Улс Монголынхоо гал голомт, туурга тусгаар байдлыг бат найдвартайгаар батлан хамгаалж, түүхэн сорилт, шалгуур бүрийг ялгуусан туг, ялалтын уухайгаараа мөнхөлж, баатарлаг тэмцэл, бадрангуй үйлсээрээ дархалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг Монголынхоо нийт ард түмэн, иргэд залуучууд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн эх орончид, алба хаагчид, зорилго нэгт хамтран зүтгэгчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол цэргийн түүх дэндүү аугаа хийгээд баялаг. “Монголын түүх бол монгол цэргийн түүх юм” гэсэн үзэл санааг олон эрдэмтэн судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүх, түүний хөгжил, төлөвшил ч өнөөгийн Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой, харилцан шүтэлцээтэй явж ирснийг бид мэднэ.

Монгол эх орны маань эрх чөлөө, тусгаар тогтнол нь монгол нутгийнхаа алтан хөрсөнд шингэсэн үе үеийн баатарлаг эрс, халуун эх орончдын хальсан амь, урссан цус, асгарсан хөлсний дусал бүрээр хэмжигдэх үнэ цэнтэйг түүхэн ой тохиож буй энэ цаг мөчид залуу хойч үедээ ойлгуулж, нандигнан эрхэмлэж явах учиртайг ухааруулахад энэхүү түүхт ой, тэмдэглэлт арга хэмжээний зорилго, утга учир оршиж байгаа юм.

Эдүгээ 74 дэх жилдээ албан ёсоор тэмдэглэж байгаа Зэвсэгт хүчний ойн баяр бол Монголын ард түмний хувьд томоохон тэмдэглэлт баяруудын нэг, цэрэг эрсээ хүндэтгэж, тэднийхээ байгуулсан гавьяа, үйл хэргээр бахархаж ирсэн уламжлалын гүн бат илэрхийлэл юм.

Өвөг дээдсийнхээ баатарлаг, дайчин замналын залгамж халаа болсон өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлс болон эх орныхоо бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, Монгол цэргийн буурал түүхийг алдар гавьяаны алтан хуудсаар улам бүр баяжуулсаар байгаад сайдын хувьд туйлын сэтгэл хангалуун байна.

Миний бие Батлан хамгаалахын сайдын өндөр, хариуцлагатай албанд томилогдон ажиллах хугацаандаа салбарынхаа хөгжлийг улам урагшлуулах чин хүсэл, эрмэлзлэлээ бодит ажил хэрэг болгохын төлөө төрийн хууль, бүрэн эрхийнхээ хүрээнд хичээнгүйлэн ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаа уламжлахад таатай байна. Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг өнөөгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангах, улс орны бүтээн байгуулалтад зохион байгуулалттайгаар оролцон хувь нэмрээ оруулах, Зэвсэгт хүчний хөгжлийн санг арвижуулах шинэ эх үүсвэрийг бий болгох, тодорхой хөрөнгийг төвлөрүүлэх замаар Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад буй зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх, цэргийн сургалт, бэлтгэлийн түвшнийг бодитойгоор дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулж, ажиллаж, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, цар тахлын халдвараас бие бүрэлдэхүүнийг урьдчилан сэргийлэх, эх орноо хамгаалагч дайчдынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах зэрэг олон үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Батлан хамгаалах яамнаас дэвшүүлж байгаа бодлого, зорилтын хүрээнд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Амжилт, бүтээл бүрийн ард үүрэг, зорилгоо ухамсарласан эгэл жирийн байлдагчаас эхлээд шат, шатны захирагч, дарга нар, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүний сэтгэл, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн байдаг нь бахархалтай. Ухамсарт үйл хэргээ салбарынхаа хөгжил, дэвшлийн төлөө зориулан буй эрхэм Та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж, өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!

Эргэх орчлонгийн юмс үзэгдэл бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ой тохиож буй цаг дор бид хамтдаа эх орноо батлан хамгаалах үйлст зорилго, сэтгэл нэгдэн алба хааж байна. Бидний алба хааж буй энэ цаг хугацаа, түүхэн торгон мөч дахиж хэзээ ч давтагдашгүй билээ. Тиймээс хүн бүр өөрийн хариуцсан ажил, албан тушаалдаа эзэн нь байж, хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй, ирээдүй хойч үеийнхээ өмнө тамгалсан алтан мөртэй, гэгээн үйлстэй байх нь Та бидний эрхмээс эрхэм чухал үүрэг юм.

Ахмад үеийнхнийхээ бий болгосон хөгжлийн суурин дээр Зэвсэгт хүчнээ шинэ цагийн хөгжил дэвшилтэй нийцүүлэн хөгжүүлэх 2 дахь зуун руу хамтдаа хөл тавин алхан орж байна. Хөгжил, шинэчлэлийг гүнзгийрүүлэх асуудалд салбарын бодлого, төлөвлөлт нэн чухал нь мэдээж. Үүнээс дутахгүй хүчтэй нэг гол асуудал бол бие хүний хөгжлийн буюу хүний хүчин зүйлтэй холбоотой асуудлууд юм. Эх орноо батлан хамгаална гэдэг ойлголт өнөө цагт олон шинэлэг ойлголт, ухагдахуун, үзэл хандлагын дунд оршиж байгааг Та бүхэн анзаарч байгаа биз ээ. Тиймээс бид мэдээллийн энэ эрин зуунтай хөл нийлэн алхаж өөрийгөө бүрэн танин мэдэх, өөрийгөө тал бүрээр хөгжүүлэх, өөрийнхөө нэрийг хичээж, үргэлж сайнаар гаргахыг эрмэлзэхээс Зэвсэгт хүчний шинэ зууны хөгжил эхлэх юм. Эх орноо батлан хамгаалах үйл хэрэг салбарынхаа нэр хүндийг хамгаалахаас, өөрийнхөө нэр төрийг цэвэр, ариун байлгахаас эхэлнэ гэж товчхондоо ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчин маань нэр хүндтэй, хүчтэй, хөгжил дэвшилтэй байж гэмээ нь сая улс орноо найдвартай батлан хамгаалах үндэс, суурь улам бүр баттай тавигдаж бид хамтын хүчээр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ эрчимтэй хөгжүүлж чадна.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Танд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, цаашдын ажил, албанд тань арвин их амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ДОГШИН ИХ ХАР СҮЛДНИЙ ЗАЯА ХИЙМОРЬ, АРИУН ТУНГАЛАГ ХӨХ ТЭНГЭР МААНЬ МОНГОЛ ЦЭРГЭЭ МӨНХӨД СОЁРХОХ БОЛТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР