Манай урд хөрш хилээ тодорхойгүй хугацаагаар хаачихлаа. Хэзээ нээхийг мэдэх хүн алга. Эдийн засаг талаасаа энэхүү хаалтыг харахад мэдээж тэжээгдэж байсан нэгэн суваг боогдчихоор асуудал байтугай юм үүснэ л дээ. Тиймээс эдийн засаг, зах зээл талаасаа бидэнд хүндрэл үүсэх нь тодорхой болчихлоо.

Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг өнгөрсөн жилийн Монгол Улсын амьдралтай зүйрлэе л дээ. Коронавирус хяналтаас гарч, улс даяар хатуу хөл хорио тогтоож, байдлыг хяналтдаа авах гэж хичээсэн. Тэр үед улсаас өрх, иргэн бүрд онцгой нөхцөл байдлын улмаас буцалтгүй тусламж илгээсэн. Уг санхүүгийн тусламж жирийн үед дундаж өрхийн сарын хэрэгцээг хангахааргүй хэмжээнийх байсан ч айл бүр дор дороо санхүү, эдийн засагтаа хэмнэлттэй байж, зайлшгүй хэрэгтэй зүйлсээ авч, хоёр, гуравдугаарх ангиллын хэрэгцээгээ хойш тавьж хүнд үеийг ардаа хийж чадсан. Яг тэр үеийг давсан туршлагыг монголчууд Эрээн хаагдсан энэ үед эргэн ашигламаар байна.

Төмс, буудай гурил, мах нь хангалттай байхад нарийн ногоо, элдэв шалдав нэмэлт хүнсгүйгээр хагас жил тэсчихэж болмоор дотоодын нөөц байна. Урд хил хаагдлаа гээд сандраад, “Нарантуул” руу гүйж, хүнсний захуудын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх нь ухамсартай иргэнээс гарах үйлдэл шүү. Ямар нэгэн юмнаас үргэлж хараат ирсэн сэтгэл зүйн гажуудлаасаа татгалзаж зоригтой байх нь чухал болоод байна. Эрээн болон хил хаагдсанд биш монголчууд сэтгэл зүйн хувьд ямарваа нэгэн зүйлээс үргэлж хамааралтай ирсэн, дандаа айж эмээж түгшиж ирсэн тухай асуудал л энд хөндөгдөж байгаа юм. Бид аль ч хил хаагдсан өлсөхгүй байх боломжтой ард түмэн. Тал, хөндийгөөр дүүрэн 60 сая мал, эцэг өвгөдийн буян бэлчиж байна. Төв, Сэлэнгийн нутгаар дүүрэн тариа, буудай ургачихлаа. Төвийн нутгаар сүүлийн 30-аад жил ургаагүй арвин ургац авч байна. Гурил хангалттай. Харин ч илүү гарч, экспортолъё гэж тариаланчид бардам ярьж байна.

Өнгөрсөн хоёр жил өвөл, сэрүүний улиралд монголчууд гэрээсээ гарсангүй, хөл хорионд сууцгаалаа. Өвлийн дулаан хувцас нь учиргүй элэгдэж, цоорчихоогүй бол үхэр жилийн өвлийг давчихвал давчих л байх. Идэх уух нь дотоодоосоо элбэг, өмсөж дулаацах нь гэрт нь байхад “Хил хаагдлаа” гэж дуулангуут нэгнээсээ өрсөж хүнс, барааны зах руу үхэлдэн тэмцэж өрсөлддөг, Хятад улс хилээ хаачихлаа гэнгүүт айж сандардаг нь бидний сэтгэхгүй, сэтгэл зүйтэй л холбоотой хямрал юм. Түүнээс биш бодитоор харвал Монгол Улс яадгаа алдсан улс биш ээ. Дотоод нөөц бололцоогоо харж мэдэхээ байсан, түүндээ итгэхээ больсон харалган хүмүүс л хий шаагилдаад бодит зүйлийг байгаагаар нь харахгүй байх шиг ээ.

Монголчуудын гадаад худалдаанд гарлагаддаг хэдэн тоо баримтыг дурдъя л даа. Машин тоног төхөөрөмж, компьютерт жилдээ 1.2 тэрбум доллар зардаг. Нефтийн бүтээгдэхүүнд 665 сая ам.доллар, хүнсэнд 536 сая ам.доллар, барилгын материалд 491 сая ам.долларыг зүгээр өгчихдөг. Үүнээс хүнсэнд зарцуулдаг 536 сая ам.долларыг задалбал ихэвчлэн хэрэгтэй хэрэггүй амттан, ундаа, чихэр шоколаданд дийлэнхийг нь зарцуулдаг байх юм. Урд хилээ хаалгачихсан байгаа энэ үед тэр чихэр шоколад, шүд өвтгөх юмнуудыг нь авахаа байгаад мах, гурил, төмсөө өнхрүүлээд байхад нэг жилээ бараг даачихна шүү. Тэгэхээр бид гадагшаа урсаж буй 536 сая ам.доллараас нэлээдийг нь хэмнэж болохоор байгаа юм. Тэр урдаас орж ирдэг нарийн ногоо, гадны янзан бүрийн амттанг идэхгүйгээр бид амьдарч чадна шүү дээ.

Барилгын материалын хувьд харахад гадагшаа урсаж буй мөнгөний дийлэнх нь арматурын төмөрт явдаг юм байна. Монгол Улс төмрийн хүдрээ өдөр шөнөгүй урагшаа зөөж байгаа. Тэрийгээ дотооддоо үлдээгээд хайлуулахад л арматур шүү дээ. Бид худалдан авагч биш үйлдвэрлэгч улс, нөөцтэй улс гэдэгтээ эхлээд өөрсдөө итгэх ёстой юм. Үндэстнээрээ тархиндаа юм юмнаас хараат, сэтгэл зүйдээ өөртөө итгэлгүй явсаар ирсэн нь олон юмнаас хойш сууж бүтээлч биш бэлэнчлэх сэтгэхүйтэй ард түмэн болох хөрс нь болчихож. Эрээн хаагдлаа гэдэг хий хоосон айдас, эмгэгийн төлбөрт эргээд монголчууд монголчуудаа шулж байна. Хил хаагдлаа гэдгийг дуулсан эдийн засгийн мэдрэмж, мэдлэгтэй хүн ямар нэг гүйлгээ, зарлага хийхээ больчихдог. Гэтэл монголчууд юм ховордох нь, дуусах нь гэдэг соц үеийн эмгэг, ерээд оны тэрхэн зуурын хямралыг өнөөдөртөө авчирч нааж айгаад байгаад л хамаг учир байна. Монголчууд өлсгөлөн үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн л дээ. Түүхэндээ ч тийм юм байхгүй. Өнөө жил гэхэд 600-гаад мянган тонн алтан тариа халиурч, 200-300 мянган тонн төмс хураалттай байна. Мах нь байна. Ийм байхад бид яаж ч байсан өлсөхгүй. Давс нь нуур нуураараа байна. Өөр юу хэрэгтэй юм, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын энэ үед.

Монголчууд юм ховордлоо гэдэг хиймэл айдас үүсгэж, хил хаагдлаа гэдэг зохиомол түгшилт бий болгодог араншингаасаа ангижирч, өрсөх эмгэгээсээ салмаар байна. Өрсөх эмгэг нь сүүлдээ хүндэрч галзуурал болчихоод байна. Монгол дотроо, аймаг дотроо, хороон дотроо гудамж, орцон дотроо нэг нэгнээсээ өрсөх нь ямар ч ашиггүй. Шатахуун түгээх станцад алалцаж дугаарлаад, дугаарлаад машиныхаа банкнаас илүүг шахуулж чадахгүй. “Нарантуул” захаас бараа татаад, татаад “Портер”-ын тэвшнээсээ давахгүй. Өнгөрсөн жил монголчууд жорлонгийн цаасанд яаж тэмцэлдэж тараа таниуллаа даа. Даавууны тасархай байхад л тэр асуудлыг хүнд үед давчихаж болох л байсан. Энэтхэгт тэр даавуугаа дахин дахин угааж хэрэглэдэг л гэсэн биз дээ.

Гэтэл Эрээн хаагдлаа гэдэг мэдээ тарангуут нийтээрээ шахуу “Яана аа” гэж айнгуут тэрийг нь нэг хэсэг нь овжиноор ашиглаад юмны үнээ зохиомлоор өсгөж бусдыгаа шулж байгаа юм. Хэрвээ монголчууд “Ай, тэр хил хаагдаж л байг. Нээгдэхээс хойш шогшроод юу хийнэ” гээд огтоос тоохгүй бол наймаачид гэх хүмүүс юмны үнэ өсгөхгүй, харин ч бараагаа зарах гэж үнээ буулгах нь хямралын үеийн жам байсан юм. Дээр үед юм юмтай байлаа гэж ярих дуртай хүмүүс бий. Үгүй шүү. Харин өнөөдрийн Монгол Улс юм юмтай улс шүү. Ард түмэн нь, аж ахуйн нэгжүүд нь дор бүрнээ хөгждөг, хөлжиж буй. Бүгд хөгжих сувагтай, үйлдвэрлэлээ, үйлдвэрээ өргөжүүлэх боломжоо томоор харчихсан улс. Харин ч одоо дотооддоо юм бүхнээ хийчих боломжтой болчихсон. Бааз нь, сэргэлэн бизнесмэнүүд нь байна. Ийм байхад бид “Хил хаагдлаа” гэдэг уламжлалт айдсаасаа салж, сөрж зогсон зоригтой байх хэрэгтэй шүү. Дахин хэлье. Бүү ай. 60 сая мал, 600 мянган тонн тариа, нуур нуураар давс нь, Төв аймгаар дүүрэн төмс нь байна. Дэмий айдаст автаж зарим нэг нөхдөд битгий залилуул. Хааж болсон юм нээж болох байлгүй дээ, тэр хил ээ.