Г.ЭНХГЭРЭЛ

Өчигдөр буюу зургадугаар сарын 23-ны байдлаар коронавируст халдвар 2213-аар нэмэгдэж, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 100.263 боллоо. Түүнчлэн дахин арван хүн өөд болж, коронавирусийн халдвараар нийт 487 иргэн алтан амиа алдаад буй харамсалтай тоо байна. Манай улсад халдварын анхны тохиолдол 2020 оны гуравдугаар сарын 10-нд Франц Улсын иргэнээс бүртгэгдэж, ард иргэд нийтээрээ цочирдож байв. Бидний нэрлэдгээр “сохор азаар” ч гэх үү тус хүний ойрын болон дам хавьтлын иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Үүний дараа тусгай үүргийн онгоцоор эх орноо зорьж ирсэн иргэдээс халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байсан ч бүгд эдгэрч, бид Улсын их баяр наадмаа цахимаар тэмдэглэж, коронавирусийн халдварыг бараг ор тас мартаж, дураараа дургиж байсан цаг саяхан.

Даанч олон хавар нэгэндээ гэгчээр халдвар, хамгааллын дэглэм “Энхсаран” сувилалд алдагдаж, тусгаарлах байранд худалдаа явуулсан, иргэд нь өрөө хэсэж хөзөр тоглосноос болж дотооддоо халдвар алдаж, өнөөдрийн хүнд нөхцөл байдалд хүрсэн. Өдөрт бүртгэгдэх нас баралтын тоо хоёр оронтой тооноос буухгүй байсаар өчнөөн хоногийн ард гарчээ. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс удаа дараа хөл хорио тогтоож, бүтэх, бүтэхгүй олон арга хэмжээ авсан ч халдварын тохиолдлоо хумьж чадсангүй.

Эрүүл мэндийн салбар нь хүний нөөцийн хомстолд орж, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хүүхдүүд хүндээр өртөж, амьсгалын аппарат хэрэглэх ээлжээ хүлээн тарчлан хэвтэж буй дүр зураг иргэдийн сэтгэлийг эмзэглүүлсээр. Хууч өвчин, хорт хавдар, өндөр настай иргэдэд коронавирусийн халдвар хэрхэн хүндээр тусаж байгаагийн жишээ олон. Түүнээс гадна ажилтан нь халдвар авч тусгаарлагдсан үед тодорхойгүй шалтгаанаар халсан олон тохиолдол бүртгэгджээ. Бид энэ удаа коронавирусийн халдварын үед хүний эрхийн зөрчлийн асуудлыг хөндөж байна.

 

БУСДАД АДЛАГДАХААС ЯСАА ЦАЙТАЛ АЙЖ БАЙНА

Үүний цаана тэр бүр яригдаад байдаггүй ч хамгийн их хохирч буй нь хүний эрхийн асуудал. Удаа дараагийн хөл хорионд бизнес нь дампуурсан, өрхийн орлого нь тасарч өлөн зэлмүүн хорвоогийн шар, бор хоногийг өнгөрүүлж байгаа иргэд үй олон. Түүнээс гадна халдвар авсан хүмүүс өвчнөөс б иш бусдын ялгаварлан гадуурхах хэл амнаас айдаг. Учир нь шинээр бүртгэгдэж буй тохиолдол бүрийн цаана доод тал нь 20 орчим ойрын болон дам хавьтал байдаг. Гэр бүл, хамт олон, найз нөхдөөс эхлэн халдвартай гэдгээ мэдэлгүй уулзсан хүмүүс нь бүгд эерэгээр хүлээж авахгүй нь мэдээжийн асуудал. Тэгэхээр ямар ч тохиолдолд хүн хүндээр өвдөх, амиа алдах вий гэж айхаас илүү бусдад адлагдахаас ясаа цайтал айж байна. 

Үүний жишээ нь, өнгөрсөн сард 21 настай охиноо халдвар авлаа гэж эцэг, эх нь зэмлэж, охин нь амиа егүүтгэх оролдлого хийсэн үйл явдал тохиосон. Төрүүлсэн эцэг, эх нь ийм авир гаргахад харь элгийн хүн яаж хандах нь ойлгомжтой.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРВАЛ АЖИЛДАА БИТГИЙ ИРЭЭРЭЙ

Цахим сүлжээнд коронавирусийн халдвар гарсан хүмүүсийн бүлгэм үүсжээ. Тус бүлэгт иргэд халдварын шинж тэмдэг, эмчилгээ, түргэвчилсэн оношлуурын тест, эмийн багц, эрүүл мэндийн газар, шинжилгээний төв гээд цар тахалтай холбоотой бүхий л асуудлаар санал сэтгэгдлээ хуваалцдаг. Халдвар туссанаасаа болж ялгаварлан гадуурхалтад өртсөн, ажлаасаа халагдсан иргэдийн гомдол хөвөрнө. Энэ талаар дараах иргэнээс байр суурийг нь сонслоо. Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Д.Сүхболд Би Баянзүрх дүүргийн нутагт барилгын ажил хийж байсан. Нэг сарын өмнө халдвартай нь батлагдаад эдгэрлээ. Ажлынхандаа учраа хэлтэл зарим хүн их бухимдсан. Барилгын төслийн менежер эрэгтэй ”Биеэ сайн тордож, эмчилгээгээ сайн хийлгээрэй.Бусад ажилтнаа бодон дахин ажиллуулахгүй тул зөвөөр ойлгоорой. Халдвар авснаас өмнөх цалинг чинь бүрэн тооцож өгнө” гэсэн.

Уг нь миний хавьтлуудаас нэгнээс нь ч халдвар илрээгүй. Ажил хайж байгаа, олоход үнэхээр бэрх байна. Ихэнх газрууд үүдээ хааж, ажилчидаа 50 орчим хувь цомхотгож байгаа гэж дуулдсан. Тэгэхээр ажил олоход хүнд байхаа.

 

Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэн Н.Цогтбаяр

Би зургадугаар сарын 7-нд эерэг батлагдсан. Ер нь тусаад эдгэрсэн хүний сэтгэлзүйд асуудал үүсдэг юм байна. Би гоо сайхны салонд ажилладаг. Хавьталууд маань таван хүнээс халдвар илэрсэн. Туссаны дараа “Гай боллоо”, “Яах гэж манайд ирсэн юм бэ”, “Ирэхдээ халдвартайгаа мэдээгүй юм уу”, Би хөгшин ээж, нялх хүүхэдтэйгээ тусгаарлагдлаа” гэх зэргээр элдвээр чичлүүлсэн. Мөн ажлын газраас дарамт их үүссэн. Хариу эерэг гарсны дараа нэг хэсэгтээ ажил дээр бүү ирээрэй гэж хэлсэн. Уг нь зориуд халдвар тараагаагүй. Өөрөө ч хаанаас халдвар авснаа мэдэхгүй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн Д.Дашпагма

Би 23 настай. Дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдсан. Ойрын хавьтал 63 настай цусан төрлийн эмэгтэй байсан. Түүний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан, хоёр дахь нь эерэг гарсан. Би өөрөө хөнгөн тусаад эдгэрсэн ч , тэр эмэгтэй 16 хоног эмчлүүлсний дараа нас барчихсан юм. Учир нь цусны даралт ихэсдэг, давхар уушгины хатгалгаатай байсан юм билээ. Гэр бүлийнхний нь зүгээс илт дайралт ирээгүй ч өөрт үнэхээр хүнд байсан. Одоо ч тэр хямралаасаа гарч чадахгүй байгаа. Олон асуудлаас айсандаа цахим хаягаа хаачихсан. Өөрөөр хэлбэл нийгмээс өөрийгөө бүрэн тусгаарлаж байгаа гэсэн үг.

 

Сүхбаатар дүүргийн иргэн VIII хорооны иргэн Г.Хулан

Би үсчин мэргэжилтэй. Бас халаасны өрөө түрээсэлж амьдардаг. Зургадугаар сарын 8-нд онош тогтоогдсон. Түрээсэлж байгаа айлын гэр бүлийн гишүүдээс шинжилгээ авсны дараа хөөгдсөн. Учир нь гэнэт “Энэ өрөөнд манай хамаатны хүн орохоор боллоо. Яаралтай суллаж өг” гэсэн. Ингээд халдвартай ч бараг гудамжинд гарсан. Тухайн үед үнэхээр гомдолтой байсан. Үнэхээр халдвартай нь батлагдсан иргэдийн хувьд өвчнөөс илүү сэтгэлийн дарамт бусдын ялгаварлан гадуурхсан харилцаа гэдгийг дээрх жишээ бэлхнээ харуулж байна.

 

Д.СҮНЖИД: ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДСӨН ГОМДЛУУДЫН ТОО НЭМЭГДСЭН

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээс дээрх асуудлаар тодрууллаа.

-Хүний эрхийн үндэсний комисст коронавируст цар тахлаас үүдэж хүний эрх зөрчигдсөн гомдол, мэдээлэл ирдэг үү?

-Хүний эрхийн үндэсний комисст жилд дунджаар 600-700 гомдол ирдэг статистик байдаг. 2021 оны эхний хагас жилд 664 гомдол ирээд байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хүний эрх зөрчигдөж байгаа гомдлуудын тоо нэмэгдсэн байна. 2020 оны сүүлийн хагас жилд гадаадад гацсан монгол иргэдийн гомдол зонхилж байсан бол энэ жил вакцинтай холбоотой асуудал, хөдөлмөрлөх эрхийн талаар гомдол, мэдээлэл түлхүү ирж байна. Мөн хувь хүний нууцын, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, боловсролын асуудал, жагсаал цуглаан, ажлын байрны дарамт, өмчийн эрхийн зэрэг асуудлаар ч гомдол ирүүлсэн байгаа.

-Хувийн хэвшлийн зарим байгууллага ажилтан нь халдвар аваад тусгаарлагдах хугацаанд , тодорхойгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн тохиолдол олон гарсан. Энэ асуудалд иргэн хаана хандах ёстой байдаг вэ?

-Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3 дахь хэсэгт заасан хүний эрхийн хязгаарлалт хуульд үндэслэсэн байх, нийгмийн эрүүл мэнд, хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгод хүрэхэд тохирсон байх шаардлагуудад нийцэх учиртай. 

Хэрэв ажилтан коронавирусийн халдвар авсан, эсхүл тусгаарлагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн бол харьяаллын дагуу иргэний хэргийн шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар нэхэмжлэл гаргах боломжтой.-Ажлын байрнаас гадна нэгдүгээр болон дам хавьтал болсон, халдвар тараасан хүн нь нас барсан тохиолдолд ар гэрийн зүгээс ялгаварлан, гадуурхах хандлага түгээмэл байна. Энэ нь ковидын тухай хуулийг зөрчиж коронавируст халдварын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Яг энэ нөхцөл байдал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Коронавируст халдвар / ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.1.6-д коронавирусийн халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй иргэний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байх үүргийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээнэ. Эрх бүхий албан хаагчаас энэ талаар сануулна, шаардана.

 Эрүүгийн хуулиар ялгаварлан гадуурхахыг гэмт хэрэгт тооцож торгох, нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Зөвхөн албадах биш цар тахал үргэлжилж байгаа энэ цаг үед нийтэд зөв ойлголт өгөх, уриалах, нэгдмэл мэдээлэл өгөх, ойлгуулах нь чухал байна. Энэ ялгаварлан гадуурхал гэр бүл, ажил, сургуульд нь нөлөөлдөг өмнөх тохиолдлуудын сургамж харуулдаг. Өвчнөөр хэн нэгнийгээ ялгаварлах зөвхөн хууль ёсны үүднээс ч төдийгүй хүний ёсны үйлдэл биш баймаар. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Тэр дундаа дэлхий нийтийг хамарсан цар тахал дэргэд оршсоор буйг хүн бүр мэдэж буй. Таны, миний дэргэд тэд отож байна. Тиймээс цар тахалтай холбоотойгоор хүний эрхийг зөрчиж, халдвар авсан хэн нэгнийгээ гадуурхаж үл болно. Хүн бол ухамсарт амьтан. Цар тахлаас хэн нэгэн чимээгүй мэгших ёсгүй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН