Засгийн газар болон ЭМЯ хамтран коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээллийн үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өчигдөр Өргөө амаржих газрын ариутгал угаагчаас халдвар илэрсэн. Энэ нь шинэ голомт уу халдварын эх үүсвэр хаанаас үүдэлтэй вэ?

А.Амбасэлмаа: Өргөө амаржих газрын батлагдсан тохиолдол гаднаас буюу гэр бүлийн хавьтлаас авсан. Тиймээс эх уурхай нь амаржих газартаа хамаарахгүй.

- Эсрэг биет үүссэн хүмүүст коронавирусийн эсрэг вакцин хийх үү. Халдвар авсан хүүхдүүдийг вакцинд хэрхэн хамруулах вэ?

- О.Дашпагма Эсрэг биет үүссэн буюу халдвараар өвдсөн хүмүүсийг эдгэрснээс нь хойш 90 хоногийн дараа дархлаажуулах боломжтой. Энэ хүртэл хугацаанд вакцин хийхгүй байхыг зөвлөж байгаа. Дэлхий дээр бүтээгдэж буй вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийгдэх заалттай. Энэ вакцинуудыг 16-аас доош насны хүүхдэд хийх туршилт, судалгаа хийгдэж байна. Судалгааны үр дүнгээс хамаарч хийгдэх болно.

- Вакцинаас иргэд сонголт хийж болох уу, өчигдөр шинжилгээний лабораторид ачаалал үүссэн байна гэж байсан багасаж чадсан болов уу, энэ сарын 23-наас иргэд энгийн горимоор ажиллах гэж байна УОК, Засгийн газраас журам нь гарах уу?

-А.Амбасэлмаа: Нийслэлийн хэмжээнд 11 лабораторид шинжилгээ хийж байгаа. ХӨСҮТ-ийн 3, ЗӨСҮТ, нэгдүгээр, хоёрдугаар эмнэлэг болон 4 дүүргийн эмнэлэгт шинжилгээ хийж байна. Өнөөдөр авсан мэдээллээр лабораториуд хэвийн байна. Хүлээгдэж байгаа шинжилгээ алга, бүгд хийгдсэн. Хамгийн сүүлд ХӨСҮТ-д 10,000 шинжилгээ хийсэн байна.

Хөл хорио сулруулсан үеэр PCR шинжилгээний бичиг шаардахгүй

Ц.Ганзориг: Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иймд иргэдээс гуравхан дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх. ААН, төр илүү үүрэг хүлээнэ. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ. Өнөөдөр 14:00 цагаас УОК хуралдана. Хуралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд дагаж, мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна. Энэ журам нь олон нийтэд гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болно. Түүнийг дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан хурал болж магадгүй. Тиймээс ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга 16:00 цагийн орчимд олон нийтэд танилцуулна. Үүний дараа хоёрдугаар сарын 23-наас халдвар хамгааллын дэглэмээ браимтлан олон нийт ажил амьдралаа амжуулна.

Хөл хорио сулруулсан үеэс PCR шинжилгээний бичиг шаардахгүй. 

Вакцины тухайд AstraZeneca вакцин эхний ээлжид орж ирнэ. Pfizer мөн орж ирнэ. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хоёр вакцин шат дараатайгаар ирнэ. Дэлхийн 87 орон дархлаажуулалтаа эхэлсэн байна. Үүнээс 41 улс нь бидний хэрэглэх гэж буй Английн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг хэрэглэж байна. Манай улс эхний ээлжид энэ вакцинаар эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон нүүрс тээврийн жолооч нарыг дархлаажуулна.