Т.Амартүвшин

Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатартай олон нийтэд өмнө нь тэр бүр хуучлаагүй сэдвээр илэн далангүй ярилцлаа.

-Та сүүлийн үед олон нийтийн өмнө гараагүй. Саяхан телевизийн нэвтрүүлэгт орж харагдлаа. Ямар ажил, алба хашиж байгаа вэ?
-Даруухан, чимээгүй байгаа шалтгаан нь би төрийн алба хаагчаар ажиллаж байгаа. Төрийн албан хаагч нь хуульд захирагдаж ажиллах ёстой. Засгийн газрын тохируулагч агентлаг Хэмжил зүйн стандартын газрын дэд даргаар ажиллаж байна. Энэ ажилд томилогдоод зургаан жил гаруй боллоо. Би Онцгой байдлын ерөнхий газрын үндсэн чиглэл хариуцсан дэд даргаар хоёр жил гаруй ажилласан. Тэнд ажиллаж байх үед У.Хүрэлсүх шадар сайд намайг дуудаад “Таны ажлыг авъя. Гэхдээ ажилгүй үлдээхгүй. Би таныг хүндэтгэдэг” гэсэн.

 Гэвч хүрээд ир гээд олон удаа хэлсэн учраас явж очсон. Тэгээд Хэмжил зүйн стандартын газрын дэд даргаар томилуулсан. Э.Бат-Үүл намайг “Коммунист намын тавиул. МАН-ын үед ч төрд ажиллаж байна” гэсэн байна лээ. Би худлаа хэлж, хулгай хийгээгүй учраас аль ч төрд өөрийнхөө чадах хэмжээний ажлыг хийх нүүртэй гэж боддог.
 

-Таныг ажилгүй яваад байна гэдэг  ойлголттой байлаа?
-Би 2009 оноос хойш төрд ажиллаж байна. Түүнээс өмнө хувьдаа ажил хөдөлмөр эрхэлсэн. Би гайгүй сайн Орос, Герман хэлтэй. Тийм учраас амиа тээгээд амьдралгүй яахав. Женког Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэд даргаар 2009 онд томилогдсон. Дараа нь Төрийн орон сууцны корпорацын дэд даргаар ажилласан. Тэгээд Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн дээ. Төр, түмний буянаар ажилтай орлоготой байгаа шүү. Аавыгаа амьд сэрүүнд нь ажилтай болж чадаагүй дээ харамсдаг. Аав 2009 оны нэгдүгээр сард бурхан болсон. Би дараахан нь зургаан сард нь төрд ажилд орсон. Миний аав намайг 40 нас хүрчихээд эр хүн ухаан тэгширдэг. Тийм учраас 40 хүртлээ төрийн аливаа өндөр ажил, албанд очиж хэрэггүй дээ гэж хэлдэг байсан. Аавыг бурхан болоход би 47-той байлаа.
 

-Таны аав, ээж аль нутгийн хүн бэ?
-Миний аав “даанагар” Дарьсүрэн гэж 1.9 метр өндөр сайхан эр хүн байлаа. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын хүн. Өвөг эцэг Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул. Аав Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн анхны монгол мэргэжилтнүүдийн нэг. Тэнд 17 настайгаасаа эхлээд 10 жил ажилласан юм билээ. Ээжийг нутгаасаа аваачаад тэнд гал голомтоо асаасан. Зүүнбаянд хоёр эгч маань төрсөн. Харин манайх 1961 онд Завханы Тосонцэнгэл сумын модны үйлдвэр лүү нүүж, дараа жил нь би мэндэлсэн. Би Тосонцэнгэл суманд төрж өссөн. Тосонцэнгэл сум миний унаж, өсөж төрсөн сайхан нутаг даа. Ээж мөн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын хүн. Миний ээж оёдолчин бай­сан. Сургууль, эмнэлэгт үйлчлэгч, модны үйлдвэрт ажилчин байв. Би жирийн ажилчин айлын хүүхэд.
 

-Та ээж, аваасаа олуулаа юу?
-Бид аав, ээжээсээ 11-үүлээ. Би дээрээ хоёр эгчтэй, хөвгүүдийн хамгийн том нь. Миний аав, ээж долоон хүү, дөрвөн охин төрүүлсэн. Бүгд сайхан эсэн мэнд байна. Аав, ээжийн ач зээ нар үржээд өнөр өтгөн болсон.
 

-Арван жилийн сургуулиа хаана төгссөн бэ?
-Би Тосонцэнгэл хотын арван жилийн сургууль төгссөн. Намайг аав, ээж хүн болгосноос гадна миний багш, сургууль намайг хүмүүжүүлсэн. Арван жилдээ зодоон хийдэг, чулуугаар “байлддаг” хүүхэд байлаа. Хамгийн түрүүнд хүүхдүүдийг уриалж, чулуун байлдаан хийнэ. “Жанжин” Сүхбаатар хочтой, жаахан “сондгой” сахилгагүй хүүхэд байсан. Гэхдээ онц, сайн сурдаг байлаа. Сурагчдын зөвлөлийн дарга байв. Арван жилийн сургуулиа 1980 онд төгссөн. Тосонцэнгэлийн арван жилийн сургууль нь улсын хошой тэргүүний сургууль. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Хаянхярваа бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Одоо Монголын математикийн толгой нарын нэг “жижиг” Ганбат гэж хүүхэд манай ангид байлаа. МИАТ-т ажиллаж байгаа. Мөн манай ангийн Золбоот мэс заслын тэргүүлэх эмч болж, одоо Дархан-Уул аймагт ажиллаж байна. Манай ангиас гэхэд ийм мундгууд төрөн гарсан. Олон сайхан багш нар байлаа. Манай сургуулийн захирал багш Нацаг намайг хүн болгож хүмүүжүүлсэн хүний нэг. Шийдэв гэж ангийн маань сайхан багш байсан.
 

-Арван жилийн сургуулиа төгсөөд хаана хуваарьлагдав?
-Конкурсээр Завхан аймгийн хэмжээнд 400 хүүхэд физикийн шалгалт өгөхөд би есөд жагссан. Эхний наймд нь аймгийн төвийн арван жилийн сургуулийн сурагчид орсон. Би Германы Карл Маркс Штадт хотын Техникийн дээд сургуульд нарийн механикийн багаж хэрэгслийн инженерийн мэргэжлээр хуваарь авсан. Бэлтгэл ангитайгаа нийлээд дөрвөн жил сурсан. Уг нь долоон жил сураад 1987 онд төгсөх байсан ч  харамсалтай нь сургуулиасаа хөөгдөөд 1984 онд ирсэн. Би Германд монгол оюутнуудын эвлэлийн үүрийн дарга байлаа. Оюутнууд Октябрийн баяраар Монгол Улсынхаа төрийн далбааг надаар бариулна. Жаахан тийм “сэнтэг” оюутан байлаа. Гэтэл Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам /НАХЯ/-наас надад оюутнуудаа тагнаж чагнах үүрэг өгсөн. Тэгэхэд нь би зөвшөөрөөгүй. Дараа жил нь зуны амралтаараа Монголдоо ирчихээд буцаад сургуульд явах гэсэн чинь сургуулиас хөөчихсөн байсан. Би Барилгын яамны нэр дээр Германд сургуульд явсан юм. “Би хэрэг хийгээгүй” гэдгээ хэлж, намаржин сургуульдаа явахаар хөөцөлдсөн ч намайг явуулаагүй. Тэгээд НАХЯ-аас намайг анх Завханд шаварчнаар томилсон.
 

-Шийтгэл хүртсэн гэсэн үг үү?
-Тийм. Тэр үед аймгуудад Барилгын тресст гэж байсан. Баян-Өлгийн аймгийн Барилгын тресстэд шаварчнаар ажлуулахаар томилоход нь Барилгын материалын яамны сайд Л.Цэрэндондог гуайн өрөөний үүдийг сахиж, “Би хэрэг хийгээгүй, худлаа яриагүй” гэдгээ учирлаж, сайд намайг ойлгож, “Тосонцэнгэлийн барилга конторт, аав ээжийн чинь нутагт томиллоо” гэж хэлсэн. Тэгээд нутагтаа 1984 онд ирсэн. Тосонцэнгэлийн барилга конторын жолооч нь миний аав, даргаар нь Чимэдгаадан гэж сайхан хүн ажиллаж байсан. Намайг ирэхээс өмнө Чимэдгаадан гуай “Чиний шавь Д.Сүхбаатар “академи” аваад ирсэн. Манайд шаварчин хийлгэхээр томилсон байна. Гэхдээ би энэ хүүхдээр ийм ажил хийлгэхгүй. Чи боломж байвал сургуульдаа багшлуул” гэж төрөлх сургуулийн захирал багштай минь ярьсан байсан юм билээ. Академи гэдэг нь эмнэлгийн чөлөө авсан хүнийг хэлдэг. Сургуулиасаа хөөгдсөн гэж багшид минь хэлэлгүй намайг сургуульд багшлуулахаар ярьсан байсан. Ингээд би сургуульдаа багшилсан. Дараа нь нэг жил Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллалаа. Ажиллах хугацаандаа сайн ажиллаж, залуучуудын гавшгайч бригад байгуулж ажилласан. Хөдөлмөрийн амжилт гаргасан учраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн Намын хорооны захиргаанаас шийдвэр гаргаж, 1000 гишүүнтэй үйлдвэрийн Эвлэлийн хорооны даргаар томилох гэхэд нь би зөвшөөрөөгүй. Тэгээд Барилгын техникийн мэргэжлийн гуравдугаар сургуульд нэг жил багшилсан. Гурван жил ажилласан учраас эргээд сургуульдаа явах гэхэд Барилгын материалын яамны сайд Л.Цэрэндондог гуай дэмжээд байгаа ч намын төв хорооноос зөвшөөрөөгүй. Германд миний сурч байсан сургуулиас намайг нэхээд байсан юм билээ. Сайдын факс руу албан бичиг ирээд байсан байгаа юм. “Нарийн механикийн багаж хэрэгжлийн инженерийн мэргэжлээр танай улс 1980 онд таван оюутан ирүүлсэн. Нэг нь ч төгссөнгүй. Хасагдаад, хөөгдөөд, эмэгтэйчүүд нь жирэмслээд явчихлаа. Наад оюутан чинь төгсөх боломжтой оюутан гэж үзэж байгаа юм” гэж нэхсэн байдаг. Харамсалтай нь удаан хөөцөлдөөд нэмэр болоогүй. Германд сурч байсан сургуульдаа 25 жилийн дараа очиж мөргөсөн. Газрын харилцаа, зураг геозүйн газрын дэд даргаар ажиллаж байхдаа 2009 онд очсон. Сурч байсан сургуульдаа очиж мөргөөд сэтгэл хөдлөөд сайхан юм билээ.
 

-Монголдоо үргэлжүүлэн суралцсан уу?
-Намайг НАХЯ-аас эх орондоо дуртай сургуульд сурахыг зөвлөсөн. Тиймээс Политехникийн их сургууль, одоогийн ШУТИС-д дулааны процессын автоматжуулалтын инженерийн ангийн хоёрдугаар курст элсэж орсон. Таван жилээр төгсдөг анги. Тухайн онд Германд сурч байсан ангийнхан маань төгсөөд ирлээ. Гэтэл би хоёрдугаар курсэд сурч байсан. Тийм учраас дөрвөн жилээр төгсгөдөг Багшийн дээд сургуулийн физикийн ангид элсэж орсон. Нэг жилийн өмнө ч гэсэн сургуулиа төгсөе гэж бодсон юм. Багшийн дээд сургуулийн оюутан болоод Утга зохиолын нэгдэлд элссэн. Утга зохиолын нэгдэлд элсэнгүүтээ сонин хийхээр “дайрчихсан”. Нийгмийг өөрчилнө, оюутнууд улс нийгмийг авч ёстой хүмүүс гэж үзээд 1988 оны намар “Цагийн толь” гэж сонинг хэсэг нөхдийн хамт гаргасан. Сонины нэрийг монголбичгээр Б.Одгэрэл гэж яруу найрагч бичиж өгсөн. Яруу найрагч, сэтгүүлч Ч.Дашдамба, П.Бөхбат, хүүхдийн зохиолч О.Сундуй, яруу найрагч Батцэцэг, С.Бүрнээ нарын нөхөдтэйгөө сонин гаргасан. Гэвч гурван дугаар гаргаад байж байтал НАХЯ-аас сонинг хаасан. 
 

-Тэгээд Ардчилсан хувьсгалтай золгосон байх?
-1989 оны намар Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд, Эвлэлийн төв хорооны гишүүн Нарангэрэл гуайн мандатыг авч, төлөөлөгчөөр орсон. Түүний дараахан Ардчилсан холбоог нөхдийн хамт байгуулсан даа. МоАХ-нд Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийг авчирж элсүүлсэн. Нэг өдөр С.Цогтсайхан Э.Бат-Үүлийг авчирлаа. Э.Бат-Үүл өөрийгөө танилцуулснаа “Би та бүхэнтэй нийлж чадахгүй нь уучлаарай. Хуудас нааж баригдахдаа ахиж хэзээ ч ийм юманд оролцохгүй гэж НАХЯ-нд ам өчгөө өгсөн. Хоёрдугаарт, “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж гуайтай ярьж, сэтгүүлчээр ажиллахаар тохирсон байгаа. Тиймээс намайг урьсан та бүхэнд баярлалаа” гээд гарах гэж байна. Тэгэхлээр нь С.Цогтсайхан бид хоёр татаж суулгаад “Э.Бат-Үүлээ чи ийм хулчгар байсан юм уу, чиний ам өчиг өгсөн ямар хамаатай юм. Тэр хуудас наах үйл ажиллагааны гол зохион байгуулагчдын нэг нь чи байсан гэсэн биз дээ” гэсээр хүчээр үлдээж байсан юм.
С.Зоригийг Баасан лам анх дагуулж ирсэн юм. Баасан лам, С.Зориг гээд олон сайхан нөхөд минь цаг бусаар одсон доо. С.Цогтсайханыг С.Амарсанаа авчирж байлаа. С.Амарсанааг би МоАХ-д урьж, авчирсан. Намайг ингээд ярихаар өөрийгөө дөвийлгөлөө гэж шүүмжлэх байх. Уншигч олон зөвөөр ойлгоорой. Би түүх л ярьж байна. Хэрвээ намайг Ардчилсан холбоонд дагуулж ирсэн хүн байдаг бол тэр хүн гараад ирээрэй. Яагаад хүмүүсийг МоАХ-д элсүүлсэн талаар яриад байна гэхээр тухайн үед залуучууд ирдэггүй байсан. Айгаад ордоггүй байлаа. Тийм учраас наашаа гэсэн хүмүүсийг л МоАХ-д элсүүлэхийг хичээж байсан.
 

-Ардчилсан хувьсгалыг санаачлагчдын хүсэж, хүлээж байсан нийгэм яагаад буруу тийшээ явчихав?
-Ардчиллыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн хүсэн хүлээдэг нийгэм. Ардчилсан хувьсгалын үйл хэргийг олон мянган залуучууд эхлүүлсэн. Түүнд нь олон сайхан нөхөд минь тэргүүлж оролцсон. Харамсалтай нь бидний, ард түмний хүсэн хүлээж байсан нийгмээ байгуулж чадсангүй. Одоогоос 31 жилийн өмнө 1989 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монголын ардчилсан холбоог байгуулаад, анхны 13 хүн нийлж тангараг өргөсөн. Бид нэг л их гэгээн мөрөөдөлтэй залуус байлаа. Миний хувьд сайн багш нар, сайхан аав ээж, сайн удам судрын буянаар өвөг дээдсийн үлдээсэн тусгаар тогтнол, хэл соёлын төлөө дуугарах, тэмцэх ёстой гэсэн бодол суучихсан байсан. Бид тухайн үед цуглаж баахан юм ярьж байгаад автобус зогссон хойно гэр лүү гээ явцгаана. Хол гэртээ нэгэндээ мөнгө цуглуулж, таксины мөнгө өгнө. Тэгж сайхан нөхөрлөж ирсэн нөхөд минь өнөөдөр ямар болов. Нөхдийн талаас илүү хувь нь анхны үзэл санаагаа орхисон. Энэ нь юунаас үүдсэн юм бэ гэхээр асар их эрх чөлөө, эрх мэдэл рүү гэнэтхэн оронгуут, тэр эрх мэдэлдээ ташуурч, өргөсөн тангаргаа умартаж, тусгай хангамж, албан тушаалд шунан дурласан. Ганзагын наймаа хийж, гахай зөөгөөгүй хэрнээ ихээр баяжсан. Үүнийг түмэн мэдэж байгаа. МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар С.Зориг, дэд зохицуулагч нь би байсан. Гэтэл 1991 онд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар МоАХ-г зохион байгуулалттайгаар хуралдуулж, бид хоёрыг “жийгээд”, өөрсдөө зохицуулагч болсон. Тэр үеэс гажуудал эхэлсэн дээ. Тиймээс намар нь би Ардын эрх сонинд Ц.Балдорж эрхлэгч дээр очиж сэтгүүлчээр ажилд орсон. Нэг жил ажилласан. Тэгээд би гудманд. 1996 оны сонгууль болсон, манайхаан ялсан.
 

-Та намаа ялсан тэр үед яагаад албан тушаалд томилогдоогүй юм бэ?
-1996 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бат-Үүл байлаа. Би Завханы 23 дугаар тойрогт нэр дэвшинэ гэж ярилцаад, тохиров. Нэр дэвшигчээс нэг сая төгрөг авна гэхээр нь найз нөхдөөсөө цуглуулж дансанд нь шилжүүлчихлээ. Тэгсэн нэг өдөр Завханы МҮАН-ын дарга Н.Батцэрэг надтай гэрт ирж уулзсан юм. “Тойрогоо өгөөч, миний ганцхан боломжтой тойрог, танд олон боломж бий” гээд уйлаад байсан. Нулимстай бичиг нь хүртэл надад одоо бий. Тэгсэн маргааш нь Э.Бат-Үүл намайг дуудаж байна. Тэрээр “23 дугаар тойрогт Н.Батцэрэгийг дэвшүүлэхээр боллоо. Чамд өөр тойрог өгье” гэлээ. За гээд байж байсан чинь ахиж дуудсанаа “Сүхээ уучлаарай, тойрог дуусчихлаа” гэдэг байгаа. “Чи юу яриад байгаа юм бэ, надаар тоглоод байгаа юм уу” гээд уурласан чинь “Аргагүй юм боллоо Засгийн газар байгуулагдахаар сайд болгоё” гэж байна. Тэгэхээр нь би “Чи ямар хөгийн амьтан бэ” гээд уурласан. Сонгуулиар ма­най­хан УИХ-д 50 суудал авч, ял­лаа. М.Энхсайхан Засгийн газрын тэр­гүүн боллоо. М.Энхсайхан дээр ажил ярьж орсон ч намайг ажилд то­милно гэж хэлээд чимээгүй болсон.
 

