Халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ажиллалаа.

 

Тэрбээр "Халдварын тохиолдол эрс нэмэгдсэн тохиолдолд "Улаан" түвшин рүү орох нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тархалт өндөртэй олон газар тусгаарлалт хийж ирсэн. Энэ хүрээнд БЗД-ийн 26 дугаар хороонд 5 өдрийн хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан иргэдийн санал гомдол ирж, харамсалтай явдал тохиолдлоо.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хөл хориог гуравдугаар сарын 20-ны өглөө цуцална. УОК-оос "Улбар шар" түвшинд шилжсэн, цаашдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалан "Улаан" түвшинд ч бүх нийтээрээ шилжих эрсдэл бий. Ийм нөхцөлд орохгүйн тулд халдварын дэгдэлт ихтэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоож ажиллана. 

 

Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан байна. Энэ тоо тус хороонд хөл хорио тогтоох үндсэн шалтгаан юм.

 

Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хорооны 17,000 гаруй иргэдээс PCR шинжилгээг авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмээ 2021 оны гуравдугаар сарын 20-ны өглөөний 06:00 цагт цуцлах чиглэлийг өгч байна" гэлээ. 

БЗД-ИЙН 26 ДУГААР ХОРООНД ХОЁР ХОНОГТ 28 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "БЗД-ийн 26 дугаар хорооны 1,100 өрхийн 17,550 хүнээс 2 хоногийн хугацаанд шинжилгээ авсан. Ингэхэд 28 батлагдсан тохиолдол гарлаа. Баянзүрх дүүрэгт 3 сарын хугацаанд өндөр идэвхжилттэй голомтолсон халдвар гарч байсан.

ХӨСҮТ болон ЭМЯ тандалтын судалгаа хийж тус хороонд хэсэгчилсэн болон голомтын тандалт хийх шаардлагатай байна гэж үзсэн. Одоогоор 500 орчим хүний шинжилгээний хариу гараагүй байна. Өнөөдрөөс тус хорооны иргэдэд вакцин хийж эхэлсэн. Мөн ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэж дууссан" гэв.