"Буянт-Ухаа 1" хорооллын азтангууд гэж байр авах хүсэлтээ өгсөн хүмүүсийн дунд сугалаа явуулж тус байранд оруулах эсэхийг шийдэхээр болсоныг уншигч та мэдсэн байх. Энэхүү хамгийн хямд үнэтэй байр захиалах иргэдийг сугалаагаар ирэх амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 10, 11-ний бямба, ням гаригт тодруулна. Өнөөдрийн байдлаар сугалаанд оролцох нийт  иргэлийн тоо эцэслэн гараагүй байна гэдгийг албаны хүн хэллээ.

"Буянт-Ухаа 1" хорооллын 1764 айлын орон сууцны байрыг худалдаж авахаар нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн аж.


"Төрийн орон сууцны корпорац"-ийн дэд захирал Д.Оюунжаргал: "Буянт-Ухаа 1 хорооллоос байр захиалах шалгуурт тэнцээгүй буюу гар утсанд нь сугалаанд оролцох талаар мэдэгдсэн мессэж ирээгүй 152 орчим иргэнээс өргөдөл, гомдол ирсэн тул үүнийг нягтлах шаардлагатай болсон. Эдгээр 152 хүний материалыг шалгаж үзээд сугалаанд оруулж болохоор бол утсанд нь  мессэж явуулж мэдэгдэнэ. Мессэж очихгүй бол сугалаанд оролцохгүй гэсэн үг.

Тиймээс тэдний асуудлыг шийдсэний дараа буюу маргаашийн 12.00 цагаас хойш эцсийн тоо гарна. Урьд нь гар утсанд нь мессэж очсон  хүмүүс сугалаандаа ордгоороо орно. Харин дээр хэлсэн бидэнд гомдол мэдүүлж, өргөдөл ирүүлсэн 152 хүний материалыг нягтална" гэлээ. 

Сугалааны тохирлыг тавдугаар сарын 10-ны 10.00-13.00 цагт, 11-ний өдрийн 10-14.00 цагуудад МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар гарна. Эхний өдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийнх, 11-ний өдөр буюу ням гарагт төрийн албан хаагчдын сугалааны тохирлыг явуулна. Сугалааны тохирлыг программаар хийхээр маргаан үүсдэг учир гар аргаар явуулах аж. Уг сугалааг хуйлахаас эхлээд битүүмжилж, телевизийн байранд хүргэх хүртэлх бүх явцад хөндлөнгийн хяналт давхар хийлгэх юм байна. Энэ ажилд төрийн хяналт шалгалтын албаныхан байхаас гадна захиалга өгсөн иргэдийн төлөөлөл байх юм.

Азтангууд тодруулах сугалаа нь 49 удаа явагдана. Жишээ нь, залуу гэр бүл 33 м/кв-ын талбайтай байрны захиалга өгсөн бол зөвхөн энэ хэмжээний байрны болон зөвхөн залуу гэр бүл гэсэн ангилал дотроо өрсөлдөх юм байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг нь зорилтот хэсэг буюу залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд худалдан борлуулах журамтай юм байна сугалаа ч энэ журмаар явагдах юм.

Х.Даваа