 -Таниас асуулгүй өнгөрч болохгүй нь. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван хүнийг шүүх гэм буруутайд тооцсон. Гэвч Монголын ард түмний олонх энэ хэргийн илрүүлэлтэд эргэлздэг. Би ч тийм санаа бодолтой явдаг хүний нэг. Энэ хэрэг үнэн зөв илэрсэн гэж та боддог уу?
-Үнэнийг хэлэхэд би сайн мэдэхгүй юм. С.Зориг 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласнаас хойш бид хоёр тэр бүр ойр байгаагүй. Мэдээж Төрийн ордон орохдоо С.Зоригтойгоо уулзаж, ярьж хөөрдөг байлаа. С.Зоригийг алагдсан шөнө би хүүхдийн зохиолч О.Сундуй найзын гэрт, Л.Энхтөр гэж сайхан найзынхаа хамт гурвуулаа ярьж хоносон. Учир нь би аравдугаар сарын 4-нд Герман руу ажлаар нисэх гэж байлаа. Намайг тэр хоёр маань гаргаж өгч байгаа юм. Тэгээд өглөө нь радиогоор С.Зоригийг амиа алдсан талаар зарласан. Маш их цочирдож хүлээж авсан. Л.Энхтөртэй хамт намын байр луу очсон. Олон зуун хүн цугласан байсан. Э.Бат-Үүл “С.Зоригийг МАХН-ынхан алаагүй шүү. Тайван байцгаая” гээд л орилоод байсан. Манайхан чинь МАХН-ынхан алчихлаа гэж үзэж байсан юм. Тэгээд би С.Зоригийн ээжийд нь очсон. Маш олон хүн цуглаж, гашуудаж байв. 
Би аравдугаар сарын 4-нд Герман руу ниссэн. Очих замдаа онгоцонд С.Зоригийн дүү С.Оюунтай таарсан. Франкфуртын онгоцны буудал дээр С.Оюун онгоцонд ороод ирсэн. Намайг харангуутаа миний дэргэд суусан. Уйлаад байсан. Франкфуртын онгоцны буудлаас Берлин хүртэл 30 минут явахад бид хоёр хэдэн үг сольсон. Германд долоо хоноод ирэхэд ажил явдал нь болоод дуусан байсан. Хэвлэлээр баахан мэдээ, таамаг гарчихсан байлаа. Хэрэг гарснаас хойш С.Зоригийн ойр тойрныхон, найз, нөхөд, хамт тэмцэж байсан хүмүүсээс цагдаагийн байгууллага байцаалт авсан байдаг. Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Эрдэнэбаяр гэж хошууч намайг арванхоёрдугаар сард дуудсан. Би очсон. Би Эрдэнэбаяр хошуучтай уулзаад “Чи намайг ямар орой дуудаж байна” гэж хэлэхэд “Хамгийн ойр байсан хүмүүсээс нь эхлээд л дуудаж, байцааж мэдээлэл авч байна” гэж хэлж байсан. Надаас хэд, хэдэн зүйл асуусан.  Дараа нь би түүнээс асуулт асуусан юм. Тэр үед Э.Бат-Үүлийг хорьж байгаад сулласан байв. “Э.Бат-Үүлийг яагаад барьсан юм” гэхэд “Сэжигтэй болоод барьсан юм” гэж байна. “Тэгвэл  яагаад сулласан юм” гэхэд “Дээрээс үүрэг өгч, сулласан” гэж хэлсэн. “Хэн үүрэг өгсөн гэж” гэхэд “Хууль зүйн сайд Ц.Нямдорж” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хошууч чинь өөрийнхөө санаачилгаар “Хэрэв би нэмж хоёр долоо хоног суулгасан бол захиалагчийг олох байсан” гэж хэлсэн. Энэ бол ноцтой баримт шүү.
 

-Хэргийн захиалагчийн тухай хуулийн байгууллага нэг ч үг дуугараагүй байгаа шүү дээ?
-С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван хүнийг ялласан. Энэ хүмүүсийг мөн, биш гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яагаад ч юм “дотор хүн” биш гэж хэлээд байдаг. Энэ хэрэг ахуйн хэрэг биш. Улс төрийн гэмт хэрэг. Хэргийн захиалагчийг Ш.Отгонбилэг агсныг гэж хүмүүс харддагт гайхдаг. Ш.Отгонбилэг ахыг хүн алах захиалга өгөх хүн гэж боддоггүй. Би Ш.Отгонбилэг ахтай их ойрхон байсан. Тэр хүнийг мэдэхийн хувьд ийм хэрэг хийх хүн биш. Харин Ц.Нямдоржид их “но” бий дээ. Хууль зүйн сайдаар олон удаа ажилласан. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд энэ хэргийг яагаад илрүүлсэнгүй вэ. “Э.Бат-Үүлийг Ц.Нямдорж гаргасан” гэж байцаагч юу хэлчихэв.
 

-Энэ хэрэгт Ц.Нямдорж оролцоотой гэж үү?
-Ц.Нямдорж ямар нэг зүйл мэдэж байна. Э.Бат-Үүл ямар нэгэн холбоо байна гэсэн үг. С.Зоригийн гэрт Э.Бат-Үүл малгайгаа мартсан. Ц.Элбэгдорж түүнд гэнэт баатар цол өгсөн. Баатар цол өгсөн нь хоёрхон  учиг байгаа шүү дээ. Энэ хоёр 2009 онд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж өрсөлдсөн. Э.Бат-Үүл ялагдчихаад гомдоод уйлсан. Удалгүй 2009 оны арванхоёрдугаар сард Ардчилсан холбооны 20 жилийн ой болж, Э.Бат-Үүлд баатар цол олгосон.
 

-Та Ц.Элбэгдоржтой хамт телевизийн нэвтрүүлэгт орсон. Нэвтрүүлгийн дараа уулзахгүй гэж байсан ч яагаад уулзчихав?
-Намайг телевизийн студиэс гарахад “Уулзъя Сүхээ, хүлээж байгаарай” гээд олон удаа гуйсан шүү дээ. Телевизээр ч тэр нь гарсан. Намайг гарахад залуучууд тосож аваад, цай уулгасан. Удалгүй Ц.Элбэгдорж араас гараад ирсэн. Тэгээд уулзсан. Ц.Элбэгдорж “Хамт зураг даруулъя. Чи бид хоёрын жагсаж, цуглаж явсан зураг байхаас өөр хамт авахуулсан зураг байхгүй” гээд зургаа авахуулсан. “Чи намайг тэврээд авхуулчих л даа” гээд гуйж, өөрийгөө тэврүүлж авахуулсан. Тэгэхэд нь би зураг даруулахгүй гээд байлтай биш. Тэгээд хамт жаахан ярьж сууя гэсэн. Ресторан, зоогийн газрууд хаалттай тул гэртээ урьсан учраас очсон. Гэрт нь цай ууж, хоол амссан. Ярьж суулаа. Би эхнэрийнх нь дэргэд “Чи асар их алдаа хийсэн шүү. Буруу зүйлээ хүлээ. Чи энгийн хүн биш. Ардчилал, ард түмний буянаар чамайг дэлхий таньдаг болсон. Чи бид хоёрын дунд хувийн асуудал байхгүй. Харин чамайг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга ард түмэн харааж байна. Чи ийм л алдаа хийсэн шүү дээ. Чи үр хүүхдээ бод. Хожим чиний үр хүүхдүүдийг ард түмэн хараагаад байвал яах вэ. Тиймээс ард түмний өмнө улаан нүүрээрээ буруу, зөвөө ялга. Гавьяа байдаг бол эдэл, гай байдаг бол үүр. Би Герман хэлнээс орчуулсан хойд нас, үйлийн үрийн тухай номоо өгнө. Хэрэв ухаантай бол тэр номыг уншаад ойлгоно биз” гэж хэлсэн. Тэгээд намайг жолооч нь гэрт хүргэж өгөхөд нь тэр номоо өгч явуулсан. Ийм л уулзалт болсон.
 

-Ц.Элбэгдорж таны хэлсэн зүйлд юу гэж байх юм?
-Тиймээ тийм гээл... Би ”Э.Бат-Үүлд чи яагаад баатар цол өгөв. С.Цогтсайханд баатар цол өгөх ёстой байсан юм шүү”  гэж хэлсэн. Ц.Элбэгдорж “Хөгшин чинь тэгж бодоод Хонхны дуунд төрийн шагнал өгсөн шүү дээ” гэж байна лээ. 
-Та генерал цол хүртэх асуудлаар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь уулзсан юм байна гэж ойлгосон. Танд генерал цол олгоогүй болохоор гомдож явдаг юм байна гэсэн ойлголттой үлдсэн шүү?
-Би Онцгой байдлын ерөнхий газрын үндсэн чиглэл эрхэлсэн дэд даргаар хоёр жил ажилласан. Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар, Иргэний хамгаалалтын газрыг 2004 онд нийлүүлж Гамшгаас хамгаалах газар болгосон. Дараа нь Онцгой байдлын ерөнхий газар нэртэй болсон. Иргэний хамгаалалтын газар нь үеийн үед генералтай байсан. Би тухайн үед ОХУ-ын Онцгой байдлын сайдын урилгаар Москвад айлчилсан. Женев хотод олон улсын хуралд оролцож байв. Генерал бол алдар цолоос гадна ажлын хэрэгсэл шүү дээ. Миний үед онцгой байдлын салбар генералгүй болсон байв. Тийм учраас хариуцаж буй салбараа генералтай болгохыг бодож болно шүү дээ. Засгийн газар дээр энэ асуудлыг яриад, Ерөнхийлөгчтэй би хэд хэдэн удаа орж, уулзаж байсан. Гэхдээ би “Надад генерал өг” гэж хэлж ороогүй. Энэ онцгой байдлын алба генералтай байх ёстой гэдэг асуудлыг хөндөж, би Ерөнхийлөгчтэй уулзсан нь үнэн. Гэтэл би өөртөө генерал цол авах гэж байсан юм шиг ард түмэнд ойлгогдчихлоо. Үүнийг залруулж ойлгох ёстой шүү.
 

-Та сэтгүүлч, яруу найрагч хүн. Уран бүтээлд цаг зав гаргаж байна уу?
-Намайг хүн болгосон нэг зүйл нь шүлэг, яруу найраг. Би сайн яруу найрагч биш. Гэхдээ “Гүүнд хайртай морь”. Бичих гэхээсээ илүүтэй, шүлэг яруу найраг уншиж, сонсох дуртай. Олон сайхан уран бүтээлчидтэй найз. Агуу их Бавуугийн Лхагвасүрэн, Д.Маам, Да.Нямсүрэнтэй найз нөхөд явлаа. Одоо ч олон сайхан нөхөд бий. Шүлэг яруу найргийг нь уншдаг дүү нар минь бий. О.Цэнд-Аюуш гэж сайхан залуу яруу найрагчийн шүлгийг унших, сонсох дуртай. Манай нутгийн хүү. Би Боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Залуудаа боксоор хичээллэж байлаа. Мөн Монголын нүүдлийн соёл иргэншлийн олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Олон салбарт хуруу, хошуу нэмэрлэж ирлээ.
 

-АН-ын өнөөдрийн энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Баабар олон жилийн өмнө “АН нас барсан” гэж хэлсэн. Харамсалтай нь үнэний ортой. АН, МАН болон улс төрийн бусад намуудыг ч татан буулгах ёстой. Тэр тусмаа МАН-ыг татан буулгах хэрэгтэй. 
 

-Таны гэр бүлийн тухай сонирхъё. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Тосонцэнгэлийн сор охиныг авч суусан юм. Би анхны ханьтайгаа 1985 - 1992 он хүртэл долоон жил ханилсан. Бид хоёр уйлаад салсан. Харамсалтай нь бид хоёрын дундаас хүүхэд төрөөгүй. Би тэр хүнийг хайрлаж хүндэлдэг. Ленинградад сургууль төгссөн боловсролтой эмэгтэй байдаг. Одоо сайхан амьдарч байгаа.
Дараа нь амьдралын жамаар одоогийн ханьтайгаа учирсан. Миний хань эмч мэргэжилтэй, Дарь­ганга нутгийн бүсгүй бий. Надад гурван сайхан хүү төрүүлж өгсөн. Миний том хүү Цэргийн хөгжмийн удирдаач, морин хуурч, офицер хүн бий. Дунд хүү олон улсын харилцааны мэргэжилтэн. Отгон хүү дунд сургуулиа энэ жил төгсөнө.
Ярилцсанд баярлалаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН