Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор нийслэлд өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сар болон энэ оны эхээр ч тодорхой хугацаанд хөл хорио тогтоосон. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор хайбрид хөдөлгүүртэй машины батарей доголдох, нурах нь өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн байна. Учир нь, хайбрид автомашиныг өвлийн хүйтэнд удаан хугацаанд асаахгүй байлгах нь батарей доголдох, нурах эрсдэл үүсгэдэг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Н.Мөнхдэлгэр импортоор орж ирсэн приус маркийн автомашин худалдан аваад жил хүрээгүй батарей нь суусныг өвөл удаан хугацаанд асаалгүй орхисонтой холбон тайлбарлалаа. Тэрбээр “Би өнгөрсөн оны долоодугаар сард улсын баяр наадмаас өмнө Тоёото акуа маркийн автомашиныг импортоор орж ирсэн даруйд нь худалдан авсан. Гэвч энэ оны хоёрдугаар сард автомашины батарей доголдож, засварын газарт оношлуулахад “Батарей нь нурсан байна” гэсэн.

Уг нь миний машин 2013 онд үйлдвэрлэгдсэн. Батарей нь 10 жилийн баталгаатай гэж сонссон. Баталгаат хугацаа нь дуусаагүй баймаар юм. Хөл хорионы үед удаан хугацаанд машинаа ашиглаагүй. Энэ нь батарей муудахад нөлөөлсөн байж болзошгүй гэж автомашин засварын инженер хэлсэн. 

Автомашиныхаа батарейг таньдаг засварын газраар 750 мянган төгрөгөөр солиуллаа” гэв. Ийм учраас өдөрт багадаа 20 минут асааж, автомашиныхаа батарейг цэнэглэж байх ёстойг автомашины засварын инженерүүд онцолж байна. “Хайбрид автомашин хэрэглэгч өвлийн улиралд дулаан зогсоолд машинаа хонуулах хэрэгтэй. Нэгэнт бидэнд хангалттай зогсоол байхгүй тул дулаан хучлага хэрэглэх нь зөв. Хучлага дулаан зогсоолыг гүйцэхгүй ч гадаа хасах 30 градус байхад хучлага дотор хасах 20 орчим байдаг” гэж зөвлөж байсан юм. Зам тээврийн хөгжлийн яамны 2019 оны статистик мэдээллээр улсын хэмжээнд нийт 934510 автомашин бүртгэлтэй байна. Нийт автомашины 70.1 хувь нь бензин болон хосолсон хөдөлгүүртэй (хайбрид), 27.9 хувь нь дизель, хоёр хувь нь газ, 0.03 хувь нь цахилгаанаар ажилладаг хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл байна. Нийт автомашины 70.1 хувийг бүрдүүлж буй 570286 тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь хосолсон хөдөлгүүртэй буюу хайбрид машин эзэлж байгаа юм.

 

Г.МАШБАТ: ХАЙБРИД АВТОМАШИНЫГ ӨВӨЛДӨӨ ЗААВАЛ 20 МИНУТ ХАЛААХГҮЙ БОЛ БАТАРЕЙНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

“Prius tsenter” засвар, үйлчилгээний газрын засварын инженер Г.Машбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хөл хориотой холбоотойгоор хайбрид автомашины батарей муудсан тохиолдол их байна гэж сонслоо. Энэ үнэн үү. Хайбрид автомашины батарейтай холбоотой засвар үйлчилгээ хийлгэх жолоочийн тоо энэ өвөл өмнөх жилүүдээс нэмэгдсэн үү? ­

-Батарей алдаатай, доголдолтой автомашины тоо нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор автомашиныхаа батарейг солиулах гэж ирж буй жолооч олон байна. Хөл хорио автомашины батарейнд нөлөөлж байгаа. Машинаа асаахгүй удахаар батарейны вольт нь их, бага болж хэлбэлздэг.

-Хайбрид автомашин хэрэглэгч нар автомашиныхаа батарейны хэрэглэх хугацааг удаашруулах, хэвийн хэмжээнд ашиглахын тулд яах ёстой вэ?

-­Өвлийн нөхцөлд автомашинаа уналгүй зогсоолд байршуулж буй үедээ өдөрт багадаа 20 минут асааж байх хэрэгтэй. Тэгвэл машины батарейны цэнэг хэвийн байна. Хайбрид машиныг унаж яваа жолооч батарей нь дүүрээд, бензин мотор нь амрах үед унтрааж занших хэрэгтэй. Тэгвэл өглөө автомашинаа асаахад ямар нэгэн доголдол үүсэхгүй. Нөгөө талаар батарейны насжилт гэж бий. Тоёотой компаниас үйлдвэрлэж буй батарейнд 10 жилийн баталгаа өгдөг. Гэтэл Монголд импортоор орж ирж буй ихэнх автомашин 150 мянгаас дээш км явсан байдаг. Өөрөөр хэлбэл, Япондоо олон жил хөдөлгөөнд оролцсон, үйлдвэрээс гараад 10 жил болсон автомашин ч орж ирдэг. Батарейны ашиглалтын хугацаа дууссан бол өвлийн нөхцөлд доголдох, саатал гарах эрсдэлтэй. Замын хөдөлгөөнд оролцож буй автомашины 80 орчим хувь нь үйлдвэрээс гараад 10-аас дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл байгаа юм. Тодруулбал, нийт тээврийн хэрэгслийн 801594 буюу 76.8 хувь нь 10-аас дээш жил, 175722 буюу 16.8 хувь 7-9, 32424 буюу 3.1 хувь нь 4-6, 33300 буюу 3.2 хувь нь 0-3 жилийн насжилттай байна. 

“Тоёото” компанийн лабораторын үзүүлэлтээр бол приус маркийн автомашины батарей 290 мянган км замд хэвийн ажиллах нормтой аж. Гэтэл Монголд орж ирж буй автомашины ихэнх нь 150-200 мянган км, түүнээс дээш гүйлттэй байдаг юм байна. Тиймээс 3-4 жилийн дараа батарей нь доголдох эрсдэл өндөр гэсэн үг. Гэхдээ өвлийн нөхцөлд жолооч автомашинаа хэрхэн хэрэглэж, арчлахаас шалтгаалах нь ч бий юм.

 ПРИУС АВТОМАШИНЫ БАТАРЕЙНЫ ҮНЭ 150-200 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ

Хайбрид автомашины батарейгаа солиулах жолооч нарын эрэлт нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор батарейны үнээ ч худалдаа эрхлэгчид нэмсэн байна. Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй нийт суудлын автомашины 23.6 хувийг приус маркийн автомашин эзэлдэг. Тодруулбал, 2019 онд улсын хэмжээнд 158692 приус cуудлын автомашин бүртгэгдсэнээс нийслэлд 120773, орон нутагт 37919 нь хөдөлгөөнд оролцож буй статистик мэдээлэл байгаа юм. Иймд суудлын автомашины багагүй хувийг эзэлдэг приус маркийн автомашины үнэ нэмэгдсэн аж. Авто худалдаа, засвар үйлчилгээний зарим төвийнхөн приус маркийн автомашины батарей дууссан гэх мэдээллийг ч өгч байлаа. Приус маркийн автомашин хэрэглэгчдийн тогтмол очиж, засвар үйлчилгээ авдаг гол засварын газар нь “Prius tsenter” юм. 

Тус засвар, үйлчилгээний газар Улаанбаатар хотод дөрвөн салбартай. Энд өнгөрсөн оны аравдугаар сард “Приус акуа” маркийн автомашины батарейг 630 мянган төгрөгөөр сольж, засвар үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 830 мянга болж нэмэгджээ.

Мөн “Приус 20” маркийн автомашины батарей нэг сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 1.1 саяыг давжээ. Приус автомашины батарейны үнэ нэмэгдсэн асуудлыг “Prius tsenter” засвар, үйлчилгээний газрын ахлах оператор н.Дэлгэрмаагаас тодруулахад “Батарей импортоор орж ирэхдээ үнэ нэмэгдсэн байсан. Задалсан нэг ширхэг батарей бүр дээр үнэ нэмэгдсэн. Тухайлбал, “приус акуа” маркийн автомашины батарейг бүтнээр нь солиход 20 ширхэг батарей шаардагддаг. Нэг ширхэг батарей бүрийн үнэ Японоос ирэхдээ нэмэгдсэн. Тийм учраас үнэд өөрчлөлт орсон. Тодорхой мэдээллийг хангамж, борлуулалтын албанаас тодруулаарай” гэв. Иймд “Prius tsenter” засвар үйлчилгээний газрын маркетингийн менежер М.Элбэгзаяагаас тодруулахад “Приус автомашины батарейны үнэ нэмэгдсэн нь хэд хэдэн шалтгаантай. Валютын ханш нэмэгдсэн учраас импортоор орж ирэх үнэ өссөн.

Мөн батарей импортоор худалдан авахад цаанаасаа олдоц муутай байна. Тэр тусмаа “приус акуа” маркийн автомашины батарей импортоор ховор ирж байгаа. Мөн приус 20, 30 маркийн автомашины батарей ч ховордсон. Эрэлт ихэссэнтэй холбоотойгоор үнэ нэмээгүй. Хөл хориотой холбоотойгоор гааль дээр ч саатаж байна” гэлээ. Тус автомашины засвар, үйлчилгээний төвд приус маркийн автомашины батарей дууссан байв. Харин “Toyoto pruis service” засвар, үйлчилгээний газар “Приус 20” маркийн автомашины батарейг 850 мянган төгрөгөөр сольж байв. Засвар үйлчилгээний төвүүд батарейны үнэ нэмэгдсэн шалтгааныг ийнхүү тайлбарлаж байна. 

Зарим автомашины засвар үйлчилгээ эрхлэгчдийн хувьд импортоор орж ирэх батарейнд үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй гэж байв. Чингэлтэй дүүргийн 32­ын тойргийн замд байрлах “Авто засварын төв”­ ийн инженер Н.Болд “Автомашины батарейны доголдолтой, солиулах шаардлагатай жолооч нар их хандаж байна.Батарейны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Манайх цөөн тоогоор приус автомашины задаргааны батарей борлуулдаг. Приус 20 маркийн автомашины батарей 850­900 мянган төгрөгөөр борлуулдаг. Эрэлт ихэссэн нь үнэ нэмэх шалтгаан болсон байх” гэлээ. Ямартай ч “Ковид­19” цар тахалтай холбоотой хөл хорио хайбрид автомашины батарейнд нөлөөлж, жолооч нарыг автомашинаа зөв хэрэглэж, шаардлагатай засвар үйлчилгээ хийлгэхийг сануулаад амжжээ. Харин жолооч нарын “эмзэг” асуудлыг далимдуулж, засвар үйлчилгээний газрууд батарейны үнээ нэмсэн бололтой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ асуудалд анхаарал хандуулж, хяналт шалгалт хийх нь зүйтэй болов уу.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН