Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөрт

А.МИНЖИН

Өнөөдөр олон улсын “Охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Аравдугаар сарын 11 бол хүний эрхийг дээдэлдэг ихэнх улс орны хувьд эрх нь зөрчигдөж буй охидын асуудлыг эргэн хардаг өдөр. Иргэний нийгмийн байгууллагууд энэ өдөр охидын эрхийг зөрчдөг олон асуудлыг хөндөн жагсаал цуглаан хийх зэргээр олон талт үйл ажиллагааг явуулдаг. Өнөөдөр охидын эрхийн төлөө “Digital Generation Our Generation” уриан дор Хөөрхөн зүрх, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Гүнж Төв, Өсвөр үеийнхний хөгжлийн төв, Лантуун дохио, Хүчирхэг хөвгүүд, Монголын Хүүхдийн Төлөө Үндэсний Төв, ЛГБТ төв зэрэг олон нийтийн байгууллага нэгдэж байна.

Судалгаанаас харахад манай улсын хувьд хүүхдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдсээр буй. Үүнд бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл, үл хайхрах хэрэг зөрчил дээгүүрт ордог аж. Хүчирхийлэлд өртөгсдийн судалгааг харахад, охид хамгийн ихээр бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Тухайлбал цагдаагийн байгууллагын мэдээллийг сүүлийн гурван жилээр дундчилж үзвэл өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Хохирогчдын 46.8 хувь нь 8­16 насны охид бөгөөд насанд хүрээгүй хохирогчдын 87 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байгаа нь аймшигтай. 2021 оны эхэнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч олныг сэрдхийлгэсэн. Уг хэргийг хохирогч охины ээж нь мэдэж цагдаад мэдэгдсэнээр ил болсон. Охидын эрх чөлөөний эсрэг хэрэг зөрчлийн тоо баримт нь энэ төрлийн хэргийг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй. Учир нь энэ төрлийн хэрэг ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг. 

Тухайлбал бэлгийн хүчирхийлд өртсөн охидын (давтагдсан тохиолдол) судалгаагаар ураг төрлийн хүчин 21, төрсөн эцэг гурав, хойд эцэг 12, төрсөн ах нэг, төрөл садангийн ах тав, болзооны хүчин 11, хөрш айлын хүн хоёр, найз хөвгүүн, найзын найз гурав, анх удаа танилцсан хүн хоёр, танил хүн нэг, гудамж талбайд тав гэж гарчээ. Энэ бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн цөөн тооны охидоос авсан мэдээлэл судалгаа. Эндээс харахад гэр бүлийн эхний тойрогт энэ жигшүүрт хэргийн ихэнх нь үйлдэгддэг аж. 

Манай улсын хувьд 2020 оны эхний гурван сард НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байруудаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар нэмэгдсэн байна. 

Дэлхийн зовлон дотор бидний зовлон ч багтана. Тиймээс нуугдмал, давтан тохиолдлын шинжтэй. Энэ жил гэхэд л охиноо таван жилийн турш хүчирхийлсэн өвөөгийн хэрэг илэрч байх жишээтэй. Эдгээр тоо баримт гайхан харуусаж, гэмт хэрэгтнийг жигшин зэвүүцэж мөн охидыг буруутгахаасаа илүү охидоо хамгийн ойрын хүмүүсээсээ хамгаалаарай, эцэг эх байх хариуцлагаа нэмээрэй, ХҮН байх үүргээ ойлгоорой гэж бидэнд сануулахад зориулагдсан гэдгийг хэлье. Дээрх бэлгийн хүчирхийлэлд өртсөн 30 охины гурав нь жирэмсэн болсноос нэг нь үр хөндүүлэх хугацаа нь хэтэрсний улмаас тээхээс аргагүй байдалд оржээ. Бид ийм л хүнлэг бус нийгмийг бүтээж, нулимстай, айдастай маргаашийг үр хойчдоо хүлээлгэж өгөхөөр чимээгүйхэн мөр мөрөө хөөн амьдарцгааж байна. Хүүхэд зоджээ гэвэл “Муу араатныг цаазал дүүжил”, охиныг хүчирхийлжээ гэвэл “Одооны охид болох биш өөрөөсөө болоо биз, ил задгай хувцас өмсдөг” гэдэг тархины тураал, нүдний хороосоо салах цаг болжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх санаа сэдлээ тархинаасаа авч хаяхын оронд бусдын хувцас хунар, будаг шунханд буруугаа чихдэг жигшмээр хандлагаа эхлээд өөрчлөх ёстой. Ийм хандлагатай учраас л 13 настай охины гар утсыг авч зочид буудалд хуурч оруулан архи өгч, хүчиндэж, амь насыг нь хохироосон гурван залуугийн жигшүүрт гэмт хэргийг нэгэн нэрт сэтгүүлч бяцхан биеэ үнэлэгч хэмээн цоллож эх, эмэгтэй хүний санаанд оромгүй үг, үйлдлийг гаргаж олны дургүйцлийг хүргэж байсан удаатай. Манай улс хүүхдэд ялангуяа охидод ээлгүй улс. Тухайлбал 2016 онд 140 гэмт хэрэгт 143, 2017 онд 183 гэмт хэрэгт 187, 2018 онд 235 гэмт хэрэгт 238, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 110 гэмт хэрэгт 112 хүүхэд тус тус хохирчээ. Үүнээс 2015 онд 54, 2016 онд 63, 2017 онд 79, 2018 онд 111 бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй хүүхэд хохирсон байна. (ХИС­ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулгын судалгаанаас) 

Энэхүү жигшүүрт хэрэг гэр бүлийн хүрээнд үйлдэгддэгийг нотлох бас нэгэн баримт бол ковидын хөл хорионы үед энэ төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлт. Чоно борооноор гэгчээр ковидын хөл хорионы үеэр хүүхдийн бие махбодид халдсан, бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн зарим тохиолдолд амиа хорлохоор завдсан гэх мэдээлэл элбэгшсэн. Хөл хорио тавигдсан эхний найман сарын хугацаанд 160 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон. Мөн хүүхдийн биед халдсан, зодсон, хүнд гэмтэл учруулсан, ялгаварлан гадуурхсан ноцтой хэргүүдийн мэдээллийг бид бүгд зүрхээ дарж сонссоор хоёр жилийг үдлээ. Дэлхий даяар тархаад буй цар тахлын шинэ халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх нь өсөж, тусламж үйлчилгээгээ ч нэмсэн. Англи, Канад, Франц, Герман, Испани, АНУ­-ын засгийн газар цар тахлын нөхцлийн түгшүүр нь хурцадмал байдлыг өдөөж, хаалттай хаалгааны цаадах хүчирхийлэгчдийг хянах боломжийг сулруулж байна. Тиймээс тусламжийн утасны үйлчилгээ, хоргодох байраар хангах хэрэгцээ нэмэгдэж байгаа талаар мэдээлж байна. Харин манай улс яасан бэ... Ковидын халдвар авсан иргэдээ ялгаварлан гадуурхахаас хэтрээгүй. Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом мэдэгдсэн талаар НҮБ-ын Хүн амын сан мэдээлсэн. НҮБ-­ын Хүн амын сангийн хийсэн олон улсын судалгаагаар цар тахлын тусгаарлалт зургаан сарын турш үргэлжилбэл эрүүл мэндийн салбарт ихээхэн гарз хохирол учрах бөгөөд бага болон дундаж орлоготой орнуудын хувьд долоон сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүйг анхааруулж байв. Манай улсын хувьд 2020 оны эхний гурван сард НҮБ­-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байруудаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар нэмэгдсэн байна. Дэлхийн зовлон дотор бидний зовлон ч багтана. Охидын зовлон ч багтана. Бүх шатны сургуулиуд хаалгаа барьснаас үүдэн архичин эцэг, эх, хүчирхийлэгч гэр бүл, хүрэлцээгүй хүнсний хангамжтай нүүр тулсан хүүхдүүд хаа сайгүй гэрийнхээ нэг буланд айдас, дарамт дор хоёр жилийг үдлээ. Харин манай улс ковидтой “ноцолдсоор” хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг орхигдуулсан. ТББ­уудын шахалтаар хүчингийн гэмт хэргийн нэршлийг “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” болгон өөрчиллөө. Өөр дорвитой юу хийсэн бэ. Шинэ нэршлээр 2017 оноос хойш хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдсэн мэдээллүүд хаа сайгүй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа “Улсын хэмжээнд 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллэлтэй холбоотой 3131 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61.6 хувиар өссөн үзүүлэлт” хэмээн мэдээлсэн. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 38.2 хувь нь хүүхэд өөрийн амьдардаг гэртээ халдлагад өртсөн бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 30.9 хувь нь хамаатан садан, эцэг, эхийн найзын гэрт халдлагад өртжээ. Хуульчид энэ төрлийн гэмт хэргийг гэр бүл салалт, гэр бүлийн тогтворгүй байдал, хүүхдэд тавих хараа хяналт сул байдал, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа зэрэг нь бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болж байна хэмээн тайлбарлаж байна. 

Дээрх жихүүдэс төрүүлэм тоо баримтуудаас харахад хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ердөө л хүний хүнлэг бус чанар, ёс суртахууны доройтол буюу амьтнаас дор үгээр хэлэхэд хэцүү араншингаас болдог. Хэчнээн охин, хэчнээн хүүхэд ийм байдлаар цаашид томчуудын золиос болж амьдрах вэ. Охидын биед халдах, халдахыг завдах сэдэл санаагаа охид бүсгүйчүүд хэт ил задгай хувцас өмсдөгтэй холбоотой гэж үзэн бүр охидын хормойг уртасгах болж өгвөл дунд сургуульд өмд өмсгөх ёстой гэсэн үзэл санааг дэмжиж, дэвэргэсэн хандлагатай томчууд олон нийтийн сүлжээгээр давлагаа хүртэл явуулж байна. Охидын хүчирхийллээс тэдний хормойг уртасгаснаар гарахгүй. Харин тархины тураал, хандлага, сэтгэлгээний доройтлоос гарч хүн шиг ухаантай, хүнлэг ухамсартай болсноор гарч чадна. Хүний биед хүрэх, үл таних хүн рүү удаан шүлэнгэтэн ширтэх хүртэл хүний эрхийн эсрэг ноцтой зөрчил шүү. Энэ бол хүний эрхийг дээдлэгч, хүүхдийн эрхийг хамгаалагч хүнлэг, эрх чөлөөт нийгмийн үнэт үзэл санаа гэж зарим заримдагуудад хэлмээр байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН