Монголын Ногоон Намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.

Монголын Ногоон Нам бол  Монгол улсын улстөрийн ууган намуудын нэг. Танай намаар сонин юу байна вэ?

 

Манай нам хамгийн сүүлд орон нутгийн сонгуульд тодорхой хэмжээний амжилт гаргаж, оролцлоо.Манай намаас ХУД-ийн ИТХ-д нэр дэвшсэн Б.Жагар маань ялалт байгуулж, сонгогдсон.УИХ-ын 2020 оны сонгууль бол их маапаантай болсон. Та бүхэн санаж байгаа бол МАН-аас бусад намууд дээр луйвар явагдсан. Саналын тоо гэнэт 10 000-аар нэмэгдсэн асуудлууд бий.

Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийн авсан гэх саналын тоо тус бүр арав арван мянгаар нэмэгдсэн шүү дээ. Сая АНУ-д явагдсан сонгуулиар бас тийм зүйл болсон. Ж.Байдений санал огцом нэмэгдээд явчихсан.Үүн шиг бас  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үед шөнийн дотор М.Энхболдын санал УИХ-ын гишүүн С.Ганбаатарын саналаас илүү гараад, нэмэгдээд явчихдаг шүү дээ.Энэ хар машинд тэгж огцом нэмдэг программ байх шиг байгаа юм. Үүнийг “хакердана” гэдэг юм уу даа.  Мэдээж тэр хар машиныг хийсэн компани нь бол үгүйсгэдэг биз.

 

МНН 31 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. 1990 оны 03 сарын 08-нд ардчилсан өөрчлөлтийн төлөө өлсгөлөн зарласан хүмүүсээс байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан хүмүүс буюу “Ногоонтны хөдөлгөөн”, “Ногоон зам” хөдөлгөөн тэргүүтэй тухайн үеийн сэхээтнүүд, уул уурхайн чиглэлийн хүмүүс “Ногоон нам” байгуулна гэж анх санал гаргасан. Улмаар 05 сарын 13-нд үүсгэн байгуулах хурлаа хийсэн байна. 1990 оны 05 сарын 26-нд МНН, МСДН, АН гэх мэт таван нам гэрчилгээгээ авсан. Өөрөөр хэлбэл МНН яах аргагүй Монголын анхны намуудын нэг  л дээ. Гэхдээ нэрээ өөрчлөөгүй, үзэл баримтлалаа өөрчлөөгүй ганц нам нь. АН гэхэд л 2000 онд нэгдэж, нягтарсан үйл ажиллагаа явагдаад, тэр нь өдийг хүртэл цэгцрэхгүй, одоо 2 хуваагдчихаад байгаа. МНН бол улстөрийн ууган хүчний хувьд үзэл санаандаа үнэнч, экологийн баримжаатай, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг Монгол улсад бий болгож хөгжүүлнэ. Үндсэн хуулийн 16,2-т Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Экологийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн баталгаатай эдлэх эрх байна. Үүнийг амьдралд хэрэгжүүлэх гэж зорьдог. Энэ заалтыг МНН идэвхитэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд 1992 онд Үндсэн хуулинд оруулсан байдаг. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд байгаль, экологийн хуулиудыг батлуулах ажилд идэвхитэй оролцсон. 1996-2000 онд дөрвөн нам нэгдэж, “Ардчилсан Холбоо” эвсэл байгуулж ажиллаж байх үед экологийн үндсэн гол хуулиудыг бид батлуулж чадсан. Мөн 2008-2012 онд УИХ-ын гишүүн, МНН-ын дарга байсан Д.Энхбат байгаль экологийн олон улсын том том хөтөлбөрүүдийг батлуулж чадсан, сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлуулсан. Олон улсын болон Монгол улсын хэмжээнд МНН-ын идэвхитэй үйл ажиллагааны хүрээнд батлагдсан хууль, эрхзүйн орчин дэлхийн 200 оронтой харьцуулахад дунджаас дээгүүр түвшинд байна гэж үздэг. Сул тал нь байгаль, экологийг хамгаалах хууль нь хэрэгждэггүй юм байна гэж гарсан.

Жишээлбэл: “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” гэж бий. Та бүхэн харж байгаа байх, Улаанбаатар хотын урд байх дэлхийн хамгийн анхны дархан цаазтай уул болох, 1778 онд дархан цаазтай газар болсон Богд уулыг яаж нүхэлж, барилга байгууламж барьж байгаа нь хууль хэрэгжихгүй байгаа тод жишээ юм. Гэх мэт байдлуудыг харахад Монгол бол хууль эрхзүйн байдал нь сайн юм байна. Төр засаг нь, ард иргэд нь хуулиа хэрэгжүүлэх итгэл үнэмшил байхгүй. Төр засаг нь хууль зөрчөөд байхад хүлээцтэй ханддаг. Ард иргэд нь хууль зөрчихөөр эсэргүүцдэггүй. Гэхдээ энэ бүхэн яваандаа мэдээж сайжирна. Ялангуяа сүүлийн үед боловсролтой, хүмүүжилтэй залуучууд улстөрд орж ирж байгаа учраас дэлхийн жишиг болсон хууль хэрэгжүүлэх орчныг бий болгох үүднээс улстөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх байх. Ингэхийг ч ард иргэд нь шаарддаг болно. Тийм учраас бид Монголын ирээдүйг гэрэлтэй харж байгаа. Монгол Улсын байгаль экологийн хууль эрхзүйн орчин бол байгаль экологио хамгаалах бүрэн бололцоотой. 

 

-Удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөх эрхтэй, эрхгүй гэж хуульчид, улстөрчид хоёр янзаар тайлбарлаад байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

 

Улстөрч хүний зүгээс харахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших гэж байгаа хүний рейтинг унаад байна л даа. Өөр хүн өрсөлдүүлэх гэхээр бас л тийм өндөр рейтингтэй хүн алга. Ганц найдаж байсан, УИХ-ын 2020 оны сонгуулиар намаа багаар нь аваад гарсан хүнийх нь рейтинг уначихдаг. Яагаад унасан бэ? гэхээр бизнесийн бүлэглэл энэ хүнд нөлөөлж чадлаа. Албан тушаалаа өгсөн чинь ард иргэд итгэл үнэмшилгүй болчихлоо. “Өө, энэ хүн чинь шударга ёс тогтооно, байгалийн баялгийг ард түмэнд өгнө гээд байсан чинь худлаа байж. Энэ хүнийг цаана нь өөр хүмүүс хянадаг юм байна” гэдгийг ойлголоо шүү дээ. Ингээд рейтинг нь уначихсан болохоор энэ хүний өрсөлдөгчид болох хүмүүсээ намнаж эхэлж байна л даа. Жишээлбэл Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг нь тогтвортой байгаад байгаа. Ялангуяа “Өрх бүрт сая төгрөг” гэсэн хөтөлбөр нь арай өөр байдлаар хэрэгжиж байх шиг байна. Иргэн бүрт 300 000 төгрөг гэж. Ямар ч гэсэн ард иргэддээ мөнгө өгөх ёстой. МАН бүтэн жил биднийг гэрийн хорионд хорьчихсон. Нийт ард иргэдийнх нь 70% нь хадгаламж байхгүй, ажил байхгүй.

Тэгээд хоолоо хаанаас олж идэх вэ? Ийм хатуу үед ард иргэд рүүгээ хандсан санаачлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж чадлаа. Ингэхээр энэ хүний рейтинг өснө. Иймээс түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх улс төрийн шаардлага гарч ирж байна. Үүнийг урьдчилж харсан улстөрийнхөн, ялангуяа МАН-ынхан импичмент буюу Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх талаар ярьж айлгахыг оролдож байна. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр Ерөнхийлөгч нэг л удаа сонгогдох эрхтэй болсон гэж нээнтэглэж, Үндсэн Хуулийн Цэцэд нөлөөлөх гэж оролдлоо. Х.Баттулга өөрөө цэцэд очиж, энэ асуудлын талаар тодорхой тайлбар авах гэж хүсэлт гаргасан. Үүнийг нь барьцаалж та шүүхийн институт буюу  Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэж оролдлоо шүү.Танд импичмент хийнэ гэсэн асуудлыг тавьж байна. Ер нь энэ чиглэл рүүгээ явах байх.

Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших гэхээр дараагийн нэг саад нь АН хоёр хуваагдчихсан. Нэг нь цахимаар сонгууль хийгээд АН-ын дарга болчихдог. Нөгөөх нь цаасаар сонгууль хийгээд бас л АН-ын дарга болчихдог. Улстөрийн намын тухай хуулийн 5,1-д аливаа намын үйл ажиллагаа ардчилсан, ил тод байдал дээр суурилах ёстой гэж заасан. Гэтэл АН хоёр хуваагдаад талцчихсан учраас учраас 2 даргыг нь 2 ууланг нь бүртгэж авахгүй, шүүхийн шийдвэр гарахгүй.

Та нар үүнийгээ, намын дотоод асуудлаа дахиад шийд гэсэн л хариу өгнө. Хариу нь ажлын 30 хоногт гарах байх.Мөн ахиад ч 15 хоногоор сунгаад явчих хуулийн боломжтой учраас АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломж хомс харагдаж байна. ХҮНам орон нутгийн сонгуулийн үеэр Х.Баттулгыг өөрсдийнхөө №1 дайсан гээд зарлачихсан. Тэгэхээр тэр хүнээ тэврээд авах нь учир дутагдалтай. ХҮНамын хяналт ерөнхийдөө МАН дээр байх шиг байна. Өмнөх дарга Б.Найдалаа нь МАН-ын угшилтай. Т.Доржханд ч гэсэн ерөнхийдөө МАН-ын дарга нарын хяналтанд орчихсон юм шиг байна. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна вэ гэхээр У.Хүрэлсүх нэг эмэгтэй хүнтэй өрсөлдөх байх юм шиг байна. Гадаад нөхөртэй нэг эмэгтэй бий шүү дээ.Учир нь тэр хүнийг нүдэж байхад амар. Тэгээд МАН-аасаа У.Хүрэлсүх нэр дэвшээд, бид нар нэг сонгосон болох байх. Их олон цагаан хуудас өгөх байх.

Залуучууд бол сонгуульдаа оролцоно, гэхдээ цагаан хуудас өгнө гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл сонгууль хүчин төгөлдөр бус болох гээд байна  л даа. Энэ тохиолдолд У.Хүрэлсүх, ялангуяа МАН бол “авслагдана”. Хэрэв иргэд Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан хуудас өгөөд, сонголт хийхгүй бол МАН булшлагдаж байна гэсэн үг. 30 жилийн өмнө Э.Бат-Үүл дуугүй байсан бол энэ нам булшлагдах байлаа шүү дээ. Тэр үед Э.Бат-Үүл МАН буюу тухайн үеийн МАХН-ын талд орж дуугарснаас болж энэ нам өнөөг хүртэл амь бөхтэй оршиж байна.1924 онд МАН нэрээ МАХН болгосон шүү дээ. Яг 100 жилийн ой дээрээ буюу 2024 онд энэ нам УИХ-ын сонгуульд орохгүй байх. Хоёр хуваагдаад, хоорондоо тулалдаад өнгөрөх болов уу. Яагаад гэвэл МАН мөнгө, эрх мэдэл дээр суурилчихаад байна. Үзэл санаа байхгүй. Ирээдүйд бид ард түмнээ ингээд хөгжүүлчихнэ гэсэн юмгүй. Алсын хараа гэдэг чинь тэр хол алсын хараа байхгүй юу. Гэтэл бид нар идэх хоолгүй, өнөө маргааш маань л чухал байна шүү дээ. Мөн хэт их уянгын халилтай, фантази ихтэй юм ярьж байна. Гэтэл үүнд өнөөдрийн өлсгөлөн хүмүүс итгэхгүй. Харин иргэн бүрт 300 000 төгрөг өгнө гэдэгт итгэж байна. Энэ л МАН-д жоохон допинг өгч байх шиг байна. Гэхдээ үүний үр дүнд инфляци нэмэгдээд эхэлбэл аюул болно. Тэгэхээр ирээдүй их хэцүү байна. Ялангуяа бизнесийн салбарынхан, Сү.Батболдтой холбоотой маргаан гарч, Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийг “төрийн эргэлт боллоо” гэж хэлсэн. Үнэхээр ч төр самраад хаячихлаа шүү дээ. Засаг барьж байсан МАН-аа самарч байгаа байхгүй юу. У.Хүрэлсүх жинхэнэ мундаг улстөрч, ард түмний хүү байсан бол тэр үед шийдвэрээ зөв гаргах байлаа. Харамсалтай нь чадсангүй. Ёстой л “Хурандаа хуурна даа” гэдэг л боллоо. МАН уруудах зам руугаа орлоо. Энэ зам руу нь У.Хүрэлсүх чирээд орж байна. 

 

-Таны хэлснээр МАН буюу тухайн үеийн МАХН-ыг 31 жилийн өмнө татан буулгаж чадаагүй. Харин сүүлийн үед зарим улстөрийн хүчин, тодруулбал Т.Ганболд тэргүүтэй бие даагчдийн нэгдсэн флатформынхон улстөрийн бүх намыг татан буулгаж, нэрийг нь дахин ашиглах эрхгүйгээр ижил тэгш гараанаас эхлэе гээд байгаа?

 

 Тэд залуу хүмүүс учраас мөрөөдөж байна л даа. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй шүү дээ. Мөн нөгөөтэйгүүр ард түмний тархийг угааж байгаа ч байж магадгүй юм. Яагаад гэвэл МАН унах гэж байгаа хонгилынхоо ирмэг дээр ирчихээд байна шүү дээ. Тиймээс цаг хожих хэрэгтэй байна.Ийм учраас Т.Ганболд нар албаар төөрөгдүүлж байж мэднэ. Гэтэл намууд гэдэг чинь бизнесийн бүлэглэлүүд, бизнес хийдэг хүмүүс болчихсон шүү дээ. Нэгнээ гол гаргадаг, мөнгийг нь луйварддаг “Их замын дээрэмчид”. Босоо ороолонгууд. Тэгэхээр эд нар хамтарч л нэг юм хийж байгаа. Цаг хожих гэж байгаа нэг асуудал байх. Ер нь улстөрийн намуудыг татан буулгана гэдэг чинь хувьсгал шүү дээ. Хувьсгал хийе гэсэн үг. Тийм болохоор ярихаасаа илүү хийх хэрэгтэй. Уг ньТ.Ганболд нарын үеийн насны залуучууд, мөнгө төгрөгтэй хүмүүст хувьсгал хийе гэх юм бол хийж ядаад байх юм юу байхав. Тэгэхээр хийхгүй л гэсэн үг. Зүгээр л жүжиг тавьж байна. Өнөө маргаашийн идэх хоолгүй байгаа хүмүүст улстөрийн намууд татан буугдана уу? үгүй юу гэдэг сонин биш. Тэгээд татан буугдаад гоё болох гэж байтал нөгөө хүн чинь өлсөөд үхчихнэ биз дээ. Улс, эх орноо хөгжүүлэх гэж байгаа бол авлигад идэгдсэн төр засгийг нураах л ёстой шүү дээ. Ард түмэн босох л ёстой. Хулгайчдаа зайлуулж, саарал ордныг саарал шорон болгох ёстой. Гаднаас нь хаачих хэрэгтэй. Залуу хүмүүс ядах юм байхгүй шүү дээ. Хэдэн тоосго авчраад өрчих. Гарах ч үгүй, орох ч үгүй. Дөрвөн хаалгыг нь бүгдийг нь хаачихна. Тэгээд л тэр хулгайчдын шүүх хурлыг нь гаднаас нь хийгээд л шийдчихнэ. Бид нар 2005 оноос хойш байнга хэлж байгаа шүү дээ. Монгол Улсад хувьсгалт өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон. Монгол Улсын авлигын индекс өсчихсөн, нийгмээрээ авлигад идэгдсэн, сонгуулийн саналыг мөнгөөр худалдаж авдаг. Ийм тогтолцоонд орчихсон учраас хувьсгалт өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Үндсэн гол алдаа нь юу вэ гэхээр сонгуулийг мөнгөөр явуулдагт л байгаа юм. Энэ тохиолдолд улстөрийн намууд мөнгөтэй хүн, бизнесийнхныг гуйхаас өөр аргагүй болно. Хэрэв улс нь сонгуулийн зардлыг хариуцаад явчихдаг бол шударга, үзэл санаатай, идеалист үзэлтэй, философич сэтгэгч, тэргүүний улсууд нэр дэвшиж гарах боломжтой. Харамсалтай нь мөнгөтэй хүн гараад ирэхээр нэг нэгнээ худалдаачин, хулгайч гээд УИХ дээрээ яриад сууж байна шүү дээ. Бусдынхаа халаасыг сэгсэрдэг хүн УИХ-д орж суучихаад би худалдаа хийдэг, яадаг юм, би бизнесмен гээд яриад суучихдаг. Бизнес гэдэг чинь шинэ юм бүтээхийг, баялаг бүтээхийг хэлдэг. Түүнээс биш тэнд хоёр төгрөгийн үнэтэй байгаа зүйлийг энд гурван төгрөгөөр зарчихдаг бол зүгээр л худалдаа наймаа. Үүнийг эрт дээр үеийн хүн ч гэсэн хийж байсан зүйл. Бизнес гэдэг чинь баялаг бүтээнэ, шинэ технологи оруулж ирнэ. Хүний амьдралыг сайжруулна. Ажлын байр шинээр бий болгодог зүйл. Харамсалтай нь УИХ-д иймэрхүү хүмүүс гарч ирээд суучихсан учраас УИХ-ын түвшин маань гудамжны хэрүүлийн шинжтэй болоод явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдаа наймаа эрхэлж байгаа хүн ашиг л харна. Хажууд нь сууж байгаа хуульч хүнд энэ нь заримдаа дургүйг нь хүргэж байгаа байхгүй юу.

 

-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 4 жилд эрх үүргийнхээ хүрээнд хэр үр дүнтэй ажилласан гэж та бодож байна?

 

“Монгол ялна” гэсэн амлалтаа биелүүлж чадаагүй.Хэтэрхий дөлгөөн байлаа.

Өөрөө ч зан чанарын хувьд тийм хүн байна шүү дээ.

Бид нар УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлж байсан л даа. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх санал тавьж байсан. Мөн ер нь цаашдаа сонгуулийг шударга явуулдаг болох тал дээр арга хэмжээ аваач ээ гэж хүссэн. Харамсалтай нь Х.Баттулга бизнесмен сэтгэлгээгээр МАН-ынхантай яриад тохирчихсон. Ам мэхэнд уначихав уу, яав гэж бодсон. У.Хүрэлсүхэд итгэсэн байх. Тэр нь олны өмнө харагдлаа шүү дээ.”Чи чинь одоо ингээд “түгжилдэж” байгаа юм биш биз?” гэсэн байр суурьтай хөөрхий амьтан хараад сууж байна. Өөрөөр хэлбэл Х.Баттулга улстөрч биш байна. Наймаа, бизнес хийдэг сэтгэлгээгээрээ л улстөр хийгээд байна. Яахав бизнес хийгээд алдвал та л хохирно, таны мөнгө төгрөг хохирно. Харин улстөрд алдвал бүх ард түмнээрээ, улсаараа алдах ийм аюултай. Тэр хүн ийм хариуцлагаа ойлгоогүй явж байсан учраас өнөөдөр ийм байдалд хүрч байна. Тэгэхээр “Монгол ялсангүй”. Дараагийн нэг хүн бас л Монгол ялна гээд гараад ирэх биз. Монгол хүн хууртаж ханахгүй юм даа. Бид нарын ойлгож байгаагаар Х.Баттулга өнгөрсөн 4 жилд боломжоо бүрэн ашиглаж чадсангүй. Ярьж байсан, хэлж байсан амлалтуудаа биелүүлж чадсангүй. 

 

-МАН, МАХН нэгдэх үйл ажиллагаа явагдаж байна. Хэрэв энэ хоёр нам нэгдээд нэг нам болчихвол ард иргэдэд ямар үр дүнг авчрах бол? 

 

2011 онд МАХН-ыг үүсгэн байгуулж байх үеэс л бид МАН, МАХН нэг нам байх ёстой гэсэн байр суурьтай байсан. 2011 оны 11 сарын 03-нд МАХН-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байлаа. Тухайн үед Н.Удвал гуайд энэ тухайгаа хэлж байсан. МАН, МАХН гэсэн 2 нам, ер нь улстөрийн онолын хувьд ард иргэдийн амьдрал доройтсон энэ үед зүүний үзэлтэй намууд тарж бутрах биш нэгдэж нийлэх ёстой. Манайд яг эсрэгээрээ. Монголд хүн амын 1/3 нь ядуу. Үүнийг арилгахын тулд зүүний хүчний намууд ард иргэд рүүгээ чиглэсэн, ажлын байр шинээр бий болгох, соён гэгээрүүлэх ажлыг хийхийн тулд хүчээ нэгтгэх ёстой байтал манайд  салж сарниж байна гэдэг нь үзэл санаан дээр нэгдээгүй, хувь хүмүүсийн харьцаан дээр нэгдчихсэн, хөрөнгө мөнгөн дээр нэгдчихсэн учраас салж сарниад байгаа юм. 2016 онд бас л энэ хоёр нэгдэх асуудал яригдаж байсан. Тухайн үед МАХН, МНН нэгдэж сонгуульд оролцох асуудал бас л яригдаж байсан. Тэр утгаараа бид их ойр байсан. Тэгээд энэ 2 нам бол нэг нам болох бололцоогүй юм байна. Үзэл санаа гэхээсээ илүү хувь хүмүүсийн зөрчилдөөн газар авчихсан. Бас энэ хоёр намыг нэгтгэхгүй байх хүсэлтэй улстөрийн шийдэл гаргасан. Ялангуяа бизнесийн ашиг сонирхол дээр суурилсан шийдэл их гарсан юм байна.

 

Жишээлбэл “МАН бол далай юм. МАХН бол шалбааг юм” гэж хэлж байна гэдэг нь намайг байгаа үед та нартай хэзээ ч нэг нам болохгүй ээ гэсэн үг. Тэгээд 2016 онд эвсэж ороогүй шүү дээ. Тухайн үед энэ процесс МАН-д сайнаар нөлөөлж М.Энхболдын удирдсан МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулж байлаа. Энэ жил У.Хүрэлсүхийн рейтинг унаад байгаа учраас энэ асуудал дахин сөхөгдөж байх шиг байна. Сөхөгдөхдөө яг 2016 оны процессоор буюу ахмадууд нь эхэлж өргөх бичиг өгөх хэлбэрээр эхэллээ. Гэхдээ энэ удаа МАХН-д эерэгээр нөлөөлөх байх. Эвсэж сонгуульд орохгүй байх гэсэн талаас нь би харж байгаа. Яаж ч бодсон У.Хүрэлсүхийн рейтинг С.Ганбаатарын рейтингээс доогуур болчихож байгаа учраас сонгууль дөхөөд ирэхээр аль рейтинг өндөр байгаагаа дэвшүүлнэ шүү дээ. Тэгэхээр МАН 100 жилийн ойгоороо С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үү, үгүй юу? Тэгэхээр энэ нэгдэх юм уу? эвсэх процесс техникийн хувьд бүтэхгүй. Яагаад гэвэл хувь хүмүүс нь хэтэрхий их зөрчилтэй. Хэдий нүүр нүүрээ хараад эрхэм зорилгын төлөө нэгдэе гэж байгаа боловч биеийн хэлэмж, биеэ авч явж байгаа байдлаас нь харахад шал тусдаа, ангид хүмүүс гэдэг нь харагдаад байгаа юм л даа.Тэгэхээр МАН, МАХН нэг нам болж явах үндэслэл их бага. Хоёрдугаарт Ардчилсан нам “будаа” болж байна шүү дээ. Тэгэхээр энэ намын орон зай, байр суурийг ямар нэгэн нам орлож таарна.

Энэ орон зайг эзлэх хамгийн боломжтой нам нь одоогоор МАХН байгаа юм.Үүнийг Н.Энхбаяр дарга зүгээр орхихгүй байх. Мөн МАН-д залуус эрх барьж байгаа учраас улстөрийн үйл ажиллагаанд алдаа их гарна.Тэр утгаараа 2024 онд МАН УИХ-ын сонгуульд унах юм бол Монголын №1 нам нь МАХН болж мэднэ шүү. Тийм учраас Н.Энхбаяр хашир улстөрч хүн, их алсын бараа харж яваа байх л даа. Ц.Элбэгдоржийн хошгируулна гэдэг шиг хөөрхөн хошгируулаад, нэр хүнд, рейтинг нь МАХН дээр ирж байх шиг байна. МАН энэ нэгдэх үйл ажиллагаанд оролцож байгаа нь өөрсдийнх нь рейтингийг улам унагачихав уу даа. Санал асуулгын үр дүн ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.

 

Сонгуулийн санал хураалтын дүнг хар машинаар тоолох нь зөв үү? гараар тоолох нь зөв үү?

 

Хар машин үеэ өнгөрөөчихлөө. АНУ-ын Жоржиад хар машиныг халах шүүхийн шийдвэр гарч байх шиг байна. Өөрөөр хэлбэл хар машин но-той гэдгийг баталчихлаа. Хоёрдугаарт хар машин маань хэдэн онд орж ирсэн билээ дээ. Элэгдэл гэж юм бас байна. Тийм учраас үүнийгээ болиод саналыг гараар тоолдог болох хэрэгтэй. Гэхдээ төрийн албан хаагчид тоолохгүй, сонгогчид өөрсдөө тоолох ёстой. Нэг хороонд 1200, 2000 сонгогч байлаа гэхэд 10% нь ирээд тоолчихдог ч юм уу. Нэг цаг 8 хүн орж ирээд тоолчихдог. Дараагийн цагт нь ахиад 8 хүн орж ирээд тоолчихдог ч юм уу. Израйль, Герман гээд хөгжсөн орнууд машинаар саналын хуудас тоолохоо больчихлоо. Хүний нөлөөлөл орох боломжийг хааж байна гэсэн үг л дээ. Сонгогчид өөрсдөө тоолох юм бол өөрсдийнх нь сонголт үнэн бодит байна гэдэг итгэл үнэмшил аваад гарна. Энэ утгаараа бид ч дэвшилтэт орнуудын зарчмаар явах ёстой. Тухайн үед Р.Бурмаа гэж эмэгтэй сонгуулийн хууль өөрчилсөн. Тухайн үед энэ хүнд бид байнга хэлж байсан. Тэгэхэд залилан маягийн зүйл хийчихээд гүйгээд явчихлаа шүү дээ. Энэ түүхэнд үлдэнэ. Бид хичнээн эмэгтэйчүүдээ дэвшүүлье гээд жендерийн асуудал ярьдаг ч гэсэн эмэгтэйчүүд дунд булайгаа чирсэн хүмүүс их байна.

Б.Ундармаа гээд бүхэл бүтэн банк дампууруулчихаад дөчхөн сая төгрөгөөр торгуулаад явчихаж байгаа хүн байна.

Ер нь шударга ёсыг тогтооно гэдэг чинь л улстөрийн үндсэн зорилго шүү дээ. Бүтэн амьсгаа аваад, шударга нийгэмд амьдарна гэдэг чинь их хувь заяа. Шударга бус, мөнгөтэй нь ялдаг, танил талтай нь ялдаг, нам дагасан нь ялдаг бол энэ шударга бус. Ийм шударга бус зүйлийг арилгахын төлөө бүх улстөрийн хүчнүүд тэмцэх ёстой. Нам байна уу, нам бус байна уу, залуучууд, хөгшчүүд бүгдээрээ.Түүнээс бус нэг зүйл рүү заачихаад улстөрийн намуудыг татан буулгачих юм бол бүх юм сайхан болно гэдэг чинь үлгэр. Санаатай хийж байгаа үлгэр. Монголчууд бас ноён нуруугаар нь боддог, хэрсүү болчихлоо шүү дээ. 31 жил хүнд дандаа гол гаргуулчихсан хүмүүс чинь юманд амархан итгэхээ больчихоод байна. Тиймээс бид шударга ёсыг тогтоохын тулд нийгмээрээ тэмцэх хэрэгтэй. Шаарддаг байх ёстой. Энэ оны эхээр төрсөн эмэгтэйг нүцгэн гаргаад явуулахад органик жагсаал боллоо шүү дээ. Шударга бус байдал тогтох юм бол яг түүн шиг гарч жагсаад л, төр засгаа аваад хаячих чадалтай байх юм бол ирээдүй гэрэлтэй байна. Яг энэ нийгмийг чинь БНСУ хийж байна шүү дээ. Ингэж л төр засаг авсан хүмүүстэй хариуцлага тооцож чаддаг, татан буулгаж чаддаг чадварыг нийгмээрээ эзэмших ёстой. Ийм гэрэлт ирээдүй байгааг манай залуучууд харуулсан. Олон нийтийн сүлжээнд би идэвхитэй оролцож, ажигладаг л даа. Твиттерт ямар мундаг боловсролтой залуучууд байна. Фейсбүүкт ямар их сэтгэлийн хөдөлгөөнтэй, гал цогтой залуучууд байна. Гайхамшигтай.

 

Бидний ирээдүй бол байна. Хамгийн гол нь Монголчууд тийм ч айхтар эвдрээгүй байна. Хулгайчийг хулгайч гээд хэлж байна. Шударга хөдөлмөр хийж амьдрах хүсэл эрмэлзэл байна.

П.Жасрай гуайн хэлдгээр хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Энэ гэрэлд хүрэхийн тулд хурдтай явах хэрэгтэй байна. Хурдасгах нэг боломж нь хувьсгалт өөрчлөлт, даруйхан сольдог арга руу орох. Их л бодож 7 хоногийн ажил шүү дээ. Бид нар 14 хоног хорионд орж байна шүү дээ. Түүн шиг 7 хоног Сүхбаатарын талбайг дүүргээд л Засгийн газраа огцруулчихдаг технологитой болох хэрэгтэй. Нийгмийн сүлжээгээр ийм асуудал гарлаа гээд санал асуулга явуулаад л, нийт хүн амынх нь 70 % нь дэмжлээ гэхэд Сүхбаатарын талбай дээр ирээд л зогслоо. Татан буугдлаа, дараагийнх нь гарлаа. Ийм маягаар яваад байх юм бол улстөрчид алдаагаа давтахгүй, юун дээр алдсанаа мэдээд, эсвэл буруу зүйл хийчих юм бол огцроод явчихдаг болно. Жишээ нь одоо Шадар сайд С.Амарсайхан огцрохгүй байна шүү дээ. Уурлаад, урдаас загнаад байна. Шалтгаан нь бид нар болоогүй байгаа байхгүй юу.Загнангуут нь Сүхбаатарын талбай дээр хүмүүс гарч ирээд жагсвал уучлаарай гээд огцордог болчихно. Дараагийн хүн нь буруу юм хийчих юм бол нэрээ бодоод хурдхан огцорьё, ард иргэд талбай дээр гараад ирнэ гээд огцордог болчихдог ийм жишиг рүү чиглэнэ. Үүнийг л бид нар хийж чадах юм бол ёстой ардчилсан улс, төв азийн зүрхэнд байгаа арал гэдэг чинь бид болж хувирна. Энэ утгаараа бид ардчиллаа хамгаалж үлдэх, хоёрдугаарт ардчилал гэдэг нэр барьж луйвар хийсэн, шоронд орсон хүмүүсээсээ улстөрийн намууд зайгаа барих хэрэгтэй. Манай нам яриад байна шүү дээ. Хулгайч шоронд байх ёстой.

Хулгайчтай хулгайч л нийлдэг юм аа гэж. Ардчилсан Намын шинэ үеийн залуучууд хулгайч биш байх л даа. Гэтэл хулгайч хөгшчүүлээсээ салж чадахгүй байна. Эднийг намдаа бүр оруулахгүй байх хэрэгтэй шүү дээ.Тэгж байж, хулгайч биш, шударга хүмүүс нь тунаж байж ард иргэдийн итгэлийг авна.Нөгөө хулгайчтайгаа хамт л харагдаад байх юм бол “Хулгайчтайгаа хулгайч л нийлдэг” гэж үг байна шүү дээ.Нэг хулгайч нэг хүнтэй байнга уулзаад, нийлээд байх юм бол мөрдөн байцаагч энэ хүн хулгайч юм байна гэж боддог. Яагаад гэвэл орчин нь тийм. Хууль зөрчдөг хулгай хийдэг хүнтэй нийлж байна гэдэг чинь тийм сэтгэлгээтэй, тийм л хүн.

Улстөр энэ зарчмаар л явдаг. Хулгайч шоронд байх ёстой. Хулгайчтай хулгайч л нийлдэг. Нам дотор чинь хулгайч гээд нэг хүн байх юм бол тэр хүнээс зайгаа авдаг байх ёстой. Тэгж байж л бид үр дүнд хүрэх бололцоотой. 

 

-Ярианыхаа төгсгөлд миний асууж чадаагүй, таны хэлье гэж бодож байсан зүйл байвал та хэлэхгүй юу?

 

Та бүхэн санаж байгаа бол УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр суурь орлого гээд сурталчилгаа явуулж байсан. Ард иргэдээ суурь орлоготой болгоё гээд. Корона вирус цар тахлын үед улсаас цахилгааны төлбөрийг чинь, түлшийг чинь бид хариуцна гэж байна, гэсэн атлаа хоолоо өөрөө олж идээрэй гэж байгаа.Гэтэл дэлхий даяар энэ цар тахлын үед иргэддээ маш их бэлэн мөнгө тарааж байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп 200 миллиард доллар тараалаа. Энэ чинь Монгол Улсын 500 жилийн төсөв. Ж.Байден 1800 миллиард доллар ард иргэддээ өгч байна.

БНСУ 4 удаа 1000 доллар өглөө. Тэгэхээр үүн шиг ард иргэддээ өгдөг суурь орлого тараадаг тогтолцоо бий болгоё. Монгол Улс бусад оронтой харьцуулах юм бол нэг сайхан хууль байдаг нь газрын тухай хууль. Уг хуулиар та бид бүгдээрээ 0,07 га газар хувьчилж авах эрхтэй. Энэ газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй. Энэ газар дээр нь жишээлбэл нарны эрчим хүч зоочихьё. Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 20 %-г гадаадаас худалдаж авч байна.

Үүнийгээ ард иргэдээсээ худалдаж авах юм бол хүн болгон суурь орлоготой болно.Олон хүмүүс хэлж байна, Бум дарга минь та үүнийгээ хэрэгжүүлж болдоггүй юм уу? яриад л байх юм гэж. Иймээс үүнийг хэрэгжүүлэх эхлэлийг  тавья гэж шийдсэн. Хоршооны тухай хууль дээр суурилаж хэрэгжүүлье. Хоршоо бол ардчилсан зарчим дээр байдаг. Хоршооны гишүүд бүгд ижил нэг хүний саналтай. Компаний тухай хууль бол дарга нь илүү эрх мэдэлтэй, хувьцааны хууль мөн хувьцаа ихтэй хүн нь илүү эрх мэдэлтэй байдаг. Хоршоо бол бүгд ижил саналтай. Тэгээд тодорхой зохион байгуулалтанд ороод явчих юм бол ногдох газруудаа бид улсаас авах хуультай юм чинь газраа аваад, тэр газар дээрээ сэргээгдэх эрчим хүч зоогоод, эрчим хүч борлуулсан ашгийг нь өгье.

УИХ-ын сонгуулийн дараа буюу 2020 оны 08 сард ард иргэдээс сэргээгдэх эрчим хүч худалдан авах журам батлагдлаа. Энэ журмаар хүн бүр 20квт эрчим хүч улсад борлуулах эрхтэй боллоо. Үүнийг өнөөдрийн ханшаар 456 төгрөгөөр бодох юм бол сард 228,000 төгрөг авах бололцоотой. Монгол Улсад нүүрсээр үйлдвэрлэж байгаа эрчим хүч 196 төгрөг байх шиг байна.

Түүгээр тооцох юм бол бид 1 000 000 төгрөг улсаас авах бүрэн бололцоотой. Азийн Хөгжлийн банк, Дэлхийн Банк, Германы Сэргээн Босголтын Банк гээд газрууд энэ төслийг санхүүжүүлэх хүсэлтэй байна.Нэгэнт улс гадаадаас эрчим хүч худалдаж авч байгаа бол тэр эрчим хүчээ иргэдээсээ худалдаж авлаа гээд улсад хохирол байхгүй.Төсөвт дарамт болохгүй.

Яагаад гэвэл гадаадад өгч байгаа мөнгөө ард иргэддээ өгнө. Цаашид бид энэ төсөлдөө Өвөрмонголчуудаа хамруулья. Буриад Монгол, Тува Монгол, Халимаг Монголчуудаа бүгдийг нь хамруулах боломжтой. Анхан шатны уулзалтаар ялангуяа Халимаг улсын Ерөнхийлөгч байсан К.Н.Илюмжинов энэ санаачлагыг маш их сонирхож, дэмжиж байгаа. Буриад улсад энэ технологийг нь суурилуулах компаниуд байна. Өвөрмонголд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг компаниуд түүнээс ч олон. 20 квт нарны эрчим хүчийг 20 сая төгрөгт багтаагаад суурилуулчих юм байна. Үүнтэй холбоотой санхүүгийн зээлийг нь Өвөрмонголд байгаа БНХАУ-ын банкуудаас авч болно. Монголын банкууд 20-25 хувийн зээл олгох юм бол эхний жилдээ одооны ханшаар 27 сая төгрөг олно. Тэгэхээр эхний жилдээ багтаад тоног төхөөрөмжийн үнээ төлчихнө. Тэгээд түүнээс хойш сар бүр 2 280 000 төгрөг авах боломжтой.

 

Улс үүнийг хэрэв 1 сая төгрөгөөр тооцох юм бол, шийдвэр нь 6 сард гарна гэж байна. Тэгэх юм бол хүн бүр 1 сая төгрөг авах боломжтой юм. Тэгэхээр энэ суурь орлоготой болох тогтолцоо руу бүгдээрээ орцгооё. Яагаад гэвэл дэлхийд өрнөөд байгаа цар тахлын давтамж их ойрхон болчихлоо. 10 жил байсан бол 3 жил болоод явчихлаа. Мутацид их орж байна. Бид янз бүрийн вакцин тариулаад баярлаад байгаа боловч сүүлийн үеийн судалгаагаар сүүлийн үеийн мутациуд нь огт өөр вирусууд болчихсон юм биш үү? Тэгэхээр дахиад нэг вакцин бий болно. Дахиад л маск руугаа орно. Тийм учраас ирээдүйгээ харж, орлоготой байхыг Монголынхоо ард түмэнд бүгдэнд нь уриалж байна. Ямар нэгэн төлбөр шаардахгүйгээр, өргөдлөө өгөөд бүгдээрээ гишүүнээр элсээрэй гэж уриалж байна. Та бүхэнтэй хамтарч суурь орлоготой болох төслөө хэрэгжүүлнэ ээ.

 

 

Танд баярлалаа. 

 

Ярилцсан М.Чойжал