Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын баталсан “Шөнийн эргүүл-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын эргүүл, хяналт шалгалтыг сурвалжиллаа.

Хот нам гүм болж амжаагүй, хөдөлгөөний эрчим сулраагүй байх үед тэдний ажил эхэлнэ. Зарим нь ажлаа тараад гэрлүүгээ явж байхад, зарим нь хоол хүнсээ базаахаар дэлгүүр дугаарлаж байхад, бүр зарим нь унтаж байхад тэд дүрэмт хувцсаа зузаалан өмсөөд ажлынхаа зүг хурдална.

Ажил тарж байгаа болохоор ч тэр үү замын түгжрэл гэж ярих юм биш. Өглөө 08 цаг 30 минутаас ажилтай хүн 07 цаг 15 минут гээд гэрээсээ гардаг бол 20 цагаас ажилтай ч 18 цагт гэрээсээ гарахдаа “яана амжих л байгаа даа” гэх тэд “Шөнийн эргүүлийн хэлтэс”-ийнхэн.

Хэдэн зуугаараа бужигнаж хөл хориотой байна уу, үгүй юу үл хамааран идэвхтэй амьдралыг эрэлхийлсэн тэдний шөнийн амар тайван байдлыг хангаж, бүтэн нойртой хонуулахаар өргөсөн тангаргийнхаа эзэн нь болж эргүүл, хяналт шалгалтын үүргээ гүйцэтгэж байна.

Хасах хорин зургаан градуст “Урь ирээд эргүүлд явахад даарахаа больж” гээд хээв нэг алхах нь ёстой л хатуужсан эр хүн байх даа.

Бид нэг цэгтээ хэдэн хоног үүрэг гүйцэтгээд өөр дүүрэг, өөр цэгт үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр газар орноо судалж, гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй эмзэг цэгүүдээ ч мэдэх давуу талтай гэх юм. Ингээд бид Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн  эргүүлийн хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад М.Мөнх-Эрдэнэ, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Мөнхбаяр нарыг Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо /Цамбагарав, Саппоро орчим/ үүргээ гүйцэтгэж байхад нь цөөн хором ярилцлаа.

Шөнийн 01 цаг 15 минут

ЦАГДААГИЙН АХМАД М.МӨНХ-ЭРДЭНЭ: ИРГЭН БҮР ӨДӨР Ч, ШӨНӨ Ч АЮУЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Хэдийгээр шөнийн 01 цаг болсон хөдөлгөөн тасрахгүй байна. Өнөөдөр хөл хөдөлгөөн хэр байна вэ?

Өнөөдөр хөдөлгөөн бол машин их байлаа. Одоогийн байдлаар явганы хөдөлгөөн багасч л байна. Автомашины хөдөлгөөний эрчим буурахгүй байна.

Энэ дүүрэгт өдөр бүр ийм байдаг уу?

Бидний үүрэг гүйцэтгэж байгаа цэгийн ойролцоо аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ, орон сууц ихтэй болохоор бусад газрыг бодвол хөдөлгөөн харьцангуй их байдаг. Өнөөдөр харин бүр их байлаа.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх үйлчилгээний газрууд 00 цагт хаах ёстой шүү дээ. Одоо шөнийн 01 цаг 15 минут болсон хэдий ч хөдөлгөөн буураагүй байна?

Тийм. Бидний хариуцан үүрэг гүйцэтгэж байгаа цэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага бол байхгүй. Бүгд 00 цагаас өмнө хаасан. Энэ хороо, замууд дамжин өнгөрөгч ихтэй байдаг. Өнөөдөр Баасан гариг болохоор ч тэр үү хөдөлгөөн бол бүр их байна.

Шөнийн эргүүлийн хэлтэс дахин байгуулагдаад нэг сар өнгөрчээ. Алба хаагчид шөнө эргүүлд үүрэг гүйцэтгэхийн давуу талыг та юу гэж харж байна вэ?

Би цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Одоогоос 17 жилийн өмнө шөнийн эргүүлийн 808 дугаар ангид эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан. Шөнийн эргүүлийн хэлтэс байх нь зүйтэй гэж боддог. Юуны тулд “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” гэж байгаа билээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа хүн бүр өдөр ч, шөнө ч аюулгүй байх ёстой шүү дээ. Үүнд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчаас гадна шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа бидний оролцоо ч чухал юм.

Өдөр бол бүх зүйл цэлийсэн сайхан харагддаг. Харин үдэш, орой харанхуйд 100-200 метрийн л юм сайн харагдаж, цаашаа үзэгдэх орчин хязгаарлагддаг. Мөн гудамж, талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил, хулгай, дээрэм зэрэг нь оройн цагаар үйлдэгдэх тохиолдол цөөнгүй байдаг.

Алба хаагчид эргүүлийн үүргийг хэрхэн гүйцэтгэж байна вэ?  

Манай хэлтсийн алба хаагчид орой 20 цагаас өглөөний 07 цаг 30 минут хүртэл томилгоот цэгүүдэд үүрэг гүйцэтгэдэг байгаа. Томилгоо бүр адилгүй. Тухайн алба хаагч нэг дүүргийн нэг цэгт л үүрэг гүйцэтгээд байна гэж байхгүй. Гараа бүртээ өөр өөр цэгт үүрэг гүйцэтгэх нь ч бий.

Хөдөлгөөний эрчим хэзээ буурч, хот хэзээ тайван болохыг үл мэдэх тэд үүргээ ягштал биелүүлэхийг харах юутай сайхан. “Халдварын эрсдэл их байна та маскаа зүүгээрэй”, “Энд автомашин зогсдоггүй юмаа, тэр зогсоолоос такси явна шүү” гэх зэрэг иргэнээ хайрлаж, хамгаалж байгаа алба хаагч нараа хараад баярлахын зэрэгцээ тавьсан шаардлагыг биелүүлж “Уучлаарай одоо маскаа зүүлээ, тамхи татахдаа халаасандаа хийчхээд мартжээ золиг чинь”, “За эгчийн дүү”, “Баярлалаа ахаа” зэрэг үгсийг чин сэтгэлээсээ хэлэх иргэдээрээ бахархан зогслоо.  

Эрээн бараантай хорвоод юу эс тохиолдох вэ? “Миний хүү угаасаа жолооч биш. Наад эмэгтэйтэй чинь амьдраад 7 сар л болох гэж байна. Жолооч биш гэдгийг нь мэдсээр байж, миний хүүг халамцуу байхад нь машин бариулж, өнөөдөр цагдаагийн газар луу явуулаад өөрөө дулаан хөнжилдөө унтах гэж байна” гэж орилох ээжийг өрөвдлөө. Хэдий өөрөө эх хүн ч эмэгтэй хүнийг буруутгахдаа яаж ч байсан миний хүү буруугүй гэх эх хүний хармын сэтгэл, агуу хайрыг мэдэрсэн юм.

ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ М.МӨНХБАЯР: АЛБА ХААГЧИЙН ТАВЬСАН ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХ НЬ БИДНИЙ АЖЛЫГ ДЭМЖИЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ ГЭЖ БОДДОГ

Иргэд тавьсан шаардлагыг хэрхэн хүлээн авч байна вэ?

Харьцаанаас харьцаа үүснэ гэдэг. Мэндлэхээс эхлээд та яаж харьцана, иргэн ч бас тэгж харьцана гэж боддог юм. Тиймээс бид иргэдтэй зөв боловсон харьцаж, тэдний аюулгүй байдлыг хангадаг даа.

Шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн хувьд иргэддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Алба хаагч танд хууль ёсны шаардлага тавих тул тэдний тавьсан шаардлагыг биелүүлж байгаасай л гэж хүсмээр байна. Энэ нь бидний ажлыг чин сэтгэлээсээ дэмжиж байгаагийн илрэл гэж бодож байна.

Шөнийн эргүүлийн алба хаагчид гэгээлэг бодолтой, хариуцлагатай ажиллаж байна. Бид тэдний урмыг хугалах ёсгүй. Алба хаагч бүрийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, иргэн бүр амар амгалан айж түгшилгүй тайван унтаж амрах болтугай.

Их хотын хөдөлгөөн үргэлжилсээр..