Коронавирусийн дэгдэлтийн улмаас улс орны эдийн засаг болоод нийгмийн олон салбарт хүндрэл үүсэж буй. Хоёр он дамнан үргэлжилж буй цар тахлын тархалтын улмаас цөөнгүй аж ахуйн нэгж орон тоогоо цомхотгох цаашлаад үйл ажиллагаагаа зогсоож, ард иргэд хоногийн хоолоо залгуулж чадахгүй хэмжээнд хүрсэн нь ч бий.

Нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авсны нэг нь айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогийн төлбөрийг тэглэх шийдвэр байв. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн долоон сарын хугацаанд 100 метр хүртэл метр кв талбай бүхий сууцтай айл өрх, төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, өнгөт металл, цемент, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч зэрэг есөн чиглэлээс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогийн зардлыг төр хариуцах юм. Үүнд мянга гаруй айл өрх, 124 орчим аж ахуйн нэгж хамрагдах учиртай.

Хамгийн гол нь, энэхүү үйл ажиллагааны санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцах бөгөөд 650 орчим тэрбум байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн нурууг хэсэг хугацаанд амраах шийдвэр мэт боловч урд хормойгоороо хойд талаа нөхсөн үйлдэл байж болох. Учир нь, уг шийдвэрийн дараахан үнэгүй юманд нугасгүй байдгийн үлгэрээр дэд станцуудын ачаалал ихсэж, гэмтэл үүсэх, хэсэгчлэн цахилгаан тасрах, эрчим хүчний ажилтнууд шөнө өдөргүй ажиллах зэрэг сөрөг үр дагавар ар араасаа хөвөрсөн. Энэ бүхний цаана ажиллах хүч, цалин хөлс, сэлбэг материал гэхчлэн татвар төлөгчдийн мөнгө урсаж буй. Хэрэглээний төлбөр тэглэх сургаар иргэд цахилгаан халаагуур руу “шуурч”, “100” айл худалдааны төв хэдэн өдөр олны хөлд дарагдаж байгаа тухай манай сонины сурвалжлах баг мэдээлж байсан. Асуудал үүгээр дуусахгүй. Сар орчмын дараагаас иргэдийн дунд “Цахилгааны төлбөр ердийн үеэс 2-3 дахин өндөр гарлаа”, “Тоолуурын заалт зөв хэмждэг үү”, “хавтгайрсан халамж, хариуцлагагүй иргэн төрүүлж байна” гэх мэт хардлага, гомдол, санал дэгдсэн.

Угтаа бол эрчим хүчний эх үүсвэр болон техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан хэрэглэгчийн өмнөх оны мөн үеийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцаж, зөрүүг тухайн айл өрх төлөх ёстой байв. Үл ойлголцлын зөрүү гарч, замбараагүй цахилгааны хэрэглээний улмаас иргэд тооцоогүй төлбөр төлөх шаардлага үүссэн. Ийнхүү сүр дуулиантай эхэлж байсан шийдвэр хэрэгжээд гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Иймд бид энэ удаагийн “Дугаарын онцлох сэдэв” буландаа цахилгааны төлбөрийн хөнгөлөлт цаасан дээр үлдэв үү, иргэдийн амьдрал бодит дэмжлэг болсон эсэх талаар сурвалжилга бэлтгэлээ. Мөн “УБЦТС” ТӨХК-д ирж буй гомдол, мэдээллийг тодруулж, хэрэглэгчдийн байр суурийг сонслоо.

 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Н.АЛТАНЦЭЦЭГ

ГЭР ХОРООЛЛЫН ХЭРЭГЛЭГЧИД ЦАХИЛГААНЫ ДАВХАР ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ БАЙНА

Цахилгааны төлбөр хөнгөлөлтийн хэрэгжилт ямар байгааг тодруулахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн томоохон салбар болох “Сүхбаатар” хэрэглэгчдэд үйлчлэх төвийг зорилоо. Олны хөлийн газар буюу “Жоби” худалдааны төвийн баруун талд байрлах уг төв хөл хөдөлгөөн багатай байх аж. Үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь цахилгааны мөнгөө тушаах хөнгөлөлтөд хамрагдаж байгаа эсэх болон яагаад төлбөр өндөр гарсан шалтгааныг тодруулахаар иржээ. Цахилгааны төлбөр нь сая гаруй төгрөг гарсан иргэн Ц.Цэрэнбалжиртай цөөн хором ярилцлаа. Тэрбээр, “Би өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд эрчим хүчний лавлах 7004-7004 дугаар руу залгаж, шөнийн тоолуур хөнгөлөлтөд хамрагдах боломжтой эсэхийг тодруулсан. Тухайн үед танайд төлбөрийн үлдэгдэл байхгүй учраас тоолуураа тавиулж болно гэх хариу өгсөн. Гэтэл арванхоёрдугаар сарын 31-нд “Хэрэглэгч та цахилгааны төлбөрийн сая гаруй төгрөгийн өртэй байна” гэсэн мессеж гар утсанд ирсэн. Учрыг нь тодруулахаар лавлах дугаар руу 30 удаа залгаж байж холбогдсон.

Тэгэхэд танай хэрэглээний хуримтлагдсан төлбөр байна гэсэн. Уг нь манайх цахилгаан хэрэглээнийхээ төлбөрийг цаг тухайд нь төлдөг юм. Энэ явдлаас хойш удалгүй шаардах хуудас ирсэн. Гайхаад Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр ирж учир байдлаа хэлэхэд, танайд орж тоолуур бичихэд хүндрэлтэй айл гэж байна. Тэгээд төлбөрийн үлдэгдэл чинь хуримтлагдчихаж, яаралтай төлөхгүй бол цахилгаан хязгаарлана гэсэн. Гэрлийн байцаагчийн хариуцлагагүй байдлаас болж их хэмжээний төлбөрийн асуудалд уначихлаа. Одоо төв байгууллага руу хандах бодолтой байна” гэж ярьсан юм. Энэ мэтчилэн төлбөрийн үлдэгдэл, хэрэглээний зөрүүгээ тулгахаар яваа хүн цөөнгүй байв. Ташрамд дуулгахад, Сүхбаатар дүүрэгт одоогийн байдлаар 36959 хэрэглэгч бүртгэлтэй байгаагийн 2721 нь аж ахуйн нэгж байгууллага байна. Үүнээс 2421 нь цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгааг албаны эх сурвалж хэлсэн юм. Мөн тус төв гэр хорооллын 11767, орон сууцны 22471 хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг аж.

 

“УБЦТС” ТӨХК-ИЙН МАРКЕТИНГИЙН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХ-ЭРДЭНЭ: ХЭРЭГЛЭГЧИД ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭЭС ӨМНӨХ САРУУДЫН ҮЛДЭГДЛЭЭ ЗАЙЛШГҮЙ ТӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

Иргэдээс ирж байгаа гомдол мэдээлэл болон цахилгааны төлбөр төлөлтийн талаар “УБЦТС” ТӨХК-ийн Маркетингийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Хэрэглэгчид ихэвчлэн хэрэглээний өсөлт, төлбөрийн дүнтэй холбоотой асуудлаар хандаж байна. Гэхдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад гомдол, мэдээлэл багассан. Ирж буй гомдол, санал хүсэлтийг шалгаж, өмнөх оны мөн үетэй харьцуулж байна. Цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоож, ихэнх иргэн цахимаар ажиллаж, урьдынхаас хавь илүү цаг хугацааг гэртээ өнгөрүүлж байгаа учраас цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хэрэглэгч үүнийг ойлгохгүй бухимдаж байна. Мөн иргэд цахилгаан халаагуур авахдаа ямар хүчин чадалтай, хэр хэмжээний эрчим хүч зарцуулдаг талаар анхан шатны ойлголтгүй худалдан авдаг. Тэгээд гэнэт цахилгааны төлбөр өндөр гарсанд гайхаж, гомдоллодог. Бидний зүгээс хэрэглэгчдийн гомдол, мэдээллийг газар дээр нь шуурхай шалгаж, шийдвэрлэхээр ажиллаж байна.

ШӨХТГ-аас нэг, хоёрдугаар сард хэрэглэгчийн гомдолтой холбоотой мэдээллийг газар дээр нь шалгасан. Нийт 52 гомдол мэдээллийг шалгахад нэг айлын тоолуураас хоёр өрх хэрэглэх, шинээр тавьсан халаагуурынхаа хүчин чадлыг мэдэхгүй байх гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн. Хэрэглэгчдийн гомдол, мэдээллийг 7004-7004 дугаарт хүлээн авахаас гадна есөн хэрэглэгчийн төв дээр нэмэлт утас ажиллуулж байна. Хэрэв цахилгааны төлбөрийн талаар эргэлзээтэй байгаа бол манай байгууллагад хүсэлт гаргаж, шалгуулж болно. Түүнчлэн манай тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дараагийн шатны байгууллагад өргөдөл, гомдол гаргах боломжтой. Тухайлбал, Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн газарт хандаж болно.

 

ИРГЭД ЯРЬЖ БАЙНА

Г.ЭНХБААТАР: ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭ УЛАМ НЭМЭГДЭЭД БАЙГАА НЬ МӨНГӨ УГААХ НЭГ АРГА

Миний хувьд цахилгааны хэрэглээ, төлбөр дээр ихэд хянамгай ханддаг. Манайх сардаа 20-25 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Тиймээс сард 25 мянга орчим төгрөг төсөвлөдөг. Гэтэл тогны мөнгө тэглэснээс хойш 30 мянга хүрэх боллоо. Миний хувьд энэ асуудал дээр хоёр, гурван удаа гомдол гаргасан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Уг нь манайх төр засгаас төлбөрийг нь даахаар боллоо гээд замбараагүй цахилгаан хэрэглээгүй. Ер нь хүүхдүүддээ ч хэлдэг. Энэ бол ухамсрын асуудал шүү. Улс орны төсөв мөнгө гэдэг эцсийн дүндээ бидний л зүйл гэж үздэг учир хүндэтгэлтэй ханддаг. Гэсэн ч улам нэмэгдээд байгаа нь төрийн мөнгө угаах нэг арга юм уу гэсэн таамаг үүсэж байна. Ингэж тэглэсэн гэдэг нэрэн дор мөнгө завшиж, иргэдийг хуурахаа зогсоогоосой.

 

И.НАРАННОМИН: ТОГНЫ МӨНГӨ БУУРАХГҮЙ БОЛ ШИЙДВЭРЭЭ БУЦААХ ХЭРЭГТЭЙ

Долоодугаар сарын 1-н хүртэл айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг төрөөс даах шийдвэр хоёр талтай харагдаж байна. Нэгдүгээрт, цар тахлын улмаас ажилгүй, орлогогүй болсон айлуудад дэм тустай шийдвэр. Нөгөөтэйгүүр төр ус, цахилгааны мөнгийг даана гэсэн хэнэггүй байдал газар авлаа. Үнэгүй юм чинь хязгааргүй хэрэглэе, хамаагүй үрж болно гэх сэтгэхүйгээр хандсанаас болж улс оронд ихээхэн хохирол учруулж буй. Ерөөсөө төр алив зүйлийг нь шийдэж өгөх тусам иргэд нь муу зан суудаг буруу зуршил бий. Тийм болохоор л цахилгааны хэрэглээ өмнөхөөсөө их гарч байна гэсэн шүүмжлэл үүсээд байгаа юм.

 Цаашид айл өрхүүдийн цахилгааны тоолуур өмнөхөөсөө их гараад байвал долдугаар сараас өмнө хэвийн горимд шилжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төр гаргасан шийдвэрээ буцаах хэрэгтэй байх.

 

А.ОТГОНЗАЯА: ГУРВАН САРЫН ХУГАЦААНД 67 МЯНГАН ТӨГРӨГ ХЭМНЭЛЭЭ

Би Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Ердийн үед манайх сардаа 29 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлдөг. Ингэснээр манайх жилд тогны мөнгөнд 348 мянга орчим төгрөг төлнө. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш цахилгааны төлбөрийг төр хариуцах болсноор тог, усны мөнгө төлсөнгүй. Зарим айлын хувьд зөрүү гараад байна гэсэн ч манайд тийм асуудал үүсээгүй. Ингэснээр гурван сарын хугацаанд 67 мянган төгрөг хэмнэсэн байна.

 

Э.УЯНГА: ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Төр засгаас ус, цахилгааны төлбөрийг тэглэсэн ч сарын хураамж нь буураагүй. Хэвийн үед бол 30-40 мянган төгрөг гардаг байсан. Цахилгааны төлбөрийг тэглэснээс хойш зарим үед 40 мянга давж байна. Уг нь манай гэрийнхэн өглөө гараад орой ирдэг болохоор цахилгааны хэрэглээ харьцангуй бага. Гэсэн ч өмнөх гардагаасаа улам нэмэгдээд байгаа юм. Тэгээд УБЦТС-руу залгаад ямар учраас өндөр гарч байгааг асуухаар “Танай тоолуурын заалт ийм байна. Цахилгааны төлбөр тэглэдгээрээ тэглэж байгаа” гэсэн хариу өгдөг. Тэгэхээр төр засаг гаргасан шийдвэрийнхээ бодит үр дүнг эргэн нэг харахгүй бол бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг хэлмээр байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН