Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн тав хоногийн хөл хорио тогтоосон. Үүнтэй зэрэгцэн тус хорооны засаг дарга ажлаа хүлээлгэж өгсөн болон хөл хорио тогтоох гэнэтийн шийдвэрт дургүйцсэн иргэдийн эсэргүүцэл, бухимдал гээд олон асуудал үүссэн юм.

Үүнтэй холбоотойгоор иргэд төмөр замын гарц давж хулгайгаар замын хөдөлгөөнд оролцох, яаралтай ажилтай хэмээн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх зөрчлүүд ихээр гарч байгаа бөгөөд өчигдөр тус хорооны нэгэн иргэн хүнсний тээврийн машины бараа хадгалах зориулалттай эсгийнд нуугдаж гарах гэж байгаад баригдсан тохиолдол гарчээ. Тус хорооны иргэдийн хүнсийг тасалдуулахгүйн тулд өдөр бүр хүнс тээврийн болон хогны машин орж, гарч байгаа бөгөөд дээрх иргэн хүнсний тээврийн машины чингэлэгт эсгийнд ороогдсон байдалтай гарах гэж байгаад хяналт тавьж байгаа цагдаагийн алба хаагчид баригджээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Хөл хорио тогтоох тухай мэдээллийг эрт зарлавал оршин суугчид гараад явчихдаг тул орой зарласан" хэмээн тайлбарлаж байсан юм.