--- “Нутгийн зам” ХХК компани гаднах тохижилтоо хийчихвэл үйл ажиллагаагаа явуулж болохоор байна ---

З.УРСГАЛ

Г ал усны гашуун зовлон гэж зүгээр ч нэг хэлээгүй нь мэдээж. Нялхсын эндэгдэл, нас баралтад түлэгдэлт багагүй хувийг эзэлдэг гэх таагүй мэдээ байдаг талаар түргэн тусламжийнхан хэлдэг. Харин улсдаа л ганц гэгдэх Түлэнхийн төвийн хуучин барилгын ашиглалтын хугацаа эцэстээ тулж, нураах шийдвэрийг 2011 онд Төрийн өмчийн хороо гаргасан. Тодруулбал, тус эмнэлгийн хуучин барилгад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн акт тавин цоо шинэ байр барих шийдвэр гарснаас хойш яг 10 он улирчээ. Эргэн сануулахад, Засгийн газраас эхний ээлжинд 3.8 тэрбум тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэн, барилгыг нь нураах ажил эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад оролгүй гацсаны шалтаг хаана буйг сурвалжилахаар тус эмнэлгийг зорилоо.

 

Г.ГАНДОРЖ: ЭНЭ САРДАА БАГТААГААД АШИГЛАЛТАД ӨГНӨ

Зураг төсөлд тусгаснаар уг барилга A,В,C гэсэн гурван блокоос бүрдэх бөгөөд А блокод амбулатори байрших юм. Амбулатори нь таван давхар. Биднийг барилгын талбайд очиход тус барилгыг барьж буй “Цаст констракшн” ХХК-ийн талбайн инженер Г.Гандорж угтлаа.

-Барилгын явц хэдэн хувьтай байна вэ?

- Барилгын явц 95 хувьтай яваа. Энэ сардаа багтааж ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байна. Манай компанийн хувьд А блок буюу амбулаторийн барилгыг барьж байгаа. В блок нь гаднах тохижилт болон хэвтэн эмчлүүлэх барилга, С блок нь мооргийн зориулалттай барилгыг барихаар зураг төсөл нь хийгдсэн. Мооргийн тухайд газрын маргаантай, хэрхэн шийдэгдсэнийг мэдэхгүй юм. М анай барилгын гүйцэтгэлийн хувьд дотуур засал, цахилгааны ажлыг хийж байна. Сантехникийн асуудал дуусаад халаалтаа авчихсан. Ирэх долоо хоногоос цэвэрлэгээ эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

- Барилгын ажил юунаас болж он дамналаа, мэдээж ковид ч нөлөөлсөн байх?

-2014 оноос барилга барьж эхэлсэн. 2017 он хүртэл хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй дутсан. Мөн моорг хэсгийн барилгын газар өөр хүний нэр дээр байдаг гээд газрын маргаан үүссэн зэргээс шалтгаалан барилгын ажил удааширсан. 2018 он хүртэл захиалагч талаас гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байсан учраас ажлаа хийж чадаагүй. 

2018 оны зургадугаар сарын сүүлээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн, одоогийн байдлаар манай талын хариуцаж буй барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мэдээж ковидоос болж удааширсан тал ч бас бий. Дотоод заслын тухайд бүх бараагаа гаднаас авдаг болохоор нөлөөлсөн зүйл байсан.

-Сантехникийн тоног төхөөрөмжөө хаанаас авсан бэ, барилгын хувьд бас чухал хэсэг шүү дээ?

- БНСУ болон БНХАУ-аас авч байгаа. Стандартад нийцс эн тоног төхөөрөмж авчирч угсарсан. Мэдээж корона нөлөөлсөн. Захиалсан бараа бүтээгдэхүүн ирэхгүй удах асуудал барилгын салбарынханд хамгийн том хүндрэл болоод байна. Хилийн боомтын гацаа гэж том ажил байна шүү. Хаалгаа угсрах гэхээр шрүүп нь ирдэггүй, хаалгаа угсарчихаар цоож, цуурга нь хил дээр гацах гэхчлэн бэрхшээл байсан. Гэхдээ одоо галын дохиолол зэрэг тоноглолын ажлууд бүрэн дууссан гэж ойлгож болно. Зургадугаар давхарт нь техникийн давхар. Ажил жигдэрч байна. Ний нуугүй хэлэхэд бизнесийнхэн ковидоос болж хэцүүдлээ. Яг нэг жилийн өмнө захиалсан чулуун хавтан 80 хувь өндөр үнээр ирсэн. Төсөөлж байсан төсөв хэтрээд л явж байна. Улс санхүүжилтээ өгөөгүй бид компанийн хөрөнгөөр барилгаа дуусгах гэж зүтгэсээр байна. Ковидын эмнэлэг болгож ашиглана гэж дуулдсан. Хурдан дуусгахсан гээд л ажиллаж байна.

 

НУТГИЙН ЗАМ НУРУУТАЙ ЭСЭХИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ

Эмнэлгийн амбулатори ийнхүү арван жилийн дараа энэ оны аравдугаар сард ашиглалтад ороход бэлэн болжээ. Харин хэвтэн эмчлүүлэгчдийн барилгын ажил яасан нь мэдэгдэхгүй зогсчихож. Уг нь өнгөрсөн жил овоо идэвхтэй явж байсан гэх мэдээллийн мөрөөр тодрууллаа. Түлэнхийн төв нь долоон давхар үндсэн барилга, хоёр өргөтгөлөөс бүрдэнэ. Тус барилгын А блокийн барилгыг “Цаст констракшн” компани, Б блокийг “Нутгийн зам” групп барьж байгаа. Б блокийн барилгын ажил ерөнхийдөө дуусжээ. Харин гаднах тохижилтын ажил гацаж орхиж. Эх сурвалжийн өгүүлснээр “Нутгийн зам” компани нь замын ажил хийдэг байсан бөгөөд барилгын ажил руу ороод тун чиг удаагүй гэнэ. Түүнчлэн гаднах тохижилтын төсөвлөсөн мөнгийг өөр төсөлд зарцуулж, өнөөх нь гацаж орхисны улмаас Түлэнхийн төвийн гаднах тохижилтын ажил саатсан гэх сураг ч бас дуулдсан. 

Хэрвээ тус компани гаднах тохижилтоо өвлөөс өмнө амжуулчихвал, эмчлүүлэгчдийг хүлээн авахад саад болох зүйлгүй бололтой. Ядаж л ковидоор өвчлөгсдийг эмчлэх ор дэлгэх нэг эмнэлэг нэмэгдэх нь. Харин С блокт цогцос хүлээн авах байр буюу моорог барих ёстой байсан ч барилгын суурь дээр 12 давхар орон сууцны барилга барьжээ. Тухайн орон сууцны захиалагч нь “ Хамтын шийдэл” ТББ бөгөөд барилгын гүйцэтгэгчээр “Ивэг түшиг” компани ажиллаж энэ онд ашиглалтад оруулахаар захиалгаа авчээ.

Тус төвийн С блокийн газар буюу 24 метр квадрат газар “хулгайлагдан” хувийн орон сууц барих зөвшөөрлийг шүүхээр тогтоон хувийн хэвшилд өгөх үед хотын даргаар С.Амарсайхан, ЭМЯ-ны сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байсан ч дорвитой арга хэмжээ авч чадалгүй өнгөрчээ. Ямартай ч С блокийг барих газар “алдагдсан” учраас Б блокийн хонгилын давхарт мооргоо байрлуулахаар зураг төсөлд нь засвар хийсэн юм билээ.

 

ТҮЛЭНХИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХААНА БАЙГАА БОЛ...

Мооргийн барилгын газраа луйвардуулсан Түлэнхийн төвийнхөн нэг хэсэг Мөнгөн гүүр эмнэлэгт талбай түрээсэлж үйл ажиллагаагаа эрхэлж байсан бол өдгөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйл ажиллагаагаа явуулж буй. Уг нь шинэ эмнэлэг ашиглалтад орвол 250 ортойгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой .

Ташрамд тэмдэглэхэд, Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг татсанаар 6.8 сая ам.долларыг барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар бид нөхөн сурвалжилах болно. 10 он дамжсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг авах хөрөнгө орж ирсэн эсэх, орж ирсэн бол хаана байгааг тодруулъя. Эсвэл тоног төхөөрөмжөө авчирчихаад эмнэлэг ашиглалтад орохыг хүлээзнэн энд тэндхийн агуулахад хадгалж байж ч бас болох юм гэсэн өөдрөг итгэлээр энэ удаагийн сурвалжилгаа өндөрлөе.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН