Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутаг 2015 оны сүүлчийн өдөр АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын өгсөн лицензээр “Шинэ шивээ” компанид олгосон. “Шинэ шивээ” компани уг лицензийг “Эйкүсора” хэмээх толгой компанидаа шилжүүлсэн байдаг.

Анх олгохдоо л тус сумаас гадна Сүмбэр сумын газар нутаг, мөн Шивээ овоогийн ордыг бүхэлд нь, төмөр замын хамгаалалтын зурвасыг хэсэгчлэн энэ лицензэд хамруулсан нь өнөөг хүртэл хэл ам таталсаар байна. Хамгийн гол нь үүнээс болж дээрх сумдын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдчихөөд байгаа юм.

Иймээс Шивээговь сумынхан ч өнөөг хүртэл эрхийнхээ төлөө тэмцэж буй юм. Харамсалтай нь ямар нэг үр дүнд хүрч чадахгүй, “хад” мөргөсөөр байгаа ажээ.

Энэ хооронд тус сумын нэр бүхий албан тушаалтнууд ч “Эйкүсора” компанид хууль зөрчиж үйлчилсэн явдал гарсан байна.

 

 

“Эйкүсора” компани 2018 онд БОАЖЯ-аар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай болжээ. Ингэхийн тулд лицензтэй талбай дахь орон нутгийн иргэд дэмжсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ үнэлгээг хийлгэхэд нэмэр болох саналыг Шивээговь сумын II багийн иргэд гаргаж, БОАЖЯ түүнийг нь үндэслэх шаардлага тулгарсан гэсэн үг.

 

 

 

Тэгвэл тухайн үед Шивээговь сумын II багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарсанаа, тус багийн Засаг дарга С.Отгонбаатар нар яагаад ч юм “Эйкүсора” ХХК-ийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнйи тайланг дэмжсэн байна. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Эйкүсора” ХХК-ийн “Өехий цагааны хүрэн нүүрсний ордыг ашиглах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжсэн “Тайлан хэлэлцэх тухай”  Шивээговь сумын II багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдсэн байна. 

Ингэхдээ 2018 оны наймдугаар сарын 10-ны өдрөөр огноолсон хурлын тэмдэглэлийг үйлджээ. Уг тэмдэглэлд “...Тэргүүлэгч М.Мөнхжаргал, Г.Хишгээ, Ж.Өлзийжаргал, II багийн Засаг дарга С.Отгонбаатар, “Грийнлэнд Прайндли” ХХК-ийн захирал П.Оюунбат, Байгаль орчын мэргэжилтэн Б.Уянга, “Эйкүсора” ХХК-ийн захирал Д.Ганхолбоо нарын ирцтэй эхлэн 15 цаг 30 минутад дуусгав” гэжээ. Үүгээр тус багийн нутаг дэвсгэрт байрлах MV-020423 дугаартай Өехийн цагаан нэртэй талбайд хэрэгжих “Нүүрсний ордыг ашиглах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцсэн хэмээгээд талууд танилцуулга, асуулт хариулт “өрнүүлсээр” хуралдааныг дуусгажээ. Ингээд “...Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумын нутагт байрлах MV-020423 дугаартай Өехийн цагаан нэртэй талбайд хэрэгжих “Нүүрсний ордыг ашиглах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцаж, цаашид уг үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулахыг дэмжиж Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг гаргахаар шийдвэрлэв” гэжээ.

Гэтэл үүнийг Шивээговь сумын ИТХ-аас хууль бус гэж үзээд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр 1/86 тоот албан бичгээр гомдол мэдүүлсэн байна. Уг гомдолд “... “Эйкүсора” компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-020423, MV-020420 дугаартай лицензийн талбай нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт харьяалагдаж байгаа билээ. Тус компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2018 оны наймдугаар сард Шивээговь сумын II багийн Иргэдийн нийтийн хурлын даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Амарсанаа нэртэй санал дээр үндэслэн БОАЖЯ хийсэн тухай мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Иргэний танхимд зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчны ахлах байцаагч н.Шижир-Эрдэнэ өгсөн. 2018 оны наймдугаар сард Шивээговь сумын II багийн Иргэдийн нийтийн хурлын дарга томилогдоогүй байсан. Мөн II багийн Засаг дарга С.Отгонбаатар нь ээлжийн амралттай байсан бөгөөд иргэн Ч.Амарсанаа нь хуурамч бичиг баримт үйлдэн, төрийн тамга ашиглаж “Эйкүсора” ХХК-д илтэд үйлчилсэн үйлдлийг гаргасан байх магадлалтай.

 

 

Үүнээс үүдэж “Эйкүсора” ХХК Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийг ухаж эхэлсэн. Мөн ирэх жилээс Шивээговь сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд Шивээговь сумын иргэн Чулууны Амарсанааг хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байна. 

 

 

 

Энэ дагуу Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгалтыг явуулж, тус даргын түр орлон гүйцэтгэгч, ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Баярзолбоо 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнбатын нэр дээр хариу мэдэгдсэн албан бичиг илгээжээ.

Түүндээ “...Танаас ирүүлсэн 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 1/86 дугаартай албан бичгийг хүлээн авч, гэмт хэргийн талаарх 289 дугаартай бүртгэлд оруулан шалгаад материалыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэх саналтай аймгийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. 

Мөн Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнгөнцэцэг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр “...289 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр шилжүүлсэн болохыг мэдэгдье” гэсэн 1/495 дугаартай албан бичгийг Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбатад илгээсэн байна.

 

Үргэлжлэл бий...

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин