А.БЯМБАСҮРЭН

Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, сурагчдын хичээл цахим хэлбэрт шилжсээр хоёр жил болов. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд хүүхдүүд өвөл, зунгүй гэртээ хоригдсоор өнөөдрийн нөхцөл байдалтай золгосон. Уг нь энгийн үед хүүхдүүд зуны амралт эхлэхтэй уралдан хүүхдийн зуслан руу яаран, адал явдалтай, хөгжөөнтэй, үр бүтээлтэй зуныг өнгөрүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд эл байдал өөрчлөгдөж, зусланд амрах нь битгий хэл гэрийнхээ гадаах тоглоомын талбайд гарах нь хориотой болсон. Энэ жил эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулж, намар эрт хичээллэх саналыг дэмжжээ.

Энэ ч утгаар I-III ангийн зуны амралт тавдугаар сарын 8-наас эхэлж, 15-наас IV-ХI ангийн сурагчдыг амраасан. Түүнчлэн эрт амарч байгаа учир ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж буйг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Тэгвэл хүн бүр дархлаажуулалтдаа хамрагдаж, цар тахалгүй зуныг угтах хүсэлтэй байгаа энэ цаг үед хамгийн эрсдэлтэй байгаа нь хүүхдүүд. Статистикийн мэдээллээр Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 0-4 насны 381639 хүүхэд, 5-9 насны 388928, 10-14 насны 299512, 15-18 насны 21908 хүүхэд байна. Үндсэндээ ийм хэмжээний хүүхдүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэрийн хорионд байсан гэсэн үг. Иймд бид ээлжит сурвалжилгаараа хүүхдүүдийн амралт хэрхэн, хаана өнгөрөх талаар Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газар болон зарим зуслангийн нөхцөл байдлыг тодруулж, эцэг эхчүүдийн байр суурийг сонсов.

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Жил бүр сурагчдын амралт эхлэх үе буюу зургадугаар сард хүүхдийн зуслан, амралтын газар элсэлтээ авч, хүүхдүүдийг амраах бэлтгэлээ базаадаг. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ байдал өөрчлөгдөж, хүүхдүүд зун гэртээ хоригдон, зуслангийн газрууд цоожтой байсан. Тэгвэл энэ жил ч мөн зуслангийн газрууд хэзээ үйл ажиллагаагаа эхлүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Батсайхан “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 20-н зуслан байгаа бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулдаг 16 зуслан бий. 

Эдгээр газар сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдүүдийн элсэлт аваагүй. Энэ жилийн тухайд УОКоос зуслан, амралтын газрыг нээнэ гэсэн тодорхой журам гаргаагүй байгаа. “Нээж болно” гэсэн тодорхой хариу, чиглэл ирсэн тохиолдолд бид албан ёсоор зуслангуудад үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл өгнө.Гэхдээ бид хүүхдүүдийн зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхааран цахим хөтөлбөр явуулж байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд зуслангууд цахимаар хүүхдийн элсэлт авч, хүүхдүүдэд сонирхолтой, тэдэнд тохирсон хөтөлбөр зохион байгуулсан. Энэ жилийн хувьд тодорхой хариу ирээгүй учир хүлээж байна” гэсэн тайлбар өгөв. Үүнтэй холбогдуулан бид хүмүүсийн сайн мэдэх “Янзага” хүүхдийн зуслангийн гүйцэтгэх захирал С.Мөнхнасантай холбогдон нөхцөл байдлыг тодруулав. Тэрбээр “Зуслангийн үйл ажиллагааг явуулахад жил бүр нийслэлийн хүүхэд залуучууд, гэр бүл хөгжлийн газраас зөвшөөрөл олгодог. 

Одоогоор нээх эсэх асуудлаар тодорхой шийдвэр өгөөгүй байна. Энэ нь хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй байдалтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд бөөгнөрснөөр халдвар авах эрсдэл өндөр.Мэдээж зуслангуудын хувьд журмын дагуу халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, хүүхдүүдийг хүлээж авч болох ч хүүхдүүд халдвар авахгүй гэсэн баталгаагүй. Тиймээс манай зуслангийн хувьд одоогоор хаврын урсгал засвараа эхлүүлэн, бэлтгэлээ хангаж байна. Мөн бид 2019 онд ойролцоогоор 800 орчим хүүхэд хүлээж авсан. Түүнээс хойш нэг ч хүүхэд хүлээж аваагүй” гэв. Энэ мэтчилэн одоогоор хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа нээх нь тодорхойгүй байгаа буюу хүүхдүүд зуны амралтаа өнгөрүүлэх нэг газар нь ийнхүү хумилттай байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд дахиад л зуны гурван сар гэртээ хоригдох нь...

 

ХӨДӨӨ ЯВЖ БОЛОХ Ч ХАЛДВАР ТЭЭЖ ОЧИХ ЭРСДЭЛ ӨНДӨР

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг зогсоож, хүүхдүүд хөдөө явж чадахгүй байгаа гол шалтгаан бол дархлаажуулалтад хамрагдаагүй байдал. Халдварын тохиолдол өдрөөс өдөрт ихсэж буй энэ үед олноор бөөгнөрөх нь эрсдэлтэй нөхцөл юм. Нийслэлийн Онцгой комиссоос орон нутаг руу зорчих хүүхдүүдээс бичиг баримт шаардахгүй байгаа ч эцэг эхчүүд хүүхдүүдээ хөдөө явуулахаас айж байгаа аж. Энэ талаар бид зарим эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо. Иргэн Н.Очирдарь “Манайх II, IV, VIII ангийн гурван хүүхэдтэй. Уг нь жилд хичээл нь амрахаар хөдөө аав ээж рүү гээ явуулчихдаг юм. 

Энэ жил халдварын улмаас гэрээс нь гаргаж чадахгүй байна. Орон нутгийн замыг нээсэн хэдий ч замдаа халдвар авахыг үгүйсгэхгүй. Хүмүүс ч яахав вакциндаа хамрагдсан. Одоо бол хамгийн эрсдэлтэй нь хүүхэд байна. Саяхан манай дүүгийн охин XII анги гээд танхимаар хичээл нь орсон юм.Гэтэл хичээл орсон хоёр дахь хоног дээрээ ангийнх нь нэг хүүхдээс халдвар илэрсэн. Ийм эрсдэлтэй нөхцөлд байхад, хүүхдүүдээ гэрээс нь гаргахаас ч айж байна” гэв. Харин Э.Болортуяа “Манай хүү энэ жил I ангиа төгссөн. Зуны амралтаар зусланд явуулдаг ч энэ жил гэрт нь байлгах санаатай байгаа. Аав нь ээлжийн ажилтай тул гэртээ байх хугацаандаа цахим хичээлийг нь хийлгээд байсан боловч одоо ажилдаа орсон тул харах хүнгүй болсон. Ганцаараа байхад эрсдэлтэй учир хөдөөнөөс эмээ нь ирж харах гэж байгаа. Уг нь 14 хоног зусланд амраачихаад, хөдөө явуулчихдаг юм. Энэ жил хөдөө, хотгүй халдварын эрсдэлтэй байгаа учир гэртээ эмээтэйгээ байхаар болсон. 

Зарим зуслан цахимаар хүүхдүүдэд сургалт явуулдаг юм билээ. Гэрээс нь хамруулдаг юм бил үү гэсэн бодолтой байгаа” гэв. Үргэлжлүүлэн иргэн Г.Батчимэг “Хүүхдүүд маань энэ жил гэртээ зуны амралтаа өнгөрүүлнэ. Уг нь жил бүр зусланд амраадаг юм.Өнгөрсөн жил өнжсөн. Энэ жил зуслан нээгдлээ ч явуулахгүй. Халдварын эрсдэл авах ийм эгзэгтэй үед олон хүнтэй газар руу явуулах боломжгүй. Үнэндээ гадаа тоглоомын талбай дээр жаахан тоглуулахад л халдвар авах эрсдэлтэй үед зуслангийн газар амраана гэдэг худал. Тиймээс гэрээс нь хэлний цахим сургалтад хамруулна гэж бодож байгаа.

Ер нь зуслан явах цаг хаа мундах вэ. Харин ч цаг хугацааг ашиглаад сураад авах нь зүйтэй гэж харж байгаа” гэсэн юм. Энэ мэт хэдийгээр орон нутгийн зам нээгдэж, хүүхдүүд хөдөө явах боломжтой болсон ч вакцинжуулалтад хамрагдаагүй, халдвар авах гэсэн ямар ч баталгаагүй болохоор хөдөө явж чадахгүй байгаа гэдгийг ийнхүү уламжлав. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН