Т.АМАРТҮВШИН

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг 23 жил Монголын улстөрчдийн мэтгэлцээний сэдэв, улс төрийн оноо авах хэрэгсэл болсоор ирлээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 20 жилийн ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр Улсын Дээд шүүх шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн шийдвэрт эргэлзсэн, нөгөө талдаа хуулийн байгууллага хэргийг илрүүлж, шүүх үнэн зөвөөр шийдсэн гэх хоёр туйлд хуваагдаж, улс төрийн маргаан үргэлжилсээр. Ийм учраас С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргая гэдэг улс төрийн ээлжит шоу өнөөдөр дээд цэгтээ хүрлээ. Өмнө нь гурван ч удаа хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргах асуудал яригдаж, эцэст нь хэсэгчилсэн байдлаар ил болгосон болоод л тухайн улстөрчийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлээд дууссан.

Улсын Дээд шүүхээр хэргийг эцэслэн шийдэж, шүүгдэгч нарт хорих ял оноосны дараа, олон нийтийн итгэл үнэмшлийг төрүүлэх үүднээс улсын нууцаас гаргасан бичлэгийг одоогоос яг дөрвөн жилийн өмнө МҮОНРТ-ээр цацаж байлаа. Нэг ёсондоо Ц.Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс энэ хэргийг үйлдсэн нь үнэн гэх “зохиолын гол дүрд” нь тэр өөрөө тоглож байв. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу хэсэгчилсэн байдлаар ил болгохыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газарт зөвшөөрсөн байна. Ингэж МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр С.Зоригийн хэрэгтэй холбоотой төрийн нууцад хамааруулсан зарим баримтыг олон нийтэд ил болгосон юм.. Харин хоёр дахь удаад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн “Төрийн нууц мэдээллийг ил болгох тухай” тогтоолоор холбогдох эрүүгийн хэргээс зарим дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргасан.

Тодруулбал, Ц.Нямдорж, Ж.Батзандан тэргүүтэй хүмүүсийн санаачилга, шаардлагаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгож байлаа. Эрүүдэн шүүсэн бичлэгийг улсын нууцаас гаргаснаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг хоёр жилийн хугацаанд шалгасан. Энэ хэргийг хэдхэн хоногийн өмнө шүүхээр эцэслэн шийдвэрлэж, дээрх нэр нь дурдагдсан хоёр эрхэмд хорих ял оноогоод байна. Өөрөөр хэлбэл, бичлэгийг улсын нууцаас гаргасан улстөрчдийн зорилго биеллээ оллоо гэсэн үг.

 Гурав дахь нь дээрх хэргийн 61, 62- 482 дугаар хуудас, 13 дэвтэр, долоон гар бичвэр, зэргийг Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 94, 95 дугаар тогтоолоор хэргийн нууцаас гаргаж ил болгосон гэх боловч тэдгээр баримттай танилцах боломжгүй хэвээр байна. Ингэж С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг гурван удаа хэсэгчилсэн байдлаар төрийн нууцаас гаргаж байв.Харин одоо улс төрийн зорилготойгоор хэсэгчилсэн байдлаар төрийн нууцаас гаргадаг асуудлыг цэглэж, бүхэлд нь нууцаас гаргах ёстой гэдэг саналаа хаа, хаанаа илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ тухай саналаа Засгийн газарт хэд хоногийн өмнө хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир албан тоотдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш нэр бүхий улстөрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй ч хэргийн болон шүүх хуралдааны явцад дурдагдсан зарим мэдээллийг өөрсдөд ашигтай байж болохоор хэсгүүдийг олон нийтэд удаа дараа задруулсаар байна. Үүнд төрийн маш нууц зэрэглэлтэй мэдээллийг хууль бусаар задруулсны дараа Засгийн газрын тогтоолоор ил болгож, нөхөн залруулсан хоёр удаагийн асуудал хамаарч байгаа болно. Цаашид ч улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд төрийн нууцыг задруулсаар байхыг үгүйсгэхгүй юм” хэмээн онцолжээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар энэ хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдад тавьсан. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц хоригдохоосоо өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нууцаас гаргаж байж л иргэд тодорхой ойлголттой болно. Түүнээс Ц.Нямдоржийн зохион байгуулж, цацуулаад байгаа ганц нэг бичлэгээр хэргийн учир зангилаа тайлагдаж, иргэд бүрэн ойлголттой болно гэвэл худлаа. Олон нийтэд удаа дараа ганц нэг бичлэг задалж харуулаад тэр болгоноо эрүүдэн шүүсэн гэж тайлбарлаж байна. Ц.Нямдорж энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Хэдэн ч удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. 

Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ” гэжээ. Ц.Нямдоржийн хувьд “Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт хилсээр хэрэг үүрүүлсэн. Ард түмний хардлага сэрдлэгийг тайлах хэрэгтэй учраас хэргийн материалыг ил болгох ёстой” гэсэн байр суурь илэрхийлдэг.Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, энэ хэрэгтэй холбоотойгоор шүүхээс хорих ял сонссон хүмүүсийн ар гэр, өмгөөлөгчид нь улсын нууцаас гаргах ёстой гэдэг дээр санал нэгдэж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг төрийн нууцаас гаргах эрх нь Засгийн газарт бий. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын бүрэн эрх 10.1.5 дахь заалтад “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах эрхтэй” гэж хуульчилсан. Гэхдээ Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд хэргийн материалыг ил болгох асуудлаар Тагнуулын ерөнхий газар санал боловсруулж, Засгийн газарт оруулах ёстой. Тийм учраас Засгийн газар хуралдаж, энэ хэргийг нууцаас гаргах бүрэн эрх нь бий. Энэ хэрэгтэй холбоотойгоор хамгийн чангаар дуугардаг хүмүүс Засгийн газарт гол албан тушаалуудыг хашиж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нар. Ц.Нямдорж энэ хэргийг анх үйлдэгдсэн цагаас нь хамгийн сайн мэдэх хүний нэг.

Улсын нууцаас гаргах ёстой гэдэг байр сууриа илэрхийлдэг. Х.Нямбаатар сайд мөн л энэ хэрэгт сүүлийн жилүүдэд багагүй “оролцсон”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрыг тэргүүлж эхэлснээсээ хойш анхаарал хандуулж, эрүүдэн шүүсэн хэргийн хохирогч болсон Т.Чимгээг очиж “эргэсэн” нь ч бий. Тэгэхээр Засгийн газрыг тэргүүлж буй сайдууд ард түмний эргэлзээг тайлах чинь хүсэл байвал одоо тэдэнд эрх мэдэл нь бүрэн байна. Монголын ард түмэн шүүхийн байгууллагад итгэх ёстой ч өнгөрсөн 23 жил эргэлзээтэй олон зүйл болж өнгөрсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эр зориг гаргаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг нууцын зэрэглэлээс бүхэлд нь гаргаж чадвал, тэд үнэхээр энэ хэргийг үйлдсэн үү, эсвэл хэлмэгдүүлсэн үү гэдэг нь тодорхой болох учиртай. Энэ хэрэгтэй холбоотойгоор олон хүн хэлмэгдэж, зарим нь амиа алдсан. Болж өнгөрсөн үйл явдал ард түмэнд ил болох учиртай. Өмнөх шигээ хэргийн материалыг хэсэгчилсэн байдлаар нууцаас гаргаж, “сэглэж” орхивол энэ хэрэг улстөрчдийн сонгуулийн бай болсоор байх болно. Тийм учраас 23 жил хүлээсэн ард түмний эргэлзээг тайлж, нууцаас гаргаж өгөөч, Ерөнхий сайд аа. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН