Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Гандангийн дэнжийн айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг Хотын дарга эхлүүлсэн.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр нүхэн жорлонгуудад найман омгийн 40 гаруй ашигтай бактери хийснээс хойш 17 хоногийн дараа бодит байдалтай танилцан, газар дээр нь ажиллалаа. 

Гандангийн дэнж орчим нь нийслэлийн хамгийн удсан суурьшлын бүсүүдийн нэг бөгөөд хөрсний бохирдол нь 200-300 хувьд хүрчээ. Тус ашигтай бактери нь хөрсний бохирдлыг арилгах, шээсний хүчлийг задлах, үнэр дарж, халдваргүйжүүлэхээс гадна хөрсний бордоо болох давуу талтай юм.

Бохирын үнэр мэдэгдэхүйц арилсан

Нүхэн жорлондоо ашигтай бактери хийлгэсэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэд “Үнэр мэдэгдэхүйц арилсан. Ялаа батгана шавахаа больсноос гадна бохир соруулах хугацаа ч уртсаж байгаа. Хотын дарга хамгийн чухал асуудлыг шийдэж өглөө” хэмээн ярилаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр "Ашигтай бактери хийснээс хоёр сарын дараа нүхэн жорлон дахь бохирыг шингээж, хөрсөнд ашигтай бордоо болно" гэв.

Улаанбаатарын гэр хороолол дахь 196,000 нүхэн жорлонд ашигтай бактери хийнэ

Гэр хорооллын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой. Ялангуяа нүхэн жорлон орчмын тав хүртэлх метрийн радиуст хөрсний нийлмэл бохирдлын индекс өндөр гарчээ. Иймд Улаанбаатар хотын гэр хороолол дахь 196 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийж, үе шаттайгаар  стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгоор солих, хуучин нүхийг ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх юм байна.