Л.АЛТАНХИШИГ

Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн шуурхай хангах үйлчилгээний газар нь ломбард болоод багагүй хугацаа өнгөрүүлж байна. Заавал банканд дугаарлаж, олон бичиг баримт бүрдүүлж, шат дамжлагаар явахгүй амар хялбар хэмээн тус газраар үйлчлүүлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсэн.

Тэгвэл “Ковид-19” халдварын үед, иргэдийн өрхийн орлого буурсныг далимдуулан зарим ломбард иргэдийн эрх ашгийг хохироох нь цөөнгүй байгааг эх сурвалжууд мэдээллээ. Уг нь Засгийн газраас барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг гурван хувиар тооцох шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэр амьдрал дээр хэрэгжихгүй байна.

 

Д.ДОРЖОО: ИРГЭДИЙН ЭД ЗҮЙЛИЙГ ДОЛООН ХУВИЙН ХҮҮ ТООЦОН АВДАГ

Тухайлбал, манай сурвалжлах баг Сүхбаатар дүүрэгт байрлах компьютер, гар утас барьцаалж зээл олгох газарт оров. Тухайн газар иргэдэд үйлчилж зээлдэгч түрээслэгч гэх Д.Доржоо “Бүх нийтийн хатуу хөл хорио тавигдсан тул өнгөрсөн сарын 23-аас ажиллаж эхэлсэн. Иргэд гар утсаа барьцаанд тавих нь их байна. Өмнө нь зээл авсан хүмүүс эд зүйлээ авч,сунгах нь тааруу байгаа тул эргэлтийн зардалгүй болсон. Манай ломбард иргэдийн эд зүйлийг 14 хоногийн хугацаанд долоон хувийн хүү тооцон авч байгаа. Үүнээс бага хүү тооцох нь бидэнд ашиггүй” гэв.

 

Б.ЖАРГАЛ: ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨХИЙН ТУЛД ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЭД ЗҮЙЛИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХАД ХҮРЧ БАЙНА

Мөн Баянзүрх дүүрэгт байрлах барьцаалан зээлдүүлэх газраар орлоо.Тухайн газрын түрээслэгч Б.Жаргал “Манайх 8 хувийн хүүтэй. Бүрэн камержуулсан. Үнэт зүйлээ тавьсан иргэн юунд ч санаа зовохгүй байж болно. Ганцхан алт, монетон эдлэл биш гар утас, нөүтбүүк хүртэл барьцаанд авдаг болохоор ихэвчлэн оюутан, залуучууд үйлчлүүлдэг. Тиймээс заримдаа хугацаа нь хэтэрсэн ч эд зүйлээ авахгүй байх тохиолдол гардаг. 

Бид түрээсээ төлөхийн тулд хугацаа хэтэрсэн эд зүйлийг худалдан борлуулахад хүрч байна. Түүнчлэн иргэдийн үйлчлүүлэх нь их байдаг “Сайн” ломбардаар оров. Тухайн газрын ажилтан нь тусгайлан яриа өгөх эрхгүй гэлээ. Харин Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүг бууруулж, гурван хувийн хүү тооцон ажиллаж байгаа гэсэн юм.

Д.ДУНГАРМАА: ДИЙЛЭНХ ЛОМБАРД ХҮҮГЭЭ БУУРУУЛАХГҮЙ БАЙНА

 

Бид иргэдийн байр суурийг ч мөн сонирхсон юм. Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Дунгармаа “Иргэдийн амьдрал хүнд байгаа тул барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэх нь их байна. Миний хувьд 2-3 жилийн өмнө эд зүйлээ ломбардад тавьж байсан. Яаралтай мөнгө хэрэгтэй үед аминд орсон. Харин сунгаж чадахгүй хугацаа хэтрэх хамгийн их дарамт болж байлаа. Хэрэв гэнэт бие өвдөх эсвэл бол яаралтай мөнгө хэрэг болсон үед ломбард орох байх. Ирэх долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ломбардын хүү гурван хувь болно гэсэн. Гэвч энэ шийдвэр хангалттай хэрэгжихгүй байгааг манай хүүхдүүд хэлж байсан” гэлээ.

 

Д.АРИУНАА:БЭЛЭН МӨНГӨ ГАРГАДАГ ГАЗАР ЛОМБАРДААС ӨӨР АЛГА

 

Мөн Сүхбаатар дүүргийн иргэн Д.Ариунаа “Өнгөрсөн долоо хоногт монетон ээмгээ 200 мянган төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн ломбард миний үнэт эдлэлийг гурван хувийн хүүтэй барьцаанд авсан. Одоогийн нийгэмд хамгийн хурдан шуурхай, найдвартай, чирэгдэл бага учруулдаг, цаг зав хэмнэдэг, бэлэн мөнгө гаргадаг газар бол ломбардаас өөр байхгүй. Сүүлийн үед гарч буй янз бүрийн асуудлууд нь тухайн байгууллага болоод хувь иргэн хүний өөрийнх нь хариуцлагагүй үйлдлээс болж гардаг гэж бодож байна” гэв. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэн Б.Мандал “Хүний юм өндөр хүүтэй хүүлээд, эзэн нь юм шиг дураараа дургидаг ломбардуудыг зохицуулах хэрэгтэй. Зарим нь бүр өөрийнхөө юм шиг зүүсэн харагддаг. Арай ч тэгж болохгүй дээ. Тэгсэн хэрнээ нэг хоног хугацаа хэтэрвэл шууд л зарчихдаг шүү дээ. Зохицуулалт бас хэрэгтэй л байх. Эд зүйлээ тавьчихаад авч чадахгүй байх зовлон хүн бүрт бий. Гэхдээ бүх ломбардууд зараад үрээд байдаггүй байх. Зарахгүйгээр, сунгуулаад эсвэл хугацаа хэтэрвэл утасдаж сануулдаг ч газрууд байдаг. Ер нь банкуудын ачаалал, шат дамжлагыг багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол ядарсан ард бид чинь хэнээсээ мөнгө гуйж явах болж байна” гэлээ.

 

ШӨХТГ-Т БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ 41 ГОМДОЛ ИРЖЭЭ

Дотоодод халдвар гарч иргэдийн өрхийн орлого буурсан үед эд зүйлээ ломбардад тавьж хохирсон иргэд ШӨХТГ-т хандсаар байна. Тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Үүрцайхаас тодруулахад “ШӨХТГ-т Энэ оны нэгдүгээр сарын 4-өөс хоёрдугаар сарын 9-ний өдрийн хооронд барьцаалан зээлдүүлэх газартай холбоотой 41 гомдол ирсэн. Хатуу хөл хорионы хугацаанд ломбардууд үйл ажиллагаа явуулаагүй. Гэвч өндөр хүү шаардах, иргэдийн эд зүйлийг худалдан борлуулсан гэх гомдол цөөнгүй ирснг. 

Тухайн иргэдийн гомдлын дагуу шалгалт явуулж, зарим зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна” гэх тайлбарыг өгсөн юм. Засгийн газраас Ломбардын тухай хуулийг удахгүй батлах болно. Гэвч үүнээс өмнө цар тахалын үед ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх, алданги өдөрт хоёр хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг долдугаар сарын 1 хүртэл зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн. Нийслэл хотод 1000 шахам ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүний цаана олон иргэний эрх ашиг ийнхүү хөндөгдөж байна. Ломбардуудын хүү өндөр, алданги өндөр байдаг, иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авах зэргээс шалтгаалж эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсэх нөхцөл байдал гараад байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэгт хяналт байхгүй байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН