ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  энэ сарын 1-нд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудал болон хэргийн нөхцөл байдлын тухай сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.  Түүний ярилцлагыг хүргэж байна.

 

-Дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын хүмүүст ял оноолоо. Ингэснээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдож байна. Та шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?

 

-Намайг энэ хэргийн талаар ярихаар л албан тушаал ахих гэж байна гэж харддаг.  Улс төрийн сонгуульгүй үед ч  би энэ хэргийн талаар ярьж ирсэн.  2016 оны гуравдугаар сард Тагнуул,  прокурорын байгууллагад би “Хэргийг худлаа шалгаж байна, алдаа гаргах магадлал өндөр байна”  гэсэн бичиг явуулсан. Энэ бичигтэй хамт Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа гэдэг эмэгтэйн захидлыг хамт шилжүүлэх бичигтэйгээр хүргүүлсэн. 2016 онд хэргийг анхан шатны шүүх дээр хэлэлцэж байх үед би нэг удаа намынхаа бүлгийнхээ хурал дээр ярьсан.  Би намынхаа гишүүдэд "Хаалттай шүүх хурлаар энэ хэргийг ингээд хаах гэж байна" гээд ярьж байсан юм. Тэр хурлын протоколыг ч өгч болно. Дараа нь бас хоёр удаа бүлгийн хурал дээр ярьсан.

-Хууль бус гүйцэтгэх ажиллагааг Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат гардан явуулсан.   Ингэхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн даалгавраар эрүүдэн шүүх ажиллагааг гүйцэтгэсэн.

 

-Г.Эрдэнэбат прокурор таныг энэ хэргийн захиалагчийг мэдэж байгаа хүн гэж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

 

-“Энэ захиалагч нь” гэж хамгийн ихээр шалгасан хүн чинь Г.Эрдэнэбат өөрөө шүү дээ. Г.Эрдэнэбат 2012 оноос хэргийг шалгах ажлын хэсгийг ахалсан. Г.Эрдэнэбат дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, гүйцэтгэх ажиллагааг шууд удирдсан. Эрүүдэн шүүсэн ажиллагаа Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын гарын үсэгтэйгээр явагдсан. Хоёрдугаарт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Гуравдугаарт, улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн. Дээр үеийн нэг кино дээр кино механикч нь бүх дүрд тоглодог доо.  Тэрэн шиг бүх ажиллагааг Г.Эрдэнэ­бат гэдэг хүн хийсэн. Уг нь бол мөр­дөн байцаагч, улсын яллагч нарт хяналт тавьдаг прокурорууд бүгд тус­даа байдаг.  Дөрөвдүгээрт, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг бас хийсэн. Энэ мэтээр бүх зүйлийг Г.Эрдэнэбат өөрөө хийсэн. Хийсэн зүйл нь дандаа хуулиар хорьсон зүйл байдаг.  Мөн бүгдийг даалгавраар хийсэн.

 

-Хэний даалгавраар хийсэн бэ?

 

-Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн даалгавраар эрүүдэн шүүх ажиллагааг гүйцэтгэсэн.  Энэ асуудлыг хоёр удаа ҮАБЗ-өөр хэлэлцэхэд хоёуланд нь Ц.Элбэгдорж гишүүн байсан. 1998 онд Ерөнхий сайд байсан. 2012 онд хэлэлцэхэд Ерөнхийлөгч байсан. Улайм цайм алуурчид гээд хамгаалаад байсан биз дээ.   Улмаар эрүүдэн шүүсэн энэ ажиллагаанд Монголын хуулийн зургаан байгууллага оролцсон. АТГ, ТЕГ, Цагдаа, Шүүхийн шийдвэр, прокурор, шүүх бүгд оролцсон.  Хорих асуудлыг шүүхийн тогтоолоор баталдаг шүү дээ.  Яг 1937 оны Онцгой комиссын аргаар энэ эрүүдэн шүүлт явагдсан.

 

-Г.Эрдэнэбат таныг хэргийн захиалагчийг нууж, хэргийг удаашруулж байна гэсэн?

 

-Би амьдралдаа худлаа ярьж байгаагүй.  Миний ярьсан бүх зүйл, протоколтой үнэн. Захиалагчийн тухайд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат талбай дээр нэг үг хэлсэн дээ. "Энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татаж шалгаад хэргийг нь хаасан" гэж хэлсэн. Мөн хамсаатан нь гэж үзээд Булган, Ганхуяг нарыг барьж хорьсон. 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан нь үнэн шүү дээ. Э.Бат-Үүл тухайн үед өөрөө "Намайг хүн амины хэрэгт яллагдагчаар татчихлаа. Хүн амины хэрэгт" гээд мэдэгдэл хийж байсан.   Улс төрийн зүтгэлтний аминд халдах гэх үндэслэлээр Бархасбадь гэдэг мөрдөн байцаагч Э.Бат-Үүл нарыг бүр нотлогдсон гэдэг тодотголтойгоор яллагдагчаар татсан.   Ганхуяг, Булган, Содномдаржаа, Чимгээ, Э.Бат-Үүл нарыг бүлэглэн амь насанд нь хүрсэн гэж үзсэн.  Гэвч удахгүй хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хаасан.

-Энэ ажиллагаанд Монголын хуулийн зургаан байгууллага оролцсон. АТГ, ТЕГ, Цагдаа, Шүүхийн шийдвэр, прокурор, шүүх зэрэг.    Яг 1937 оны Онцгой комиссын аргаар энэ эрүүдэн шүүлт явагдсан.

-Тэгэхээр та захиалагчийг мэдэхгүй гэж хэлэх гээд байна уу. Э.Бат-Үүл юм уу?

 

-Дээрх шиг энэ хүмүүс хэрэг бүрдүүлсэн.  Гэхдээ нотолж чадаагүй.  Тэгээд  Булган,  Ганхуяг нарыг гаргасан. Э.Бат-Үүлийнхийг хэрэгсэхгүй болгосон. Тэгж хэрэг үүсгэж, 10 орчим хүн татсан хэрнээ, хөдөөний хоёр ядарсан хүнийг шорон руу шидсэн дээ. Захиалагчийг би яаж мэддэг юм.

 

-Захиалагч нарыг шалгах ажлын хэсэг байгаа юм уу, татан буулгасан уу. Х.Нямбаатар сайд та хоёрын мэдээлэл зөрөөд байна?

 

-2016 онд шүүхээс энэ хүмүүст ял өгсний дараа ерөнхий прокурор захиалагчийг нь илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Одоог хүртэл тэр тушаал нь хэвээр байгаа байлгүй дээ.  Захиалгаар хүн алсан гэж Т.Чимгээ,  Б.Содномдаржаа нарыг шийтгэчихээд захиалагчийг нь хайна гэж юу гэсэн үг юм бэ. Хайх үйл ажиллагаа нь хийгдэж байгаа байх. Хамгийн гол нь энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн. Энэ хоёр хүн суллагдах ёстой. Үүнийг би 2016 оноос хойш таван жил ярьж байна.

 

-Г.Эрдэнэбат прокурор энэ хүмүүсийг хангалттай нотлох баримтад тулгуурлаж ялласан гээд байгаа шүү дээ?

 

-Би маш тодорхой ярьж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт хилсээр хэрэг үүрүүлсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн, яргалсан.   Б.Хурц,  Г.Эрдэнэбат нарын хүмүүс нь сая хоёр зүйлээр ял авлаа. Нэг нь эрүүдэн шүүсэн. Дараагийн нь гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн.  Энэ нь тагнуулаас явуулсан гүйцэтгэх ажиллагаанд Г.Эрдэнэбат гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Түүнд прокурор гарын үсэг зурдаггүй юм.

 

-Эрүүдэн шүүх ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг ШШГЕГ-ын ажилтнууд оролцсон. Тэр үед та сайд байсан уу. Үүний цаана таныг байгаа гэж Г.Эрдэнэбат прокурор ярьсан. Энэ талаар юу хэлэх вэ?

 

-Би 2012 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа өгсөн. 2013 оны наймдугаар сард буюу Х.Тэмүүжингийн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн.  Би  2016 онд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа энэ хэргийн талаар ярьж эхэлсэн.  Энэ яргалал явагдах үед би Хууль зүй, дотоод хэргийн сайд байгаагүй. Тэр үед ТЕГ-т байсан ахлах дэслэгч цолтой Отгонбаатар гэдэг хүнийг ШШГЕГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар томилсон. Тэр хүн нь Төв аймгийн хорих газрын хүн яргалдаг газрыг бэлтгэсэн. Тэр хүн үүнийхээ төлөө сая ял авсан. 2013 оны наймдугаар сараас жил гаруйн хугацаанд АТГ-аас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан. АТГ-ын дэд дарга нь Б.Хурц байсан. 2011 оны арваннэгдүгээр сард Б.Хурц дэд даргаар томилогдсон.  Уг нь АТГ  хүн амины хэрэг мөрддөг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг газар биш. Дараа нь  2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад Б.Хурц ТЕГ-ын дарга болсон. 2015 онд гүйцэтгэх ажиллагаа нь эрчимжиж, наймдугаар сард Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг барьж хорьсон. Би яргалалыг илрүүлэх гэж одоог хүртэл яваа хүн.

-Улс төрийн зүтгэлтний аминд халдах гэх үндэслэлээр Бархасбадь гэдэг мөрдөн байцаагч Э.Бат-Үүл нарыг бүр нотлогдсон гэдэг тодотголтойгоор яллагдагчаар татсан.  Ганхуяг, Булган, Содномдаржаа, Чимгээ,  Э.Бат-Үүл нарыг бүлэглэн амь насанд нь хүрсэн гэж үзсэн.  Гэвч хэргийг нотлогдоогүй хэмээн хааж байсан. Үүнээс хөдөөний хоёр ядарсан хүнийг шорон руу шидсэн дээ.

 

-Одоо энэ хүмүүсийг суллах процесс хэрхэн явагдах вэ?

 

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж бий.  Тэр хуулийн заалтаар бол одоо прокурор эрүүдэн шүүсэн байна гээд эсэргүүцэл бичих ёстой. Үүний дагуу Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувь заяа шийдэгдэх ёстой. Өөр ямар ч гарц байхгүй. Дээд шүүх эрүүдэн шүүснийг тогтоолоо шүү дээ. 

 

-Дээд шүүхээс Б.Хурц нарын ялыг нь бууруулж шийдвэрлэсэн шүү дээ. Мөн Энэ хэрэгт Булганыг яагаад гэрчээр оруулдаггүй юм бэ?

 

-Булган арван сар хоригдохдоо гурван удаа мэдүүлэг өгсөн.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг биш ээ л гээд байсан.  Энэ нь хэргийг зохиосон хүмүүст ашиггүй мэдүүлэг байж л дээ.  Тэгээд улайм цайм Булганыг шүүх хуралд оруулаагүй.  Мөн сүүлд нэг бичлэг тарлаа.  Цогцостой харьсан юм шиг  Т.Чимгээтэй харьцаж байгаа биз.  Тийм зүйл байж болохгүй.  Дээд шүүхээс гэм буруутай учраас л ял оноосон гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Маш олон жил хэргийн тухай ярьж байна.  Яагаад илрэхгүй байна.  Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

 

-Хэргийн газар дээр гадны хүн оруулдаггүй. Аравдугаар сарын 2-нд баасан гариг байсан шиг санагдаж байна.  Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүх албан хаагчид эзгүй байсан. Туршлагагүй хэдэн хүн хэргийн газар мөрдлөгө хийсэн.  Хэргийн газарт Ц.Элбэгдорж тэргүүтэй 70-аад хүн ороод гарсан байдаг.  Ингэж л анхнаасаа алдаа гарсан.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин