Тэтгэврийн зээлгүй ахмадуудад төрөөс нэг сая төгрөг олгохоор болсон. Харин эхний ээлжинд ахмадуудад бэлэн мөнгөний эрх буюу ваучер олгох ажил өнгөрсөн бямба гараг /2021.05.08/-аас эхэлсэн байна.

Их хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэхээр болсон билээ. Харин ийнхүү тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөг олгох, нэг сая төгрөгөөс бага зээлтэй ахмадуудад зөрүүг нь олгох ажил хороогоор дамжин явагдаж байна.

Энэхүү ваучерийг тавдугаар сарын 21-ний өдрөөс мөнгөжүүлж, ахмадуудын дансанд мөнгө нь орж эхлэх аж.

Мөн энэ ажилд шаардлагатай хөрөнгө болох 216 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компани бэлэн болгосон гэдгээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа энэ сарын 7-нд мэдэгдсэн.

Тэгвэл энэ ваучертэй холбоотой нэгэн мэдээлэл гарсан нь ваучерийн хэвлэлтийг хариуцсан компанийг шударга бусаар сонгон шалгаруулж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компанид давуу эрх олгосон гэх яриа гарчээ. 

Ахмадуудад олгож буй нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК-наас мөн 592 сая төгрөг зарцуулжээ.  Тус ваучерийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэсэн байна. Ваучер хэвлэл компанийг “Эрдэнэс Монгол” ХХК сонгосон бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдөр хэвлэлийн хэд хэдэн компаниас ваучер хэвлэх үнийн санал авчээ.

Тухайн компаниуд нь 30-60 сая төгрөгийн хооронд хэвлээд өгөх боломжтой гэсэн санал ирүүлсэн ч үүнээс хэд дахин үнэтэй буюу “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-г сонгон тус компанийн данс руу 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” ХХК-иас 297,180,255 төгрөгийг БОНД ХЭВЛЭЛТ утгатайгаар шилжүүлжээ.

Түүнчлэн 2020 оны тавдугаар сарын 06-нд дахин 295,422,315 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд бондын ваучерний хэвлэлт нэрийдлээр хагас тэрбум буюу 592,602,570 төгрөгийг “Монголын үнэт цаасны хэвлэл” компани авчээ.

Тиймээс хэтэрхий өндөр үнээр ваучер хэвлэлтийн ажлыг авсан тус компанийг АТГ-д хандсан ч тухайн асуудлыг хэрэг гэж үзээгүй аж. 

Хэтэрхий өндөр үнээр мөнгө цохисон гэх хардлага олон нийт дунд өрнөөд байгаа юм. ГХЯ-ны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий  "Мөнхийн үсэг", "Монголын үнэт цаас, хэвлэл", "Аз Хур" гэх гурван компани нь өмнө ч хэл аманд ихээр орж үргэлж л тендерийг давуу эрхээр авдаг гэх хардлагад удаа дараа өртөж байсан юм. Эдгээр компани нь 2014-2020 оны хооронп 41 тендерт ялж, нийт 3 тэрбум 259 сая төгрөг авсан гэх мэдээлэл өмнө хэвлэлээр гарч байсан билээ.