Монголын зуун настай, зузаан түүхтэй ууган улс төрийн хүчин түүхийн асар их ээдрээтэй хугацааг туулж, засгийн эрхийг барьж байгаа энэ цаг үед МАН ээлжит их хурлаа үүсгэн байгуулагдсан гуравдугаар сарын 1-ний өдөр хуралдуулан чуулах түүхэн шийдвэр гаргасныг монгол хүн бүр МАН-ын гишүүн дэмжигчид сонор мялаан баяртай бөгөөд урамтай хүлээн авч байна.

МАН зуун жилийн дотор бие дааж 92 жилд нь төр засгийн бүрэн эрх барихдаа улс орон, монгол хүн, Монгол Улсын өнгөрсөн болон эдүгээгийн шинэхэн түүхийг бүтээсэн нь маргашгүй үнэн билээ. Нийгмийн амьдралын энэ түүхийг няцааж, буцааж, үгүйсгэж хэн ч чадахгүй болой. Монголдоо төдийгүй дэлхийд ч нэртэй, данстай МАН түүх бүтээмжийн хувьд, эх орноо харийн түрэмгийлэл, бусдын дарангуйлал булаан эзлэгчдээс өмгөөлөн хамгаалж аварснаас гадна хүн амын өсөлт, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, үйлдвэрлэл үйлчилгээ, мал аж ахуйгаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлсээр ирсэн гавьяатай түүх бүтээсэн билээ. Монгол Улсаа НҮБ-ын гишүүн болгож дэлхийтэй өргөн хүрээнд холбосон МАН 100 жилийн зузаан түүхээ хийж бүтээсэн үйлстэйгээ хамтатган монгол түмнийхээ гурван үеийнхэнд тайлагнах түүхэн үед тулж ирлээ. Ийм сайхан цаг мөчийг бие сэтгэл, нүдээрээ харж сонороо мялааж байгааг Монголын ахмад үеийнхний дүүрэн бахархлын цаг үе гэж хэлэх хэрэгтэй болов уу. МАН ардын хувьсгалыг хийж, эх орондоо эрх чөлөө тусгаар тогтнолыг авчирсан 1921 оны үйл хэргээс хойш хүн ардаа боловсролтой иргэд болгон хөгжүүлэх их үйлсийн зэрэгцээ сүүлийн 30-аад жилд эх орноо ардчилал шинэчлэл зах зээлийн нийгэмд оруулан хөгжүүлэх үйлсэд манлай хүчний алсын хараа, буурь суурь зангараг далайцаа үзүүлэн олон нам эвсэлд үлгэр дуурайлал ач энэрэл, бодлын зангилаа гаргалгаа харуулсан юм.

Ардчиллын үеийн 20 гаруй жилд нь төр засгаа толгойлж удирдан төрөө түшилцэж, түмэн олондоо ач тусаа хүргэсээр 100 настайгаа золгож байгаа нь ч маргашгүй үнэн, марташгүй түүхийн бодит байдал билээ. Дэлхийн тавцанд НҮБ-ын гишүүн орнуудын дотор 100 жилийн түүхтэй шинэ цагийг бүтээгч, хүнлэг энэрэнгүй зүүн төвийн нам төдийлөн олон бусыг дурдаж Монгол Улсын хоёр зууны түүхэнд хөгжлийн түүчээ хүмүүнлэгийн манлай болж ирсэн дайчин голч ХХ зууны манлай улс төрийн хүчний 30 дугаар их хурал, чухам монгол хүмүүнд түүхийн агуу их сургамж зорилго бодролыг өгч, XXI зуунд Монголоо хөгжүүлэх загвар хөтөлбөрийн түүчээ нь болно гэдэгт итгэж, байна. МАН их хурлаараа шинэ зууны Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх залуурч бодлогоо ард түмэндээ толилуулна гэдэгт итгэл төгс харж хүлээж байна. МАН энэ удаагийн ээлжит их хурлаараа Монголын нийт үйлдвэрлэгч, эрдэмтэн мэргэд, оюутан сурагчид, эмч багш, эх нялхас, ахмад үеийнхний маргаашийн хувь заяа тэдгээрийн хөгжлийн гарааны төсөөлөл төлөвлөлт болгон тусгаж нийгмийн бодлогын маш том гаргалгааг ард түмэндээ хүргэх ирээдүй цагийн томоохон бодлогын хэлэлцүүлэг болно гэдэгт итгэл төгс байна.

Хүн төвтэй МАН-ын боловсон хүчин, хүний нөөцийн бодлогын давуу талыг ээлжит 30 дугаар их хурлаас монгол хүмүүс яруу тодоор олж мэдэрнэ гэдэгт итгэл төгс байна. Нийгмийн зүүн төвийн ууган нам 100 насан дээрээ ямар их туршлага тулхтай, түшигтэй улс төрийн хүчнийхээ зангаргийг үзүүлж бусад залуу улс төрийн хүчнүүддээ үлгэр жишээ үзүүлж, араасаа дагуулна гэдэгт ч итгэлтэй байна.

ХХ зууны манлай улс төрийн хүчин МАН улс эх орондоо ямар их зохион байгуулагч, бүтээгч шийдэмгий зөв үзэлтэй, зөөлөн бодлоготой, алсын хараатай, хүчин чадлын их ундарга нам болохоо бүтээсэн түүхээрээ ч хийж бүтээх бодлого чадвараараа ч харуулна гэдэгт гишүүд дэмжигчид итгэн харж хүлээж байна. Шинэ сайхан итгэл төгс биелэх хэрэгжих үндэслэл бүхий монгол хүний маргаашийн ажил амьдралд чухал түлхэц үр нөлөө үзүүлэх сайн шийдэл, эрчимтэй шинэчлэлийн хурал болно гэдэгт итгэж, МАН-ын их хурлын зүг монгол хүн болон дэлхий дахины хүн төрөлхтний хараа сонор бүрэн чиглэж байгаа гэдэгт ч итгэл төгс байна. Намын 100 жилийн ойн жилд тохиох улс төрийн нэгэн томоохон асуудал бол Монгол Улсын ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль билээ. Энэ сонгуульд МАН хамгийн шилдэг, монгол хүн бүр хүлээн зөвшөөрч чадахуйц шилдэг хүнээ нэрийг нь дэвшүүлнэ гэдэгт ч итгэл төгс ширтэн хүлээж байна. Үргэлжлэл бий

 

 

Ц.ЯДАМСҮРЭН /Ахмад сэтгүүлч

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин