Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Б.Баярдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар танилцууллааМонголбанкнаас яг аль бодлогуудыг голлон анхаарч хэрэгжүүлэх вэ?

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолын төслийн гол зорилго нь цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг туулж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх юм. Мөнгөний бодлогын гол зорилго инфляци юм. Учир нь инфляци нэг талаас хүн болгоны амьдралд нөлөөлдөг.Хүмүүсийн худалдан авах чадварт нөлөөлдөг. Эдийн засгийн хэллэгээр бол бодит орлогыг хэмждэг үзүүлэлт юм. Инфляцийг тогтвортой түвшинд байлгана гэдэг бол өөрөө хүмүүсийн халаасанд буй мөнгөний үнэ цэнийг л алдагдуулахгүй байх юм. Нөгөө талаас, бизнес дээр бол инфляцийн тогтвортой байдал нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах анхдагч суурь нөхцөл болдог. Тэгэхээр бүгдэд нь хамаатай асуудал.Ирэх жил эдийн засгийн өсөлтийн голч нь 5.8 хувийн өсөлттэй байх болов уу гэж харж байгаа. Энэ хүрээнд инфляци болон эдийн засгийн өсөлтийг харгалзан мөнгөний бодлогын шийдвэрүүд ирэх жил гараад явна. Инфляцийн төсөөлөл оны сүүл рүү харьцангуй тогтворжих болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ тодорхой бус зүйл бас бий. Тодорхой бус зүйлийн эх сурвалж нь дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, түүнийг дагасан бензиний үнийн асуудал байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр үүсээд байгаа тээвэр, логистикийн түгжрэлийн асуудал өөрөө бас тодорхой бус байдлын шалтгаан болж байна. Энэ байдал нь эргээд тээврийн үнээр дамжиж Монголын бизнест, бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж байна. Далайн тээврийн үнэ дор хаяж 4-5 дахин өсчихсөн байна. Хэдийгээр ковидтой байгаа ч бизнес эрхлэгчид, өрхүүд, худалдан авагч нар бүгд л амьдрал ахуйгаа зохицуулж дасан зохицож байгаа нь эдийн засгийн идэвхжилд нөлөөлж байна. Мөн вакцины гурав дахь тун эрсдэлийг бууруулж байна. Тэгэхээр өмнөх шигээ хөл хорио тогтоохгүй болов уу. Хөл хориогүй үед уул уурхай болон ялангуяа үйлчилгээний салбарын бизнесүүдэд өсөлт гарч эхэлнэ. Ирэх жилийн эдгээр өсөлтүүд хөдөлмөрийн зах зээл дээрх ажил эрхлэлт, иргэдийн орлогод сайн нөлөө үзүүлнэ. 2020 оны IV улирал, өнгөрсөн оны I, II улиралд өрхийн хэрэглээ уналттай явж байгаа. Тэгэхээр энэ уналт арилж байгаа нь эргээд худалдан авалтаар дамжиж эдийн засагт дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаас Засгийн газраас хэрэгжүүлж буй халамжийн дэмжлэгүүд өрхийн хэрэглээг он дуустал дэмжихээр байна. Иймээс ковидын нөхцөлд дасан зохицсон амьдралын энэ хэв маяг маань ирэх жилийн эдийн засгийн өсөлтөд айхавтар сөрөг нөлөө үзүүлэхгүй болов уу.

-Тээврийн асуудлаас гадна өөр ямар гадаад хүчин зүйлд бид анхаарах хэрэгтэй вэ?

-Тээвэр ложистикийн асуудлаас гадна дэлхийн зах зээл дээрх түүхий эд манай экспортын гол нэрийн барааны үнэд хамаатай. Дотроо маш их хэлбэлзлүүд бий болж байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 200 ам.доллар хүрч байсан төмрийн хүдрийн үнэ 118-120 ам.доллар болж эргээд буурсан. Бид үүнийг ирэх оны эхнээс хэвийн үнэ дээрээ ирэх болов уу гэж харж байсан ч өдийд хэвийн болж байна. Ковидын нөхцөл байдлаас хамаараад урд хөршийн худалдан авах нүүрсний хэмжээ манай эдийн засагт мөн хамаатай. Үүнийг хамгийн түрүүнд анхаарах ёстой. Төсөвт 36-37 сая тонн гэсэн байгаа. Монголбанкны хувьд ч 36 сая тонн нүүрсний төлбөрийн тэнцлийг төсөөлөлдөө тусгачихсан байгаа. Үүнийг бодитой ажил хэрэг болгох хэрэгтэй. Нүүрсний үнийн өндөр өсөлтийг бид аль болох ашиглаж, боломжийг алдахгүй байх ёстой. Ингэж байж гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэл, дараагийн эдийн засгийг дэмжих орон зай үүсэх юм.

-Дэлхийн зах зээлд зэсалтны үнэ хэсэг унасанИрэх жил үнэ хэлбэлзэх хандлага ажиглагдаж байна уу?

-Ирэх жил зэсийн үнэ, алтны үнэ унах магадлал харьцангуй бага болов уу гэсэн төсөөллүүд байна. Гэхдээ үнийн хэлбэлзлийг байнга санамжиндаа байлгах ёстой. Энэ жилийн хувьд зэсийн үнийн таатай боломжийн үр ашгийг манай улс хүртэж байна. Нөгөө талдаа нүүрсний орлогоо алдаж байгаа ч экспортын нийт орлогын өсөлтийн 90 гаруй хувь нь зэсийн орлоготой хамааралтай байна. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн байгаа 1.2 тэрбум ам.долларын үндсэн хэсэг нь зэстэй холбоотой байна гэсэн үг. Төмрийн хүдрийн үнийн таатай боломжийг нэлээд сайн ашигласан. Бидэнд бараг 300 сая ам.долларын өсөлтийг авчирсан байна. Энэ мэтчилэн үнийн таатай үед экспортынхоо хэмжээг нэмэгдүүлээд бүрэн ашиглах л чухал байна. Дээрх өсөлтүүд ихэвчлэн үнийн өсөлттэй холбоотой учраас хэмжээ, тээврийнхээ асуудлыг шийдчих юм бол бүр л илүү орлогыг дэлхийн зах зээлээс олох боломж бидэнд байна. Ковид, түүний тархалтын асуудал хүндрэл учруулж байгаа учраас зохион байгуулалтаа л сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.

-Мөнгөний бодлогын тохируулга хэзээнээс эхлэх вэ?

Ер нь Төв банкны хувьд инфляцийн нөхцөл байдалтай уялдуулаад бодлогын тохиргоонуудыг хийж эхэлсэн. Бодлогын тохиргоог репо санхүүжилтийн хэмжээн дээр хийсэн. Репо санхүүжилтийн хэмжээг өмнөх улиралд 350, 200 тэрбум төгрөгөөр тогтоож байсан бол сүүлийн Мөнгөний бодлогын хорооноос 100 тэрбум болгож баталсан. Тэгэхээр хэмжээний хувьд тохируулга ороод эхэлчихсэн байна. Үүний араас бодлогын хүүнд ямар тохируулга орох вэ гэдгийг эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн шалтгааны асуудал тодорхойлно.Зарчим бол аль болох энэ эдийн засгийн сэргэлтийг хойшлуулахгүй, хугацаа алдуулахгүйн үүднээс харьцангуй зөөлөн мөнгөний бодлогыг хадгалаад явж байна. Есдүгээр сард хадгалчихсан гэдэг чинь он дуустал бодлогын хүү өөрчлөгдөхгүй л гэсэн үг. Арванхоёрдугаар сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаас ямар шийдвэр гарах нь мөн л III улирлын тоо яаж гарах уу, инфляцийн өрнөл ямар байх уу, өрхийн худалдан авалтын уналт саарах уу, сэргэх үү, 10 хувийн уналттай байгаа ажил эрхлэлтийн уналт багасах уу, хөдөлмөр шингээлт өндөртэй үйлчилгээний салбар хэр идэвхжих вэ зэрэг асуудлаас шалтгаалан дараа дараагийн шийдвэрүүд гарна.

-Цаашид ковидын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжих хугацааг сунгавал үүнтэй холбоотой Засгийн газраас Монголбанкинд өгсөн чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой юу?

-Ковидын тухай хууль энэ оноор дуусгавар болж байгаа. Эдийн засгийн сэргэлтийн тухай хуулийг Засгийн газраас батлуулахаар төслийг боловсруулаад явж байна. Энэ хууль Монголбанкинд хэд хэдэн чиглэлээр холбогдож байгаа.

Тухайлбал, ипотекийн зээлийг тодорхой хэмжээнд үргэлжлүүлэх, алтны худалдан авалтыг дэмжсэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт үргэлжлэх гэх мэт. Түүнлчэн, уул уурхайн бус салбар, түүний экспортыг дэмжих чиглэлээр тус хуульд Монголбанкнаас санал хүргүүлсэн байгаа.