"Буянт-Ухаа 1" хорооллын азтануудыг өчигдөр тодруулсан. Хамгийн хямд үнээр байр захиалахаар нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн байна.

Үүнээс сугалаанд нийт 5935 хүн шалгуур хангаж, оролцож өчигдөрийн сугалаагаар 709 хүн азтанаар тодорлоо. Бүлгээр нь  авч үзвэл, 2740 төрийн албан хаагч, 947 залуу гэр бүл, 1748 ахмад настан, 500 хөгжлийн бэрхшээлтэй иргэн сугалаанд оролцсон.

Түүнчлэн сугалаанд оролцох боломжгүй 152 хүн шалгуур хангаагүй учраас ТОСК-д хандан гомдол гаргасан бөгөөд үүнийг албаныхан нягталж үзсэн байна. Ингэхэд 152 гомдолтой хүний материалыг нягтлаад 149 хүн сугалаанд нэмж оруулахаар болж, утсанд нь мэдэгдсэн байна.

Сугалааны тохиролын талаар ТОСК-ийн захирал А.Гантулга "Эхний өдрийн сугалаагаар нэг, хоёр өрөө байрны тохиролыг явуулсан. Нийт 709 хүн шалгаруулсан. Маргааш үлдсэнийг нь тодруулна. Сугалааны тохиролын талаар даваа гаригт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

Үлдсэн сугалааны тохиролыг өнөөдөр МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар 10.00-14.00 цагийн хооронд явуулна.

Х.Даваа