Монгол Улс цар тахлыг хэдийнэ хяналтнаасаа алджээ. Хатуу хөл хорио тогтоосон атал өдөрт 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж, өдөр болгон хүн нас барж байгаа нь үүнийг гэрчилнэ. Улсын хэмжээнд лхагва гаригийн байдлаар 17823 хүн халдвар авч, нас барсан хүний тоо 34-д хүрлээ. Өдөрт 2-3 хүн нас барж байгаа нь эмнэлгийн ор, эрчимт эмчилгээний тасаг нь хүрэлцэхээ больсонтой холбоотой.

Мөн эмнэлгийн  ачааллаас үүдэн хөнгөн өвчтөнүүдээ гэрээр эмчилж эхэлсэн. Гэвч гэртээ эмчлүүлж байсан таван иргэн нас барсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өчигдөр мэдээлэв.

Халдвараас хамгаалах хамгийн найдвартай арга нь вакцин гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлаж, хамгийн эхний тунг өөрөө тариулсан. Энэ удаа тогтоосон хатуу хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж амласан Ерөнхий сайд хөл хорио тогтоосны маргааш вакцинжуулалтыг улс даяар 15 хоног зогсоов. Гэнэтийн шийдвэр олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэлээ. Дархлаажуулалтыг зогсоосон шалтгаанаа ЭМЯ-наас вакцинд хамрагдахын тулд иргэд нэг дор олноороо цугларах нь халдварыг тараах эрсдэл өндөртэй гэж мэдэгдсэн. Вакцинжуулалтаа зогсоосны ард ийм энгийн шалтгаан байхгүй. Ирсэн вакцин дууссан, дараагийн вакцины татан авалт хойшилсон гэдгээс өөр далд нэг шалтгаан үүнд бий гэсэн эргэлзээ төрүүлж байна. Учир нь өдөрт 20-40 мянган хүнийг шуурхай вакцинжуулж байсан дархлаажуулалт гэнэт зогсож, вакцинжуулалтыг хурдасгаж, халдваргүй зуныг итгэл дүүрэн амлаж байсан Ерөнхий сайд хэдхэн хоногийн дараа хэлсэн үгнээсээ буцсанд бидний мэдэхгүй нууц бий. Манай улс хүн амынхаа 60 хувь буюу 2.1 сая  иргэнээ вакцинжуулахын тулд 4.2 сая тун вакцин шаардлагатай. Үүнээс гэрээ хийн, төлбөрийг нь шилжүүлсэн 1.7 сая тун вакцин байгаа аж. Нэмэлтээр ойрын хугацаанд ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт хоёр сая тунгийн гэрээ хийхээр хэлэлцэж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлээд байгаа юм.

 

50-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУДЫН 20 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ ВАКЦИНДАА ХАМРАГДЖЭЭ

 

 

 

 

Дархлаажуулалт манай улсад хоёрдугаар  сарын 23-нд эхэлснээс хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрөх гэж байтал эрсдэл өндөр бүлэгт хамаарах ахмадуудынхаа 20 хүрэхгүй хувийг вакцинд хамруулжээ. Энэ бол бидний өмнөх нийтлэлүүдээрээ хөндөж байсанчлан Монголын төр ахмад настнуудаа хүний тооноос хасаж, бүхий л үйлчилгээ, дэмжлэгээс хасдагийн томоохон жишээ.

 

 

 

Вакцины эхний тунгаа хийлгээд 2300 хүн халдвар авснаас гурав нь нас барсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мөн өчигдөр мэдээлсэн. Вакцины эхний тундаа хамрагдаад ч халдвараас сэргийлж чадахгүй эрсдэлтэй үед вакцинжуулалтаа  хэзээ дахин эхлүүлэх Засгийн газрын мэдэгдлийг иргэд хүлээн айдаст автаж сууна. Тэр дундаа халдвар нь хүндэрч, нас барах эрсдэл маш өндөр бүлэгт багтаж байгаа ахмад насныхны сэтгэл зүй энэ үед хамгийн их тогтворгүй байгаа .

Монгол Улсын хүн амын 18 хувийг эзэлдэг 50-аас дээш насны  ахмадууд вакцинд хамрагдах зорилтот бүлгийн гуравдугаарт буюу эмнэлгийн ажилчид болон онцгой байдал, цагдаагийн албан хаагчдын дараагаар орж байв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нийслэлд 50-аас дээш насны  260 мянган иргэн байгаагийн 50 орчим мянгыг вакцинжуулалтад хамруулсан. Хөл хорионы энэ үед өндөр настан, хууч өвчтэй хүмүүсийг гэрээр нь явж дархлаажуулна"  гэж энэ сарын 10-нд мэдэгдэв.

Дархлаажуулалт манай улсад хоёрдугаар  сарын 23-нд эхэлснээс хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрөх гэж байтал эрсдэл өндөр бүлэгт хамаарах ахмадуудынхаа 20 хүрэхгүй хувийг вакцинд хамруулжээ. Энэ бол бидний өмнөх нийтлэлүүдээрээ хөндөж байсанчлан Монголын төр ахмад настнуудаа хүний тооноос хасаж, бүхий л үйлчилгээ, дэмжлэгээс хасдагийн томоохон жишээ. Хамгийн эрсдэл өндөр зорилтот бүлгээ өдийг хүртэл бүрэн дүүрэн вакцинд хамруулаагүйн цаад шалтгаан юу вэ гэдэг нь хамгийн ихээр анхаарал татаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд Геронтологийн үндэсний төвд эмчийн хяналтад байдаг 6895 ахмад настан бий. Тэдний 400 гаруй нь гэрээс гарах боломжгүй, байнгын асаргаанд байдаг. Тиймээс хамгийн эхэнд вакцинд хамрагдах ёстой хүмүүс бол энэ 7000 хүрэхгүй ахмад настан юм. Гэтэл бүх нийтийн вакцинжуулалтын дараа тэднийг дархлаажуулна гэдгээ ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр энэ сарын эхээр мэдэгдэж байв. Тэрбээр “Гэртээ асаргаанд байдаг буюу эмнэлэгт очих үнэхээр боломжгүй хүмүүсийн хувьд вакцинжуулалтад хамрагдахын тулд түр хугацаанд хүлээх шаардлагатай. Учир нь нийтийг хамарсан вакцинжуулалт хийж дууссаны дараа явуулын баг очиж дархлаажуулах юм.Коронавирус бол цар тахал. Тиймээс тодорхой хэмжээнд стандарт, шаардлага тавигдаж буй тул ийм зохион байгуулалтад хийж  байгааг иргэд ойлгохыг хүсье” гэж ярьж байлаа.

 

 

Гэтэл даваа гаригаас эхлэн эмчийн хяналтад байдаг 5000 гаруй ахмад настныг тусгай төвүүдээр, байнгын асаргаанд байдаг 400 гаруй ахмадыг очиж вакцинжуулахаар болов. Халдвар авсан ахмад настнуудын нас баралт эрчимтэй нэмэгдсэнээс үүдэн тэд өмнө нь буруу шийдвэр гаргаснаа ухаарсан бололтой. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “60-аас дээш насны эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн үндэсний төв, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээр иргэн нь Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг учир нэрс нь тодорхой байдаг. Тиймээс дархлаажуулалтыг олон нийтийн хөдөлгөөнд саад болохгүйгээр зохион байгуулж байна. Ахмадуудад ачаалал, эрсдэл үүсгэхгүй байхаар төлөвлөсөн” гэв.

Бас нэгэн таагүй мэдээ нь давтан тун хийлгэх болон 60-аас дээш настай боловч архаг хууч өвчингүй, зорилтот бүлгийн биш ахмадууд энэ удаагийн вакцинжуулалтад хамрагдахгүй. Хөл хориог цуцалсны дараа вакцинжуулалтад хамрагдана. Энэ нь бас нэгэн ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр.  Вакцинжуулалт хэзээ дахин эхлэх нь тодорхойгүй байгаа, халдвараас үүдсэн нас баралтад ахмадууд өртөж байгаа энэ цаг үед тэдний сэтгэл зүй ямар байгаа талаар төр ганц удаа атугай бодож үзсэн болов уу. Дэлхийн бусад улс орнуудын тухайд хамгийн эхэнд 60-аас дээш насны ахмад настнаа хууч өвчтэйгээс үл хамааран вакцинжуулж байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Гэтэл Монгол Улс ахмад настнаа вакцинжуулж дуусгаагүй атлаа 18-аас дээш насны эрсдэл бага иргэдээ эхэнд нь вакцинжуулсны цаад шалтгаан юу вэ. Зорилтот бүлэгт хамаарах ахмадуудын вакцин хаачсан бэ гэдэгт бид С.Энхболд сайдаас хариулт нэхэж байна.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин