-ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН САГС БА ҮНДЭСНИЙ “ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД”-

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэгчдийн зүгээс “Махны үнэ нэмэгдсээр байна” гэдгээр гол ухуулга сурталчилгаагаа хийх боллоо. Гэвч “Хөмсөггүй хүнийг гайхашруулах хэцүү” гэдэг шиг үүгээр улс төрийн хожоо олох гарц харагдахгүй байгаа юм. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд монголчууд нэн хямд мах идэж байсан юм уу. Нөгөөтэйгүүр махны дундаж үнийг тооцоолохдоо “Хамгийн өндөр үнэ хаана байна вэ” гэдгээр тогтоодоггүй билээ. Хэрэв тэгж тогтоодог бол 12 мянган төгрөгний үнэтэй мах ч инээдтэй хямд санагдаж болох талтай. “Меркури” худалдааны төвийн үнээр хэрэглээний үнийн дундаж хэмээн зарлахын цаана “хар пи-ар” гэхээс өөр тайлбар даанч олдохгүй. Тэгж яривал өнөөдөр Италиас 50 ам.доллартай тэнцэхүйц үнээр килограмм тутмыг нь авчруулж зооглодог нууц ноёнтнууд бий. Заавал таван хошуу малын мал гэлтгүй өртөг өндөртэй, сонин хачин амьтны мах идье гэвэл 1000 ам.доллар ч төлөх чадвартай хүн байгаа.

Сайн хэрэг. Яадаг юм бэ. Яагаад дэлхийн баячуудын зоогийг монгол хүн идэж болдоггүй юм бэ. Хамгийн гол нь үүнийг Монголын махны дундаж үнэ гэж үзэж болохгүй. Энэ бол тэнэг хэрэг.

Зөвхөн махны үнэ гэлтгүй автомашины дундаж үнийг тооцоход ч ийм харьцуулалт утгагүй болохыг харж болно. Жишээ нь Range Rover, эсвэл Mersedes Benz автомашины хамгийн сүүлийн загвар нь ямар үнэтэй байгааг Excel, Aksent, Sonata-ийн үнэтэй харьцуулаад суудлын автомашины дундаж үнэ 80 мянган ам.долларт хүрчихлээ. Grey Goose архины үнийг хараад “Арай ч дээ, архи 100 мянгад дөхөж байна. Монголд амьдрал хэцүүдлээ” хэмээн олон нийтэд зарлаж болох уу. Яг ийм л “харьцуулалт”, санаатайгаар самарч буй хэрэглээний үнийн улстөржсөн сагсыг сөрөг хүчнийхэн дурьдаж Засгийн газрыг буруутгаж эхэллээ.

Мөн орон сууцны үнээр ч ийнхүү улс төр хийхээр төлөвлөж буй бололтой. Зайсанд байршилтай хамгийн тохилог өртөг өндөртэй хаус нэг метр квадратын үнийг хотын захын 16 метр.кв талбайтай орон сууцтай харьцуулж, хавтгайруулан олон нийтэд зарлаж болох уу. Магадгүй тэр хаус хамгийн хямддаа 8000 ам.долларын үнэтэй гээд бодоход энэ нь зах зээлийн дундаж үнэ мөн үү. Ийм тооцооллоор инфляцийг хөөргөдөж улс төр “хийх” технологийн сөрөг үр дүн нь дэндүү аюултай байна. Үнэн хэрэгтээ хамтарсан Засгийн газрын үед орон сууцны зээлийн хүүг зургаан хувьтай болгосон. УИХ-ын 2012 оны сонгуулийг угтсан энэ кампанит ажлын сөрөг нөлөөг арилгах гэж одоогийн Засгийн газар үйл тамаа үзэх нь тодорхой болчихоод байна. Өөрөөр хэлбэл байж боломгүй зүйлийг хүчээр бий болгосных нь горыг эдүгээ орон сууцтай болох гэж буй иргэд амсана. Хэрэв сөрөг хүчнийхэн өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялсан бол ямар нэг худал үг хэлэх, эс бөгөөс дахин буруу замаар будаа тээлгэх аргаар л энэ гайгаа арилгах бус аргалах байсан. Азаар тэд ялагдаж, шинэчлэлийн Засгийн газар гайг аргалах бус арилгая. Үнэнийг иргэдэд хэлээд зах зээлийн жам ёсны эргэлтийн дагуу иргэдээ хохироолгүй аваад явцгаая гэж шийдээд байгаа бололтой. Энэ нь ч зөв.

Энэ мэтчлэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн талаар төрийн өмнө хариуцлага хүлээх байгууллага байсаар байтал үүнтэй зэрэгцэн улс төрийн зорилгоор сөрөг мэдээлэл цацахын тулд тансаг хэрэглээний үнийн сагсыг судалж буй хэсэг бас байна. Тэд жагсаал цуглаан, үг хэлэх, илтгэл тавих боломжийг алддалгүй хөмсөг зангидан, сөнөж мөхөж буй гунигт дүр эсгэж “Юу идэх вэ. Яаж амьдрах вэ. Турж үхлээ” хэмээн жүжиглэж байна.

Үнэхээр Монголын эдийн засаг “сөнөж” байсан бол Монголбанк бодлогын хүүгээ бүхэл бүтэн нэг пунктээр бууруулчих том алхам хийчихээд байхад инфляци нэг оронтой тоонд орох байсан уу. Өмнөх жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлмэгц “Эдийн засгийн алуурчид Монголд үүрлэчихлээ” хэмээн сөрөг хүчнийхэн шуугиан тарьж байв. Харин эдүгээ дотооддоо эдийн засгийн “алуурчид”-тай болж улстөржсөн, зохиомол статистикаар ард түмнийг айлгаж эхэллээ. Эдийн засаг дахь мөнгө ихэсч, иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгөний үнэ цэнэ нь нэмэгдэж буй нь сөрөг хүчнийхэнд таалагдахгүй байгаа бололтой. Түүнээс биш хэрэглээний үнийн сагсыг хэрхэн төрөлжүүлэх, дундаж үнийг яаж тогтоох талаар мэдлэг нь ихэднэ үү гэхээс багадахааргүй фигурууд буй. Эцэст нь хэлэхэд аливаа улстөрч жинхэнэ эх оронч мөн эсэхийг ялалтын бус ялагдлын агшинд мэдэж болдог аж.

 

У.Оргилмаа