Манай улс хамгийн их баяр тэмдэглэдэг орон гээд хэлчихэж хилсдэхгүй. Учир нь  шинэ жил, цагаан сар, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Эр цэргийн баяр зэрэг уламжлалт болгон тэмдэглэж ирсэн олон баяр бий.  Энэхүү баярууд дээр нэмж Гэгээн хайрын баяр гэх нэртэй хосуудын тэмдэглэлт өдөр нэмэгдсэн.

Хавар болж ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэдэг. Хонхны баяр буюу сургууль төгсөлтийн  баярын дарууханаар тэмдэглэн өнгөрүүлж болмоорсон. Гэтэл энгэртээ зүүх хонхноосоо авахуулаад үнэтэйг сонгон хэрэглэх болсон өнөө үед үүнийг нь наймаачид овжиноор ашиглан худалдаалж буй бараа, бүтээгдэхүүний үнийг нэмдэг болсон нь нууц биш.

Саяхны нэг өдөр нэгэн худалдааны төв ороход бэлэн хувцас, зуны гутлын үнэ өндөр байхыг сонсоод гайхаад өөр лангуунуудаас өөр гутал, цамцны үнийг асуухад мөн л гайхмаар үнэтэй хэлж орхив. Уул нь тус худалдааны төвд сар орчмын өмнө орж ирэхэд нэг цамц 35 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл өдгөө 45 мянган төгрөг болж өссөн байлаа. Гайхахдаа нэгэн худалдагчаас бэлэн хувцасны үнэ яагаад нэмэгдсэнийг асуутал урд хөршид юаны үнэ өссөн. Мөн одоо хонхны баяр болох гэж буй учраас бас үнэ нэмэгдсэн байхаа хэмээлээ. Ийн хэлэхэд нь сая л учрыг ойлгож манай улс эдийн засгийн болоод бара, хүнсний бүтээгдэхүүний үнээрээ урд хөрш болох Хятад, долларын үнэ өсөхөд хүртэл бүх зүйлийн үнэ ханш өсдөг бусад улс орноос хамааралтай улс болчихсон гэдгийг батлаад өгч байгаа тод жишээ энэ. Гадны мөнгөн дэвсгэртийн үнэ ханшаас шууд хамаарч ард иргэдийн амьдрал хүндхэн байгаам гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас нэрлэсэн юанын үнэ 286.97 үнэ ханштай байна. Ам. Долларын ханш 1796 төгрөгт хүрчээ.   Энэхүү ам.долларын өсөлтийг гадны хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлах нэгэн ч байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн жил олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор манай эдийн засаг нэлээд хүндэрч, ам.долларын ханш өсөх шалтгаан болсон гэдгийг эдийн засагчид дүгнэсэн билээ.

Монгол улсын эдийн засгийн хүнд хүчир бүхнийг ард иргэд үүрч байгаа гэдгийг төрд суугаа эрхэмүүд мэдэж байгаа. Тэд эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрсөн сарын 18-нд өргөн барьсан "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээ"-ний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Уг тогтоолын төсөлд эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан энэ нь хэр үр дүнгээ өгөхийг харж л суухаас өөр замгүй.

 

Х.Даваа