байсан шиг аргаар… 

АТГ-ыг гартаа авснаар эсрэг фракцуудаа нэгмөсөн нухчин дарна, давын өмнө. Сү.Батболдын хэрэг үндсэндээ шийдэгдсэн, өнөөх нь Ерөнхийлөгчийг хардаад байгаа боловч үнэндээ ЗГ-ын асуудал. Сү.Батболдын фракц У.Хүрэлсүхийн хамгийн ойрын тулгуур байсан боловч одоо аюултайд тооцогдох болсон, би хэлсэн шүү дээ, хутгатай хүн хамгийн ойрын хүнээ эхэлж дүрнэ.

С.Баярын хэргийн улмаас “Петровис”-ийг боомилж байна. Учир нь “Оюу толгой”-н гэрээг байгуулахдаа тус компанид шатахуун нийлүүлэх монополь эрх олгох замаар авилга авсан хэргээр нэг хөрөнгө оруулагч Ч.Давааням ч шоронд байгаа. Бас нэг хөрөнгө оруулагч Ж.Оюунгэрэл саяхан гэнэт таалал төгссөн. Ш.Содбилэгийг дэвшүүлээ ч үгүй, одоо ямар ч улстөрийн нөлөөлөлгүй яваа. Оюутолгойн гэрээг хянах нэг л боломж бий нь “Гэрээ байгуулахад авилга орсон бол…”. Энэ нь манай шүүхээр нотлогдчихсон. Үүгээр заргалдаж байж “Оюу толгой”-д буулт хийлгэнэ. С.Баярцогт нар ч хамагдана. Ингэснээр Н.Багабандийн ххуучин фракц задарна. 

Харин оронд нь өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг суллах замаар М.Энхболдын фракцын дэмжлэгийг авах тооцоотой байх, гэхдээ энэ нь эргээд зөрчилтэй байгаа хотын намын хороог самарна гэсэн үг л дээ. Одоо байгаа ганц тулгуур нь Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдоржийн “UBS” фракц л байх шив… Харин тэд л Ерөнхий сайдын суудалд ихээр шунаж, гол хорыг хийж байна. Хэрэв энэ мөрөөдөл нь биелбэл тэд Н.Багабандийн фракцын салбар байхаа болих төдийгүй улсыг эрхшээнэ.

 

Ахиад нэг алхвал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга асан С.Эрдэнэ нарыг барьж хийнэ. Ц.Элбэгдорж 12 сарын 9-нд ялын тогтоолоо авсан. С.Эрдэнэ сандарч АН-аасаа зуурч байгаа нь өөрийгөө аврах өвсний үзүүр гэж харж байгаагийнх. Саяхан Буян Жагаа нийтийн сүлжээнд тодорхой бичсэн байна билээ дээ… Тэднийг баривчилснаар нийгэмд нэр хүндээ гарцаагүй өсгөх боломж гэж харж байгаа хэрэг.

 

Ийм нөхцөлд МАН-ын фракцууд өөр дээр хуралдаж буй аянгыг зайлуулахаар мачийж байна. Цорын ганц арга бол он гартал тэсэж байгаад У.Хүрэлсүх хүчтэй ч түүнийг намын бага хурлаас Ерөнхийлөгчид дэвшүүлж сэвээд л Засгийн газрыг нь булааж авахаар улайрч байна. Өмнө нь Н.Энхбаяраас яг ингэж салж байсан түүхтэй юм.

Ялах эсэх сонин биш, ялагдвал хариуцлага тооцоод бас л булна. Хайр найргүй шүү дээ, улстөр бол хатуу нүүдэл, системийн нүүдэл бол хүн хардаггүй, ялалт л хардаг. Тиймээс дэвших л юм бол У.Хүрэлсүхийг ялагдуулах тоглолт гүйж болзошгүй байна, харин тэр платформыг У.Хүрэлсүх өөрөө өрөөд байгаа юм. Ингэх шалтгаан нь түүнийг холдуулах гэж оролдож буй дэргэдийн ойрын зөвлөхүүд, фракцууд л даа!

Ганцхан түүнийг дэвшүүлэн зайлуулахад л аюулаас мултрахаас гадна нам дахь сөрөг хүчний гарт ЗГ, яам, агентлагууд, бүр хороон дарга хүртэл бүх эрх мэдэл ороод ирнэ. АН өмнөх удирдлагуудаа “ачуулаад” одоогийн Ерөнхийлөгчийг дэвшүүлэхээс өөр ялах боломж байхгүй, үнэндээ дараалсан хүнд ялагдлын дараах үе солигдох шилжилтийн процесс нь үргэлжилж байгаа тул туршлага дутах магадлалтай байна. Харин эр зоригоор хэзээ ч дутаж яваагүй билээ… 

Зүгээр С.Эрдэнэ бол ялагдлын алдаа гаргасан ч дараалан алдаж боломгүй эвгүй нөхцөлд бий. С.Эрдэнийн хэргийг Элбэгээ боосон, түүгээрээ залж байсан, харин Элбэгээг МАН занасан. Миний харах нь тэд эцсийн найдвараа Ерөнхийлөгчид тавьж, түүнийг шахамдуулах замаар мултрах нүүдэл хийх нь улам л гүнзгий шаварт суухын цондон. Ерөнхийлөгч энэ удаад тэднийг аврах ямар ч боломжгүй. Тэдний энэ оролдлого Ерөнхийлөгчийн сонгуульд сөргөөр нөлөөлбөл өөрсдөө эцсийн тулгуураа хөрөөдсөнтэй адил, МАН тэднийг өршөөнө гэж үү? Чухам иймээс Ц.Элбэгдорж илүү ухаалаг харж намын өөрчлөлтөнд саад болохгүйг хичээж байхад С.Эрдэнэ нар татаж оролцуулах гээд байгаа нь илэрхий харагдаж байна. Үнэндээ С.Эрдэнийн алдаа нь Хүкийг дараагийн М.Энхболд болгосон. Харин хаа очиж М.Энхболд С.Эрдэнийг бодвол нуруутай, гоншигнодоггүй, авсан шигээ өгчихдөг хүн харагдаад байгаа юм даа! 

 

Хэрэв АН энэ удаад ахин ялагдвал тарж бутрах зам руугаа орж болзошгүй, ингэвэл Үндсэн хуулийн дагуу Монголд авторитар дэглэм бодтой бий болох нөхцөл үүсчихээд байна. Харин дэглэмийн толгойд У.Хүрэлсүх ч биш, Х.Баттулга ч биш өөр хүн байвал яах вэ?

 

Өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг багалзууртаа асалцахыг харж бахаа хангах хүсэлтэн шоронд язганаж байгаа… Шоронгийн холбоогоор өнөөгийн нөхцөл байдлыг эвдэх санаархал нь илүү аюултай. Ингэж төр эрхшээнэ гэдэг бол маш их баялагт эзэн суугаад зогсохгүй, угсаа залгамжлах хүнд хүчир дэглэмийн дор Монголчууд орно гэсэн үг. Яг Умард Солонгосын зам!

 

Хүрэлсүхийн династи-2

 

Одоо У.Хүрэлсүх маш үрэлгэн дайн хийж байна. Нүсэр арми, бүтэлгүй муу санаатай, охор бодолтой зөвлөх. Үнэндээ түүнд сандлынхаа хөлийг харахаас өөр зав байхгүй. Тэгэх тусам шийдвэр нь давчдаж гарч, удаа дараа алдаа хийж байгааг бгүд харж,тэр хэрээр нэр хүнд нь унаж байна. 

Бодат байдалд засаглалаа бэхжүүлж чадахгүй унавал түүний хувь заяа Ц.Элбэгдорж, С.Эрдэнийхээс нэг их ялгаатай байж чадах уу? Харин түүний дараагийн засаглагчид энэрэнгүй өршөөнгүй байж, өрсөлдөгчдөө шоронгоос гаргана ч гэж юу байх вэ? Аль болох өрсөлдөгчгүй засаглахыг л бодно биз?

Үнэндээ У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчид дэвших бодол байхгүй байх. 2024 оныг хүртэл бараг хязгааргүй эрхтэй засаглах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт түүнд олгосон. Энэ хугацаагаа дуусгаад дараагийн сонгуульд бэлтгэх, улмаар Ерөнхийлөгчид нэр дэвших замаар улстөрийн замналаа уртасгах боломж түүнд бий, энэ бол улстөрчдөд байх л энгийн тооцоо, мөрөөдөл. Чухам тэр хугацаанд дээд эрэмбийн улстөрчийн амбицаар улс орноо зөв хөтлөж, түүхэнд үлдэх боломж хангалттай бий.

 

С.Эрдэнийн алдаа бол МАН-ын хэт олонхийн аархал, алдаанууд нь АН-д ялалтыг бэлэглэнэ гэж тооцож зүгээр суусанд байгаа юм. Гэвч тийм юм болоогүй, үүнийхээ төлөө У.Хүрэлсүхийг тодруулсан Ерөнхийлөгчийг буруутгах, гомдох ч утгагүй. Чухамхүү Ерөнхийлөгчийн ялалтын дараах маневрууд АН-д маш таатай боломжуудыг бий болгож байхад тэр ашиглаагүй юм. Бүх ажлыг лаахайдаж хаячихаад зөвхөн өөрийгөө бодож, гомдоллож л суусан. Хэрэв ажилласан бол магадгүй өнгөрсөн сонгуулиар өөрөө баригдаад нам нь ялах байсан, тийм хутганы ирэн дээр л явсныг сохор хүн ч багцаалдаж байсан. 

У.Хүрэлсүхийн ковидтой хийх гардан тулаандаа ялагдаж байгаа, эрчим хүчний үнэ тэглэсний улмаас үүсч буй эдийн засгийн хүндрэл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлтэй холбоотой нэр хүндийн уналт бол том армиа мөхөөх зам юм. 

Ийм нөхцөлд улстөрийн сөрөг хүчин яг нүүдэлчдийн стратегиар л тулалдана. Нэгэнт шийдвэр гаргахгүй тул байнгын сэтгэл зүйн болоод бодлогын дарамт учруулна. Гаргаж буй алдаа бүрийг нягт нямбай ажиглаж, дор бүрт нь жижиг давшилтуудыг зохион байгуулна. Ийм алдаа гарахгүй гэх ямар ч нөхцөл байхгүйгээр барахгүй, харин ч хэт их алдаа гарах нөхцөл бүрдчихээд байна, нэгэнт буруу замаар орчихсон тул одоо ухрах зам байхгүй. 

Их зоримог жанжин л ашиггүй байрлалаас ухарч, нөгөө талаа ашиггүй талбар руу оруулах шийдэл гаргаж чадна, гэвч хурандаа бол генерал биш л дээ. Манж гүрэн мөхөхийн өмнө Якуббекийн бослогыг дарахдаа удаа дараагийн ялагдлын дараа Зо Зун Таныг илгээсэн байдаг. Зо зунтан тулаанд яаран ороогүй бөгөөд алгуур давшиж, тариа хүнс базааж, оператив нөөцөө бүрдүүлж явсан байдаг. Тэгээд ялсан ч Чин гүрэн нь удаагүй… Зо зунтан уйгурын эрлэг нэрээр түүхэнд үлдсэн.

Одоо бол стратегийн нөөц бүрдүүлэх ч боломж байхгүй, Оюу толгойтой зууралдсан маргаанд орно. Оны дараа сүйрсэн жижиг дунд үйлдвэрүүд татвар төлөх чадваргүй болж, улсын төсөв хүндэрнэ. Түүний дараа хамгийн эхэнд авах арга хэмжээ бол цомхотгол байх болно. Ердөө сүүлийн хагас сард АН их хурлаа хийх гэж ноцолдож МАН-тай мантай байхад, нэр хүндээ асар хурдан алдаж байна. Аргатайдаа лЖ.Мөнхбатыг алиалуулах вэ дээ? Цаашид баривчилгаа, үзэн ядалтаар нэр хүндээ сэргээх гэж оролдовч үр дүнгүй л байх болов уу? Эрс шийдэмгий, харгис хатуугаа ялгаж засаглаарай гэж яг сарын өмнө бичиж байв даа… Одоо энэ том эрх мэдэлтэй улстөрч намаа биш улсаа бодорж ажилладаг цаг!

У.Хүрэлсүх ашиггүй байлдаан хийсэн, өөрөө өөрийгөө сүйтгэсэн. Гэхдээ бүр эрт шүү дээ, Н.Энхбаярыг хөөж байхдаа л алдаа гаргасан. Одоо тэр Ерөнхийлөгчид дэвших эрхтэй, тэр ахиж гутлаа үнсүүлэх гэж адгаж байгаа… Тиймээс… бод, бод!

 

Сэтгүүлч Авиан Баатархуяг