Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан

 "Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх шийдвэрийг танилцуулъя. Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглож байна.

Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглож байна.

Халдварын тархалт өндөртэй Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын улаан түвшинд гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Халдварын тоо буурахгүй тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд эрсдэл тархалтыг бууруулах чиглэлээр ажиллана.

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дараагийн вакцины татан авалтууд орж ирнэ. Синофарм үйлдвэрийн 300 мянган тун вакцин, ОХУ-ын спутник вакцины сая тунгын татан авалт эхэлж, ингэснээр одоо байгаа вакцины нөөцтэй нийлүүлж, Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тиймээс аль аль талдаа үүсэж байгаа эрсдэл дүгнэлт хийж, аль болох нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх нь бүх талын оролцооноос шалтгаалж байгаа. Заавал хатуу хөл хорио тогтоож, цагдуулж байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна" гэлээ.